Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2019/00005

 

А.Нгийн иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00852 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух Б овогт Нын Нгийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч А.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн өмгөөлөгч Х.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн цагийн багшаар ажиллуулах тухай 80 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн Нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшаар эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд: Миний бие тус Өлгий сумын Ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар дунд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 119 дугаартай тушаалаар тус сургуулийн Нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшийн ажилд бүр томилогдсон.Тухайн үед ажил олгогч ажилтан надтай тухайн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч хөдөлмөрийн гэрээний хуулбарыг өгч байсан. Гэтэл Өлгий сумын Ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 80 тоот тушаалаар намайг багшийн бүр орон тооны үүрэгт ажлаас чөлөөлж цагийн багшийн ажилд шилжүүлсэн. Ажил олгогч нь надад багшийн орон тоо цөөрүүлсэн буюу цомхотгосон тухай ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй. А.Н би ажил олгогчийн өөр ажилд шилжүүлсэн тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бичиг хэргийн ажилтан М.Маас удаа дараа шаардсаны эцэст хүлээн авлаа. Одоо А.Н би 7 хоногт 19 цагийн хичээл заах ёстой ба одоогийн байдлаар 2018 оны 9 дүгээр сарын 10-аас 12 цагийн хичээл зааж, 7 цагаар хичээлийн цагийг хорогдуулсан тул миний хөдөлмөрлөх эрх болон цалин хөлсөөр хохирч байна. Би энэ асуудлыг эс зөвшөөрч тухайн үед ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал, шийдвэр өгөөгүй учраас тус сургуулийн захиралд хандан бичгээр хоёр ч өргөдөл гаргаж байсан боловч одоо хүртэл хариу өгөөгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цагийн багшийн ажилд шилжүүлсэн тушаалын хуулбарыг тус сургуулийн бичиг хэргийн ажилтан М.Маас гардан хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би анх багшийн орон тоонд ажилд ороход тухайн сургуульд он удаан жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Ч.Лиза багшийн орон тоонд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар дунд сургуулийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Цагийн багшаар ажиллуулах тухай 80 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг тус сургуулийн Нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: А.Н 2017-2018 оны хичээлийн жилд 10-а ангид түүх-нийгэм 3 цаг, 10-б ангид түүх-нийгэм 3 цаг, 11-а ангид түүх-нийгэм 3 цаг, 11-б ангид түүх-нийгэм 3 цаг, 9-а,б,в ангиудад иргэний боловсрол 3 цаг, 6-а, б ангиудад амьдрах чадвар 2 цаг, 10 дугаар анги сонгох 2 цаг нийт 19 цаг хичээл заан ажиллаж байсан. Харин 2018-2019 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/435, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын А/22-р тушаалаар сургалтын төлөвлөгөөг өөрчлөхөд амьдрах чадварыг-эрүүл мэндийн хичээл болгон биологийн багшаар заалгуулах болгосонтой холбоотойгоор 2 цаг нь хоригдсон. Мөн Боловсрол соёл урлагийн газрын даргын баталсан сургалтын төлөвлөгөөнд анги удирдсан багш нарын ордог хичээлээс гадуурх үйл ажиллагааны (ХГУА) цагийг казах хэлний цаг болгосон тул анги удирдсан багш нар энэ цагийн оронд иргэний боловсролын цагийг авсан тул 3 цаг нь хорогдсон. К.Ардах багшаас мөн 2 цаг иргэний боловсролын цаг хоригдсон тул 11 дүгээр ангийн сонгох хичээлийн 2 цагийг тийшээ шилжүүлсэн тул нийтдээ 7 цаг нь хорогдож 12 цагийн багшаар шилжсэн. Намар Боловсрол соёл урлагийн газрын даргын А/22 тоот тушаал гараагүй байхад нэг 7 хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын сайдын А/453 тоот тушаалын дагуу хичээллэхэд иргэний боловсролын цагийг зааж байсан тул 19 цагтай байсан. 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах ёстой түүх-нийгмийн багшийн тоо 4 байсан ба 1 дүгээр сараас эхэлж хүмүүжлийн эрхлэгч Д.Тг багш болгож мэргэжлийн бус цаг өгч ажиллуулсан байна. Одоо Д.Т багш жирэмсний амралтаас орж ирсэн тул үндсэн багшаар ажиллаж байна. Хэрэв тэр үед илүү орон тоо үүсгэж Д.Тг багшаар аваагүй байсан бол А.Н цагийн багшаар шилжихгүй 19 цагтай үндсэн багшаар ажиллах бүрэн боломжтой байна. гэв.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00852 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Цагийн багшаар ажиллуулах тухай 80 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн Нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшаар эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ж овогт Нын Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс А.Нг ажлаас халсан ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн болох талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгч А.Н нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. Ажилтнаас ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Ажил олгогчоос 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Цагийн багшаар ажиллуулах тухай 80 дугаартай маргаан бүхий тушаалыг ажилтан А.Нд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан. А.Н ажил олгогчийн маргаан бүхий тушаалын хуулбарыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын бичиг хэргийн ажилтан Маас хүлээн авч маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нотариатаар баталгаажуулалт хийлгэн тэр өдөрт нь тус шүүхэд нэхэмжлэл гарган тушаал гардан авсан байдлын тухай нэхэмжлэлдээ тодорхой дурдсан тул нэхэмжлэгч А.Н нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130\ШШ2018\00852 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан А.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

А.Н нь Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 80 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ ажил олгогч надад багшийн орон тоо цөөрүүлсэн буюу цомхотгосон тухай ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй, багшийн бүр орон тооны үүрэгт ажлаас чөлөөлж цагийн багшийн ажилд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ. Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч 2018-2019 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/435, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын А/22 дугаар тушаалаар сургалтын төлөвлөгөөг өөрчлөхөд амьдрах чадварыг эрүүл мэндийн хичээл болгон биологийн багшаар заалгуулах болсонтой холбоотой 7 цаг хорогдож цагийн багшаар шилжсэн гэж шүүхэд маргасан байна.

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар сургуулийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 119 дүгээр тушаалаар А.Нг тус сургуулийн нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын үндсэн багшаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан ба А.Нг хичээлийн цаг хорогдсон гэх үндэслэлээр үндсэн багшийн ажлаас чөлөөлж цагийн багш болгожээ.

Ажил олгогч 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 80 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Сургуулийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.11, 13 дугаар зүйлийн 13.20.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хичээлийн цаг хорогдсон үндэслэлээр А.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зохицуулалтад нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээ нотолж чадаагүй, дээрх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ...хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх... гэж заасныг ажил олгогч зөрчсөн байна.

Ажил олгогч 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 80 дугаартай тушаалаа нэхэмжлэгч А.Нд хэзээ хүлээлгэн өгсөн болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй боловч уг тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нарийн бичиг Маас хүлээж авав М.М гэж гарын үсэг зурж тушаалын баруун доод буланд тэмдэглэснээс үзэхэд нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр сургуулийн захиралд 7 цагийг хасаж цагийн багшаар шилжүүлэн ажиллуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй үндсэн багшаар ажиллуулах тухай хүсэлт гаргаж байсан, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс цагийн багшаар ажиллуулсан гэдгээ мэдсэн буюу 12 цагийн хичээл зааж байсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу гомдлоо нэг сарын дотор шүүхэд гаргаагүй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаж хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж А.Нг үндсэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

Нэхэмжлэгч А.Нгийн гаргасан хүсэлт, ажиллаж байсан байдлаас дүгнэхэд түүнийг ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн гэж үзэх боломжгүй. Тэрээр 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа Маас гардаж авснаар ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан А.Нгийн Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 80 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00852 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 80 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар А.Нгийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар А.Нгийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ

 

Д.КӨБЕШ