Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01540

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01540

 

 

 

Д.Ж -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01577 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ж гийн хариуцагч Э.Э. Исургууль НҮТББ-д холбогдуулан гаргасан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Э.Э. Исургуулийн захирлын 42/19 тоот тушаалаар захирлын туслахын ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр сургуулийн ТУЗ-ын дарга Я.Эрхэмбаяр нь сургуулийн захирал Д.Уртнасанд өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тушаал гарган ажлаас халсан. Миний бие хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл давтан гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсан нь хуульд нийцээгүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж өгнө үү. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Оюунтунгалаг шүүх гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ж нь Нийслэлийн ерөнхий боловсролын Э.Э. Исургуульд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сар хүртэл захирлын туслахын албан тушаалд ажиллаж байсан. Ажил олгогч нь Д.Ж г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дугаар зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6.6 дахь хэсэгт заасан ажил, албан тушаалтай нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн ноцтой зөрчил гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн. Тус сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд гадна, дотоодын хөрөнгө оруулагч талаас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татаж байгуулсан учир үүсгэн байгуулагч компанийн гүйцэтгэх удирдлагууд хөрөнгө оруулагч талд долоо хоног бүр сургуулийн хүүхдүүдийн мэдээлэл, багш, ажилчдын мэдээлэл, төлбөрийн мэдээлэл зэргийг тогтмол явуулах, 14 хоног тутамд онлайн бизнес хурлаар сургуулийн нөхцөл байдлыг танилцуулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах зэрэг стратегийн төлөвлөгөө гаргаж ажилладаг. Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн захиргааны шинжтэй бүхий л ажиллагаа, болон захиргааны ажилчдын ажлыг давхар үүсгэн байгуулагч хянадаг тогтолцоотой. Үүсгэн байгуулагчийн хувьд захирлын туслахаас сургуульд шилжиж ирсэн сурагч, шилжиж явсан сурагч, төлбөрийн мэдээлэл, багш, ажилчдын мэдээлэл зэргийг тогтмол авч үүнийгээ хөрөнгө оруулагч талд тайлагнаж ажилладаг байсан. Гэтэл захирлын туслахын сурагчдын мэдээлэл, өмнөх долоо хоногоос зөрүүтэй, аль эсвэл шилжиж явсан сурагчдын мэдээлэл дутуу, хэлбэрийн болоод агуулгын шаардлага хангахгүй илгээж байсан. Энэ талаар нэхэмжлэгчид үүсгэн байгуулагч талын албан тушаалтнууд мэдэгдэж, ажлаа сайжруулахыг үүрэг болгож амаар болон бичгээр сануулж, зөвлөмж хэлдэг байсан. Мөн захирлын туслах нь үүсгэн байгуулагч буюу сургуулийн удирдах зөвлөлийн даргын шийдвэрийг сургуулийн захиргаанд мэдээллэх, ойлгуулах, даалгасан ажлыг зохион байгуулах үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү ажлыг зөв хүргээгүй, зохион байгуулж чадаагүйгээс даалгасан ажил хоцрох, шаардлагад нийцэхгүй байх алдаа гардаг байсан. Энэ асуудлыг удирдах зөвлөлийн даргын буюу үүсгэн байгуулагч мөн л шийдвэрлэх зорилготой 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаар тушаалаар сургуулийн менежментийн баг хүртэл байгуулж ажилласан. Гэвч төдийлөн ахиц гараагүй, алдаа гарч эргээд энэ нь бизнесийн ирээдүйд сөргөөр нөлөөлөхүйц үр дагаварт хүрч байсан тул Д.Ж г ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь сургуулийн захиргаанаас нийт багш, ажилчдын дунд хэлэлцүүлсэн дүрэм, журмын төслийг Удирдах зөвлөлд танилцуулаагүй болно. Тухайн сургуулийн дүрэм болоод хөдөлмөрийн дотоод журмын төслийг нэхэмжлэгч Д.Ж д хадгалагдаж цааш нь хуулийн хэлтэст явуулах байсан бөгөөд нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн өдөр болох 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр и-мэйлээр явуулсан. Нэхэмжлэгчийн илгээсэн сургуулийн дүрэм болоод хөдөлмөрийн дотоод журам нь үүсгэн байгуулагчийн шаардлагад нийцээгүй, хангалтгүй, дахин сайжруулах шаардлагатай зүйлс байсан учраас тухайн төслийг Удирдах зөвлөлөөс батлаагүй болно. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт нь сургуулийн захиргаа болон, үүсгэн байгуулагчийн албан ёсоор баталсан загвар биш бөгөөд сургуулийн онцлог, хийж гүйцэтгэдэг ажлыг гүйцэт оруулаагүй, наад захын техникийн шаардлага хангаагүй тул хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э. Исургууль НҮТББ-аас 2 744 102 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овогт Даваадоржийн Жаргаланд олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Д.Ж гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сар бүрээр тооцож нөхөн төлөхийг хариуцагч Э.Э. Исургууль НҮТББ-д даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Э.Э. Исургууль НҮТББ-д холбогдох захирлын туслахын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Э. Исургууль НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 58 856 төгрөг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдож байна.

Э.Э. Исургууль нь Д.Ж г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэл буюу ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчийн шаардлагад нийцэж ажиллаагүй, өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлээгүй зэргээр зөрчил гаргасан гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон хэрнээ тухайлсан стандарт, зааврын дагуу тоон мэдээлэл гаргаж байх шаардлага нь тодорхойгүй байгаа тул өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй юм. Учир нь тоо мэдээний стандарт заавар бус үнэн зөвийг л хариуцах ёстой ажилтан үнэн зөв тоон мэдээ удаа дараа гаргаагүй нь тухайн ажилтан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болсон гэдгийг шүүх зөв үнэлж дүгнэсэнгүй. Мөн сургуулийн бүтэц, орон тоог гаргаж батлуулах үүргийг биелүүлээгүй гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн судлаагүйг илтгэж байна.

Учир нь, сургуулийн бүтэц орон тоог батлах, цаашлаад сургуульд мөрдөгдөх дүрэм журмыг боловсруулж батлуулах ажил 2019 оны 09 сараас үргэлжилсэн бөгөөд 2019 оны 12 сард болон 2020 оны 01 сард нийт багш ажилчдын удаа дараагийн хурлаар хэлэлцэж, төслүүд боловсруулагдсан бөгөөд үүнийг эцэслэн эмхтгэж, сургуулийн удирдах зөвлөлд танилцуулах техникийн шинжтэй ажил нь захирлын туслахын үндсэн хийх ёстой ажил юм. Нэхэмжлэгч энэхүү үүргээ удаа дараа биелүүлээгүй гэдэгтэй маргаагүй, ажлаас гарсан өдрөөр и-мэйлээр явуулсан бөгөөд харин шүүх үүнийг ялгаж, салгахгүй буруугаар ойлгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг анхаарах нь зүйтэй мэтээр дүгнэлт хийсний зэрэгцээ Удирдах зөвлөлийн эрх үүргийг нэхэмжлэгчээс шаардсан мэтээр хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дахь үндсэн үүрэг, онцлогийг зөв зүйтэй тогтоож, үнэн зөв дүгнэсэнгүй.

Хувийн өмчийн ерөнхий боловсролын хувийн захирал нь сургалттай холбоотой бүхий л асуудлыг хариуцдаг бөгөөд сургуулийн захиргааны бусад асуудлыг удирдах зөвлөлийн дарга шийдвэрлэх эрхтэй тул захирлын туслахын албан тушаалд нэхэмжлэгч Д.Ж г сонгохдоо түүний ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсан туршлагатай байдлыг харгалзан үзэж, тус сургуулийн гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын үүсгэн байгуулагч, сургуулийн захиргааны хамтын ажиллагааг дэмжих, холбож ажиллах талаар тусгайлан учирлаж ойлгуулсан бөгөөд нэхэмжлэгч алдаатай мэдээ, тайланг бэлтгэж өгч байсан нь үүнийг баталгаажуулж байгааг шүүх анхаарсангүй. Энэ нөхцөл байдлын талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан Д.Ж гийн ажлын тайланд удирдах зөвлөлд тайлагнаснаар нотлогдоно.

Гэтэл Д.Ж ажиллах хугацаандаа байгууллагын удирдах албан тушаалтнуудыг холбож чадаагүй, өөрийн бие даан гаргаж өгөх мэдээ зэргийг заавар, зөвлөмж өгсөөр байтал ажлаа сайжруулаагүй, удаа дараа хангалтгүй гүйцэтгэж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг анх авах үеийн ажил олгогчийн хүлээлт, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан. Тэр болгонд ажил олгогчийн зүгээс Д.Ж тай хамтран ажиллах гэж хичээж, ажлын заавар өгч, алдаатай мэдээ байсан ч янзлан дахин танилцуулахыг үүрэг болгодог байсан. Энэ нь шинээр байгуулагдсан сургуульд хэн нэгнийг шийтгэх, арга хэмжээ авахаас илүүтэй тайлбарлах, ойлгуулах, нэг баг болгохыг зорьсонтой холбоотой байсан. Гэтэл ажилтны зүгээс тухайн байдлыг ойлгоогүй, ажлаа сайжруулаагүйгээс гадна, үүсгэн байгуулагч болон сургуулийн захиргаа хоёрын хамтын ажиллагааг сайжруулах бус хоёр ондоо удирдлага мэт хандаж, хамтарч ажиллаж чадаагүй. Шүүх ажилтанд заавар, хийх ажлыг танилцуулаагүй, тайлбарлаагүй бараг ач холбогдолгүй гэх мэтээр дүгнэсэн нь бодит байдлыг зөвөөр ойлгож, зөв шударгаар хэргийн нөхцөл байдлыг дүгнэж чадсангүй.

Хариуцагчийн зүгээс шүүх хурлын үеэр нэхэмжлэгч талын нотлох баримтаар өгсөн ажлын байрны тодорхойлолтыг шаардлага хангаагүй мөн, албан ёсоор батлаагүй, нэхэмжлэгч өөрөө бичсэн ажлын байрны тодорхойлолт гэж маргасан. Ажилтан өөрөө өөрийнхөө хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлоод үүнийгээ албан ёсны гэж үзэх нь аль ч байгууллагын хувьд байж болохгүй. Шүүх үүнийг хэрэг шийдвэрлэх ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэнд гомдолтой байна.

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Улсын онцгой комиссын шийдвэрээр тус сургуулийн сургалтын үйл ажиллагааг бүрэн зогсоож, сургуулийн үйл ажиллагаа доголдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нийт ажилчдад үндсэн цалингийн 60 хувиар тооцон цалинжуулж эхэлсэн. Энэ талаар сургуулийн багш ажилчдын хурлууд удаа дараа болж байсан бөгөөд энэ бол цар тахлын үед бүх нийтээр авч хэрэгжүүлж буй хуулийн тодорхой ойлголт юм. Гэтэл нэхэмжлэгчийн цалинг бүтэн олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй болно. Мөн тооцооллын хувьд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажлын 69 хоног байхад 72 гэж тооцсон нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн огноо алдаатай бичигдсэн. Тиймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Э.Э. Исургууль НҮТББ-д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гомдлын шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, үлдэх хэсгээ дэмжин оролцсон байна. Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Э.Э. Исургууль НҮТББ-ын захирал 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 82/20 дугаар тушаал гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 6.2.6.6-д заасныг баримтлан Д.Ж г үүсгэн байгуулагч /Япон тал/-ийн шаардсан сургуулийн хүүхдийн мэдээлэл, сургалтын төлбөрийн мэдээллийг алдаагүй нэгтгэж өгөх, сургуулийн бүтэц орон тоог гаргаж батлуулах зэрэг өгсөн үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлж, хөрөнгө оруулагч үүсгэн байгуулагчийн хооронд үл ойлголцол үүсгэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, захирлын туслахын үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эс зөвшөөрч, тэрээр шүүхэд гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт журмыг зөрчөөгүй байна.

Талууд хооронд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэнд хэн аль нь маргаангүй, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Ажилтныг хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд уг зөрчил тогтоогдсон байхыг шаардана.

Талууд хөдөлмөрийн гэрээний 6.2.6.6-д ажил, албан тушаалтай нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ. Нэхэмжлэгчийн гэрээний энэ заалтыг зөрчсөн үйлдлийг хариуцагч нотлох үүрэг хүлээнэ.

Хариуцагч тал гомдлын шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлохоор Д.Ж гийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ажлын тайлан, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн сургуульд элссэн сурагчдын тоон мэдээлэл, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Э.Э. Исургууль НҮТББ-ын сурагчдын тоон мэдээлэл, зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна. /хх 28-33/

Эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчлийг эргэлзээгүй нотлохгүй байна. Тодруулбал, ажил олгогчоос Д.Ж д мэдээг компанийн стандартад нийцүүлэх, өмнө өгсөн зааврын дагуу бэлтгэж дахин танилцуулахыг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны тоон мэдээллийн хувьд өмнөх мэдээнээс яагаад тоо зөрүүтэй байгаа талаар тайлбар өгөх даалгавар өгчээ. хх-32, 33/ Гэхдээ дээрх үүрэг, даалгаврыг Д.Ж биелүүлээгүй, үүний улмаас байгууллагад хохирол учирсан үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй байх тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үнэлээд нэхэмжлэгч Д.Ж г хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан үйлдэл тогтоогдоогүй, түүнийг ажлаас үндэслэлгүй халсан гэж дүгнэн, үр дагаврыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/01577 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 58 855.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД