Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/01864

 


 

 

 

 

 

 

 

      2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/01864

               Улаанбаатар хот

 

             

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  БНХАУ-ын иргэн В-д холбогдох,

 

Орон сууц захиалах гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

 

Хариуцагч: Э /РД: / холбогдох

 

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагч Вгийн төлөөлөгч Д.Энхтунгалаг, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч Д.Эын төлөөлөгч Б.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ж ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж ХХК-ийн захирал Я /Я/ 2014 оны 7 дугаар сард хариуцагч В /В/-гээс 2 500 000 юанийг зээлсэн. Зээлийн төлбөр төлөх үүргийг хангах арга хэрэгслийн хувьд ашиглах зорилгоор Ж ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан, З хотхоны Хбайрны 2 тоот, Хбайрны 3 тоот, Хбайрны 4 тоот, Хбайрны 5 тоот тус бүр нь 372 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууцыг худалдахаар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, зарим холбогдох баримт бичгийг авсан бөгөөд Ж ХХК-ийн зүгээс дахиж ямар нэгэн байдлаар В-тэй гэрээ хэлцэл байгуулаагүй, бичиг баримт өгч байгаагүй. Ж ХХК-ийн захирал Яь нь В-д 2 500 000 юаны зээлтэй холбоотойгоор 2015, 2016 онд нийт 2 700 000 юань төлж барагдуулсан байхад В 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг ашиглан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Хбайрны 2,3,4,5 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж авсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа В-д 4 ширхэг орон сууцыг худалдаагүй. В нь Яээс зээлсэн 2 500 000 юань дээр 6 сарын хүү, алданги гэж үндэслэлгүйгээр 1 725 000 юанийг нэмж тооцон зээл олгосон этгээдэд үзүүлэх шаардлагатай байна гэж ойлгуулан Ж ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан, З хотхоны Хбайрны 2,3,4,5 тоот 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой орон сууц захиалах гэрээг 4 225 000 юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож 1 309 750 000 төгрөгийн үнийн дүнтэй бичигдсэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Хариуцагч В нь нөхөр Ван Жун-тай хамтран эзэмшдэг Баян модот уул ХХК-д хөрөнгө оруулсан этгээдэд болон ажил үүрэг гүйцэтгэсэн компанид төлөх өр төлбөрөө хойшлуулахад шаардлагатай байна, туслаад хэдэн баримт өгөөч гээд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр монгол хэл дээр бичигдсэн гэрээ, бичиг, баримтыг бэлтгэн авчирч монгол хэл, бичиг мэдэхгүй Яээр гарын үсэг зуруулж 14 тоотоор дугаарлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1 725 000 юань тушаасан гэх, 15 тоотоор дугаарлагдсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1 775 000 юань бэлнээр төлсөн кассын орлогын баримтыг гуйж авсан байдаг. Ж ХХК нь хариуцагчаас тухайн өдрүүдэд 1 725 000, 1 775 000 юанийг бэлнээр огт хүлээн авч байгаагүй болно. Гэтэл хариуцагч тал 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрөө бэлтгэж авчирсан бичиг баримт, гэрээг ашиглан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 4 ширхэг орон сууцны гэрчилгээг гаргуулан авч, гээгдүүлсэн үндэслэлээр дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргуулан авсан байна. Энэ талаар Ж ХХК 2018 оны 5 дугаар сар хүртэл мэдээгүй байсан. Хариуцагч В Яээс 2 500 000 юанийн зээлийг төлөхийг шаардаж байсан учир хариуцагчид 1 988 542 юанийг төлсөн. Үүнд: 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын иргэн Жан Фа Инь /Zang Fa Ying/ нь 500.000 юанийг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ж ХХК-ийн Хаан банкны 5003862884 тоот данснаас В-гийн Хаан банкны 5179003182 тоот дансанд 300 000 юанийг Ж ХХК-аас “зээл төлөв” гэх гүйлгээний утгаар, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ж ХХК-ийн Капитал банкны 2112001772 тоот данснаас Вгийн Хаан банкны 5179003182 тоот дансанд 250.000 юанийг В зээлийн төлбөр гэх гүйлгээний утгаар, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Капитал банкны 2112001772 тоот данснаас В-гийн Хаан банкны 5179003182 тоот дансанд 250.000 юанийг В гэх гүйлгээний утгаар, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ж ХХК-ийн Хаан банкны 50033715556 тоот данснаас В-гийн Голомт банкны 1103033955 тоот дансанд 70 000 000 төгрөгийг буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 371.27 төгрөгөөр тооцвол 188 542 юанийг Ж ХХК-аас гэх гүйлгээний утгаар, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ж ХХК-ийн захирал Яий Хаан банкны 5179002633 тоот данснаас В-гийн Хаан банкны 5179003182 тоот дансанд 500 000 юанийг тус тус шилжүүлсэн. Түүнчлэн В, түүний нөхөр Ван Жун нарын эзэмшлийн Баян модот уул ХХК нь 2013 онд БНХАУ-ын Тянжин Иа Туо уул уурхайн хөрөнгө оруулалтын компаниар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт вольфрам, цагаан тугалганы орд газарт нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгүүлсэн байдаг бөгөөд хайгуулын ажлын 1481 метрийн гүнтэй, 5 ширхэг цооног өрөмдсөн Зуун газар ХХК-ийн захирал Л.Болормаад 1.200.000 юанийг төлөх үүрэг хүлээсэн байдаг. Хариуцагч В нь Баян модот уул ХХК-ийн 1 200 000 юань төлөх төлбөрийг Яьд шилжүүлэхээр тохирсон тул Л.Болормаад 2016, 2017 онуудад 675.000 юанийг төлсөн болно. Хариуцагч В анх зээлүүлсэн 2.500.000 юаниас Ж ХХК-ийн захирал Яээс 1 988 542 юань, бусдад төлөх өр төлбөртөө 675.000 юань шилжүүлж нийт 2 663 542 юанийг буцаан авсан атлаа Ж ХХК-ийн эзэмшлийн 4 ширхэг орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авсан байна. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 20151130 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч В-д холбогдуулан 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Орон сууц захиалах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 20151130 дугаартай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч Д.Эд холбогдуулан 2015 оны 11 сарын 30-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Хариуцагч В нь хүчин төгөлдөр бус орон сууц худалдах худалдан авах гэрээг үндэслэн Хан-Уул дүүрэг, 11-р хороо Ар зайсан гудамж Хбайр 2 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-22060444721 дугаарт бүртгэгдсэн 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж Хбайр 3 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206044719 дугаар бүртгэгдсэн 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж Хбайр 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206044718 дугаарт бүртгэгдсэн 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж Хбайр 5 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- 2206044717 дугаарт бүртгэгдсэн 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ авсан нь  худалдах худалдан авах гэрээнээс үүссэн үр дагавар байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.6-д заасны дагуу хариуцагч В-гийн өмчлөгчөөр бүртгэгдсэнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

 

Хариуцагч БНХАУ-ын иргэн В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК-ийн захирал Я 2014 оны 7 дугаар сард хариуцагч В-гээс 2 500 000 юанийг зээлсэн байдаг. Гэтэл тус компанид төлөх мөнгө байгаагүйгээс өөрийн компанийн барьж байгаа барилгаас уг мөнгөндөө суутган тооцож, илүү гарсан мөнгийг өгөөч гэсэн санал тавьсны дагуу харилцан тохиролцож, 4 орон сууцыг 4 225 000 юанаар худалдан авахаар анх орон сууц захиалах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч тал зээл өгөхдөө зээлийн төлбөрийн үүргийг хангах тохиролцоо гэрээ хэлцэл хийгээгүй, харин 6 сарын дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн үүргийг хангах арга хэрэгсэл болгож орон сууц захиалах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь худлаа бөгөөд хэрэв зээлийн үүргийг төлөх, хангах зорилготой байсан бол тухайн үед барьцааны гэрээ байгуулж болох байсан. Нэхэмжлэгч нь барьж буй барилга нь санхүүжилтгүй болсноос үүдэн зээлж авсан мөнгөө харилцан тохирсон ёсоор буцаан хугацаандаа төлөөгүй, төлөх эдийн засгийн боломжгүй байдлаасаа шалтгаалан Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, З хотхоны 59/3-р байрны 2,3,4,5 тоот 4 орон сууцыг 4 225 000 юаниар худалдахаар тохирч, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулсан. Дээрх  зээлүүлсэн 2 500 000 юанийг төлснөөр тооцон 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Ж ХХК-ийн  кассын орлогын 5 дугаартай баримт авсан. Үлдэгдэл 1 725 000 юанийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулахдаа бэлнээр өгч санхүүгийн баримтыг авсан. Орон сууц захиалах гэрээ нь хууль ёсных бөгөөд Ж ХХК-ийн ТУЗ-өөс Зг худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон шийдвэрийн хүрээнд Ятэй В харилцан тохирч гэрээ хийсэн. 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр болоход байр ашиглалтад ороогүй бөгөөд Ж ХХК-ийн захирал Я үнийг хямдаар тооцсон байна, танаас буцаан 6 000 000 юанаар худалдан авъя, 1 000 000 юанийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж, нэг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 30-наас өмнө 5 000 000 юанийг төлж, үлдэх байрыг буцаан авъя гэж гуйсны дагуу орон сууцыг буцаан худалдан авах гэрээг 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Ийнхүү орон сууцыг буцаан худалдан авах гэрээ байгуулахдаа 2014 оны 7 дугаар сарын 20-нд өгсөн 2 500 000 юанийг байрны мөнгөнд тооцож, мөн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4 орон сууцны үнэ 4 225 000 юань, үлдэгдэл 1 725 000 юанийг 4 225 000 юанийн зээлийн эргэн төлөлт гэж бичээд уг мөнгийг өгч чадахгүй байгаагаа бичсэн. Харин 1 000 000 юань төлж, нэг байрыг буцаан авч уг байраа зарж, 5 000 000 юань өгөөд 2016 оны 4 дүгээр сард 3 байр буцааж авах тохиролцоо байсан юм. Гэвч энэ гэрээ бодитойгоор хэрэгжээгүй, Ж ХХК-ийн захирал Я 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээнд заасан 1 000 000 юаниа 2015 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөөгүй. Ийнхүү 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ж ХХК-ийн захирал Яьд уг байрыг буцаан авах эхний төлбөрийн мөнгөө гэрээнд заасны дагуу өгч чадахгүй юм бол байраа авъя гэхэд надад ядаж 4 225 000 юаниаар биш 6 000 000 юанаар орон сууцны үнийг тооцон, төлсөн мөнгөн дээрээ зөрүү өгчих гэсэн тул харилцан ярилцаад түүний хүсэлтийг хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 775 000 юанийг төлсөн. Өөрөөр хэлбэл Ву Шао Ли нь Ж ХХК-д анх зээлүүлсэн 2 500 000 юань дээр бэлнээр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1 725 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 775 000 юань төлсөн. Үүгээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц худалдан авах гэрээнд заасан байрны бүх төлбөр тооцоог хийж дууссан. 750.000 юанийн хүүг авах авлагаа цайруулж, Ж ХХК-ийг 750.000 юанийн хүү төлөх үүргээс чөлөөлсөн бөгөөд энэ нь нийтдээ 6.750.000 юанаар 4 орон сууцыг бодит байдал дээр төлж худалдан авсан болно. Ийнхүү В эцэст нь уг орон сууцнуудыг 6.000.000 юаниар авахаар болж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталгаажуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээ нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээгээр дээрх 4 орон сууцыг хариуцагчийн өмчлөлд бүрэн шилжүүлэх хүсэл зорилготой байсан болохыг нотлон харуулж байгаа юм. Хэрэв дүр эсгэсэн гэрээ байсан бол зээлээ төлөөд л орон сууцнуудыг авах байж яах гэж буцаан худалдан авах гэрээ хийж, уг гэрээний нийт үнийг 6 000 000 юаниар худалдах ямар ч шаардлага байхгүй байсан. Нэхэмжлэгч нь зээлээ төлж чадаагүй учраас харилцан тохирсны дагуу 4 орон сууцыг зарсан бөгөөд уг орон сууцыг хариуцагчаас хэрэв төлбөрийн чадвартай болбол 1 775 000 юань нэмж өгч байж л буцаан худалдан авах байсан. Гэвч буцаан худалдан авах гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй тул түүнд зарах боломжгүй, шаардлагагүй болсон. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь анхнаасаа тухайн хэлцлийн үр дүнг бий болгох, эрх үүрэг бий болгох зорилгогүй зөвхөн гадаад байдлын хувьд хэлцэл хийгдсэн мэт харагдуулахыг урьтал болгодог. Тэгвэл 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ нь харилцан тохиролцож зээлийн төлбөрөө төлж чадаагүйтэй холбоотойгоор тухайн эд хөрөнгийн талбайн хэмжээ үнэ болон бусад нөхцлийг тодорхой зааж, талуудын хүсэл зоригийн хүрээнд хийгдсэн. Хэрэв тухайн эд хөрөнгийг зээлийн гэрээний төлбөрийн үүргийг хангуулахаар дүр үзүүлж хийсэн бол буцаан худалдан авах гэрээ хийгдэх шаардлагагүй байсан. Яагаад 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ хийгдснээс хойш 6 сарын дараа орон сууц буцаан худалдан авах гэрээ хийсэн, яагаад зээлийн төлбөрийн баталгаа байсан юм бол В-д зарсан үнээсээ 1 775 000 юань илүү буюу 6 000 000 юанаар буцаан авна гэж гэрээ хийсэн бэ гэдгээс тодорхой харагдана. Нэгэнт зээлийн төлбөрөө төлж чадаагүй тул харилцан тохиролцож 4 орон сууцыг худалдсан, ийм л асуудал болсон. Харин төлбөр санхүүгийн чадамжтай болбол тэргүүн ээлжинд буцаан авах, нэгэнт 4 орон сууцаа зарчихсан хариуцагчийн өмч тул дахин тохиролцон буцаан худалдан авах үнээ 6 000 000 юань гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэрээг хүсэл зоригоо илэрхийлж, эрх үүргээ харилцан тохиролцсон тохиролцооны дагуу зохих ёсоор хийсэн байж, санхүүгийн чадамжгүйгээс буцаан худалдан авч чадаагүй байж тохирсон үнээсээ 1 775 000 юань нэмж авч өмнөх орон сууц захиалах гэрээний үнэд өөрчлөлт оруулан орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан байр зарснаа дүр эсгэсэн хэлцэл гэж шүүхээр хүчингүй болгох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ж ХХК нь В-тэй байгуулсан 2 500 000 юаньтай холбоотой ямар нэгэн гэрээ байхгүй гэжээ. Ву Шао Ли нь БНХАУ-ын иргэн Яьд мөнгө зээлээгүй, харин Ж ХХК-ийн хөрөнгө оруулалтад зориулж юань зээлсэн. Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Яь тул түүнтэй гэрээ байгуулж гарын үсэг зурсан боловч уг гэрээн дээр зээлдэгч нь Ж ХХК гэдэг нь тодорхой байгаа. 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээ нь Ж ХХК нь зээлдэгч болохыг баталсан болно. БНХАУ-ын иргэн Яь 2 500 000 юань зээлсэн, Ж ХХК зээлийн гэрээ хийж зээл аваагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд юань зээлэх гол шалтгаан нь Ж ХХК-ийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, З хотхонд барьж буй барилгад хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэсний дагуу 2 500 000 юанийг зээлсэн. Түүнээс биш БНХАУ-ын иргэн Яд түүний хувийн хэрэгцээнд зориулж мөнгө зээлээгүй. Зээлдэгч нь БНХАУ-ын иргэн Яь биш харин Ж ХХК гэдэг нь зээлийн гэрээнээс гадна 2 500 000 юанийг Ж ХХК орлогодоо хүлээн авсан 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн кассын орлогын ордероор давхар нотлогдож байна. Ву Шао Ли-гээс өөр ямар ч зээлдэгч байхгүй гэдэг нь анх 2 500 000 юанийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотоос В өөрийн нэр дээрх банкны харилцах данснаас 2 500 000 юань шилжсэн гэсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно. Анх 2 500 000 юанийг түүний харилцах данснаас Яий хэлсэн Ж ХХК-ийн данс руу шилжүүлсэн боловч банкин дээрээс буцаагдаад байсан учир Яий хэлснээр дансаа өөрчлөн түүний харилцах дансаар шилжүүлсэн. Ийнхүү 2 500 000 юань мөнгөн гуйвуулга хийгдэхгүй буцаагдаж байснаас болж Яийн хувийн харилцах руу шилжсэн тул Ж ХХК нь уг мөнгийг авсан болохоо нотлон орлогын баримтыг албан ёсоор 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ву Шао Ли-г зээл олгосон этгээдэд үзүүлэх шаардлагатай байна гэж дээрх гэрээг байгуулсан гэж бас л худал тайлбарлаж байна. Зээл олгосон хүн нь өөрөө байж зээл олгосон этгээдэд үзүүлнэ гэж хэлэх ямар ч шаардлага байхгүй, ийм зүйл огт болоогүй, бодит байдлыг мушгин гуйвуулж байна. Хятад хэл дээрх гэрээнд Ж ХХК-ийн захирал Я гарын үсэг зурсан, монгол хэл дээр бичигдсэн гэрээнд бичиг мэдэхгүй Ж ХХК-ийн захирал Яээр гарын үсэг зуруулсан гэдэг нь худлаа. Ву Шао Ли-д түүний нөхрийн хувьцаа эзэмшдэг Баян мотод уул ХХК-ийн асуудал огт хамаагүй, уг компанийн бусдад төлөх өр төлбөр ч хамаагүй, нөхрийнхөө компанийн хөрөнгө оруулсан, ажил гүйцэтгэсэн компанид төлөх өр төлбөрөө хойшлуулах хэрэгтэй гэсэн юм бол яах гэж, тодруулбал өрөө өгч чадахгүй байж орон сууц худалдаж авч байгаа гэх гэрээг хийх юм бэ. Хэрэв өрөө төлж чадахгүй байсан юм бол яах гэж 1 775 000 юанийг бэлнээр төлсөн баримт хийлгэх юм бэ. Өр авах гэж байгаа хүмүүс, компаниудад өрөө төлөхгүй байж, орон сууц авч мөнгө тушаасан байна гэж дургүйцэнэ шүү дээ. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах монгол хэл дээр бичигдсэн гэрээнд бичиг үсэг мэдэхгүй Ж ХХК-ийн захирал Яээр гарын үсэг зуруулсан гэдэг нь худлаа. Уг гэрээг хятад хэлээр байгуулсан бөгөөд Ж ХХК-ийн захирал Яь өөрөө гарын үсэг зурсан. Мөн уг гэрээг тухайн өдөр нотариатчаар гэрээний үнэн зөвийг гэрчлүүлсэн. Ж ХХК нь 2015 оны  01 дүгээр сарын 16-ны өдөр 1 725 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 725 000 юанийг бэлнээр огт хүлээн авч байгаагүй уг кассын орлогын баримтыг гуйж авсан гэжээ. Хятад хүмүүс хэзээ ч аваагүй ийм их мөнгөний баримтыг хүлээн авлаа гэсэн бичиг хийж өгөхгүй. Кассын орлогын ордер нь зүгээр нэг хэн нэгэндээ гуйснаар хийж өгдөг баримт биш. Компанийн нягтлан бодогч, захирал зэрэг ажлууд хийдэг хэн ч гэсэн уг баримт нь компанид бэлнээр орсон мөнгөн хөрөнгийг нотлох санхүүгийн баримт бичиг гэдгийг мэднэ. Хэрэв баримтыг хийж өгөхгүй бол мөнгөө бэлнээр тушаахгүй байсан. Уг баримт нь Ву Шао Ли-гоос мөнгийг авсан болохыг нотолж байгаа баримт бичиг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний 2.1-т уг мөнгийг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ гэрээ хятад хэл дээр хийгдсэн мөн нотариатч гэрчилсэн болно. Ву Шао Ли, БНХАУ-ын иргэн Zhang Fa Ying 2-ын хоорондох харилцаа тооцоо энэ асуудалд ямар ч хамаагүй. Ж ХХК-иас Ву Шао Ли-д 2016 оны 6 дугаар сарын 15-наас 2018 оны 02 дугаар сарын 09 хүртэл 5 удаагийн шилжүүлгээр нийтдээ 1.500.000 юань орсон. Дээрх мөнгө нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн шилжиж ирсэн бөгөөд зээлийн төлбөр биш. Харин 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний 3.2-т заасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 3.6-д зааснаар торгуулийг худалдагч тал нь худалдан авагчид төлсөн мөнгө болно. БНХАУ-ын Тянжин Иа Туо уул уурхайн хөрөнгө оруулалтын компанийн 2013 онд гүйцэтгэсэн хайгуулын өрөмдлөгийн ажлын төлбөр төлөх тухай тодорхойлолт, Зуун газар ХХК-ийн захирал н.Болормаатай Баян модот уул ХХК ажил гүйцэтгүүлсний төлбөрийн өртэй байсан эсэхийг мэдэхгүй, хариуцагчид ямар ч хамааралгүй. Талуудын хооронд хийгдсэн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон анх Ж ХХК-ийг мэдэж харьцсанаас хойшхи бүх асуудлыг тэдний хажууд байсан Жань Фа Инь, Ван Юү Фэй нар гэрчлэх бөгөөд уг гэрээг хууль ёсных болохыг зөвшөөрч гэрээтэй холбоотой асуудалд батлан даана гэсэн бичиг хийж өгсөн. Аливаа бизнес түншлэл нь харилцан итгэлцэл дээр үндэслэж шударга байх, мөн тохиролцоогоо зөрчихгүй, цаг хугацааг баримтлах нь тулгуур зарчим юм. Гэтэл дээрх зарчмын дагуу явагдсан гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэл гаргаж байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч Д.Э миний бие 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлыг хүчингүйд тооцуулах тухай хэрэгт Б.Бат-Очирт итгэмжлэл олгож, тэрээр шүүхэд хариу тайлбар гаргахдаа, миний гэрчилсэн үйлдэлтэй гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж тайлбар хүргүүлсэн нь бодит байдлыг ташаа ойлгосонтой холбоотой тул уг гэрээг гэрчилсэн нотариатчийн хувьд өөрийн байр суурь, хариу тайлбарыг гаргаж байна. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ огт биш бөгөөд, талуудын зүгээс хүсэл зорилгоо чөлөөтэй илэрхийлэн, уг гэрээ байгуулагдсныг миний зүгээс гэрчлэхгүй, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй байсан тул гэрчилсэн. Гэрээний талууд нь өөрсдөө хятад хүмүүс байсан боловч, худалдагч нь Монгол Улсын хуулийн этгээд, компанийн дүрэмдээ албан ёсны үйл ажиллагааны хэлийг монгол хэл гэж заасан, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь өөрөө биечлэн байсан, мөн тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон ТУЗ-ийн шийдвэр байсан учраас миний бие гэрээг гэрчилсэн. Гэрчлэгдэж буй гэрээ нь монгол хэл дээр байсан боловч, гэрээг байгуулж гарын үсэг зурж байгаа талууд нь өөрсдийн төрөлх хэл буюу хятад хэл дээр албан ёсны баталгаат орчуулга хийлгэсэн, уг гэрээний утга агуулгатай гэрээ байгуулсан хүмүүс төрөлх хэл дээрээ орчуулагдсан байсан тул бүрэн танилцсан. Монгол хэл дээрх гэрээг гэрчлэн баталгаат орчуулгыг гэрээнийхээ хавсралтаар тамга дарж баталгаажуулсан. Гэрчилсэн гэрээний баталгаат орчуулга байсаар байтал тухайн гэрээний утга агуулгыг ойлгоогүй гэдэг нь үндэслэлгүй юм. Миний гэрчилсэн гэрээний бүрдэл холбогдох бичиг баримтуудаас зөвхөн монгол хэлээр байгуулагдсан гэрээг шүүхэд гарган өгч, харин хятад баталгаат орчуулгыг нь гарган өгөхгүйгээр анх нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Нотариатын тухай хуульд зааснаар гэрчлэхээс татгалзах үндэслэл байхгүй байсан тул хууль зөрчсөн ямар нэгэн буруу үйл ажиллагаа явуулаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч Д.Э нь Нотариатын тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 20151130 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулсан. Энэ үйлдэл нь Нотариатын тухай хууль болон Хууль зүйн сайдын баталсан нотариатын үйлдэл хийх ажлын зааварт заасан шаардлагыг бүрэн хангасан, хууль зөрчөөгүй үйлдэл болсон. Гэрээг байгуулахдаа талууд монгол хэл дээр байгуулж, орчуулгыг хятад хэл дээр орчуулж, орчуулгын товчооны тамга тэмдэг даруулсан. Ж ХХК-ийн захирал, хариуцагч нар хоёулаа өөрсдийн төрөлх хятад хэл дээр гэрээний нөхцөлөө ойлгоод гэрээг байгуулсан. Тухайн гэрээний нөхцөлийг хэн аль нь ойлгосон, тухайн орчуулга дээрээ юу гэж бичсэнийг хэн аль нь ойлгож байгаа учраас нотариат гэрээг гэрчилсэн байдаг. Мөн гэрээг гэрчлэхдээ хэл, орчуулгыг харахаас гадна тухайн компанийн төлөөлөх эрх бүхий этгээд мөн үү, төлөөлөх эрхтэй этгээдээс эрхийг олгосон байна уу гэх зэрэг шалгаж үзэх шаардлагатай зүйлсийг шалгахад Төлөөлөн удирдах зөвлөлөөс эрхийг олгосон байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гээд ерөнхий захирал Яий Ж ХХК-ийг төлөөлөн Зг худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон байна гээд Нотариатын тухай хуульд заасан үйлдлийг хийсэн. Хэрвээ нотариатын тухай хуульд үйлдэл өөрөө хүчин төгөлдөр биш гэж үзэж байсан бол энэ гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар цааш нь өгч бүртгүүлэхгүйгээр буцаж маргаан үүсгэх боломжтой байсан боловч дээрх этгээдүүд нь энэ гэрээг үндэслээд Үл хөдлөх эрхийн бүртгэлийн газарт Жи Жи Си Э ХХК, ерөнхий захирал Я гээд гарын үсэгтэй нэр бүхий 4 байрны өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан талаарх албан бичиг, худалдах худалдан авах гэрээ, тухайн байрнуудын албан ёсны хаяг, хаягжилтын талаарх албан бичиг, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн фото зураг зэргийг нэмэлтээр хавсаргаж өгсөн байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн фото зураг, кадастрын зураг зэргийг аваачиж өгсөн нь хэлцлийн талаарх үр дагавар, хэлцлийн талаар ямар агуулгатай хэлцэл байсан гэдгийг мэдэж байсан гэсэн үг. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй...”, мөн хуулийн 110.1-т “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу энэ үйлдэл хуулийн дагуу бүрэн дүүрэн хийгдээд дуусгавар болсон тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,                  

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь БНХАУ-ын иргэн Вд холбогдуулан талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалах гэрээг,  мөн талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар тус тус төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан, З хотхоны Хбайрны 2 тоот, 3 тоот, 4 тоот, 5 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлснийг хүчингүй болгуулахаар,

хариуцагч Д.Эд холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатийн үйлдлийг хүчингүй болгуулахаар тус тус шаарджээ.

Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...

нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр В-тэй орон сууц захиалах гэрээ байгуулсан боловч уг гэрээг дүр үзүүлэн хийсэн, учир нь тус компанийн захирал Я 2014 оны 7 дугаар сард хариуцагч В-гээс 2 500 000 юанийг Хятадад байхдаа зээлж авсан бөгөөд тэрээр зээлийн төлбөр төлөх үүргийг хангах арга хэрэгсэл болгох зорилгоор дээрх гэрээг байгуулсан, Ж ХХК-ийн зүгээс дахиж ямар нэгэн байдлаар В-тэй гэрээ хэлцэл байгуулаагүй, тэдний хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд монгол хэл, бичиг үсэг мэдэхгүй Ж ХХК-ийн захирал Яээр гарын үсэг зуруулсан нь хуульд нийцээгүй тул орон сууц захиалах гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг гэрээний үр дагавар болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулна.” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч тал В нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж, “... 2014 оны 7 дугаар сард тус компанийн захирал Я надаас 2.500.000 юанийг сар тутамд 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, 6 сарын хүү 750.000 юань, нийт 3.250.000 юань төлөх ёстой байтал компанид төлөх мөнгөгүйгээс өөрийн компанийн барьж байгаа барилгаас худалдан авч, мөнгөндөө суутгаж илүү гарсан мөнгийг өгөөч гэсэн санал тавьсны дагуу харилцан тохиролцож, 4 орон сууцыг 4.225.000 юаниар худалдан авахаар анх орон сууц захиалах гэрээг байгуулсан. Дээрх гэрээний дагуу тохирсон үнэ болох 4.225.000 юаниас зээлүүлсэн 2.500.000 юанийг төлснөөр тооцон, үлдэгдэл 1.725.000 юаныг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулахдаа бэлнээр өгч, санхүүгийн баримтыг авсан боловч тохирсон ёсоор орон сууц 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад ороогүй. Ж ХХК-ийн захирал Я орон сууцны үнийг хямдаар тооцсон байна, таниас буцаан 6.000.000 юанаар худалдан авъя, 1.000.000 юаныг 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж, нэг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 30-наас өмнө 5.000.000 юанийг төлж, үлдэх байрыг буцаан авъя гэж гуйсны дагуу орон сууцыг буцаан худалдан авах гэрээг 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Ийнхүү уг гэрээг байгуулахдаа 2014 оны 7 дугаар сард зээлүүлсэн 2.500.000 юаньг байрны мөнгөнд тооцож, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4 орон сууцны үнэ 4.225.000 юань, үлдэгдэл 1.725.000 юанийг 4.225.000 юанийн зээлийн эргэн төлөлт гэж бичээд уг мөнгийг өгч чадахгүй байгаагаа бичсэн. Харин 1.000.000 юань төлж, нэг байрыг буцаан авч уг байраа зарж, 5.000.000 юань өгөөд 2016 оны 4 дүгээр сард 3 байр буцааж авах тохиролцоо байсан. Гэвч энэ гэрээ бодитойгоор хэрэгжээгүй, Ж ХХК-ийн захирал Я 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээнд заасан 1.000.000 юаниа 2015 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөөгүй, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байрыг буцаан авах эхний төлбөрийн мөнгөө гэрээнд заасны дагуу өгч чадахгүй юм бол байраа авъя гэхэд надад ядаж 4.225.000 юаниар биш, 6.000.000 юаниар орон сууцны үнийг тооцон төлсөн мөнгөн дээрээ зөрүү өгчих гэсэн тул харилцан ярилцаж, түүний хүсэлтийг хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.775.000 юанийг төлсөн. Өөрөөр хэлбэл Ву Шао Ли нь Ж ХХК-д анх зээлүүлсэн 2.500.000 юань дээр бэлнээр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1.725.000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.775.000 юань төлснөөр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд заасан байрны бүх төлбөр тооцоог хийж дуусгасан байхад дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбар гаргажээ.  

 

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Хариуцагч В-д холбогдох шаардлагын тухайд:

 

Ж ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр В-тэй орон сууц захиалах гэрээ байгуулж, тус компанийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа З хотхоны Хбайрны 2 тоот, Хбайрны 3 тоот, Хбайрны 4 тоот, Хбайрны 5 тоот тус бүр нь 372 м.кв талбай бүхий 4 орон сууцыг 2015 оны 7 дугаар сарын 15-наас өмнө ашиглалтад оруулах, В нь 4 225 000 юань буюу Монгол банкны тухайн өдрийн нэг юаны төгрөгт хөрвөх ханш 310 төгрөгөөр тооцож, 1 309 750 000 төгрөгийг төлөхөөр, улмаар Ж ХХК, В нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Ж ХХК дээрх З хотхоны Хбайрны 2,3,4,5  тоот тус бүр нь 372 м.кв, нийт 1488 м.кв талбайтай, 4 орон сууцыг худалдан авагчид шилжүүлэн өгөх, худалдан авагч В 6 000 000 юань буюу Монгол банкны тухайн өдрийн нэг юаны төгрөгт хөрвөх ханш 310 төгрөгөөр тооцож, 1 806 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцжээ. 

 

        Зохигч талууд дээрх тайлбартаа дурдсан  Ж ХХК, В нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр орон сууц буцаан худалдан авах гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хэрэгт нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байх ба дээрх гэрээ талуудын хооронд байгуулагдсан эсэх талаар маргаагүй байна.

 

        Дээрх гэрээнүүд талуудын хооронд байгуулагдах болсон шалтгаан, үндэслэлийг нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлсэн хийсэн” гэж тайлбарлаж, хүчин төгөлдөр бусд тооцуулна гэсэн нь дараах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал хариуцагч В нь  2014 оны 7 дугаар сард БНХАУ-д байхдаа Яд 2 500 000 юань зээлдүүлж, тэрээр Монгол Улсад өөрийн компанийн нэр дээр барьж байгаа барилгын хөрөнгө оруулалтад зориулах тухайгаа хэлж, төлбөрийг хүүгийн хамт 6 сарын хугацаанд төлөхөөр тохирсон гэх бөгөөд зээлийн гэрээ байгуулсан баримт нь зохигчдод байхгүй, алга болгосон гэж нотлох баримтаар гаргаж өгөөгүй ба мөнгө зээлүүлсэн, авсан тухайд хэн аль нь маргаагүй байна.

Зохигчид зээлсэн мөнгийг бүрэн төлсөн, төлөөгүй талаар маргадаг хэдий ч нэхэмжлэгч Ж ХХК-ийн захирал Ян ми, хариуцагч В нарын 2 500 000 юанийн зээлийн гэрээний харилцаанаас үүссэн төлбөр төлөх үүргийг талууд орон сууц захиалах гэрээний үүргээр сольж, энэ тухайгаа 2015 оны 01 сарын 16-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, улмаар талуудын хүсэл зоригийн дагуу дараагийн хэлцэл хийгдсэн нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

        Түүнчлэн Ж ХХК-ийн захирал Я Вгээс 2 500 000 юань зээлж авсан, зээлийн гэрээний хугацаа өнгөрсөн боловч зээлийг төлж чадаагүйгээс компанийн барьж буй барилгаас 4 орон сууцыг 4 225 000 юаньд тооцож бариулахаар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ,  орон сууцыг буцаан худалдан авах гэрээг 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, анх зээлүүлсэн 2 500 000 юань дээр бэлнээр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1 725 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 775 000 юань төлснөөр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 6 000 000 юаны үнийн дүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх 4 орон сууцыг В-д шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан, мөн хуулийн 43.1.1-т заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохирсон, утга агуулгаараа хуультай зөрчилдөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл мөн” гэж дүгнэх үндэслэлтэй байна.

            Нөгөөтэйгүүр, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Вгээс байрны урьдчилгаанд 1 725 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байрны төлбөрт 1 775 000 юанийг хүлээн авсан Я, нягтлан бодогч Д.Мандал, хүлээлгэн өгсөн В гэх гарын үсгээр баталгаажуулж, Ж ХХК-ийн кассын орлогын баримт үйлдсэн байна.

 

        Дээрх кассын орлогын баримтыг компанид бэлнээр орсон мөнгөн хөрөнгийг нотлох санхүүгийн баримт гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг мөнгө тус компанид бодитоор ороогүй, түүний гуйлтаар үйлдсэн гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг өөрөөр үгүйсгэсэн баримтгүй, нөгөө талаар орон сууц захиалах, орон сууц буцаан худалдан авах, орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс харахад зээлсэн мөнгөний дүн, нэмэж мөнгө төлсөн үнийн дүн, гэрээний үнийн дүнг тус бүрд нь тодорхой бичсэнээс үзэхэд дээрх гэрээнүүдийг, ямар нэгэн үр дүнд хүргэхгүй, дүр үзүүлж хийсэн, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

         Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц захиалах гэрээг монгол, хятад хэлээр байгуулсан талаар маргаагүй, харин 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг зөвхөн монгол хэл дээр байгуулсан монгол хэл, бичиг мэдэхгүй Ж ХХК-ийн захирал Яээр гарын үсэг зуруулсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч дээрх гэрээг монгол хэл дээр байгуулж, хятад хэл рүү орчуулж, албан ёсны баталгаат орчуулга хийлгэж баримт үйлдсэн байх тул уг гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

 

         Иймд талуудын хооронд хийгдсэн 2015 оны 01 сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 2015 оны 11 сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэв.

 

Хариуцагч Д.Эд холбогдох шаардлагын тухайд:

 

            Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Д.Эд холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр монгол хэл дээр бичигдсэн 20151130 дугаартай орон сууцны худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатч Д.Э нь Нотариатын тухай хууль болон холбогдох журмуудыг зөрчиж, нотариатын үйлдэл тул хийсэн гэж нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагаа дэмжиж байна гэж тайлбарлажээ.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...гэрээний талууд өөрсдөө хятад хүмүүс байсан бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь өөрөө биечлэн байсан, мөн тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон ТУЗ-ийн шийдвэр байсан учраас гэрээг гэрчилсэн, гэрчлэгдэж буй гэрээ нь монгол хэл дээр байсан боловч, гэрээг байгуулж гарын үсэг зурж байгаа талууд нь өөрсдийн төрөлх хэл буюу хятад хэл дээр албан ёсны баталгаат орчуулга хийлгэсэн, уг гэрээний утга агуулгатай гэрээ байгуулсан хүмүүс төрөлх хэл дээрээ орчуулагдсан байсан тул бүрэн танилцсан. Монгол хэл дээрх гэрээг гэрчлэн баталгаат орчуулгыг гэрээнийхээ хавсралтаар тамга дарж баталгаажуулсан. Гэрчилсэн гэрээний баталгаат орчуулга байсаар байтал тухайн гэрээний утга агуулгыг ойлгоогүй гэдэг нь үндэслэлгүй, нотариатын гэрчилсэн гэрээний бүрдэл холбогдох бичиг баримтаас зөвхөн монгол хэлээр байгуулсан гэрээг шүүхэд гарган өгч, харин хятад баталгаат орчуулгыг гарган өгөхгүйгээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, түүнчлэн уг гэрээний үнэн зөвийг гэрчилж нотариатч Д.Э баталгаажуулсан байх ба гэрээний талууд энэ үйлдлийг хийлгэхэд биечлэн оролцсон нь нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсгээр тогтоогдож байна. /2-р хх-ийн 66-67/

Түүнчлэн дээрх гэрээг монгол хэл дээр болон өөрсдийн төрөлх хэл буюу хятад хэл дээр албан ёсны баталгаат орчуулга хийлгэж, уг орчуулгыг нотариатч гэрчлэн гэрээний хавсралтаар тамга дарж баталгаажуулсан байх тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэгч тал хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь заасныг баримтлан БНХАУ-ын иргэн В-д холбогдох 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатч Д.Эд холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйдлийг хүчингүйд тооцуулах тухай Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 164 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                      Б.МӨНХЖАРГАЛ