Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 777

 

  

 

                                                         

 

 

   

 

 

2019 оны 4 сарын 02 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00777                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТОСК” ТӨҮГ холбогдох,

Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, өмнөх байдалд нь эргүүлэн оруулахыг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: Би Хан-Уул дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт 2012 онд орон сууц барих зориулалтаар 50.000 м2 газрыг авч, дуудлага худалдааны үнэд 66.000.000 төгрөг, газрын төлбөрт 17.600.000 төгрөг төлсөн. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 сарын 13-ны өдрийн А/420 дугаар Захирамжаар олгогдсон гэрчилгээний дугаар 0392386, нэгж талбарын дугаар 18634302522327 эзэмшдэг. Гэтэл ТОСК-ийн захиалгаар баригдаж буй Буянт-Ухаа-2 хорооллын цахилгааны хангамжийг шийдвэрлэх зориулалт бүхий 10 кв цахилгааны 2 хос шугамыг Шинэ яармагийн 110/35/10 дэд станцаас миний эзэмшил газрын доогуур байх бөгөөд энэ талаар 2016 оны 4 сард мэдэж, НЕТГ, Эрчим хүчний газар, НМХГ зэрэгт хандсан. Эрчим хүчний газар бидний хүсэлтийн дагуу холбогдох шалгалтыг хийж, уул газарт хэн, юу татсаныг тодруулж өгсөн. НМХГ дурдсан цахилгааны шугамыг батлагдсан трассыг зөрчиж татсаныг судлан тогтоож, улмаар энэ асуудлаар холбогдох газарт хандаж, буруутай этгээдээс нөхөн төлбөр төлүүлэх эрхтэй гэсэн хариуг 2016 оны 7 сарын 27-ны өдөр 02-02/252 дугаар албан бичгээр өгсөн. Миний эзэмшлийн газар доогуур ийнхүү цахилгааны шугам татсан нь эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглах боломжийг ихээхэн хэмжээгээр алдагдуулж хохироож байна. Энэ асуудлаар бид ТОСК-д хандсан боловч өнөөдрийг хуртэл ямар ч арга хэмжээ авсангүй, тодорхой хариу ч өгсөнгүй. Иймд ийнхүү бидний эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах эрхийг зөрчсөн ТОСКйн хууль бус үйл ажиллагааг Иргэний хуулийн 9.4.2-т заасан дагуу таслан зогсоож, эзэмшлийн газраар дайран өнгөрсөн цахилгааны шугамыг зайлуулан, газрыг өмнөх байдалд нь эргүүлэн оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийтийн хэрэгцээний үүднээс хийсэн ажил учраас 1 хүний эрх ашгийг харгалзаж үзэх шаардлага байхгүй гэдэг. 1 хүний эрх ашгаас нийт хүний эрх ашиг хамаардаг. Газрыг эзэмшилдээ авахдаа дуудлага худалдаагаар ороод зохих хэмжээний мөнгө төгрөгийг төлөөд авсан. Д.Б жил бүр газрын төлбөрийг төлөөд газар эзэмших асуудлаар ямар нэг зөрчил гаргаагүй. Газар хэдийгээр төрийн өмчлөлд байдаг ч гэсэн иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газар хуулиар хамгаалагдсан байдаг. Жишээ нь дараагийн этгээд газар эзэмших хүсэлт гаргахад бусдын газартай давхцаж байгаа эсэхийг заавал тогтоож байж олгодог журам үйлчилдэг. Улсын тусгай хэрэгцээнд авах шаардлагатай бол газар эзэмших эрхийг түр буцааж авч болно. Буцааж авах асуудал хууль дүрмийн үндсэн дээр явагддаг. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд газрыг тусгай хэрэгцээнд авах болсон бол нөхөх олговрыг өгөх, эсхүл өөр газраар сольж авдаг, газрыг тусгай хэрэгцээнд аваад нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлвөл газар эзэмшигчийн эрх дуусгавар болдог. Энэ газрыг тусгай хэрэгцээнд аваагүй, авсан бол бид булаацалдахгүй. Гэтэл газрыг тусгай хэрэгцээнд аваагүй, ямар нэг нөхөн олговор төрөөс авах талаар яригдаагүй тул Д.Бын газар, түүний эзэмшилд байгаа гэдгийг нотолсон баримтаа өгсөн. Газар эзэмших эрх 2017 онд 15 жилээр сунгагдсан. Мэргэжлийн хяналтын албан бичиг болон бусад баримтаар хариуцагч цахилгаан хос шугам тавихдаа нэхэмжлэгчийн эрх зөрчсөнийг нотлоно. Хариуцагч энэ ажлыг хийхдээ эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Б нь “ТОСК” ТӨҮГ-т холбогдуулан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, өмнөх байдалд нь эргүүлэн оруулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр минь хууль бусаар шугам татсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчид шүүхээс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх үүрэг тайлбарласан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцов.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т иргэний эрх зүйн хамгаалалтыг эрх зөрчигдсөн үйлдлйиг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар хамгаалахаар зохицуулжээ.

 

Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нарт холбогдох, 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн Д.Б нарт холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхцсан хэсгийг илт хууль болохыг тогтоолгох тухай А.Хашчулуу, Д.Алтанцэцэг нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Хан-Уул дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт Д.Б нь нэгж талбарын 18634302522327 дугаартай, 50000 м2 талбай бүхий газрыг эзэмшдэг болох нь 000322021 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, газрын төлбөр төлсөн тухай мөнгөн шилжүүлэг, банкны орлогын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж зааснаар нэхэмжлэгчийг шударга эзэмшигч гэж үзэх юм.

 

Хариуцагч нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд “Буянт ухаа 2” орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхдээ “Шинэ яармаг”-ийн 110/35/10 кв-ын дэд станцын 10 кВ-ын 2 хос цахилгаан дамжуулах кабель шугам татах барилга угсралтын ажплын явцад Д.Бын эзэмшлийн 50.000 м2 талбай бүхий газраас 316,6 м урттайгаар 787,3 м2 талбай бүхий газарт цахилгаан дамжуулах шугам байрлуулсныг Газар зохион байгууулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/156 тоот шинжээчийн дугнэлтээр тогтоосон болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/00986 дугаар шийдвэрээр нотлогдож байна.

 

Хариуцагч нь “Буянт ухаа2” орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхдээ 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боловсруулсан цахилгаан дамжуулах шугамын трассыг өөрчилсөн тухай нэмэлт ажлын зургийг эрх бүхий байгууллагаар шалгуулж, баталгаажуулаагүй нь 2008 оны Барилгын тухай хуулийн 15.1.6, 13.2, 13.5-д заасныг зөрчсөнийг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримт гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзэмшилд 50000 м2 талбай бүхий газар байгаа боловч эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд 316,6 м урттайгаар 787,3 м2 талбай бүхий газарт цахилгаан дамжуулах шугам байрлуулсан нь саад болж байх тул эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, өмнөх байдалд нь эргүүлэн оруулахыг арилгуулахаар шаардах эрхтэй шаардах эрхтэй ба хариуцагч “ТОСК” ТӨҮГ нь уг газрыг чөлөөлж, кабель шугамыг буулган авах үүрэгтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан “ТОСК” ТӨҮГ-т хууль бус эзэмшлээс Д.Бын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18634302522327 дугаартай, 50.000 м2 талбай бүхий газрын 787,3 м2 талбайг чөлөөлж, уг газарт байрлуулсан 316,6 м урттай, 4 хос цахилгаан дамжуулах шугамыг зайлуулж, газрыг өмнөх байдалд сэргээхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

    

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ссссссссссссс

 


сссс