Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 226

 

Б.Ү-ад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар магадлалтай, Б.Ү-ад холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюун-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ү-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.Ү- нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хязгаарласан хязгаарлалтыг зөрчих, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ “...Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ...хэргийг хянан хэлэлцээд ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал хангалттай тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд өөр бусад этгээд хамтран оролцсон эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ү-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй. Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлагаас гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шалгуур шинжийг хангасан байхыг шаарддаг. Гэтэл шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийгээгүй, дээрх хуулийн шаардлагыг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “..нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор..” заасан байхад анхаарч үзэлгүйгээр хохирол учраагүй, хор уршиг арилсан мэт дүгнэж хэрэглэх ёсгүй хуулийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Харин материаллаг, эсхүл өртгөөр үнэлэгдэх хэлбэрээр хохирол, хор уршгийг тодорхойлох нь хууль зүйн хувьд алдаатай болно. Мансууруулах бодисын нийгэмд учруулж буй хор хохирлыг шүүх эрх мэдлийн байгууллагаас ял, хариуцлагыг адил тэнцүү, нэг мөр сонгож хэрэглэснээр төрийн бодлогын агуулга тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд өөр өөрөөр тайлбарлаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, хадгалах, худалдах төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Хавтаст хэрэгт ...шүүгдэгчийн хувийн байдал хангалттай тогтоогдсон байхад хувийн байдлыг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Гэрч Т.Н, А.Д, Т.А, Б.Н нарын мэдүүлэг, яллагдагч Б.Ү-ын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ...хэргийн үйл баримтууд тогтоогдсон байхад шүүгдэгч нь гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд өөр бусад этгээд хамтран оролцсон эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Иймд ...шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй бичигдсэн учир дэмжиж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 13 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн хэд хэдэн шинжийг агуулсан үйл баримт тогтоогдсон” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Ү-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд уг хоёр хэсэгт тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд хуульчилсан болно.

Анхан шатны шүүх Б.Ү-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт ургамлыг 2019 оны 08 дугаар сард Булган аймгийн ...сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хадгалсан үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагад нийцүүлж дүгнэлтээ хийсэн байна.

Харин Б.Ү-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн үндэслэлийг судлан үзэхэд, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн ямар шинжийг харгалзан, ямар нөхцөл байдал гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага оногдуулахгүй гэж үзэж байгаа, үүнд ямар нотлох баримт нөлөөлсөн зэрэг хуулиар тогтоож өгсөн шаардлагын талаар анхан шатны шүүх огт тайлбарлаж дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн байна.

Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарах бөгөөд ийнхүү ноцтой зөрчил гаргасан тохиолдолд уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр хуульчилсан болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “Шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал хамаарахаар хуульчилсан атал Б.Ү-ын зан төлөв, ёс суртахууны талаар гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй байхад шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож энэ талаар нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч энэхүү ажиллагааг шүүхийн шийдвэрт нөлөөлөх эсэхийг анхан шатны шүүх өөрөө дүгнэж, үндэслэлээ тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн тул хэлэлцэгдээгүй, цуглараагүй нөхцөл байдалд үндэслэсэн магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг магадлан үзэхдээ хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үндэслэх эрхийг хуулиар хязгаарласан болно.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Прокурор Б.Оюун-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хангаж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд нь дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН