Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00729

 

А.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00852 дугаар шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 212/МА2019/00005 дугаар магадлалтай

А.Нгийн нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох

Бийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн цагийн багшаар ажиллуулах тухай №80 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Гүлжазирагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус Бийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 119 дугаартай тушаалаар тус сургуулийн Нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшийн ажилд бүр томилогдсон.Тухайн үед ажил олгогч ажилтан надтай тухайн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч хөдөлмөрийн гэрээний хуулбарыг өгч байсан. Гэтэл Бийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 80 тоот тушаалаар намайг багшийн бүр орон тооны үүрэгт ажлаас чөлөөлж цагийн багшийн ажилд шилжүүлсэн. Ажил олгогч нь надад багшийн орон тоо цөөрүүлсэн буюу цомхотгосон тухай ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй. А.Н би ажил олгогчийн өөр ажилд шилжүүлсэн тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бичиг хэргийн ажилтан М.Мартаас удаа дараа шаардсаны эцэст хүлээн авлаа. Одоо А.Н би 7 хоногт 19 цагийн хичээл заах ёстой ба одоогийн байдлаар 2018 оны 9 дүгээр сарын 10-аас 12 цагийн хичээл зааж, 7 цагаар хичээлийн цагийг хорогдуулсан тул миний хөдөлмөрлөх эрх болон цалин хөлсөөр хохирч байна. Би энэ асуудлыг эс зөвшөөрч тухайн үед ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал, шийдвэр өгөөгүй учраас тус сургуулийн захиралд хандан бичгээр хоёр ч өргөдөл гаргаж байсан боловч одоо хүртэл хариу өгөөгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цагийн багшийн ажилд шилжүүлсэн тушаалын хуулбарыг тус сургуулийн бичиг хэргийн ажилтан М.Мартаас гардан хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би анх багшийн орон тоонд ажилд ороход тухайн сургуульд он удаан жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Ч.Лиза багшийн орон тоонд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Иймд Баян-Өлгий аймгийн Бийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Цагийн багшаар ажиллуулах тухай 80 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг тус сургуулийн Нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Н 2017-2018 оны хичээлийн жилд 10-а ангид түүх-нийгэм 3 цаг, 10-б ангид түүх-нийгэм 3 цаг, 11-а ангид түүх-нийгэм 3 цаг, 11-б ангид түүх-нийгэм 3 цаг, 9-а,б,в ангиудад иргэний боловсрол 3 цаг, 6-а, б ангиудад амьдрах чадвар 2 цаг, 10 дугаар анги сонгох 2 цаг нийт 19 цаг хичээл заан ажиллаж байсан. Харин 2018-2019 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/435, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын А/22-р тушаалаар сургалтын төлөвлөгөөг өөрчлөхөд амьдрах чадварыг-эрүүл мэндийн хичээл болгон биологийн багшаар заалгуулах болгосонтой холбоотойгоор 2 цаг нь хоригдсон. Мөн Боловсрол соёл урлагийн газрын даргын баталсан сургалтын төлөвлөгөөнд анги удирдсан багш нарын ордог хичээлээс гадуурх үйл ажиллагааны (ХГУА) цагийг казах хэлний цаг болгосон тул анги удирдсан багш нар энэ цагийн оронд иргэний боловсролын цагийг авсан тул 3 цаг нь хорогдсон. К.Ардах багшаас мөн 2 цаг иргэний боловсролын цаг хоригдсон тул 11 дүгээр ангийн сонгох хичээлийн 2 цагийг тийшээ шилжүүлсэн тул нийтдээ 7 цаг нь хорогдож 12 цагийн багшаар шилжсэн. Намар Боловсрол соёл урлагийн газрын даргын А/22 тоот тушаал гараагүй байхад нэг 7 хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын сайдын А/453 тоот тушаалын дагуу хичээллэхэд иргэний боловсролын цагийг зааж байсан тул 19 цагтай байсан. 2017-2018 оны хичээлийн жилд ажиллах ёстой түүх-нийгмийн багшийн тоо 4 байсан ба 1 дүгээр сараас эхэлж хүмүүжлийн эрхлэгч Д.Туяаг багш болгож мэргэжлийн бус цаг өгч ажиллуулсан байна. Одоо Д.Туяа багш жирэмсний амралтаас орж ирсэн тул үндсэн багшаар ажиллаж байна. Хэрэв тэр үед илүү орон тоо үүсгэж Д.Туяаг багшаар аваагүй байсан бол А.Н цагийн багшаар шилжихгүй 19 цагтай үндсэн багшаар ажиллах бүрэн боломжтой байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00852 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан Бийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Цагийн багшаар ажиллуулах тухай 80 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн Нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшаар эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Жантекей-Ботахара овогт Аманжолын Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 212/МА2019/00005 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00852 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

1. “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Бийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 80 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дахь заалтыг

2. “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар А.Нгийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Бийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авч,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар А.Нгийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Гүлжазира хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 212/МА2019/0005 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 1 сарын өмнө ажилтанд ажлаас чөлөөлөх тухайгаа мэдэгдэх үүргээ зөрчиж мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй гэж буруутгажээ. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Бийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2018-2019 оны хичээлийн жилийн ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцэж, А.Н зөвхөн 12 цаг заах болсон, өөрөөр хэлбэл орон тоо цомхотгогдох, хичээлийн цаг хорогдсоны улмаас цагийн багшаар ажиллах болсон, нэгэнт батлагдсан хичээлийн хөтөлбөрийн дагуу Түүх, нийгмийн багшийн цаг нь хорогдсон учраас н.Туяа, А.Н багшийг цагийн багш болгохоор хэлэлцэж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, шинээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар хуралдааны явцад мэдэгдсэн.

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай Бийн захирлын “Сургалт хүмүүжлийн ажил зохион байгуулах тухай” тушаалын 1 дүгээр хавсралт “2018-2019 оны хичээлийн жилд ажиллах багш нар”-ын Нийгмийн багш гэсний 4-т А.Н-цагийн багш гэсэн бичилтээр, түүнчлэн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай “Цагийн багшаар ажиллуулах тухай” тушаалаар сургалтын төлөвлөгөө ёсоор цаг хүрэлцэхгүй болсон тул багш А.Нг 2018-2019 оны хичээлийн жилд цагийн багш болгохоор шийдвэрлэсэн.

Үүнээс өмнө сургуулийн захирлын хувьд хэд хэдэн удаа А.Нг өрөөнд дуудаж цагийн багшаар ажиллах болсон талаар мэдэгдэж байсан.

Дээрх захирлын дэргэдэх хуралдаан, мөн захиралтай биечлэн уулзаж байсан болохыг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн ба 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн цагийн багшаар ажиллаж ирсэн болох нь нотлогдож байхад шүүх шийдвэр гаргахдаа үүнийг огт анхаараагүй төдийгүй хариуцагч талаас өөрийн татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтыг ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмыг зөрчсөн.

2. Нэхэмжлэгч А.Нгийн нэхэмжлэлийн шаардлага нь Бийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Цагийн багшаар ажиллуулах тухай” 80 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн Нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшаар эгүүлэн тогтоолгох тухай” байх ба шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд А.Н нь тус сургуульд “Иргэний боловсрол”-ын үндсэн багшийн орон тоо байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тус сургуулийн захирлын баталсан “2018-2019 оны хичээлийн жилд дунд, ахлах ангийн багш нарын заах хичээлийн хуваарилалт”-ын 57-д багш А.Н түүх, нийгэм 12 цаг /үүний 3 цаг нь иргэний боловсрол/-ын хичээл заадаг болох нь нотлогдсон хэдий ч анги дүүргэлт, тухайн хичээлийн жилийн бүлгийн тооноос хамаарч иргэний боловсролын хичээл хорогдож, А.Нгийн заах хичээлийн цаг хорогдсон нь тогтоогдсныг шүүх анхаарч үзээгүй.

3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч А.Нгийн гаргасан хүсэлт, ажиллаж байсан байдлаас дүгнэхэд үүнийг ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн гэж үзэх боломжгүй. Тэрээр 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа Мартаас гардаж авснаар ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэжээ.

Гэтэл Бийн захирлын дэргэдэх 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар сургалтын төлөвлөгөөний цаг, орон тооны асуудал, анги дүүргэлтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн. Энэ хуралдаанд менежер И.Хайырым нь А.Н багшид гүйцэд тайлбар хийсэн... А.Н багш 19 цагтай байснаа 11 цаг болж цагийн багш болсныг мэдэгдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 19 цагаар үндсэн багшаар ажиллуулах тухай 2 удаа хүсэлт гаргаж байснаа шүүх хуралдаанд нэхэмжлэгч тайлбарладаг байх тул А.Н нь 2018 оны 09 дүгээр сарым 10-ны өдрөөс цагийн багшаар ажиллуулсан гэдгээ мэдсэн буюу 12 цагийн хичээл зааж байсан мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу эрхээ зөрчигдсөнөө мэдсэнээс хойш гомдлоо 1 сарын дотор шүүхэд гаргаагүй, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг зөрчсөн болох нь нотлогдсон.

4. А.Нг ажил олгогчийн зүгээс бүр мөсөн ажлаас нь чөлөөлөөгүй, цагийн багшаар томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ биелүүлсэн байтал үндэслэлгүйгээр хариуцагчийг буруутгаж байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Н Бьд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн цагийн багшаар ажиллуулах тухай №80 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан байна.

Хариуцагчийн төлөөлөгчөөс: “...нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байхад давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг үнэлэх журмыг зөрчсөн...” гэх үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...ажил олгогч ажилтныг ажлаас халсан тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А.Нд хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогдсон...” гэх үндэслэлээр ажилтны нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, ажил олгогч ажилтныг ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

А.Н нь Өлгий  сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуульд нийгмийн ухаан, түүх, иргэний боловсролын үндсэн багшаар ажиллаж байсан.

2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн БСШУ-ны сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан 307/91/237 дугаар тушаалаар батлагдсан Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим ажилтны албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журмын 2.-т Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, Засгийн газраас тогтоосон бага, дунд боловсролын норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог захирал, эрхлэгч тогтооно, 11-д Сургуулийн багш долоо хоногт 34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил ...гүйцэтгэнэ. Стандартын хэрэгжүүлэх ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цагт зориулагдана гэж зохицуулжээ.

БСШУСЯ-ны Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/453 дугаартай тушаал, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/467 дугаартай Сургалтын хөтөлбөр батлах тухай тушаал, мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Аймгийн БСУГ-ын “Сургалтын төлөвлөгөө батлах тухай” А/22 тушаал гарсантай холбогдуулан Бийн Захирлын дэргэдэх зөвлөл 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, анги дүүргэлт дутуугаас 2 анги цомхотгосон, сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орсонтой холбогдуулан үндсэн багшийн цаг хүрэлцэхгүй болсон үндэслэлээр зарим багшийг цагийн багшид шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

А.Н багшийн хичээлийн цаг 7 хоногт 19 байхаас 12 болж багассантай холбогдуулан цагийн багшаар ажиллуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сургуулийн захирлын №80 дугаартай тушаал гарсан, энэ өдрөөс хойш нэхэмжлэгч нь 7 хоногт 12 цагийн хичээл заасан, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу цагийн багшаар ажилласнаас хойш 43 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... нэхэмжлэгч нь Сургуулийн захирлын №80 дугаартай тушаал гарснаас хойш 7 хоногт 19 цагийн хичээл заахаас 12 цагийн хичээл зааж, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цагийн багшийн ажилд шилжүүлснийг эс зөвшөөрч, сургуулийн захиргаанд хүсэлт гаргаж байсан  нь хэргийн 5 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх тул ажил олгогч цагийн багшаар томилсон тушаал гарсан өдөр нь энэ талаар А.Нд мэдэгдэж, тушаалыг гарт нь өгсөн, А.Н нь тушаалаа авахгүй явсаар сүүлд 10 дугаар сард авсан..” гэж мэтгэлцсэн бөгөөд үүнийг үгүйсгэх баримтгүй тул тушаалыг нэхэмжлэгч авсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ магадлалд заагаагүй бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тушаалыг гардаж авснаар ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдэж нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэх дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т нийцээгүй  гэж үзлээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг  зөв тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 212/МА2019/00005 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00852 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Ө.Гүлжазирагийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД