Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00785

 

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00785

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00435 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БНХАУ-ын иргэн В- /Wu Xiaoli/,

Хариуцагч: Э- нарт холбогдох,

 

Хариуцагч В-д холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

Хариуцагч Э-д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Сарантуяа,

Хариуцагч В-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эрдэнэчулуун,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баатарсайхан,

Хариуцагч Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бат-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж ХХК-ийн захирал Ян Вэймин 2014 оны 7 дугаар сард хариуцагч В-гээс 2 500 000 юанийг зээлсэн. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ж ХХК-ийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан, Зайсан вилла хотхоны 59/3 байрны 2 тоот, 3 тоот, 4 тоот, 5 тоот тус бүр нь 372 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууцыг худалдахаар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, холбогдох баримт бичгийг авсан. Ж ХХК-ийн захирал Ян Вэймин В-д 2 500 000 юанийн зээлтэй холбоотой 2015, 2016 онд нийт 2 700 000 юань төлж барагдуулсан байхад В- 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг ашиглан 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр уг 2,3,4,5 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж авсан.

Нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа В-д 4 ширхэг орон сууцыг худалдаагүй. В- нь Ян Вэйминээс зээлсэн 2 500 000 юань дээр 6 сарын хүү, алданги гэж үндэслэлгүйгээр 1 725 000 юанийг нэмж тооцон зээл олгосон этгээдэд үзүүлэх шаардлагатай байна гэж ойлгуулан Ж ХХК-ийн эзэмшлийн, орон сууцтай холбоотой захиалах гэрээг 4 225 000 юань буюу 1 309 750 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулсан.

В- нь ...нөхөр Ван Жунтай хамтран эзэмшдэг Баян модот уул ХХК-д хөрөнгө оруулсан этгээдэд болон ажил үүрэг гүйцэтгэсэн компанид төлөх өр төлбөрөө хойшлуулахад шаардлагатай байна, хэдэн баримт өгөөч гээд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр монгол хэл дээр бичигдсэн гэрээ авчирч монгол хэл мэдэхгүй Ян Вэйминээр гарын үсэг зуруулж 14 тоотоор дугаарлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1 725 000 юань тушаасан гэх, 15 тоотоор дугаарлагдсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1 775 000 юань бэлнээр төлсөн кассын орлогын баримтыг гуйж авсан. Ж ХХК нь хариуцагчаас 1 725 000 юань, 1 775 000 юань бэлнээр аваагүй.

Гэтэл хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрөө бэлтгэж авчирсан гэрээг ашиглан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 4 ширхэг орон сууцны гэрчилгээг гаргуулан авч, гээгдүүлсэн гэж 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дахин гэрчилгээ гаргуулсныг Ж ХХК 2018 оны 05 дугаар сар хүртэл мэдээгүй байсан.

В- нь Ян Вэйминээс 2 500 000 юанийн зээл төлөхийг шаардсан учраас 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Жан Фа Инь /Zang Fa Ying/ нь 500 000 юань, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 300 000 юань, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 250 000 юань, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 250 000 юань, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 70 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 500 000 юань нийт 1 988 542 юанийг шилжүүлсэн.

Түүнчлэн В-, түүний нөхөр Ван Жун нарын эзэмшлийн Баян модот уул ХХК нь 2013 онд БНХАУ-ын Тянжин Иа Туо уул уурхайн хөрөнгө оруулалтын компаниар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт вольфрам, цагаан тугалганы орд газарт нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгүүлсэн бөгөөд хайгуулын ажлын 1 481 метрийн гүнтэй, 5 ширхэг цооног өрөмдсөн. Зуун газар ХХК-ийн захирал Л.Болормаад 1 200 000 юань төлөх үүрэг хүлээсэн байдаг. В- нь Баян модот уул ХХК-ийн 1 200 000 юань төлөх төлбөрийг Ян Вэйминд шилжүүлэхээр тохирсон тул Л.Болормаад 2016, 2017 онуудад 675 000 юанийг төлсөн.

В- анх зээлүүлсэн 2 500 000 юаниас Ж ХХК-ийн захирал Ян Вэйминээс 1 988 542 юань, бусдад төлөх өр төлбөр 675 000 юань, нийт 2 663 542 юань буцаан авсан атлаа Ж ХХК-ийн эзэмшлийн 4 ширхэг орон сууцыг мэдэгдэлгүй шилжүүлэн авсан байна. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Мөн Сүхбаатар дүүргийн 287 дугаартай нотариатч Э- нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр монгол хэл дээр бичигдсэн 20151130 дугаартай орон сууцны худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн. БНХАУ-ын иргэн Ян Вэймин нь монгол хэл, бичиг үсэг огт мэдэхгүй этгээд атал нотариатч Э- Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан үйлдлийг хийхдээ үйлчлүүлэгчид эрх, үүргийг тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулаагүй.

Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын 2.9-д заасны дагуу орчуулагч оролцуулаагүй, тэмдэглэл үйлдэлгүйгээр нотариатын үйлдэл хийсэн байх тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 20151130 дугаартай орон сууцны худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК-ийн захирал Ян Вэймин 2014 оны 07 дугаар сард В-гээс 2 500 000 юань сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн ба 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ж ХХК 2 500 000 юань, 6 сарын хүү 750 000 юань, нийт 3 250 000 юань төлөх ёстой.

Нэхэмжлэгч зээл төлөх эдийн засгийн боломжгүй байдлаас шалтгаалан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан вилла хотхоны 59/3 байрны 2,3,4,5 тоот 4 орон сууцыг 4 225 000 юаниар худалдахаар тохирч, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулсан.

2 500 000 юанийг төлснөөр тооцон кассын орлогын 5 дугаартай баримт авсан. Үлдэгдэл 1 725 000 юанийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулах үед бэлнээр өгч санхүүгийн баримтыг авсан.

Орон сууц захиалах гэрээ нь хууль ёсных бөгөөд Ж ХХК-ийн ТУЗ-өөс Зайсан виллаг худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон шийдвэрийн хүрээнд Ян вэйминтэй В- харилцан тохирч гэрээ хийсэн.

Ж ХХК-ийн захирал Ян Вэймин ...үнийг хямдаар тооцсон байна, танаас буцаан 6 000 000 юаниар худалдан авья, 1 000 000 юанийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж, нэг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 30-наас өмнө 5 000 000 юанийг төлж, үлдэх байрыг буцаан авна гэж хэлсны дагуу орон сууцыг буцаан худалдан авах гэрээг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ба 2014 оны 07 дугаар сарын 20-нд өгсөн 2 500 000 юанийг байрны мөнгөнд тооцож, мөн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4 орон сууцны үнэ 4 225 000 юань, үлдэгдэл 1 725 000 юанийг 4 225 000 юанийн зээлийн эргэн төлөлт гэж бичсэн.

Гэвч, Ж ХХК-ийн захирал Ян Вэймин 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээнд заасан 1 000 000 юанийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөөгүй.

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ж ХХК-ийн захирал Ян Вэйминд ...уг байрыг буцаан авах эхний төлбөрийн мөнгөө гэрээнд заасны дагуу өгч чадахгүй юм бол байраа авья гэхэд ...4 225 000 юаниар биш, 6 000 000 юаниар тооцон зөрүү өг гэсэн тул 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 775 000 юань төлсөн.

Өөрөөр хэлбэл, В- нь Ж ХХК-д зээлсэн 2 500 000 юань, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бэлнээр 1 725 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 775 000 юань өгсөн ба 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдан авах гэрээнд заасан байрны бүх төлбөрийг хийж дуусгасан. В- уг орон сууцнуудыг 6 000 000 юаниар авахаар болж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан.

2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ нь харилцан тохиролцож зээлийн төлбөрөө төлж чадаагүйтэй холбоотойгоор тухайн эд хөрөнгийн талбайн хэмжээ үнэ болон бусад нөхцөлийг тодорхой зааж, талуудын хүсэл зорилгын хүрээнд хийгдсэн. Хэрэв тухайн эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар дүр үзүүлж хийсэн бол буцаан худалдан авах гэрээ хийгдэхгүй.

Зээлдэгч нь Ян Вэймин биш, Ж ХХК гэдэг нь зээлийн гэрээнээс гадна 2 500 000 юанийг Ж ХХК орлогодоо хүлээн авсан 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн кассын орлогын баримтаар нотлогдож байна. 2 500 000 юань мөнгөн гуйвуулга хийгдэхгүй буцаагдаж байснаас болж Ян Вэйминий хувийн харилцах дансруу шилжсэн.

2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.1-т уг мөнгийг тодорхой зааж өгсөн, гэрээ хятад хэл дээр хийгдсэн мөн нотариатч гэрчилсэн. Ж ХХК-иас В-д 2016 оны 06 дугаар сарын 15-наас 2018 оны 02 дугаар сарын 09 хүртэл 5 удаагийн шилжүүлгээр нийтдээ 1 500 000 юань орсон. Дээрх мөнгө нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн шилжиж ирсэн бөгөөд зээлийн төлбөр биш. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 3.6-д зааснаар торгуулийг худалдагч тал нь худалдан авагчид төлсөн мөнгө болно.

БНХАУ-ын Тянжин Иа Туо уул уурхайн хөрөнгө оруулалтын компанийн 2013 онд гүйцэтгэсэн хайгуулын өрөмдлөгийн ажлын төлбөр төлөх тухай тодорхойлолт, Зуун газар ХХК-ийн захирал Л.Болормаатай Баян модот уул ХХК ажил гүйцэтгүүлсний төлбөрийн өртэй байсан эсэхийг мэдэхгүй, хариуцагчид хамааралгүй.

Талуудын хооронд хийгдсэн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон Ж ХХК-ийг мэдэж харьцсанаас хойших бүх асуудлыг тэдний хажууд байсан Жань Фа Инь, Ван Юү Фэй нар гэрчлэх бөгөөд уг гэрээг хууль ёсных болохыг зөвшөөрч гэрээтэй холбоотой асуудалд батлан даана гэсэн бичиг хийж өгсөн. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ биш бөгөөд, талуудын зүгээс хүсэл зорилгоо чөлөөтэй илэрхийлэн, уг гэрээ байгуулагдсаныг гэрчлэхгүй, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй байсан. Гэрээний талууд нь өөрсдөө хятад хүмүүс байсан боловч, худалдагч нь Монгол Улсын хуулийн этгээд, компанийн дүрэмдээ албан ёсны үйл ажиллагааны хэлийг монгол хэл гэж заасан, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь өөрөө биечлэн байсан.

Мөн тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон ТУЗ-ийн шийдвэр байсан учраас гэрчилсэн. Гэрчлэгдэж буй гэрээ нь монгол хэл дээр байсан боловч, талууд нь хятад хэл дээрх албан ёсны баталгаат орчуулга хийлгэсэн байсан тул бүрэн танилцсан. Монгол хэл дээрх гэрээг гэрчлэн баталгаат орчуулгыг гэрээнийхээ хавсралтаар тамга дарж баталгаажуулсан. Энэ үйлдэл нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх ажлын зааварт заасан шаардлагыг бүрэн хангасан, хууль зөрчөөгүй.

Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гээд ерөнхий захирал Ян Вэймин Ж ХХК-ийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон баримт бичиг байсан.

Талууд дээрх гэрээг үндэслэн үл хөдлөх эрхийн бүртгэлийн газарт Ж ХХК, ерөнхий захирал Ян Вэймин гээд гарын үсэгтэй нэр бүхий 4 байрны өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан талаарх албан бичиг, худалдах, худалдан авах гэрээ, тухайн байрнуудын албан ёсны хаяг, хаягжилтын талаарх албан бичиг, кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрэл зураг зэргийг нэмэлтээр хавсаргаж өгсөн байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрэл зураг, кадастрын зураг зэргийг аваачиж өгсөн нь хэлцлийн талаарх үр дагавар, хэлцлийн талаар ямар агуулгатай хэлцэл байсан гэдгийг мэдэж байсан тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь заасныг баримтлан БНХАУ-ын иргэн В-д холбогдох 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатч Э-д холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 234 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх "...талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг В-гээс зээлж авсан 2 500 000 юанийг төлөх үүргийг хангах арга хэрэгсэл болгох зорилгоор байгуулсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.. " гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. В- нь БНХАУ-д байхдаа 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ян Вэйминд 2 500 000 юанийг шилжүүлж зээлсэн. "Ж" ХХК нь В-гээс хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн харилцаанд орж мөнгө зээлж байгаагүй.

2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээнд талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжигдээгүй, орон сууц захиалах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн шинжийг агуулж байхад шүүх "Орон сууц захиалах гэрээ хүчин төгөлдөр байна" гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болж байна.

Хариуцагч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч "Ж" ХХК-д бэлнээр өгч байсан гэх мөнгөний эх үүсвэрийг бусдаас зээлсэн эсвэл Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлсэн зэргээр ойлгомжгүй тайлбарыг гаргадаг боловч мөнгөний эх үүсвэрээ баримтаар нотолж чаддаггүй. Хэрэгт авагдсан Хаан банкны албан тоот, дансны хуулга Голомт банкны тодорхойлолт зэрэг нотлох баримтаар хариуцагч В-д 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1 725 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 775 000 юань, нийт 3 500 000 юань буюу 1 090 803 750 төгрөгийн эх үүсвэр хариуцагчид байхгүй байсан болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй.

Гэтэл шүүх В-гээс байрны урьдчилгаанд 1 725 000 юань, байрны төлбөрт 1 775 000 юанийг хүлээн авсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж дүгнээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.3 дахь хэсэгт заасан эрх зүйн хэм хэмжээг анхаараагүй гэж үзэж байна.

В- нь монгол хэл дээр өөрөө урьдчилан төлөвлөж, бэлтгэсэн "Орон сууцны худалдах, худалдан авах гэрээ"-нд монгол хэл мэдэхгүй Ян Вэйминээр гарын үсэг зуруулан, хариуцагч нотариатч Э-аар нотариатын үйлдэл хийлгэж, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн газарт хүсэлт гарган нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн 14 360 000 000 төгрөгөөр үнэлэгдэх 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан байдаг. В- нь уг гэрээг өөрөө монгол хэл дээр бэлтгэн авчирсан болох нь гэрээний 3.7 дахь заалтын ард талд ийм заалттай юм байна гэж тусгай тэмдэглэгээ хийгдсэн байгаагаар нотлогддог. Нотариатч Э- Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. В- нь Ян Вэйминээс зээлийн төлбөр төлөхийг шаардаж байсан тул түүний Хаан банкны дансанд 1 300 000 юань, Голомт банкны дансанд 70 000 000 төгрөг буюу 188 542 юань, 1 488 542 юанийг зээлийн төлбөр гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн.

Түүнчлэн В-гийн өгсөн 2 500 000 юаниас 500 000 юанийг авсан Жан Фа Инь нь 500 000 юань, В-гийн хувьцаа эзэмшдэг "Баян модот уул" ХХК-ийн "Зуүн газар" ХХК-д төлөх ёстой байсан 1 200 000 юанийн өр төлбөрөөс төлсөн 675 000 юань зэргийг тооцвол В-д Ян Вэймин нь 2 663 542 юанийг төлсөн байна. Анхан шатны шүүх Ян Вэйминийн В-д төлсөн 2 663 542 юанийн талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр "Ж" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч "Ж" ХХК нь хариуцагч В-д холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч Э-д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тамга дарагдаагүй нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.12-т Баримт бичгийн албан ёсны хүчин төгөлдөр байдал болон албан тушаалтны гарын үсгийг тамга, тэмдэг дарж, баталгаажуулна... гэж заасантай нийцэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Түүнчлэн "Ж" ХХК нь В-д холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4 ширхэг орон сууц захиалах гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4 ширхэг орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлийг гаргасан байх бөгөөд уг хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байдалтай холбоотойгоор шаардах эрх нь үр дагавартай холбогдох байтал анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хармаарч байна.

 

Иймд дээрх алдааг залруулах боломжгүй тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 234 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА