Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2019/00980

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бадралын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00777дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Бадралын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т холбогдох

 

Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, өмнөх байдалд нь эгүүлэн оруулахыг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Бадрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ундрал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хан-Уул дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт 2012 онд орон сууц барих зориулалтаар 50.000 м.кв газрыг авч, дуудлага худалдааны үнэд 66.000.000 төгрөг, газрын төлбөрт 17.600.000 төгрөг төлсөн. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжаар олгогдсон гэрчилгээний дугаар 0392386, нэгж талбарын дугаар 18634302522327 эзэмшдэг. Гэтэл ТОСК-ийн захиалгаар баригдаж буй Буянт-Ухаа-2 хорооллын цахилгааны хангамжийг шийдвэрлэх зориулалт бүхий 10 кв цахилгааны 2 хос шугамыг Шинэ яармагийн 110/35/10 дэд станцаас миний эзэмшил газрын доогуур байх бөгөөд энэ талаар 2016 оны 4 сард мэдэж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Эрчим хүчний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэгт хандсан. Эрчим хүчний газар бидний хүсэлтийн дагуу холбогдох шалгалтыг хийж, уул газарт хэн, юу татсаныг тодруулж өгсөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дурдсан цахилгааны шугамыг батлагдсан трассыг зөрчиж татсаныг судлан тогтоож, улмаар энэ асуудлаар холбогдох газарт хандаж, буруутай этгээдээс нөхөн төлбөр төлүүлэх эрхтэй гэсэн хариуг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 02-02/252 дугаар албан бичгээр өгсөн. Миний эзэмшлийн газар доогуур ийнхүү цахилгааны шугам татсан нь эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглах боломжийг ихээхэн хэмжээгээр алдагдуулж хохироож байна. Иймд ийнхүү бидний эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах эрхийг зөрчсөн Төрийн орон сууцны корпорацийн хууль бус үйл ажиллагааг Иргэний хуулийн 9.4.2-т заасан дагуу таслан зогсоож, эзэмшлийн газраар дайран өнгөрсөн цахилгааны шугамыг зайлуулан, газрыг өмнөх байдалд нь эргүүлэн оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т хууль бус эзэмшлээс Д.Бадралын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18634302522327 дугаартай, 50.000 м2 талбай бүхий газрын 787,3 м2 талбайг чөлөөлж, уг газарт байрлуулсан 316,6 м урттай, 4 хос цахилгаан дамжуулах шугамыг зайлуулж, газрыг өмнөх байдалд сэргээхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазар Буянт-Ухаа 2 хорооллын 3 000 айлын орон сууцны хорооллын захиалагчаар ажиллах явцад тус хорооллын цахилгааны шугамыг өргөтгөх зайлшгүй шаардлагаар Шинэ яармаг орон сууцны хорооллоос татахаар техникийн нөхцөл нь эрх бүхий байгууллагаас олгогдсон. Гүйцэтгэгч байгууллага нь олгогдсон техникийн нөхцөлийн хүрээнд эрх бүхий байгууллагаас кадастрын зөвшөөрөл авсны дагуу цахилгааны шугам явах зургийг зурж гүйцэтгэсэн. Цахилгааны шугам явж байгаа тэр хавийн газарт нийтийн эзэмшлийн зам талбай гаргахгүйгээр газар олгосон байсан. Иргэн Д.Бадрал нь тухайн үед газраа зориулалтын дагуу ашиглаагүй, хашаа хайс хийгээгүй, тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсан. Иймээс тухайн газрын зах хязгаар хаагуур явж байгаа нь ойлгомжгүй тодорхойгүй байсан тул бид хамгийн боломжит хувилбараар трассын шугамаа явуулсан. Нэхэмжлэгч Д.Бадрал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, цахилгааны шугам хийж байх үед газраа зориулалтын дагуу ашиглаагүй байсан тул эрх нь ямар байдлаар яаж зөрчигдсөн нь тодорхой бус, 2 хос цахилгааны шугамыг хашаа хайс барих хөвөөтэй ойролцоо явсан тул нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглахад ямар нэгэн байдлаар саад болохооргүй байгаа. Тухайн шугам явсан хэсэгт хүний зам талбай, зүлэгжүүлэлт хийж газраа 100 хувь ашиглах бүрэн боломжтой тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Зохигчид маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан эвлэрлийн гэрээ ирүүлснийг давж заалдах шатны шүүхээс батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.Бадрал нь эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, өмнөх байдалд нь эгүүлэн оруулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ эс зөвшөөрч маргасан байдаг.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид дараах нөхцөлөөр эвлэрч хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Үүнд; хариуцагч нь Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын цахилгаан хангамжийг өргөтгөх зорилгоор Шинэ яармаг орон сууцны хорооллоос татахдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Бадралын эзэмшлийн 18634302522327 нэгж талбарын дугаартай 50 000 м.кв газрын 787.3 м.кв талбайг хамарсан 316.6 метр урттайгаар 10 кВ-ын 2 хос цахилгааны шугамыг дайран өнгөрүүлсэнд нөхөн төлбөр болох 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь хууль тогтоомжид, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй тул талуудын эвлэрлийг шүүхээс батлах хуулийн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигч харилцан тохирч, хариуцагч нь Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын цахилгаан хангамжийг өргөтгөх зорилгоор Шинэ яармаг орон сууцны хорооллоос татахдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Бадралын эзэмшлийн 18634302522327 нэгж талбарын дугаартай 50 000 м.кв газрын 787.3 м.кв талбайг хамарсан 316.6 метр урттайгаар 10 кВ-ын 2 хос цахилгааны шугамыг дайран өнгөрүүлсэнд нөхөн төлбөр болох 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.ЦОГТСАЙХАН