Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 135

 

 З.Үын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0788 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч З.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0788 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйл, Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Үаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин нэхэмжлэлийн шаардлагын Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахыг даалгах гэсэн хэсгийн зарим хэсгийг хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар олгож, мөн хугацаанд ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, нэхэмжлэгч З.Үыг ахлах түшмэлийн ангилал, албан тушаалын ТЗ-7 зэрэглэл, өмнө нь авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг хариуцагч Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 788 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д тус тус заасныг баримтлан З.Үын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын “З.Үыг тодорхой албан тушаалд томилуулаагүй” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эрх бүхий этгээдээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны даргын албан тушаалд З.Үыг томилуулах арга хэмжээ авахыг даалгаж, хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган олгож, даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг даалган, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0788 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, шийдвэр, магадлалд дор дурдсан гомдлыг гаргаж байна.

4. Үүнд: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас: “...Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахыг даалгах” гэсэн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч З.Үыг ахлах түшмэлийн ангилал, албан тушаалын ТЗ-7 зэрэглэл, өмнө нь авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг хариуцагч Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт даалгасугай” гэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах ёстой гэж үзэх нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн.

5. Хяналтын шатны шүүх хуралдаанд анхан болон давж заалдах шатны шүүх шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэж байх явцад албан тушаалын ангилал ТЗ-7 байснаа ТЗ-8 болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.” гэж заасныг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй ба давж заалдах шатны шүүх хуулийн эдгээр заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

6. Учир нь хариуцагч буюу Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга намайг өргөдөл гаргасан үед дээрх хуулиудыг хэрэглэж, эрхэлж байсан ажил албан тушаалд томилсон бол энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагаа нөгөө талд нь миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөхгүй байсан. Гэтэл магадлалд хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны албан тушаалыг хадгалах, орон тоо хасагдах ажилтны тоо цөөрсөн, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд хүн томилох зэрэгт ямар ямар хуулийг хэрхэн яаж зөрчсөн нь тодорхой байхад захиргааны байгууллагын энэхүү хууль бус ажиллагаанд тодорхой, үндэслэлтэй дүгнэлт өгсөнгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулан зөвтгөн шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч З.Ү нь “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...төрийн албан хаагчийн баталгааг хариуцагч захиргааны байгууллага зөрчиж, хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа үргэлжлэн ажиллах хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй, өмнө нь ажиллаж байсан албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус” гэж маргажээ. 

9. Давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэгч З.Үын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын “З.Үыг тодорхой албан тушаалд томилуулаагүй” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эрх бүхий этгээдээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны даргын албан тушаалд З.Үыг томилуулах арга хэмжээ авахыг даалгаж, хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган олгож, даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

10. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэлт баталгаагаар хангагдана: ...27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж заасан бол, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж тус тус заасан.

11. Нэхэмжлэгч З.Ү нь Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон ажилласан байх ба мөн даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар түүнд хүүхэд асрах чөлөө олгосон байна. Түүний хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо өөрчлөгдөж, тус хэлтэс нь дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албатай нэгтгэгдэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болж зохион байгуулагджээ.

12. Улмаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг баталсан, түүний дотор Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийн алба болон Нийгмийн халамжийн алба гэсэн 2 тусдаа албатай, тус бүр даргын орон тоотой байхаар зохион байгуулагдсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэхээр байна.

13. Иймд нэхэмжлэгч З.Ү нь хуульд зааснаар албан ёсоор хүүхэд асрах чөлөөтэй байсан, мөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд, эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэй байтал хариуцагчаас “...нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийгмийн халамжийн хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтэстэй нэгтгэгдэж, нэхэмжлэгчийн эрхэлж байсан орон тоо хасагдсан учир түүнийг ажлаас чөлөөлж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, нийгэм халамжийн хэлтэст шилжүүлсэн” гэж марган нэхэмжлэгчийн нэмэлт баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн эс үйлдэхүй гаргасан нь тогтоогджээ. Иймд, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны даргын албан тушаалд томилуулах арга хэмжээ авахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчөөгүй байна.

14. Гэтэл анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, ажлын байрны тодорхойлолтыг харьцуулж, адил албан тушаалын 2 орон тоо нэг болж цөөрсөн, хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгч нь Л.Цийг ажилд томилсон тушаалтай маргаагүй тул зохих албан тушаалд томилохыг даалгах нь зүйтэй гэх мэтээр нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

15. Харин, нэхэмжлэгч З.Ү нь Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаал /тухайн албан тушаалын ангилал, зэрэглэл ахлах түшмэл, ТЗ-7/-д томилогдон ажиллаж байсан, нэхэмжлэгчийн маргаж буй шинээр бий болсон Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгчийн эрхэлж байсан нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой чиг үүрэг хэвээр хадгалагдсан боловч хөдөлмөр эрхлэлттэй холбоотой чиг үүргүүд нэмэгдэж, албан тушаалын ангилал, зэрэглэл нь дэс түшмэл, ТЗ-8 болсон, мөн уг албан тушаалын шинэ орон тоонд Л.Ц сонгон шалгаруулалтын журмаар томилогдсон байна. Эдгээрээс дүгнэхэд тухайн албан тушаалд нэхэмжлэгчийг шууд томилох боломжгүй, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны даргын албан тушаалд томилуулах арга хэмжээ авахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлийг бууруулаагүй буюу түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэхээр байх тул энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

16. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн” хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       М.БАТСУУРЬ

                                 ШҮҮГЧ                                                             Б.МӨНХТУЯА