Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2018/00101

 

 

*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч

*******,

******* нарт холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00709 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

2017 оны 11 дүгээр сарын 24-ний 1024 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Р.Эрдэнэболд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* Орхон аймгийн засаг даргын тамгын газраас 130 сая төгрөг авах ёстой байсан. Шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудас хүргэгдсэн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэгч Эрдэнэхүүд материал маань байсан. Ингээд энэ мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага авч өгч чадахгүй мөнгө орж ирэхгүй байсан. Гэтэл Б.Энхсоёл гэх эмэгтэй биднээс 30 сая төгрөг авах ёстой байсан. Б.Энхсоёл бидэнтэй уулзаад шийдвэр гүйцэтгэгч Энхцэцэгийн өрөөнд одоо 130 саяыг чинь бүтээх гээд байна. Тэгэхээр би та нараас 22 сая төгрөг авах ёстой юм шиг баримт бүрдүүлье. 22 саяыг өгье гээд хэлчих. Эвлэрлийг баталсан захирамж гардаг юм. 130 саяыг орж ирэхээр 22 саяыг өгөхгүй гээд итгэхгүй байна. Та хоёр эвлэрлийн гэрээ хуурамчаар хийгээд үзүүлье гэж хэлсэн. Ингээд Б.Энхсоёлд ямар ч мөнгө өгөх ёсгүй. Бид нарын хооронд ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Б.Энхсоёлд мөнгө өгөх ёсгүй. Энэ эвлэрлийн зүйл хуурамч байсан. Үүний дараа ямар ч хүнээс гуйх шаардлагагүй бид нарын дансанд мөнгө сайн дураар шилжигдэж орсон юм. Гэтэл энэхүү хуурамч баримтыг үндэслэн биднээс энэ мөнгийг авах хуурамч ажиллагаа явуулж байна. Б.Энхсоёлд ямар ч мөнгө өгөх ёсгүй. Энэ 130 сая төгрөгийг бүтээж өгье гэдэг саналыг Энхцэцэг гаргасан юм. Энэ гэрээг хийчих гэсэн. Энэ баримтын дагуу хохирч болзошгүй гэж бодоод Б.Энхсоёлд энэ баримтыг хүчингүй болго гэсэн. Баримтын дагуу шийдвэр гүйцэтгэгч Энхцэцэг бид нарыг төлөх ёсгүйг мэдэж байсан учир Б.Энхсоёлоос тодорхойлолт хийлгүүлж авсан байсан. Бид нар Энхцэцэгийг энэ баримт хуурамч гэдгийг чи гэрчилнэ гэж шахсан тул баримтыг гаргаж өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах ёсгүй. Бид Б.Энхсоёлд мөнгө төлөх ёсгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05446 дугаартай шүүгчийн захирамжаар 1024 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Энэ гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Гомдол гаргасан хууль зүйн үндэслэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д Гомдолд ямар аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн шийдвэр, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заана гэж заасан. Тэгэхээр хавтаст хэрэгт ямар баримт байгаа вэ? гэхээр 1024 дугаартай гүйцэтгэх хуудас, үүнийг баталгаажуулсан 05446 дугаартай шүүгчийн захирамж, 350 дугаартай эвлэрлийн гэрээ, 5397 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, мөн гуравдагч этгээд Б.Энхсоёлын тодорхойлолт байгаа. Энэ тодорхойлолтод 350 дугаартай эвлэрлийн гэрээний дагуу *******аас 22 сая төгрөг авсан болно гэсэн утга агуулгатай тодорхойлолт байгаа. Үүнээс үзвэл гүйцэтгэх хуудас нь хууль бус бичигдсэн гэж үзэж байна. Учир нь Б.Энхсоёл, ******* нарын хооронд ямар нэг өр төлбөр байгаагүй юм байна. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Энхсоёл төлбөр тооцоо дууссан юм гэж тодорхойлолт бичиж өгсөн байгаа нь нотлогдож байна. Мөн Орхон аймгийн *******ны шийдвэр гүйцэтгэгч Энхцэцэг 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр *******, Б.Энхсоёл хоёрын хооронд ямар асуудал үүссэн талаар дэлгэрэнгүй гэрчийн мэдүүлэг өгсөн.

Хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж тайлбар ирүүлээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичигдсэн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү? гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ямар баримт хавсаргаж өгсөн бэ? гэхээр Орхон аймгийн *******ны ахлах шийдвэр гүйцэтгэгчид гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү? гэж гомдол гаргаж байсан. Гомдлын хариуг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 0/01 гэсэн дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоол гаргаж өгсөн. Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан нь хуульд нийцэж байна гэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. О.Энхсаруул 350 дугаартай Эвлэрлийн гэрээний дагуу *******аас 22 сая төгрөг авсан болно гэж яагаад тайлбар өгөхгүй байгаа юм. Яагаад Б.Энхсоёлын мөнгө авсан талаар ярихгүй байгаа юм бэ? ******* эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дараа 22 сая төгрөгийг төлсөн. Б.Энхсоёл энэ мөнгийг авч ******* бид хоёрын дунд ямар нэгэн тооцоогүй болсон гэдгээ бичиж өгсөн. Б.Энхсоёл энэ бичиж өгсөн тодорхойлолт дээрээ маргахгүй байгаа. Хамгийн гол нь энэ тодорхойлолт болон гэрч Энхцэцэгийн мэдүүлэг дээр үндэслэж нэхэмжлэл гаргасан. Энэ бичиг дээр тайлбар өгч маргахгүй байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 350 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Тиймээс манай байгууллагын зүгээс ямар нэг байдлаар гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, нэмэлт өөрчлөлт оруулах эрх бүхий байгууллага биш. Манай байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 20 дугаар зүйлүүдэд заасан баримт бичгийн бүрдүүлбэр, түүнд тавигдах шаардлагыг хангасан гүйцэтгэх хуудсыг хүлээн авч ажиллагаа явуулдаг. Тиймээс манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагыг биелүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/2204 албан бичгээр Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Орхон аймгийн Сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаартай шүүгчийн захирамжаар *******аас 22 сая төгрөг гаргуулж Б.Энхсоёлд олгуулахаар шийдвэрлэсний дагуу 2017-2017 оныг дуусталх хугацаанд гүйцэтгэх хуудас бичигдэж Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсэн эсэх талаар лавлагаа ирүүлнэ үү? гэж хандсан байдаг. Энэ албан бичгийн дагуу Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас манайх руу албан бичиг ирүүлсэн байна. 2017 оны 357 дугаартай албан бичгээр тус газраас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/2204 дугаартай албан бичгийн дагуу шүүж үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр авагч Б.Энхсоёл тус шүүхэд хандаж хүсэлт гаргаж 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр албадан гүйцэтгүүлэх хуудас бичүүлж авсан байна. Өмнө нь ямар нэг байдлаар ******* гэж хүн тус шүүхэд хандаж байгаагүй юм байна. Манайх анх удаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр ирсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болно.Тиймээс хууль бус ажиллагаа хийгдээгүй гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нийтдээ 3 удаа өөрчилж гаргасан. Сүүлийн нэхэмжлэлийн шаардлага нь гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох гэж гаргасан. Энэ нь ямар учиртай гүйцэтгэх хуудас юм бэ? гэхээр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэнгээс олгосон 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1024 дугаартай гүйцэтгэх хуудас байгаа. Гүйцэтгэх хуудас бичигдэх болсон үндэслэл нь Б.Энхсоёл, ******* нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан уг эвлэрлийн гэрээг баталж тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 530 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарч тэр захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдсэн. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараагаар уг гүйцэтгэх хуудас бичигдэх үндэслэл болсон 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаартай шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт өгөөд тэр хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хянан 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хурлаар хэлэлцэж нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол гаргасан. Уг тогтоолыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. ******* уг захирамжийн дагуу төлөх ёстой байсан 22 сая төгрөгийг өгөхгүй байсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж уг хүсэлтийн дагуу шүүхээс гүйцэтгэх хуудас бичиж өгсөн. Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүгчийн захирамжийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч хуулийн дагуу үйлчилж түүнийг хүчингүй болгох шийдвэр, тогтоол гараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэлийг заасан. Уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-ээс 20.1.9 дах хэсэгт хүртэл гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлагын талаар заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дах хэсэгт Гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч түүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тогтоол гарган гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүхэд буцаана гэж заасан. Уг гүйцэтгэх хуудас бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж ахлах шийдвэр гүйцэтгэгч буцаах үндэслэл байна уу? гэдгийг нь хянаж үзээд тийм үндэслэл байхгүй байсан тул тухайн гүйцэтгэх хуудас дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Хэрвээ нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус эхлүүлж, эрх ашиг сонирхлыг нь зөрчиж байна гэж үзвэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн тогтоолд гомдол гаргах боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт Энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргана гэж заасан. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх хуудас маань хууль тогтоомжид заасан журмын дагуу бичигдэж ажиллагаа хийгдсэн байхад сүүлд нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Дараагаар нь нэхэмжлэгч тал эвлэрлийн гэрээ бодитой гэрээ биш юм гэж ярьдаг. Гэхдээ эвлэрлийн гэрээнд ******* гэж хүн өөрөө ирж хэн нэгний дарамт, шахалтгүйгээр, сайн дураараа 22 сая төгрөгийг төлнө гэж баталгаажуулж гарын үсэг зурч шүүгчийн захирамж гаргасан. Сүүлд нь үүнийгээ хүлээн зөвшөөрхгүй тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00709 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгч ******* нарт холбогдох Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 1024 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157-р зүйлийн 157.2-т заасанчлан гомдлоор шийдвэрлүүлэхээр өөрчилсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157-р зүйлийн 157.2-т Гомдолд ямар аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн шийдвэр, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заана" гэсний дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.11.24-ний өдрийн шүүхийн шийдвэр албадан биелүүлэх тухай 142/Ш32017/05446 дугаартай захирамжаар 1024 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр төлөх учиргүй 22.0 сая төгрөгийг төлөх болсноор нэхэмжлэгч *******ын хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж байгаа юм.Үүнд: Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо: "Хуулиар гүйцэтгэх хуудсыг дахин олгох, түүнийг үрэгдүүлсний хариуцлагын талаар зохицуулснаас биш шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамжийн үндсэн дээр бичигдсэн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох тухай хуулийн зохицуулалт байхгүй гэсэн утгатай дүгнэлтийг хийжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр бүлэгт: Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зохицуулсан заалтууд байх бөгөөд мөн хуулийн 156-р зүйлийн 156.2-т: "гомдлоор авч хэлэлцэх хэргийг шүүх энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу хэлэлцэнэ" гэжээ.Гэтэл шүүх хуульд заасан зохицуулалт байхгүй гэсэн дүгнэлтийг хийсэн явдал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон дүгнэлт болжээ.

Иргэний хуулийн 4-р зүйлийн 4.1-д: "Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ" гэсэн ч дүгнэлт хийсэнгүй. Шүүхэд гаргасан гомдлоо нотолсон баримт ирүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэгэнт хэрэгт авагдчихсан байсан нотлох баримтуудыг давхардуулан гаргаж өгөх шаардлагагүй бөгөөд шаардлагын үндэслэлээ болгож байгаа баримтуудаа тайлбарласан. Шүүх *******ын шаардлагынхаа үндэслэл болгож байгаа бие дааж шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхсоёлтой 2015.11.17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, түүнийг баталгаажуулсан шүүгчийн 2015.11.20-ны өдрийн 5397 дугаартай шүүгчийн захирамж, Б.Энхсоёлын өөрийн гараар бичсэн тодорхойлолт гээд: 2015.11.17-ны 350 тоот эвлэрлийн гэрээний дагуу *******аас 22 сая төгрөг авсан болно. Тодорхойлолт бичсэн Б.Энхсоёл 2015.11.24 гэсэн утга бүхий бичвэр, шүүхэд гэрчээр оролцсон С.Энхцэцэгийн мэдүүлэг зэргүүдийг огт үнэлэлгүй орхилоо. Мөн нотлох баримтаас ч хассангүй, яагаад үнэлээгүй болохоо ч дурьдсангүй. *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заажээ. Нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157-р зүйлд заасанчлан гомдол гаргаж байгаа тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийг төлөхөөс чөлөөлөгдөхөөр хуульчилсан бөгөөд хэрэв Улсын тэмдэгтийн хураамж төлсөн бол буцаан олгохоор заасан байхад шууд улсын орлого болгохоор шийдвэрлэсэн явдал нь мөн л нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл боллоо. Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.7-т:" бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэжээ.Энэ заалт нь иргэний эрхийг хамгаалсан нэг хамгаалалтын нэг арга юм. Иймд дээрх шийдвэртэй хэргийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь *******, шийдвэр гүйцэтгэгч ******* нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1024 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилж шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгч ******* нарт холбогдох Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 1024 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхсоёл нь *******аас 22 сая төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж, нэхэмжлэгч ******* 22 сая төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тэдний хооронд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 350 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулагдаж, шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаар захирамжаар баталгаажсан байна.

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5446 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1024 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаад 2018 оны 02 дугаар сарын 13 ны өдрийн 868 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаар захирамж болон 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1024 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байгаагүй ба дээрх шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байна. Иймд дээрх гүйцэтгэх хуудсыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй юм.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлд зааснаар биш иргэний хуулиар хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүх ...нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэсэн дүгнэлийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00709 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР