Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2020/01282

 

2020                05            13

                             183/ШШ2020/01282

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Э-гийн нэхэмжлэлтэй,

                                                                                                                  

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Миний бие Ч.Ч.Эгаас 50 000 000 төгрөгийг гаргуулж Б.Э олгохоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/2019/08100 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн юм. Уг захиражийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад нь 3 өрөө орон сууцыг 252 858 800 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээнээс 50 хувь хямдруулж албадаж худалдан борлуулдаг гэж тайлбарласан бөгөөд энэ нь зах зээлийн үнэлгээнээс хамаагүй хямд болох тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай орон сууц хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, материал хийц сайтай зах зээл дээр 360 000 000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа байр болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 3 өрөө орон сууцыг 252 858 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д "Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж зааснаар шүүхэд гаргаж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд 380 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн. Шинжээч нь 380 000 000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 130 000 000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгчийн төлөх төлбөрийн дүн 50 000 000 байдаг. Хэдийгээр албадан ажиллагаа боловч энэ үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/Ш32019/08100 дугаар захирамжаар Ч.Ч.Эгаас 50 000 000 төгрөг гаргуулж Б.Энхжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул Ч.Ч.Эгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү... дугаарт бүртгэлтэй .....  2 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 180/01 дугаар тогтоолоор битүүмжпэн, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19291070/02 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэхэд төлбөр төлөгч Ч.Ч.Э 380 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч 80 000 000 төгрөгөөр үнэлж, харилцан тохиролцоогүй тул 2020 оны .... дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй  2 тоот орон сууцыг 252 858 800 төгрөгөөр үнэлэгдснийг төлбөр төлөгч төлбөр авагч нарт 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ......  дугаар мэдэгдлийг хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны ..... дугаар мэдэгдэл, 2020 оны 4/03 дугаар тогтоолыг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч Ч.Ч.Э нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/Ш32020/04398 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Ч.Э нь хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөржээ.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 2 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцны өмчлөгч нь Ч.Ч.Э байх бөгөөд Б.Э, Ч.Ч.Э нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ байгуулсан байна. 

 

Зээлдэгч Ч.Ч.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Б.Э-нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/08100 дугаар захирамжаар Ч.Ч.Эгаас 50 000 000 төгрөг гаргуулахаар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.   

 

Дээрх захирамжид шүүх Б.Э-ын хүсэлтээр, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ... тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Н газар уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 180/01 дүгээр эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор Ч.Ч.Эгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 2 тоот хаягт байрлах, ... 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгснөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 122 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

“Х” ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, улсын бүртгэлийн -... дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ цэнийг 252 858 800 төгрөг тогтоосон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нь зах зээлийн үнэлгээнээс хамаагүй хямд болох тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай орон сууц хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, материал хийц сайтай зах зээл дээр 360 000 000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа байр” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.  

 

Иймд дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Ч.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ