Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01538

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01538

 

 

 

Ч.Э -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01282 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Э гийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/2019/08100 дугаар захирамжаар Ч.Э гаас 50 000 000 төгрөгийг гаргуулж Б.Э д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад нь Хан-Уул дүүргийн 11 үгээр хороо, Зайсан, Ар зайсан гудамж, 103 дугаар байрны 2 тоот 94.33 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 252 858 800 төгрөгөөр үнэлсэн байна. Тухайн орон сууц нь хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, материал хийц сайтай зах зээл дээр 360 000 000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа байр юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд 380 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн. Төлбөр төлөгчийн төлөх төлбөрийн дүн 50 000 000 төгрөг байдаг. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/Ш32019/08100 дугаар захирамжаар Ч.Э гаас 50 000 000 төгрөг гаргуулж Б.Э д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул Ч.Э гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038888 дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжпэн, хураасан.

Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэхэд төлбөр төлөгч Ч.Э 380 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч 80 000 000 төгрөгөөр үнэлж, харилцан тохиролцоогүй тул 2020 оны 122 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд орон сууцыг 252 858 800 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг мэдэгдэхээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 4/6582 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Э гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Хөрөнгө эстимейт ХХК-ийн үнэлгээтэй холбоотой хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус орон сууц хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, материал хийц сайтай, зах зээлд 360 000 000 төгрөгөөр худалдаалагддаг бөгөөд, Хөрөнгө эстимейт ХХК-ийн үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилуулахаар шүүх хуралдааны явцад хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангаагүй, хуралдааныг цааш үргэлжлүүлсэн.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байх бөгөөд шүүгч талуудын тэгш байдлыг хангаагүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/08100 дугаар захирамжаар Ч.Э нь 50 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийн хамт 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулсан байна. /хх28/

Төлбөр төлөгч Ч.Э шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүгчийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2019/10480 дугаар захирамж, мөн өдрийн 942 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Долдугаар бүлгээр зохицуулсан төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах журмыг зөрчжээ.

 

Тодруулбал, хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна гэж заасан байна. Ингэхдээ эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк эрх бүхий этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлсээс төлбөрийг гаргуулахаар, мөн төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлого нь түүний хадгаламжийн болон харилцах дансанд ордог бол суутгаж болох орлогыг хасаж, бусад хэсгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэх-ээр мөн зүйлийн 86.2, 86.3 дахь хэсэгт тус тус журамласан бөгөөд 86.4-т төлбөр төлөгч иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна гэж тогтоожээ.

Хэрэгт авагдсан Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс үзвэл хариуцагч байгууллага нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 19291070/180 дугаар тогтоол гаргасан байх боловч уг тогтоолын дагуу ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй. /хх-32/ Мөн дээрх хуулийн 82 дугаар зүйлийн 86.2, 86.3 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулсан боловч 86.4-т заасан тохиолдол бий болж 86.1-д заасан төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгөөс төлбөрийг гаргуулах шаардлага үүссэн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг нэхэмжлэгчээс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахдаа дээрх хуулиар тогтоосон журмыг зөрчиж, түүний үл хөдлөх эд хөрөнгийг шууд битүүмжлэн, хураан авч, улмаар эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоохоор шинжээч томилон, үнэлгээ хийлгэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчснөөс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч Ч.Э гийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01282 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 үгээр хороо, Зайсан, Ар зайсан гудамж, 103 дугаар байрны 2 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Э д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД