Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 60

 

Л.Ч-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

                                                         Ц.Амаржаргал

Прокурор                                         Б.Сүрмандах

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Б.Чинбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 211 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л-ын Ч-т холбогдох эрүүгийн 201709000338 тоот, 1 хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Л-ын Ч-, регистрийн дугаар **********,

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Л.Ч- нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 07.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Комфорт” зочид буудлын урд төв зам дээр 8118 ДАР улсын дугаартай “Тоёота приүс 30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлэг 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Б.И-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 211 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч Л.Ч- нь хохиролд 1.139.700 /нэг сая нэг зуун гучин есөн мянга долоон зуу/ төгрөг төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Б.Бямбадаш нь цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.Ч-ийг ялаас чөлөөлж,

-Шүүгдэгч Л.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Шүүгдэгч Л.Ч-ийн өмчлөлийн 8118 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд Л.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акгыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Л.Ч-ийг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус заасан байхад шүүх Л.Ч-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг оногдуулаагүйгээр хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан нь зөвхөн хорих ял оногдуулж болох зүйл ангийн хувьд хорих ялаас чөлөөлөх тухай заасан заалт бөгөөд харин нэмэгдэл ялаас чөлөөлж болох талаар заагаагүй байна.

Иймд Л.Ч-т холбогдох Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Сүрмандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт нэмэгдэл ялаас давхар чөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Гэмт хэргийн шинжийг хангахгүй захиргааны зөрчилд эрх хасах ял заавал хэрэглэгдэж байна. Эрүүгийн хууль нь захиргааны зөрчлөөс сул байж болохгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял заавал хасагдах нь зүйтэй. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх Л.Ч-ийн гэм бурууд нь тохирсон ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заавал нэмэгдэл ялыг оногдуулах ёстой гэж прокурор үзэж байна. Эрүүгийн хуульд ялаас чөлөөлөх гэсэн шинэ зохицуулалт орсныг анхан шатны шүүх хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй тул улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

            Л.Ч-ийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 07.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Комфорт” зочид буудлын урд төв зам дээр 8118 ДАР улсын дугаартай “Тоёота приүс 30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлэг 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Б.И-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлсэн байна.

            Анхан шатны шүүх Л.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлж, хохиролд 1.139.700 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний өмчлөлийн 8118 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, шүүгдэгч Л.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу Л.Ч-т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс хэргийн байдалд үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Л.Ч-ийг ялаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасахаар заасан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар заавал оногдуулахаар байхад эрх хасах ялыг оногдуулалгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг  хүлээн авах үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас шүүгдэгч Л.Ч-т холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэл өөрчлөгдөхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг Л.Ч-т оногдуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь  заалтыг:

            “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч-ийг хорих ялаас чөлөөлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                        ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                      Ц.АМАРЖАРГАЛ