Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 68

 

М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                        Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                      Н.Дуламсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Цэдэндамбаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-гийн Б-д холбогдох эрүүгийн 201709000357 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б- овогт М-гийн Б- /РД:**********/ нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 08:16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аполла” төвийн урд талын төв зам дээр 4799 ДАХ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж  явган зорчигч А.С-ыг мөргөсний улмаас эмчлэгдэж байгаад 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан хэрэгт Дархан-Уул аймгийн Прокурорын газар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх М.Б-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд М.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 3 дах хэсгийн 3,4 дэх хэсэгт зааснаар М.Б-д тэнсэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хориглох хязгаарлалт тогтоож, хохирогчид сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах заалтанд ”...энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...”гэж тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг тодорхой хугацаагаар заавал хасаж зорчих эрхийг хязгаарлах ял эсхүл хорих ялын аль нэгийг сонгож оногдуулахаар хуульчилж өгсөн байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаагүй бөгөөд харин хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нь нэмэгдэл ял бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3 зүйлийн 3 дах хэсэгт заасан “Албадлагын арга хэмжээний төрөлд хамаарахгүй, шүүхээс тогтоох эрх хязгаарлалтын төрөлд заагдаагүй байхад шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг эрхийг хязгаарлах  албадлагын арга хэмжээгээр хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулыг хэрэглээгүй гэж үзэж байна...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор Н.Дуламсүрэн гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан тусгай ангид эрх хасах ял оногдуулахаар заасан бол заавал оногдуулахаар заасныг зөрчиж эрх хасах ялыг оногдуулаагүй ээ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял нь нэмэгдэл ял бөгөөд албадлагын арга хэмжээний төрөлд хамаарахгүй ээ. Гэтэл анхан шатны шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг эрх хасах албадлагын арга хэмжээ гэж үзсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байгаа тул улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогчид төлбөл зохих хохирол төлбөрийг шүүгдэгч төлсөн, энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэргийн материалд хавсаргасан гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч М.Б- нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөө  08:16 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг “Аполло” Төвийн урд талын төв засмал зам дээр өөрийн эзэмшлийн “Тоёото приус 20” маркийн 4799 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.С-ыг мөргөж, улмаар түүний биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас А.С- нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхны шатны шүүх М.Б-д  холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хязгаарлаж, хохирогчид сэтгэл санааны хохиролыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.

Улсын яллагч Н.Дуламсүрэнгийн шүүхэд ирүүлсэн эсэргүүцлийн үндэслэлийн дагуу М.Б-д холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар М.Б-гийн үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдож тогтоосон, түүний гэм буруугийн талаар шүүхийн хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байгаа боловч шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “... тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал хэрэглэх...” тухай заалтыг зөрчиж М.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэглээгүй гэсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байх ба шүүх шүүгдэгч М.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай туулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б-д холбогдох эрүүгийн 201709000357 тоот 1 хавтас хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. М.Б-д хэргийг шүүхэд очтол урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                      ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                    Ц.АМАРЖАРГАЛ