Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2018/00089

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00487 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10.025.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

"ЭМПИПИ" ХЗХ-ны гүйцэтгэх захирал ажилтай ******* 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хоршооны гишүүн Б.Мөнхцэцэгийн нөхөр хоршооны гишүүн биш Чинос овгийн Сэнгээгийн Даваасүрэнтэй Иргэний хуулийн 281, 282-р зүйлүүдэд заасны дагуу 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж гэрээгээ нотариатаар батлуулж мөнгөө хүлээлгэн өгч мөнгө хүлээн авлаа гэсэн гарын үсгийг зуруулсан. Миний Даваасүрэнтэй гэрээ хийх болсон шалтгаан гэвэл барьцааны зүйл болох тоног төхөөрөмжүүд нь түүний нэр дээр байх "Агро Фрукт" ХХК-ийн нэр дээр байсан. 7.500.000 төгрөгийг хоршооны гишүүн болох Б.Мөнхцэцэгт зээлдүүлсэн бөгөөд мөнгө хүлээлгэн өгөхдөө хоёуланд нь өгсөн. Тэр хоёр хоёулаа хамт байсан. Б.Мөнхцэцэг хоршооны гишүүн биш байсан бол юу боллоо гэж гишүүн биш *******тэй иргэд хоорондын зээлийн гэрээ хийх билээ. Хоршооноос зээл авснаасаа хойш буюу 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 60.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 150.000 төгрөгийг зээлийн хүүд тус тус төлсөн. ******* нийт 310.000 төгрөг төлөөд олдохгүй болсон. Иймд *******гээс 10.025.000 төгрөг гаргуулж, *******д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* нь Өсөхжаргалаас ямар ч мөнгө аваагүй бөгөөд уг зээлийн гэрээг нотариатаар орж хийхдээ эхнэр чинь урьд нь 7.500.000 төгрөгний зээл хоршооноос авсан, тооцоог нь хийх шаардлагатай байна гэж дуудаад намайг хоршооны гишүүн биш учир нотариатаар гэрээг хийх шаардлагатай байна гэж гарын үсэг зуруулсан. Уг гэрээнд гарын үсэг зурах үед Өсөхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод байгаа Нямаа нь эхнэр Б.Мөнхцэцэгийн өмгөөлөгч байсан бөгөөд уг мөнгийг намайг аваагүй зөвхөн гарын үсэг зурсныг сайн мэдэж байгаа бөгөөд гарын үсэг зурсан нь буруу, уг гэрээнд асуудал гарвал яах юм, тооцоо хийж байгаа гэрээ биш байна, уг асуудлыг судлаад ирлээ гэж хэлж байсан, илүү мөнгө төлсөн байна, уг гэрээнд гарын үсэг зурах ёсгүй байсан юм гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр уг гэрээний асуудлаар эсрэг итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод ажиллаж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хоршооноос болон хувь иргэн Өсөхжаргалаас ямар ч мөнгө аваагүй. 2 баримтад тухайн үед гарын үсэг зуруулсан бөгөөд нэг нь гэрээ байсан ба нөгөө нь хүлээн авсан гэх баримтад зуруулж байсан. Дээрх гэрээг хийж байхдаа хоршооны эзэн Өсөхжаргал Б.Мөнхцэцэгийн урьд нь авсан зээлийн гэрээнүүдийн тооцоог хийж нэгтгэж, тооцоог нийлүүлж байгаа юм гэж тайлбарласан. Эхнэр Б.Мөнхцэцэг нь урьд нь хоршооноос цувуулан мөнгө авч байсан талаар ярьж байсан тул өмнөх гэрээнүүдийг нь тулган үзээд гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр мөнгө зээлсэн төлөөгүй гэж уг гэрээг үндэслэн мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00487 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Эмпипи хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.350 төгрөгийг төрийн сангаас гаргуулж Эмпипи ХЗХ-нд олгож, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 175.350 төгрөг гаргуулах төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо: Хариуцагч *******г 2014-12-15-ны өдөр тус хоршоо буюу гүйцэтгэх захирал *******аас 7.500.000 төгрөг авсан болох нь хоёр талын зээлийн гэрээ барьцааны гэрээ мөн өдөр өөрийн эхнэр Б.Мөнхцэцэгийн зээлийн үлдэгдэл болох 1.881.654 төгрөгийг төлбөр төлөгч гэсэн хэсэг дээр ******* гарын үсэг зурсан болох нь төлбөр төлсөн кассын баримтаар нотлогдох юм. Хариуцагч ******* өөрөө "Эмпипи" ХЗХ-ны /тухайн үед хоршооны ня-бо ажилтай байсан/ нэхэмжлэгч *******аас 7.500.000 төгрөг зээлдэж аваагүй юм бол яах гэж өөрийн нэрээр зээл төлөв гэж 3 удаа төлбөр хийх байсан гэж үү. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ******* зээл авсан болох нь нотлогдож байхад шүүх нэхэмжлэгч *******ыг өөрийн мөнгөө зээлдүүлээгүй "Эмпипи" ХЗХ-ийн мөнгийг зээлдүүлсэн байна гэсэн дүгнэлтийг хийжээ.

"Эмпипи" ХЗХ 2.000.000 сая төгрөгөөс дээш зээл олгохдоо заавал барьцаа хөрөнгө авдаг бөгөөд зээлдэгч *******гийн нэр дээр барьцааны зүйлүүд нь байсан бөгөөд аж ахуйн захирал нь ******* байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүх ******* мөнгө аваагүй Б.Мөнхцэцэг мөнгө авсан гэсэн дүгнэлтийг хийлээ. Хариуцагч *******гийн эхнэр Б.Мөнхцэцэг тус хоршооны гишүүн бөгөөд 2013, 2014 онуудад зээл авч байсан бөгөөд хоршооноос өөрийн нөхөр *******тэйгээ харилцан тохиролцоод 7.500.000 төгрөгийн зээлийг иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан авч Б.Мөнхцэцэгийн 2014.05.16-ны өдөр авсан 2.0 сая төгрөгийн үлдэгдэл 1.881.654 төгрөгийг 2014.12.25-ны өдөр төлж тооцоо дуусгасан байдлаар нотлогдох юм. Хоршооны гишүүн Б.Мөнхцэцэгт барьцаа хөрөнгө байхгүй байсан учир нөхөр болох *******гийн нэр дээр зээл авч бэлэн мөнгө авлаа гээд гарын үсэг зурсан болох нь нотлогддог. Иймд дээрх шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Өсөхбаяр хариуцагч *******д холбогдуулан зээлий гэрээний үүргийн гүйцэтгэл 10.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...намайг хоршооны гишүүн биш учир нотариатаар батлуулах шаардлагатай гээд гарын үсэг зуруулсан, мөнгө бэлнээр аваагүй тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, маргажээ.

Шүүх ...нэхэмжлэгч ******* нь Эмпипи ХЗХ-ны Худалдаа хөгжлийн банкнаас банкин дэх 407023244 тоот харилцах данснаас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 45.000.000 төгрөг аваад хариуцагч *******д 7.500.000 төгрөг зээлсэн байна. Иймд Т.Өсөхбаяр, ******* нарын хооронд байгуулсан 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, *******д 7.500.000 төгрөг бодитоор шилжсэн гэж үзэх боломжгүй... гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасантай нийцээгүй байна.

Шүүхэд анх 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Эппипи ХЗХ хариуцагч Б.Мөнхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч, хариуцагчийг сольж, улмаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар зохигчоор оролцсон байна.

Нэхэмжлэгч Т.Өсөхбаяр, хариуцагч ******* нар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлий гэрээ байгуулж 7.500.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба хариуцагч ******* гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч харин бэлнээр мөнгө шилжүүлж аваагүй гэж тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт үзэхэд хариуцагч *******гийн эхнэр Б.Мөнхцэцэг Эппипи ХЗХ-ны гишүүний хувьд тус хоршооноос 2013 оны 12 дугаар сарын 18, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус бүр 2.000.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сард 3.500.000 төгрөг тус зээлж, зээлийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон ба хариуцагч Б.Мөнхцэцэг тухайн бүр зээл 10.414.850 төгрөг төлсөн, хоршооноос 1.197.485 төгрөг авах авлагатай гэж тайлбар гаргасан байна. /хх-ийн 21 дүгээр тал/

Мөн хариуцагч ******* 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2015 оны 3 дугаар сард 250.000 төгрөг, 4 дүгээр сард 60.000 төгрөг төлж байсан ба тэрээр зээл 7.500.000 төгрөг Б.Мөнхцэцэгийн өмнөх зээлийн гэрээний дагуу авсан зээлийн тооцоо болохыг нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй боловч энэ үндэслэл, тайлбар, татгалзлалыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелээгүй байна.

Түүнчлэн зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулах, амаар байгуулсан зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд тооцох хариуцлагыг нэмэх, зээлдүүлэгчийн нэрийг өөрчлөх зэрэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хамаарах тул нэхэмжлэгч Т.Өсөхбаяр хариуцагч ******* нарын хооронд байгуулсан зээлий гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******гийн төлсөн зээлийн төлбөр 310.000 төгрөгийг үндсэн зээл 7.500.000 төгрөгнөөс хасч тооцож авах тухай тайлбар гаргасан тул хариуцагч *******гээс зээл 7.190.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 2.835.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан ...хоршооны гишүүн Б.Мөнхцэцэгт барьцаа хөрөнгө байхгүй байсан учир нөхөр болох *******гийн нэр дээр зээл авч бэлэн мөнгө авлаа гээд гарын үсэг зурсан болох нь нотлогдож байх тул шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл бүхий байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00487 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч *******гээс зээл 7.190.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.835.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Эмпипи хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 129.990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Өсөржаргалд олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ