Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 113

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадаш,

Шүүгдэгч Л.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагвын Чулуунцэцэгт холбогдох эрүүгийн 201709000338 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Лхагвын Чулуунцэцэг /РД: ТИ84040504/, 1984 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Дарханы дулааны цахилгаан станцад машинч ажилтай, ам бүл 3, эцэг, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг 4-р хороолол 4 дүгээр байр 96 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Чулуунцэцэг нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өглөө 7 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Компорт” зочид буудлын урд төв зам дээр 81-18 ДАР улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Б.Ирээдүйн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Чулуунцэцэг нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өглөө 7 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Компорт” зочид буудлын урд зам дээр 81-18 ДАР улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 9 настай Б.Ирээдүйг мөргөж биед нь зүүн хөлийн шаант ясны ил, тахилзуур ясны битүү хугарал бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.Чулуунцэцэгийн өгсөн: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь удаа дараа мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Хохиролд 1.139.700 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадашийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 24-ний өглөө 7 өнгөрөөгөөд миний хүү Ирээдүй хичээлдээ явсан. Би Улаанбаатар хот руу ажлаар явах байсан учраас хүүгээ хүргэж өгч чадаагүй. Гэтэл танихгүй эмэгтэй хүн утсаар залгаад би таны хүүхдийг мөргөөд хөлийг нь эвгүй болгочихлоо гэхээр нь “Компорт” зочид буудлын урд яваад очиход тэнд юу ч байгаагүй. Тэгээд эмнэлэг дээр очтол манай хүү хагалгаад орсон. Эмчилгээний зардалд 1.139.700 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ, гомдолтой байна ... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Шүүгдэгч Л.Чулуунцэцэгийн яллагдагчаар өгсөн: ...2017 оны 5 дугаар сарын 24-нд өглөө өөрийн эзэмшлийн 81-18 ДАР улсын дугаартай машинаараа ажил руугаа явж байгаад “Компорт” зочид буудлын баруун талын замаар явж байтал замын баруун талд 3 жаахан хүүхэд зогсож байсан. Тэгсэн чинь 1 жаахан хүүхэд нь миний машины урдуур гэнэт гүйж орж ирээд машинд мөргүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

Насанд хүрээгүй хохирогч Б.Ирээдүйн өгсөн: ...2017 оны 5 дугаар сарын 24-ний өглөө 7 цагийн орчим “Компорт” зочид буудлын урд замаар би түрүүлээд гарсан чинь саарал өнгийн приус машин намайг мөргөөд би газар унаад замын хашлага руу мөлхөж гарсан. Тэр эгч машин харж байгаад замаар гарч байх ёстой гэж аав, ээж нь хэлдэггүй юм уу, чиний хөл чинь эвгүй болсон байна гээд намайг машиндаа суулгаад эмнэлэг явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбадашийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 24-ний өглөө миний хүү Б.Ирээдүй хичээлдээ явсан. Би Улаанбаатар хот руу ажлаар явах байсан учраас хүүгээ хүргэж өгч чадаагүй. Гэрээс гарах гэж байхад танихгүй эмэгтэй хүн утсаар залгаад би таны хүүхдийг мөргөөд хөлийг нь эвгүй болгочихлоо гэхээр нь “Компорт” зочид буудлын урд яваад очиход тэнд юу ч байгаагүй. Тэгээд эмнэлгийн хүлээн авах дээр байна гэхээр нь яваад очиход хүү минь орон дээр зүүн хөлийнх шагайны дээгүүр яс нь ил гарчихсан хагалгаад орно гэсэн. Цагдаа нар ирээд хэнтэй хамт явсан бэ гэхэд миний хүү нөгөө ангийн 2 хүүхэдтэй явж байсан гэж хэлсэн. Тэр хүүхдүүдийг сургууль дээрээс нь аваад хэргийн газар очиж үзсэн. Тэд нарын зааснаар манай хүүгийн зам гарсан газар нь гарцтай газар байсан. Тэгээд би эмнэлэг дээр очсон. Манай хүү хагалгаад ороод нэгдсэн эмнэлэгт 7 хоног, Саран эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Хагалгаанд ороход хадаасны үнэ 450.000 төгрөг жижиг зүйлийн зардал нилээн байсан, Саран эмнэлэгт ойролцоогоор 500.000 төгрөг орчим зардал гарсан. Мөргөсөн машины жолооч хадаасны үнэ 450.000 төгрөгийг бэлнээр, Саран эмнэлэгт үзүүлэхэд 150.000 төгрөгийг дансаар өгсөн байгаа. Гомдолтой байна, одоогоор нэхэмжлээд байх зүйл байхгүй. Хожим хойно хүүгээ эрүүл мэндийн асуудал гарахвий гэж айж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 585 дугаартай “Б.Ирээдүйн биед зүүн хөлийн шаант ясны ил, тахилзуур ясны битүү хугарал тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой, Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 28/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/, Ослын дүгнэлт /хх-ийн 33/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40/, насанд хүрээгүй хохирогч Б.Ирээдүйн өвчний түүх /хх-ийн 57-77/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чулуунцэцэгийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан ба шүүгдэгч Л.Чулуунцэцэгийн дээрхи үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ багасч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа ба аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Чулуунцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ирээдүйгийн биед хүнд гэмтэл учирсан ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.139.700 төгрөг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч, шүүгдэгчийн мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордеруудаар нотлогдож байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбадаш нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.  

 2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.Чулуунцэцэг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Л.Чулуунцэцэг нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, осол болсны дараа хохирогчийг эмнэлэгт хүргэж өгсөн, хохирогчийн эмчилгээний зардалд 1.139.700 төгрөг төлсөн зэрэг нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерууд зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Чулуунцэцэгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Л.Чулуунцэцэгийг 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Чулуунцэцэгт оногдуулсан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох ба эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Чулуунцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, Л.Чулуунцэцэгийн эзэмшлийн 81-18 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Чулуунцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Чулуунцэцэг нь хохиролд 1.139.700 /нэг сая нэг зуун гучин есөн мянга долоон зуу/ төгрөг төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Б.Бямбадаш нь цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Чулуунцэцэгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.Чулуунцэцэгийг 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

5. Шүүгдэгч Л.Чулуунцэцэгт оногдуулсан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох ба эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Л.Чулуунцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Л.Чулуунцэцэгийн өмчлөлийн 81-18 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Чулуунцэцэгт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР