Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2020/01577

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг тоотод оршин суух Д Ж /РД: ****, утасны дугаар: **/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг  тоот “Э Э И С” НҮТББ /РД: **, утасны дугаар: **/

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ж

                                нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э

                              хариуцагчийн төлөөлөгч Г.О

                              нарийн бичгийн дарга Г.Зулаа нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Д.Ж миний бие 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Э Э Исургуулийн захирлын 42/19 тоот тушаалаар захирлын туслах ажилд орж хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай туршилтаар ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс сургуулийн захирлын 72/19 тоот тушаалаар захирлын туслахын албан тушаалд томилогдон ажилласан. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр сургуулийн ТУЗ-ын дарга Я.Э нь сургуулийн захирал Д.У-д өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тушаал гарган ажлаас халсан. Миний бие хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл давтан гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас халсан явдал хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна. Иймд дээрхи ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж өгнө үү. Би корона-19 вирус өвчинтэй холбоотой Улсын онцгой комиссын 5 дугаар тогтоолын дагуу орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалттай холбоотойгоор Төв аймгийн Заамар суманд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдрүүдэд хөл хорионд орсон тул Төв аймгийн Заамар сумын засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/97 тоотыг үндэслэн нэхэмжлэл гаргах хугацааг сэргээн тооцож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э сургуульд 2019 онд ажилд ороод туршилтаар 2 сар ажилласан. Захирлын тушаалаар үндсэн ажилтан болоод гэрээгээ хийсэн. 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр үүсгэн байгуулагч Я.Э гэдэг хүн надад хэлэхгүй ажлаас чөлөөлсөн байсан. Тэгэхэд захирал үндсэн ажилтнаа халахгүй, гэвч үүсгэн байгуулагчийн саналаар халж байна гээд 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан. Өмнө нь надад хэлээгүй, би ямар ч зөрчил гаргаж байгаагүй, сурагчдын тоон мэдээллийг хэлснээр нь л гаргаж өгсөн. Ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна.  

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.О шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Жгийн нэхэмжлэлтэй “Нийслэлийн Ерөнхий Боловсролын Э Э И С” НҮТББ-д холбогдуулан гаргасан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй хугацааны цалинг тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Ж нь Нийслэлийн ерөнхий боловсролын “ЭЭИ” сургуульд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сар хүртэл “Захирлын туслах” албан тушаалд ажиллаж байсан. Ажил олгогч нь Д.Жг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болон 131.1.3 дүгээр заалтыг үндэслэн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6.6 дахь хэсэгт заасан “Ажил, албан тушаалтай нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн” ноцтой зөрчил гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн. Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн “ноцтой зөрчил” гэдэг ойлголтыг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон....гэж ойлговол зохино” гэж тайлбарласан байдаг. Тус сургуулийг “Э И” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд гадна, дотоодын хөрөнгө оруулагч талаас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татаж байгуулсан бөгөөд үүнийхээ хэрээр компани буцаад хөрөнгө оруулагч талын өмнө өндөр үүрэг хариуцлагатайгаар ажилладаг. Өөрөөр хэлбэл үүсгэн байгуулагч компанийн гүйцэтгэх удирдлагууд хөрөнгө оруулагч талд долоо хоног бүр сургуулийн хүүхдүүдийн мэдээлэл, багш, ажилчдын мэдээлэл, төлбөрийн мэдээлэл зэргийг тогтмол явуулах, 14 хоног тутамд онлайн бизнес хурлаар сургуулийн нөхцөл байдлыг танилцуулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах зэрэг стратегийн төлөвлөгөө гаргаж ажилладаг. Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн захиргааны шинжтэй бүхий л ажиллагаа /хангамж, санхүү, барилгын аюулгүй байдал, засвар үйлчилгээ/, болон захиргааны ажилчдын ажлыг давхар үүсгэн байгуулагч хянадаг тогтолцоотой. Үүсгэн байгуулагчийн хувьд “захирлын туслах”-аас сургуульд шилжиж ирсэн сурагч, шилжиж явсан сурагч, төлбөрийн мэдээлэл, багш, ажилчдын мэдээлэл зэргийг тогтмол авч үүнийгээ хөрөнгө оруулагч талд тайлагнаж ажилладаг байсан. Гэтэл захирлын туслахын сурагчдын мэдээлэл, өмнөх долоо хоногоос зөрүүтэй, аль эсвэл шилжиж явсан сурагчдын мэдээлэл дутуу, хэлбэрийн болоод агуулгын шаардлага хангахгүй илгээж байсан. Энэ талаар нэхэмжлэгчид үүсгэн байгуулагч талын албан тушаалтнууд мэдэгдэж, ажлаа сайжруулахыг үүрэг болгож амаар болон бичгээр сануулж, зөвлөмж хэлдэг байсан. Мөн “Захирлын туслах” нь үүсгэн байгуулагч буюу сургуулийн удирдах зөвлөлийн даргын шийдвэрийг сургуулийн захиргаанд мэдээллэх, ойлгуулах, даалгасан ажлыг зохион байгуулах үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү ажлыг зөв хүргээгүй, зохион байгуулж чадаагүйгээс даалгасан ажил хоцрох, шаардлагад нийцэхгүй байх алдаа гардаг байсан. Энэ асуудлыг удирдах зөвлөлийн даргын буюу үүсгэн байгуулагч мөн л шийдвэрлэх зорилготой 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаар тушаалаар “Сургуулийн менежментийн баг” хүртэл байгуулж ажилласан. Өөрөөр хэлбэл үүсгэн байгуулагч буюу удирдах зөвлөлийн даргаас сургуулийн ирээдүй, нэр хүндтэй холбоотой сургуулийн мэдээ тайлан, өгсөн үүрэг даалгаврыг сайжруулах, түүнийг нэг стандарттай болгох тал дээр өөрийн зүгээс хангалттай чармайлт гаргасан боловч төдийлөн ахиц гараагүй, алдаа гарч эргээд энэ нь бизнесийн ирээдүйд сөргөөр нөлөөлөхүйц үр дагаварт хүрч байсан тул Д.Жг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Удирдах зөвлөлийн даргын сургуулийн захиралд өгсөн үүрэг даалгаврыг “би” хийгээгүй тул ажлаас халсан гэж дурдсан бөгөөд үүсгэн байгуулагчид мэдээ бэлтгэж, нэгтгэж өгөх нь зөвхөн сургуулийн захирлын туслахын бие даан хийж гүйцэтгэх ажиллуудын нэг юмаа. Мөн нэхэмжлэгч ажлаас халагдахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа хүлээлгэн өгөх, байгууллагын баримт бичиг болох /өөрийн ажлын анкет/, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг зөвшөөрөлгүй авч явсан зэрэг зөрчил гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “ажлаагүй хугацааны цалинг тогтоолгох” гэж дурдсан байгаа боловч Монгол улсад төдийгүй, дэлхий дахинд үүсээд байгаа цар тахал буюу давагдашгүй нөхцөл байдлын /короновирус/ улмаас Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 01 сарын 27-ноос хойш өнөөг хүртэл хойшлуулаад байгаа бөгөөд одоогоор сургуулийн захиргааны ажилчдыг шилжүүлэн ажиллуулах, зарим ажилтанд цалингүй чөлөө олгож, НДД-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тайлагнах хийх зэрэг захиргааны арга хэмжээг авч ажиллаж байна. “Э Эверест И” ЕБСургууль нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдсан хувийн сургууль юм. Удирдах зөвлөлөөс сургуулийн захиргаанд тухайн сургуульд мөрдөгдөх дүрэм болоод, хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулж, багш ажилчдын дунд хэлэлцүүлэн, дараагаар нь Удирдах зөвлөлд танилцуулж, батлуулах үүргийг авсан байдаг. Сургуулийн захиргаанаас ирүүлсэн дүрэм, журмын төслийг үүсгэн байгуулагчийн хуулийн хэлтэс хянаж, групп компанийн хэмжээнд мөрдөгддөг бодлого, зарчмыг нэмж, сайжруулах байсан боловч энэ ажил огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл сургуулийн захиргаанаас нийт багш, ажилчдын дунд хэлэлцүүлсний дараагаар эцсийн байдлаар дүрэм, журмын төслийг Удирдах зөвлөлд танилцуулаагүй болно. Тухайн сургуулийн дүрэм болоод хөдөлмөрийн дотоод журмын төслийг нэхэмжлэгч Д.Жд хадгалагдаж. цааш нь хуулийн хэлтэст явуулах байсан бөгөөд нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн өдөр болох 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр и-мэйлээр явуулсан. Нэхэмжлэгчийн илгээсэн сургуулийн дүрэм болоод хөдөлмөрийн дотоод журам нь үүсгэн байгуулагчийн шаардлагад нийцээгүй, хангалтгүй, дахин сайжруулах шаардлагатай зүйлс байсан учраас тухайн төслийг Удирдах зөвлөлөөс батлаагүй болно. Иймд хариуцагчаас шүүхэд хүлээлгэн өгөх “Э Э И” сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам байхгүй болно. Мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “Ажлын байрны тодорхойлолт” нь сургуулийн захиргаа болон, үүсгэн байгуулагчийн албан ёсоор баталсан загвар биш бөгөөд сургуулийн онцлог, хийж гүйцэтгэдэг ажлыг гүйцэт оруулаагүй, наад захын техникийн шаардлага хангаагүй тул хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт гэж үзэж байна. Ажлаас халагдсан тушаалаа нэг хараад өгөхийг нэхэмжлэгчээс хүсч байна. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6.6 дахь заалтыг үндэслэсэн байгаа. Ноцтой зөрчил гаргасан бол ажлаас халах үндэслэл болно гэж заасан. Энэ сургууль шинэ сургууль, 4 сар л хичээллээд, одоо онлайнаар хичээл зааж байгаа. Сургуулийн захирал зөвхөн сургалтын агуулга, багш нарын хичээлийн хөтөлбөр, сурагчдын боловсролын чанарт анхаарч ажиллах, харин захиргааны шинж чанартай барилга болон бусад захиргааны ажилчдын ажлын гүйцэтгэлд удирдах зөвлөлийн дарга хяналт тавьж үнэлж байх зохион байгуулалтаар ажиллаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч “Э Э И С” НҮТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзжээ.

 

Хариуцагч “Э Э И С” НҮТББ нь нэхэмжлэгч Д.Жг 2 сарын туршилтын хугацаагаар захирлын туслахын ажилд томилж, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж “захирлын туслах, нарийн бичгийн” албан тушаалд томилсон байна.

 

Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ. Иймд  дээрх тохиролцоо зохигчийн хооронд хийгдсэн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн  196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба тухайн гэрээг байгуулсан эсэх асуудлаар маргаагүй, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 82/20 дугаар тушаалаар цуцласан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэв.       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй, даалгасан ажлыг хэлснийх нь дагуу хийж байсан” гэж тайлбарлаж байх ба хариуцагч “ажил, албан тушаалтай нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн гэж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлсөн” гэж маргаж байна.

 

Д.Жг ажлаас халсан үндэслэлээ “сургуулийн үүсгэн байгуулагчийн шаардсан сургуулийн хүүхдийн мэдээлэл, сургалтын төлбөрийн мэдээллийг алдаагүй нэгтгэж өгөх, сургуулийн бүтэц орон тоог гаргаж батлуулах зэрэг өгсөн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж хөрөнгө оруулагч үүсгэн байгуулагчийн хооронд үл ойлголцол үүсгэсэн” гэж тодорхойлж, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 6.2.6.6-д заасан ноцтой зөрчил гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж ажлаас чөлөөлөх тохиолдлыг зохицуулсан байна. Ноцтой зөрчилд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг хамааруулна. Дээрх зөрчилд ямар зөрчлийг тооцохыг ажилтны албан тушаал, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ажилтан, ажил олгогч харилцан тохиролцон тогтоож, тухайн зөрчил бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх нь хуульд нийцнэ. Талууд хөдөлмөрийн гэрээндээ “ноцтой зөрчил”-д ямар зөрчлийг тооцохыг тодорхойлсон байх бөгөөд “өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн” нь ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ. Тухайн зөрчлийг ажилтан гаргасан болох нь тогтоогдсон нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно.

 

Д.Жг сургуулийн хүүхдийн мэдээлэл, сургалтын төлбөрийн мэдээллийг алдаагүй нэгтгэж өгөх үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Хариуцагчийн татгалзалтайгаа холбогдуулан гаргаж өгсөн баримт болох 2019 оны 11 дүгээр сарын 13-ны сурагчдын тоон мэдээлэл гэсэн баримтад “аливаа мэдээ огноотой, дугаартай байдаг, өмнөх мэдээнд 290 байсан яагаад 5-аар багассан бэ, тайлбар өгөх”, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн сурагчдын тоон мэдээлэл гэсэн баримтад “өмнө өгсөн зааврын дагуу бэлтгэж, дахиж танилцуулах” гэсэн тайлбаруудыг сургуулийн удирдлага хийсэн байх ба дээрх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийг өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл сургуулийн хөрөнгө оруулагчдын зүгээс ямар стандарт, шаардлага, зааврын дагуу сургуулийн сурагчдын тоон мэдээллийг гаргаж байх шаардлага тавьсан болох нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэгтгэж гаргасан сурагчдын тоон мэдээлэл нь шаардлагад нийцээгүй, тоон мэдээлэл алдаатай, зааврын дагуу бэлтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн сургуулийн бүтэц орон тоог гаргаж батлуулах үүргийг биелүүлээгүй гэж үзсэн байх бөгөөд ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээ, түүнийг үндэслэн хийсэн ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил гүйцэтгэхийг шаардах, уг ажлыг биелүүлээгүй үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зохицуулсан байгааг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй ба удирдлагаас өгсөн үүрэг даалгавар гэдэгт “ажилтнаар хөдөлмөрийн гэрээгээр тохироогүй ажил үүрэг гүйцэтгүүлэх”-ээр шаардахыг хамааруулахгүй болно. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцласан байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байна.

 

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Д.Жгийн ажилгүй байсан хугацааны /2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2,599,905.3 : 3 сар = 866,635.1 төгрөг, 866,635.1 төгрөг : 21.5 ажлын өдөр= 40,309 төгрөг /нэг өдрийн цалин/, 40,309 төгрөг х 72 өдөр /ажилгүй байсан хугацаа/ = 2,902,248 төгрөг, 2,902,248 төгрөг – (400,000 төгрөг /2020 оны 2 сард авсан цалин/ – 241,854 төгрөг /2020 оны 2 сард ажилласан 6 өдрийн цалин) = 2,744,102 төгрөг/ 2,744,102 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлохдоо ажлаас халагдсан 2 сарыг оруулахгүй 2019 оны 11, 12, 2020 оны 1 дүгээр сарын цалингийн дундажаар тогтоох нь хуульд нийцнэ. Мөн 2020 оны 2 дугаар сард авсан цалингаас тухайн сард ажилласан өдрийн цалинг хасаж тооцсон болохыг дурдах нь зүйтэй.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлөх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э Э И С” НҮТББ-аас 2,744,102 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д Жд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Д.Жгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сар бүрээр тооцож нөхөн төлөхийг хариуцагч “Э Э И С” НҮТББ-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч “Э Э И С” НҮТББ-д холбогдох захирлын туслахын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э Э И С” НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 58,856 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ГАНДИЙМАА