Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 213/МА2018/00039

 

 

Н.*******ын нэхэмжлэлтэй О.*******т

 холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 131/ШШ2018/00729 дүгээр шийдвэртэй

 Нэхэмжлэгч *******гийн *******ын нэхэмжлэлтэй

 Хариуцагч *******ийн *******т холбогдох

Байрны урьдчилгаанд өгсөн 3.750.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч *******гийн *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.******* миний бие нь О.*******ын барьсан барилгаас 79.24 м кв 3 өрөө байрыг авах санаатай байрны урьдчилгаанд 5.000.000 төгрөгийг бэлнээр 6.000.000 төгрөгт барилгын материал өгч нийт урьдчилгаанд 11.000.000 төгрөг өгсөн. Тухайн байрны 3 хаалгыг өөрөөсөө мөнгө гаргаж 1 хаалгыг 250.000 төгрөгөөр бодож нийт 3 хаалгыг 750.000 төгрөгөөр худалдан авч суулгасан байсан юм. Бусад нөхцөл шалтгааны улмаас тус байранд орж чадаагүй ба байрны урьдчилгаанд өгсөн мөнгө болон 3 хаалганы үнэ 750.000 төгрөгийг О.******* нь боломж бололцоогоороо төлж барагдуулахаар тохирсон юм. О.******* нь надад нийт төлөх 11.750.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг төлсөн байна. Одоо 3.750.000 төгрөгийг О.*******аас авах дутуу тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Анх хариуцагч О.******* нь 2013 онд өөрийн барьж байсан орон сууцанд мөнгө хэрэгтэй гэх шалтгаанаар 5 сая төгрөгийг биднээс зээлсэн юм. Тэгээд сүүлд нь манай байрнаас худалдаж ав, байрны урьдчилгаа болгож тооцье гээд нэмж 6 сая төгрөгөнд гутал зэрэг барааг авсан юм. Ингээд нийт 11.000.000 төгрөг байрны урьдчилгаанд өгсөн. Дараа нь 2014 оны 04 дүгээр сард бид өөрсдийн худалдан авах гэж байсан байрны хаалгануудаа өөрсдөө мөнгөө гаргаж хийнэ гээд 3 хаалга 750.000 төгрөгөөр худалдан авч суурилуулсан. Ингээд байрны ипотекийн зээл болон байрны м кв зэргээс болоод бид байр худалдан авахаа больсон юм. Тэгээд О.******* нь 11.000.000 төгрөгөө өгнө гэж 2016 оны 06 дугаар сард баталгаа бичиж өгсөн. Ийм учраас урьдчилгаа мөнгөний 3.750.000 төгрөг нэхэмжилж байгаа, хаалганы мөнгө бүрэн төлөгдсөн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2013 онд Баянхонгор сумын 1 дүгээр багт 30 айлын сууц барихад иргэн Н.******* 3 өрөө байр захиалсан боловч 8 хувийн зээл нь бүтээгүйн улмаас байрандаа ороогүй. Байрны урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс 2.000.000 төгрөг төлөөгүй нь үнэн. Харин 1.750.000 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч О.*******аас орон сууцны урьдчилгаа 3.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 62.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

******* миний бие нь О.*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Байрны урьдчилгааны буцаалт нийт 7.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл 4.000.000 төгрөгийг огт өгөөгүй. Энэ нь хэрэгт байх баримтаас харагдаж байгаа болно. О.******* нь байрны урьдчилгаанд өгсөн мөнгийг буцааж бидэнд өгөхдөө байнга урьдчилгаа буцаав гээд данс руу хийж байсан.

Н.Батмөнх бид хоёр тэдний байранд сайн чанарын 3 ширхэг хаалга өөрсдийн мөнгөөр авч суурьлуулсан байсан бөгөөд тухайн байранд орохгүй болж О.*******ынх худалдаж авсан. О.******* нь хаалганы үнэнд 750.000 төгрөг төлөх ётойгоос 1.000.000 шилжүүлсэн тул илүү төлсөн 250.000 төгрөгийг байрныхаа урьдчилгаа мөнгөнд суутгаад үлдэх 3.750.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Гэтэл шүүх хаалганы үнийг Н.******* О.******* хоёрын хоорондын байрны урьдчилгаанд оруулан тооцсонд гомдолтой байна. Хариуцагч О.******* нь шүүхэд уг нь энэ мөнгийг өгөх ёстой мөнгө байгаа юм багасгаад эвлэрвэл эвлэрэх боломжтой талаар амаар хэлсэн байдаг ба түүний дагуу шүүхээс намайг О.*******тай уулзуулах гэж дуудсан боловч О.******* товлосон хугацаанд шүүхэд ирээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс өчнөөн олон жил тухайн мөнгийг ямар ч хүү, ашиггүйгээр түүний эргэлтийн хөрөнгө болгочихоод багасгах боломжгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 131/ШШ2018/00729 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч О.*******аас 3.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ О.*******аас байрны урьдчилгаанд өгсөн 3.750.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоод, үлдэх 750.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.******* нь О.*******ын барьж байгаа орон сууцнаас худалдан авахаар урьдчилгаанд 11.000.000 төгрөг төлсөн, мөн 750.000 төгрөг авахаар тохирч тухайн орон сууцанд 3 хаалга суулгаж өгчээ.

Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Н.*******ад байрны урьдчилгаанд нийт 11.000.000 төгрөг, хаалганы үнэ 750.000 төгрөг тус тус төлөхөөс байрны урьдчилгаанд 7.000.000 төгрөг төлсөн, хаалганы үнэ гэж 1.000.000 төгрөг төлсөн нийт 8.000.000 төгрөгийг төлсөн одоо 3.750.000 төгрөг дутуу болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдан авагч тал худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авахаар хариуцагч О.*******тай харилцан тохиролцсон байна.

Тухайлбал /хх-ийн 5 дугаар тал/ О.*******аас төлбөр төлөх тухай баталгаанд байрны урьдчилгаанд авсан 11.000.000 төгрөгийг 2016 ондоо багтааж төлж дуусгана гэж дурьджээ.

Нэхэмжлэгч Н.*******аас О.*******ын барьж байгаа орон сууцанд 3 хаалгыг өөрийнхөө материалаар хийж суулгаж өгөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгууллагдсан бөгөөд хаалганы үнийг төлсөн байна.

Хариуцагч О.******* нь Н.*******ад байрны урьдчилгааны үнэ 3.750.000 төгрөгийг төлөх үндэстэй байхад анхан шатны шүүх 750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.550 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.        

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 131/ШШ2018/00729 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

“…орон сууцны урьдчилгаа 3.000.000 төгрөг гаргуулж...” гэснийг

“…орон сууцны урьдчилгаа 3.750.000 төгрөг гаргуулж…” гэж,

2 дугаар заалтын “…хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 62.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ад олгосугай..” гэснийг

“…хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 74.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ад олгосугай..” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.550 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

 Г.УЛАМБАЯР