Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 105

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч М.Батбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Боржигин овогт Михлайн Батбаясгаланд холбогдох эрүүгийн 201709000357 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигин овогт Михлайн Батбаясгалан /РД: ТА67122411/, 1967 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5-3 дугаар байрны 134 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М. Батбаясгалан нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг 16 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аполла төвийн урд төв зам дээр 47-99 ДАХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлэг 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч А.Сэр-Одыг мөргөсний улмаас эмчлэгдэж байгаад 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М. Батбаясгалан  нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг 16 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аполла төвийн урд төв зам дээр 47-99 ДАХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлэг 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч А.Сэр-Одыг мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас хохирогч А.Сэр-Одын биед хүнд гэмтэл учирснаас эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Батбаясгалангийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 08:30 цагаас сүү, тараг авах гээд машинтайгаа явж байхад ийм зүйл болсон. Хохирол, буяны ажил, эмчилгээний зардалд 7.800.500 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг тус тус төлсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Г.Отгонсүрэнгийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 9 цагийн орчимд нэг хүн “Ээжийг чинь машинаараа мөргөчихлөө. Тэгээд эмнэлэгт хүргэж өгөөд ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай ээж Аполла төвийн урд зам дээр явган хүний гарцаар гарч байхад машинтай хүн ирж мөргөсөн байсан. Цагдаа нар ирэхэд манай ээжийг мөргөсөн машины жолооч явган хүний гарцгүй газрыг “энд осол болсон” гэж заагаад байсан. Тэгсэн манай ээж “үгүй” гээд явган хүний гарц руу заасан. Тэгээд би ээжийгээ аваад эмнэлэг рүү явсан. Ээж 4 хоногийн дараа 2017 оны 6 дугаар сарын 10-ны 10 цагийн орчимд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байхдаа нас барсан. Ээжийн биед ямар гэмтэл учирсныг нарийн сайн мэдэхгүй байна. Рентген зураг авахуулахад аарцагны яс хугарсан байна гэж хэлсэн. Манай ээжид осолд орохоосоо өмнө ямар ч өвчин зовлон байгаагүй. Ухаан санаа эрүүл байсан. Буяны ажлын зардалд 7.800.500 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

Хохирогч А.Сэр-Одын өгсөн: ...2017 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 07-09 цагийн хооронд байх Парк тойрч алхаад гэр лүүгээ явж байсан юм. Ингээд гэрийн харалдаа зам гараад явган хүний гарцын харалдаа зогсоод дараагийн зам гарах гэж байхад нэг машин урд зогсож байсан. Тэгээд би хажуу тийшээ харахад машин байхгүй байхаар нь зам гартал миний баруун талаас машин ирж намайг мөргөж, би газар унасан. Тэгээд жолооч нь бууж ирээд намайг аваад шууд эмнэлэгт ирсэн гэх тайлбар /хх-ийн 14/,

Гэрч П.Баярдалайгийн өгсөн: ...Би Монгол ардын намын байранд жижүүрийн үүрэг гүйцэтгээд буух гэж байсан. Өглөө 8 цагийн орчим мод услаад зогсож байтал машин тоормослох чимээ гарахаар нь хартал намын байрны урд зам дээр 2 машин зогсож байсан. Очоод хартал нэг машин нь хөдлөөд явсан. Тэр машин хүн дайрсан гэсэн. Би яг мөргөхийг нь хараагүй. Цагаан саарал өнгийн Приус машин байсан... гэх мэдүүлэг /хх-39/

Гэрч Д.Энхбаатарын өгсөн: ...2017 оны 6 дугаар сарын 06-нд 16 цагаас жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхэд А.Сэр-Од гэх хөгшин машинд мөргүүлсэн гээд эмнэлэгт хэвтсэн байсан. Биеийн байдал нь хүндэвтэр, ухаантай, хэвтрийн байдалтай, цонхигор царайтай, баруун цавь, умдаг орчмоор эмзэглэлтэй байсан. Шөнөдөө эмчилгээ хийгээд хоносон. Маргаашаас нь эмчлэгч эмчээр томилогдон эмчилж эхэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 08-ны орой өвчтөний биеийн байдал гэнэт муудлаа гэхээр нь очиж үзэхэд царай нь хөхөрсөн, амь тэмцсэн байдалтай байсан болохоор яаралтай сэхээний тасагт шилжүүлэн хэвтүүлж эмчилгээг үргэлжлүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 10-ны 13 цагт амьсгал, зүрх, судасны дутагдлаар нас барсан... гэх мэдүүлэг /хх-40/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаартай “Талийгаачийн биед тархины зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус хуралт, аарцаг ясны умдаг хэсгийн зөрөөтэй битүү хугарал, чацархайн уг, умдагны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гарт зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргүүлэх, цохигдох үед үүсэх боломжтой. Талийгаачийн биед үүссэн баруун талын умдаг ясны зөрөөтэй битүү хугарал гэмтлийн хүндрэл нь үхэлд нөлөөлсөн байна. Чацархайн уг, умдагны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гарын зулгаралт гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаачийг амьд байх үед үүссэн баруун талын умдаг ясны зөрөөтэй битүү хугарал, умдагны цус хуралт, баруун зүүн гарын зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаачийг нас барсны дараа шинжилгээний явцад тогтоогдсон гэмтэл болох тархины зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалттай гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед цусны архаг цус хомсдол, элэг, бөөрний архаг үрэвсэлт өвчин тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь уушгины артери, капиллярын өөхөн бөглөрлөөс болж тархи уушги хавагнаж нас баржээ. Талийгаач нь цус нь 0I бүлэг байна. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Талийгаачийн биед үүссэн умдаг ясны битүү хугарлын үед буюу гэмтсэн хэсгийн венийн судасны хөндийд өөхөн дусал орж цусны урсгалаар зүрхний баруун ховдлоор дамжин уушгины артери капилляр судсыг бөглөнө. Үүнээс болж тархи уушги хавагнаж нас бардаг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-45/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6/, Ослын дүгнэлт, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,

Тоёота приус 20 маркийн 47-99 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ажиллагаа хэвийн, сул явалт зөвшөөрөгдөх хэмжээнд хөндлөн болон босоо тулгуурууд хэвийн, шарнир, тяг гулзайлтгүй байна. Техникийн хувьд эвдрэлгүй тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй гэх тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-56/,

Т/Приус-20 маркийн 47-99 ДАХ улсын дугаартай авто машины жолооч Михлай овогтой Батбаясгалан нь МУ-ын ЗХДүрмийн 13-р бүлэг, 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн тул уг зам тээврийн осол гарсан байна гэх шинжээч Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч хошууч С.Хурцбилигийн дүгнэлт /хх-ийн 60/,

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх-136-165/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан осол болох үед хийгдсэн Аполла төвийн хяналтын камерын бичлэг бүхий CD зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М. Батбаясгаланг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан ба шүүгдэгч М.Батбаясгалангийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч хохирогч А.Сэр-Одын биед хүнд гэмтэл учирсан, улмаар хохирогч А.Сэр-Од нас барсан болох нь нотлогдож байх тул М.Батбаясгаланг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ багасаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.Батбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Сэр-Одын амь нас хохирсон ба хохирогч Г.Отгонсүрэн нь оршуулгын зардалд 7.800.500 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Батбаясгалан нь оршуулгын зардалд 7.800.500 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-177/, мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 242/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч М.Батбаясгалан нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүгдэгч М. Батбаясгалан нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар 50 хувь алдсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч М.Батбаясгаланг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулахаар заажээ.

Иймд шүүгдэгч М.Батбаясгаланд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А.Сэр-Одын рентген зураг, Аполла төвийн гадна хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, М.Батбаясгалангийн 293087 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, М.Батбаясгалангийн эзэмшлийн 47-99 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Михлайн Батбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Батбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар М.Батбаясгаланд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулсугай.

5. М.Батбаясгаланд оногдуулсан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч М.Батбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг рентген зураг, 1 ширхэг CD зэргийг хэрэгт хавсаргаж, М.Батбаясгалангийн 293087 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

8. Шүүгдэгч М.Батбаясгалангийн өмчлөлийн 47-99 ДАХ улсын дугаартай Prius-20  маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батбаясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР