Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2019/01943

 

 

 

 

 

 

 

 

 

О.Ерханатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02393 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Ерханатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдох,

 

Эмнэлгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 тоот тушаал үндэслэлгүй болохыг тогтоох, урьд эрхэлж байсан ажил албанд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг ажил олгогчоос гаргуулах, уг хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бүртгэл хийхийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Бат-Өлзий

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Оюунбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч О.Ерханатийн төлөөлөн нэхэмжлэгч Ц.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт Инженер техник, аж ахуйн албаны слесариар ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн даргын Б/266 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Намайг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ээлжийн ажилтай байхдаа, ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл уусан хэмээн тайлбарлаж хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний хурлын тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгсөн. Дээрх хурлын тэмдэглэлд түүнийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажилтай байхдаа архи уусан мэтээр дурьдаж халах саналыг захиргаанд оруулахаар шийдвэрлэсэн байдал харагдаж байна. Гэтэл О.Ерханат нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 7 цаг 44 минутад ажилдаа ирж, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 9 цаг 40 минутад ажлаас бууж, буусныхаа дараа 12 цаг 30 минутад байгууллагын гадна үүдний харуулын байранд жижүүр С.Батнасан нарын 5-аас 6 хүний хамт харуулын албаны менежерээр ажиллаж байсан Болдын гаргаж өгсөн 0,33 граммтай 1 шил архийг хувааж тойруулан уусан ба энэ үе албаны дарга М.Мягмардорж орж ирсэн байдаг. Дээрхээс үзэхэд О.Ерханат нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ээлжийн ажилтай байхдаа, тэрчлэн ажлын байран дээрээ архи согтууруулах зүйл хэрэглэсэн гэх зөрчлийг гаргаагүй байна. Энэ талаарх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй. Мөн Б/266 тоот тушаал 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гарсан байхад О.Ерханатыг ажлаас халах саналыг захиргаанд оруулахаар шийдвэрлэсэн Инженер техник, аж ахуйн албаны хамт олны хурлын тэмдэглэл 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гарсан байгаа нь уг тушаал хуулийн үндэслэлгүй, бодит баримт зөрчил дээр тулгуурлаж гараагүй нь харагдаж байна.

Хариуцагч О.Ерханатыг Хөдөлмөрийн сахилгын зөрчлөөр халаагүй, харин хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил болох харуулын байранд архи уусан үйлдлээр нь ажлаас халсан гэж тайлбарлаж байна. Гэтэл О.Ерханат нь ажлаас буусныхаа дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 30 минутад архи уусан нь түүний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хөдөлмөрлөх үүрэгтэй нь холбоогүй, хуулийн тайлбарт дурдсан хор уршиг сөрөг үр дагаврыг бий болгоогүй тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзнэ. О.Ерханатыг хөдөлмөрийн гэрээний 11.3 дэх хэсэгт заасныг үндэслэж буюу ажлын байранд архи уусан гэх үндэслэлээр чөлөөлсөн ба ажлын байр гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дэх хэсэгт байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг хэлнэ гэж хуульчлан зааснаас үзэхэд ажлын байр гэдэг нь ажлын өдөр болон ээлжийн давтамжаар гүйцэтгэж байгаа үүргийг хэлдэг болох нь тодорхой байна.

Мөн О.Ерханатыг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлын байранд архи уусан гэж буруутгасан ба энэ үед ажлын байранд архи уугаагүй, тэр өдөр О.Ерханат ажилгүй байсан. Байгууллагын шинэ жилийн арга хэмжээ зохиогдсон ба байгууллагын 30 хүн нэг өрөөнд уусан. Бүгд ууж байхад М.Мягмардорж дарга орж ирээд намайг барьж авсан. Тэгэхээр нь би уугаагүй гэдгээ хэлсэн. Гэтэл заавал баримт гаргаж өг гээд надаа өргөдөл бичүүлж авсан. Иймд П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоох, О.Ерханат намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бүртгэл хийхийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ерханат нь 2013 онд манай эмнэлэгт Инженер техник, аж ахуйн албанд слесариар ажилд орсон бөгөөд сүүлийн жилүүдэд удаа дараа архи ууж, албаны дарга нь анхааруулга өгөх, өөрөөс нь амлалт авах, хамт олны даалтанд авах зэргээр итгэл үзүүлэн ажиллуулж байсан боловч энэ үйлдэлдээ дүгнэлт хийхгүй 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ээлжийн жижүүрийн слесариар ажиллаж байхдаа ажлын байрандаа архи уусан болно. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлын байранд архи уусан. О.Ерханат өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрч дахин ийм зөрчил гаргахгүй гэж амлалт бичиж гарын үсгээ зурсан. Үүнийг нотлохын тулд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Удаа дараа гэж бичсэн учраас уг баримтыг гаргаж өгөхөөс өөр арга байсангүй. О.Ерханат нь 2019 оны 2 дугаар сарын 16, 18 болон 20, 21 ажилтай байхдаа архи уусан, ажил хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар нотлогдож байгаа. Мөн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр архи уусан. Харин хурлын тэмдэглэл дээр 5 дугаар сарын 27-ны өдөр гэж андуурч бичсэн байна гэдгээ гэрч М.Мягмардорж хэллээ. О.Ерханат нь ажлын байранд архи уусан явдал нь 3 удаа болж байгаа учраас давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад урьдчилсан 2 нөхцөл байгаа, 1-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, 2-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Эмнэлэг бол онцгой объект юм. Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаад хуудас бүрт нь гарын үсэг зуруулсан. Ийм зөрчил гаргавал ажлаас халагдана гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тиймээс нь О.Ерханатын үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт хамааралтай юм. Ноцтой зөрчил гаргасан учраас хуулийнх нь хугацаанд арга хэмжээ авсан байгаа. Өмнө нь удаа дараа архи ууж байсан нь нотлогдсон, баримттай учраас 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдөр тушаалын дугаар авсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч харуулын байрыг ажлын байр биш гэж байна. Харуулын байр ажлын байранд хамаарна, зөвхөн тэр хүний хариуцсан газар бус эмнэлэг тэр чигээрэээ ажлын байранд хамаарна. О.Ерханат нь ажлын байранд удаа дараа архи уусан гэдэг үндэслэл нь хууль болон хөдөлмөрийн дотоод журмын 12.4.2-т, хөдөлмөрийн гэрээний 11.3.3-т тус тус зааснаар нийцэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч О.Ерханатын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 тоот тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоох, О.Ерханатыг урьд эрхэлж байсан ажил албанд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бүртгэл хийхийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурджээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хариуцагчийн төлөөлөгч С.Оюунбилэг хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэхдээ О.Ерханатыг ажлын байрандаа архи согтууруулах ундаа хэргэлсэн тул эмнэлгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 тоот тушаалаар 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 12-р зүйлийн 12.4.2, хөдөлмөрийн гэрээний 11.3-р зүйлийн 11.3.3-т заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн.

О.Ерханат нь 2013 онд Инженер Техникийн Албанд слесериэр ажилд орсноос хойш 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ээлжийн жижүүрийн слесерээр ажиллаж байхдаа ажлын байрандаа архи уусан, мөн О.Ерханат нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлын байранд архи уусан. Үүнийгээ О.Ерханат хүлээн зөвшөөрч дахин ийм зөрчил гаргахгүй гэж амлалт гаргаж өгсөн, ажлаас халсан тушаалд удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж бичсэн тул үүнийг нотлохын тулд амлалтын бичгийг нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхөөс өөр арга байсангүй. Мөн О.Ерханат нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажилтай байхдаа архи уусан. Ийнхүү ажлын байранд архи уусан явдал нь 3 удаа болж байна. О.Ерханатад дээрх зөрчлүүдээр сахилгын арга хэмжээ авч байгаагүй. Түүнийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтон зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан гэж мэтгэлцдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн үед:

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажил дээр архи уусан гэх үйлдлийн үйл баримт нотлогдоогүй. ИТА-ны дарга М.Мягмардорж архи ууснаа зөвшөөрч амлалтын бичиг гаргаж өгсөн гэх болов ч уг бичиг нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй, шүүх үнэлэх боломжгүй зүйл байдаг. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр архи уусан гэх болов ч ИТА-ны дарга М.Мягмардорж уусан байхыг нь хараагүй, уусан байна гэж дуулаад шөнө хүн дуудаж гаргахад О.Ерханат би уугаагүй гээд ажлаа өгөөгүй байсан, өглөө рапорт хүлээлцэхэд зүгээр байсан гэж мэдүүлснийг дүгнэхэд нотлогдсон гэж үзэх боломжгүй байдаг. 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажилтай байхдаа ажлын байранд архи уугаагүй нь тогтоогдсон. харин ажлаас буугаад 5 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед гадна үүдний харуулын байранд жижүүр Батнасан нарын 5 хүний хамт Ганболд гэгчийн гарган өгсөн 1 шил архийг хувааж ууснаа нэхэмжлэгч хүлээдэг.

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр архи уусан гэх үйлдэлд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан ямар нэг үйл баримт байхгүй, тэрчлэн хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 1 сарын дотор л салхилгын шийтгэл ногдуулах заалттай тул дээрх 2 холбогдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Захиргаа сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй гэдэг нь нотлогдсон. Хариуцагчийн ажлаас чөлөөлсөн 2019 оны 5 дугаар сарын 30-ны Б/266 тоот тушаалын агуулга нь сахилгын шийтгэл ногдуулсан агуулгагүй харин хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх агуулгатай байдаг. Хариуцагчийн төлөөлөгч ч ийнхүү тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх заалтыг Дээд шүүхийн 33-р Тогтоолд Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах түүний эрх ашигт сөргөөр нөлөөлөх үйлдэл эс үйлдэхүй байна. Уг зөрчил хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн албан тушаалтан гүйцэтгэх үүрэгтэй нь холбоотой байх өөрөөр хэлбэл ажил хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байхдаа уг ноцтой зөрчлийг гаргасан байх, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг гэрээний талууд тохирч хөдөлмөрийн гэрээнд заасан байхыг ойлгоно гэж тайлбарласан тул О.Ерханатын ажлаас буусныхаа дараа 2019.05.28-нд харуулын байранд архи уусан нь түүний хөдөлмөрлөх үүрэгтэй нь холбоогүй тодорхой хор уршиг учруулаагүй, тэрчлэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд талууд тохиролцож тогтоогоогүй, уг зөрчил ноцтой шинж агуулаагүй тул хуулийн 40.1.4-т зааснаар халсан ажил олгогчийн Б/266 тоот тушаал үндэслэлгүй нь нотлогдсон. Мөн ажил олгогч хөдөлмөрийн хуулийн 11.3.3, Хөдөлмөрийн дотоод журмын 12.4.2 заалтыг үндэслэсэн гэдэг болов ч 11.3.3 заалт нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш харин сахилгын зөрчлийг зохицуулсан заалт байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сахилгын арга хэмжээ авах үндэсгүй. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн үйлдэл нь хөдөлмөрлөх үүрэгтэй нь холбоогүй, ажлын байран дээр ч гэж үзэх үндэс байхгүй тул давтан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл бүрдэхгүй байгаа. Шүүх ажил олгогчийн Б/266 тушаалыг үндэслэл бүхий гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад үндэслэлтэй хандаж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 заалт түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Ерханат нь хариуцагч П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан эмнэлгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 тоот тушаал үндэслэлгүй болохыг тогтоох, урьд эрхэлж байсан ажил албанд эгүүлэн тогтоох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, уг хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бүртгэл хийхийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оноос эхэлж хөдөлмөрийн харилцаа үүсэж, нэхэмжлэгч О.Ерханат нь П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Инженер техник аж ахуйн албаны слесарийн албан тушаалд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх 32-36/

 

Хэргийн баримтаас үзвэл О.Ерханат нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, мөн оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэж хөдөлмөрийн гэрээний 11.3.3-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогч байгууллагын дарга 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/266 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эмнэлгийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.7, 3 дугаар зүйлийн 3.8, 12 дугаар зүйлийн 12.4.2, 3 дугаар зүйлийн 3.8, Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг баримтлан тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Хуульд заасан энэ нөхцөл хангагдах гол үндэслэл нь талууд тохиролцон гэрээндээ ноцтой зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүй бүрийг тухайлан тусгаж, уг нөхцөл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохыг зааж өгсөн байх, мөн зөрчил тогтоогдсон байхыг шаардана. Ажилчин О.Ерханат нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж маргажээ.

 

Талууд хөдөлмөрийн гэрээгээр ноцтой зөрчилд хамаарах тохиолдол бүрийг тохиролцохдоо уг гэрээний 11.3.3-д Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэхээр зохион байгуулах, ажилдаа согтуу ирсэн-ыг ноцтой зөрчилд тооцохоор заасан байна.

 

Шүүх гэрч П.Батсүх, М.Мягмардорж, С.Батнасан, Б.Батбаяр мэдүүлэг, Инженер техник, аж ахуйн албаны 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл, мөн ажлын байранд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр архи уусан, дахиж ийм зөрчил гаргавал ажлаас халагдах болно гэх өргөдөл, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн ажилчдын хурууны хээний бүртгэл, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар уг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийг ажлын байранд архи уусан гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасанд нийцжээ. Нэхэмжлэгч нь түүнийг ажлын байранд архи уусан үйл баримтыг тодорхойлсон дээрх бичгийн баримтуудыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.ЦОГТСАЙХАН