Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0039/З |
Дугаар | 221/МА2018/0303 |
Огноо | 2018-05-30 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2018/0303
|
“Э” ХХК, Р.Э,
Э.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Э.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, гуравдагч этгээд Ж.Т, түүний өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0166 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ж.Т, түүний өмгөөлөгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК, Р.Э, Э.Б нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хаалттай хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Э” ХХК, Р.Э, Э.Б нар 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Ж.Т өмчлөгчөөр 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ………… дугаарт бүртгэсэн бүртгэл болон түүнд олгосон ………… дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0166 дугаар шийдвэрээр:
“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.8, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК болон нэхэмжлэгч Э.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ж.Т өмчлөгчөөр 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ………. дугаарт бүртгэсэн бүртгэл болон түүнд олгосон …….. дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Гуравдагч этгээд Ж.Т, түүний өмгөөлөгч Д.Д нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Ж.Т 2013 оны 7 дугаар сард өөрийн өмчлөлийн гурван хэсэг газраа “Э” ХХК-ийн захирал Ч.С худалдсан ба Ч.С нь газар худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл ……. сая төгрөгийг төлөөгүйгээс үүдэлтэй маргаан шүүхээр явж эцэст нь 2015 оны 3 дугаар сард Ч.С нөхөр Р.Э, хүү Э.Б нар Ж.Т дээр ирж уулзан эвлэрэх санал тавьж, мөн “Э” ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 015/54/ дугаар албан бичгээр эвлэрэх саналыг тус тус ирүүлсэн тул 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2376 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээгээ батлуулсан.
Уг захирамж болон гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 давхрын 860 м.кв талбайн өмчлөгчөөр Ж.Т би улсын бүртгэлийн ……………бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авч өмчлөх эрхээ баталгаажуулсан. Ийнхүү 2015 оноос эхлэн 11 дүгээр хороо, …..дугаар хороолол …….дугаар байрны 1 давхар бүхэлдээ 871 м.кв талбайтай бөгөөд Ж.Т гэсэн ганц өмчлөгчтэй, бүртгэлтэй байгаа. Эвлэрлийн гэрээ байгуулах талаар Ч.С нь хүү Э.Б хамт Ж.Т болон тухайн үед түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч Т.У туслах Г.Х нартай удаа дараа ирж уулзаж байсныг өмгөөлөгч Т.У туслах Г.Х нар гэрчлэнэ.
Мөн эвлэрлийн гэрээ байгуулахад Ч.С түүний нөхөр Р.Э нар өөрсдөө өмгөөлөгч Ж.Т, Ц.Ц нарын хамт Ж.Т нь мөн өөрийн өмгөөлөгч Т.У, Д.Д нарын хамт байж байгаад эвлэрлийн гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулаад өмгөөлөгчдийнхөө дэргэд талууд гэрээнд гарын үсгээ зурж тамга тэмдэгээ дарсан.
Уг эвлэрлийн гэрээнд төлбөрийн үлдэгдэл нийт …….. сая төгрөгийн 50% буюу …….. төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр үлдэгдэл 50%-ийг 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр тус тус Ч.С Ж.Т төлөх, энэхүү үүргийн баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, …….. дугаар хороололд баригдаж буй барилгынхаа …… давхрын 860 м.кв талбайг Ж.Т өмчлөлд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөх, төлбөрөө бүрэн төлсний дараа Ж.Т нь Ч.С уг объектыг буцаан шилжүүлж өгөх, төлбөрөө төлөөгүй тохиолдолд уг объект нь Ж.Т өмчлөлд үлдэх тухай маш тодорхой заасан.
Гэтэл 2015 оны 8 дугаар сараас эхлэн төлбөр төлөх хугацааг хойшлуулж 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр болгож өгөөч, түр хүлээгээч гэсэн хүсэлтийг “Э” ХХК-ийн захирал Ч.С 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 015/133, 2015 оны 9 дүгээр сарын 2-ны 015/145, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 015/148 дугаар албан бичгээр ирүүлсэн хэдий ч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.
Иймд бид шүүхэд хандаж албадан гүйцэтгэл хийлгэх захирамжийг гаргуулж гүйцэтгэл хийлгэж эхэлсэн. Ч.С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулна гэж шүүхэд хандахад шүүх гомдлыг бүрэлдэхүүнтэйгээр авч хэлэлцээд хангаагүй орхисон. Үүгээр ч зогсохгүй Ч.С Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчийн гэрчилгээг хүчингүй болгуулах гомдлыг 2015 онд гаргасан хирнээ бүтэн 3-4 жил элдэв шалтаг шалтгаанаар шүүх хурлыг хуралдуулахгүй 30 гаруй удаа хойшлуулсаар 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүх хурал болсон.
Төлөх ёстой төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа хирнээ энэ объектийг авах гэж Ч.С, Р.Э, Э.Б нар янз бүрийн асуудал маргаан үүсгэж удаа дараа янз бүрийн шүүхэд хандаж анхан шатны шүүхээс эхлэн Улсын дээд шүүхийн шийдвэрүүд гарч байсан. 2016 оны 9 дүгээр сард Э.Б Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн л 430 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгохоор Ч.С компаний хаягаар гомдол гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Гэтэл дахин Ч.С гэрийн хаягаар дахин өөр дүүргийн шүүхэд мөн л нөгөө гомдлоо гаргаад байгаа. “Э” ХХК Ч.С захиралтай ганц гишүүнтэй компани бөгөөд Р.Э нь Ч.С нөхөр, Э.Б нь Ч.С хүү юм.
Ийнхүү ээж, аав, хүү 3 үгсэн хувилдаж, худал хуурамч баримт бичиг бүрдүүлж, төлбөр төлөхөөс зайлсхийж, бусдыг залилж мэхлээд зогсохгүй, удаа дараа янз бүрийн байдлаар шүүх болгонд хандах мэтээр хууль хяналтын байгууллагаар ч хүртэл тохуурхаж, үгсэн хувилдсан зориудын санаатай үйлдэл үйлдэж байгааг шүүх анхаарч үзэх шаардлагатай байна.
Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд болон нотлох баримтуудаас илтэд зөрүүтэй шийдвэр гаргалаа. Учир нь эвлэрлийн гэрээний 2.3-т “Э” ХХК-ийн захирал Ч.С нь газар худалдан авсны үлдэгдэл төлбөр болох ……. төгрөгийг бүрэн төлөх бөгөөд үүний 50% буюу ……… төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний дотор үлдэгдэл 50% буюу ……….төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулах үүргийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.5, 208.6 дугаар зүйлд тус тус заасны дагуу хүлээнэ.
2.4-т “Э” ХХК-ийн захирал Ч.С нь энэхүү гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлэх баталгаа болгож, уг газар дээр баригдаж буй барилгын өмчлөх эрхийг
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэн Ж.Т өмчлөлд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэлд бүртгүүлж өгөх үүргийг хүлээнэ.
3.1-т “Э” ХХК-ийн захирал Ч.С нь энэхүү гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлэх баталгаа болгож, уг газар дээр баталгаа болгож, уг газар дээр баригдаж буй барилгын 1 давхрын үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийг иргэн Ж.Т барьцаалж байгаа болно.
3.2-т Талууд энэхүү гэрээний 2.3-т заасан үүргээ гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлсэн нөхцөлд барьцаа хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн хэсгийн өмчлөх эрхийг “Э” ХХК-ийн захирал Ч.С өмчлөлд буцаан шилжүүлэн бүртгүүлж өгөх үүргийг Ж.Т хүлээнэ.
3.3-т “Э” ХХК-ийн захирал Ч.С 2015 оны 9 дүгээр сарын 1-ний дотор газрын төлбөрийн 50%-ийг төлсөн нөхцөлд 860 м.кв талбайтай хэсгийг хэсэгчлэн болон бүтнээр нь бусад гуравдагч этгээд худалдан борлуулах замаар газрын үлдэгдэл төлбөрийг төлж болно. Энэ тохиолдолд газрын үлдэгдэл төлбөр болох ………. төгрөгийг бүрэн төлөгдсөн нөхцөлд Ж.Т нь үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг “Э” ХХК-ийн захирал Ч.С шилжүүлж өгнө.
3.4-т Талуудын эвлэрэн хэлэлцсэн нь бусад гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
4.3-т “Э” ХХК-ийн захирал Ч.С нь үйлчилгээний зориулалттай 1 давхрын 860 м.кв талбайг гэрээний 3.3-т заасан нөхцөлөөс бусад байдлаар өөр гуравдагч этгээдэд давхар худалдан борлуулах, барьцаалах зэрэг үйлдэл хийхгүй байх үүрэгтэй ба энэхүү гэрээг байгуулахаас өмнө бусдад барьцаалсан, бусдаас захиалга авсан тохиолдолд тэргүүн зэргийн өмчлөгч барьцаалагч нь Ж.Т болохыг биечлэн хариуцах ба энэхүү үүргээ зөрчсөн нөхцөл байдал илэрсэн тохиолдолд бусад этгээдэд учирсан хохирлыг “Э” ХХК-ийн захирал Ч.С дангаар хариуцах үүрэг хүлээнэ. “Э” ХХК-ийн захирал Ч.С нь үлдэгдэл ……. төгрөгийг Ж.Т бүрэн төлж барагдуулаагүй байх үед уг барилга баригдаж дуусан ашиглалтанд орсныг нотлох баримтуудыг Ж.Түвшинжаргалд бүрэн гүйцэд гаргаж өгөх үүрэг хүлээнэ. “Э” ХХК-ийн захирал Ч.С газрын үлдэгдэл төлбөр болох 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд гэрээний 2.4-т заасан үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг Ж.Т өөрийн өмчлөлдөө хэвээр үлдээх эрхтэй. Гэхдээ …………. төгрөгөөс төлөгдсөн төлбөрийн мөнгөн дүнг “Э” ХХК-ийн захирал Ч.С буцаан төлөх үүргийг Ж.Т хүлээнэ.
4.7-д Талуудын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг “Эвлэрлийн гэрээ”-г баталсан шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлнэ.
4.9-т Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулан шүүхэд хүлээлгэн өгснөөс хойш гэрээнээс татгалзах, гэрээний нөхцөлийг өөрчлөх эрхийг эдлэхгүй байхаар харилцан тохиролцож бүрэн хүлээн зөвшөөрсөн болно гэж маш тодорхой заасан эвлэрлийн гэрээг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2376 дугаар захирамжаар баталсныг үндэслэж Ч.С уг барилгыг баригдаж байгаатай холбогдох бүхий л нотлох баримтуудыг улсын бүртгэлийн газарт гаргаж өгснөөр улсын бүртгэлийн газар шүүхийн шийдвэр, эвлэрлийн гэрээ, бусад нотлох баримтуудыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн.
Үүнээс өөрөөр өмчлөх эрхээ хэрхэн нотлох билээ. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн бүртгэл хэрхэн хийснийг нотлох баримтууд хэрэгт бүрэн байгаа. Уг барилгын 2-12 давхрын 200 гаруй оршин суугчид бүгд үүний нэгэн адил “Э ХХК-аас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг хариуцагч шүүх хурал дээр хэлсэн.
Гэтэл шүүгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.8-д зааснаар мэдүүлэгт тусгасан үндэслэл энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулахаар зөрүүтэй байна, бүртгэл үнэн зөв биш байна гэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн архивийн нотлох баримтуудаас илтэд зөрүүтэй дүгнэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, бүртгэлийг шүүхийн шийдвэр, нотлох баримтын үндсэн дээр үнэн зөв бүртгэсэн болох нь нотлогдож байна.
Харин гэрчилгээн дээр бичигдсэн талбайн хэмжээ зөрүүтэй байгаагийн 860 м.кв нь “Э” ХХК өөрөө хүлээн зөвшөөрч хэмжилт хийлгээгүй бөгөөд үүнийг бүртгэлийг хүчингүй болгохгүйгээр засч залруулж болно.
Ийнхүү үүргийн гүйцэтгэл хангагдахгүй бол өмчлөх эрх нь Ж.Т хэвээр үлдэхээр тодорхой заасан. Гэтэл шүүх Ж.Т өмчлөх эрхээ хэрхэн олж авснаа тайлбарлаж чадаагүй гэж дүгнэжээ.
Харин ч тайлбарлах нь бүү хэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэр, тодорхой заалт бүхий эвлэрлийн гэрээ гээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгсөн бүхий л нотлох баримтууд хавтаст хэрэгт бүрэн байгаа бус уу. Эдгээр нотлох баримтууд нь ямарч хуулийн ямарч заалтыг зөрчөөгүй байх тул үүнээс өөрөөр өмчлөх эрхээ хэрхэн нотлох билээ. Мөн Ч.С нь эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан.
Уг гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 689, Улсын дээд шүүхийн 2017 оны 001/ХТ2017/00668 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус үндэслэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж эвлэрлийн гэрээг хуулийн хүчин төгөлдөр болохыг нотолсон.
Гэтэл шүүх мөн л эвлэрлийн гэрээнд Ч.С гарын үсэг зураагүй, энэ талаар хэн ч маргаагүй, мөн хариуцагч нэхэмжлэгч нарын хооронд төлбөрийн маргаангүй байна гэж дүгнэсэн. Нэгэнт үгсэн хуйвалдаж дүр эсгэсэн гэрээ хийгээд байгаа эх хүү хоёр маргаангүй байхаас өөр яах билээ. Эдгээрээс харахад “Э” ХХК-ийн захирал Ч.С нь хуулийн хүчин төгөлдөр гэрээний үүргээ биелүүлэхээс 2015 оны 8 дугаар сараас эхлэн зайлсхийлж элдэв арга саам хайж үүндээ шүүхийг татан оролцуулсаар өнөөг хүрч байгаа нь тодорхой нотлогдож байна.
Ийнхүү бүхий л шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдтэй, уг шийдвэрүүд нь хавтас хэрэгт байсаар байхад, мөн нотлох баримттай гэрчтэй хэргийг хууль буруу хэрэглэж хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээс илтэд зөрүүлж шийдвэрлэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0166 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Т, өмгөөлөгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
1.Нэр бүхий нэхэмжлэгчдийн хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий бүртгэлийн үндэслэл нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2376 дугаар захирамжаар баталгаажсан, одоогийн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ерөнхий захирал Ч.С, гуравдагч этгээд Ж.Т нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ байна.
Уг гэрээний 2.4-т зааснаар “Э” ХХК-ийн ерөнхий захирал Ч.С нь гэрээний 2.3-т заасан буюу газар худалдан авсны үлдэгдэл төлбөр болох ………… төгрөгийг тохиролцсон хугацаанд бүрэн төлөх баталгаа болгож, уг газар дээр баригдаж буй барилгын 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайн өмчлөх эрхийг иргэн Ж.Т өмчлөлд 2015 оны 5 дугаар сарын 10-ны дотор бүртгүүлж өгөх үүрэг хүлээнэ” гэж, мөн гэрээний 3.2, 3.3, 4.3, 4.4, 4.5-д заасан тохиролцооноос тус тус үзэхэд өмчлөх эрхээ шилжүүлэх байдлаар үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавихаар харилцан тохиролцсон, энэ хүрээнд ч нэхэмжлэгч 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 015/23 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж 871 м.кв үйлчилгээний талбайг Ж.Т нэр дээр бүртгүүлэх хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн тухайд өөрийн барьж буй барилгын 1 давхрын нийт талбайн өмчлөх эрхийг төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэх хүртэлх хугацаанд Ж.Т шилжүүлэхээр нэгэнт харилцан тохиролцсон, түүнчлэн энэхүү эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй буюу шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчинтэй, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 668 дугаар тогтоолд ч энэ талаар тодорхой дүгнэсэн байна.
Иймд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гаргасан мэдүүлэг, хүсэлт, дээрх шүүгчийн захирамж болон бусад шаардлагатай баримт бичгийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, …… дугаар хороолол, ……… дугаар байрны 1 дүгээр давхрын 871 м.кв талбай бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн …….. дугаарт, өмчлөгчөөр Ж.Т бүртгэн өмчлөх эрхийн ……….тоот гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 17 дугаар зүйл, түүний дотор 17.1.3, 17.1.4-т заасантай нийцсэн төдийгүй Ж.Т гаргасан 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл энэ тохиолдолд үүсээгүй байна.
Эвлэрлийн гэрээнд тус компанийн захирал Ч.С гарын үсгээ зурсан эсэхээс үл хамааран нэгэнт уг эвлэрлийг баталгаажуулж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн дээр дурдсан захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа төдийгүй хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэхүү шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байх тул бүртгэлийг хүчингүй болгуулах тухай “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Анхан шатны шүүхээс “түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчим”-ыг баримталж Э.Б нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн хувьд буруу болжээ.
Хэдийгээр Э.Б одоогийн гуравдагч этгээд Ж.Т өмчлөлд бүртгэлтэй 1 давхрын үйлчилгээний зориулалттай талбайд өөрийн ээж болох “Э” ХХК-ийн ерөнхий захирал Ч.С 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, улмаар 430 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийсэн гэх, мөн энэ талаарх санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт авагдсан ч эдгээр нөхцөл байдал нь түүний гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.
Учир нь шүүгчийн захирамжаар баталгаажсан Эвлэрлийн гэрээний 4.3-т “…Ч.Сүрэнцэцэг нь үйлчилгээний зориулалттай 860 м.кв талбайг өөр гуравдагч этгээдэд давхар худалдан борлуулах, барьцаалах зэрэг үйлдэл хийхгүй байх үүрэгтэй, энэхүү гэрээг байгуулахаас өмнө бусдад барьцаалсан, эсхүл бусдаас захиалга авсан тохиолдолд тэргүүн зэргийн өмчлөгч, барьцаалагч нь Ж.Т болохыг биечлэн хариуцах ба энэхүү үүргээ зөрчсөн нөхцөл байдал илэрсэн тохиолдолд бусад этгээдэд учирсан хохирлыг “Э ХХК-ийн ерөнхий захирал Ч.С дангаар хариуцах үүрэг хүлээнэ” гэж зааснаас үзэхэд өөрийн хүүтэйгээ байгуулсан хөрөнгө оруулалтын дээрх гэрээ, оруулсан хөрөнгө оруулалтын улмаас хохирол учирсан тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгуулах бус өөрөө биечлэн хариуцахаар байна.
Цаг хугацааны хувьд маргаан бүхий бүртгэл хийгдэхээс өмнө нэхэмжлэгчдийн хооронд гэрээ байгуулагдсан байж болох ч энэ нь “түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчим”-д үл хамаарна.
3.Нэхэмжлэгч Р.Э тухайд бүртгэлтэй маргах ямар ч эрх зүйн үндэслэлгүй, тэрбээр нэхэмжлэгч Э.Б аав, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ерөнхий захирал Ч.С нөхөр бөгөөд хүүгийн адил ямар нэгэн хөрөнгө оруулалт хийсэн талаарх нэг ч баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Ч.С нь дангаараа компанийн үүсгэн байгуулагч байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй.
Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн хувьд ч компанийн өмнөөс гаргасан нэхэмжлэлд тухайн компанид хамааралгүй хувь хүн давхар гарын үсэг зурсан байгаа нь хэлбэрийн хувьд нэхэмжлэлд тавигдах шаардлагад нийцээгүй байна.
Иймд Р.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бус харин хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.
Харин төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ерөнхий захирал Ч.С бүрэн биелүүлж, улмаар өмчлөх эрхээ шаардахад энэхүү магадлал ямарваа хэлбэрээр саад болохгүйг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.1.4, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК болон иргэн Э.Б нарын гаргасан Ж.Т өмчлөгчөөр 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн …………. дугаарт бүртгэсэн бүртгэл болон өмчлөх эрхийн …………. тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Э гаргасан дээрх бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, гуравдагч этгээд Ж.Т, өмгөөлөгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН