Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 182

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагч Г.Яндаг,

Хохирогч Н.Амгулан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мандхай,

Шүүгдэгч Д.Бямбажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тайж овогт Дашдаваагийн Бямбажавт холбогдох эрүүгийн 1818002810153 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Тайж овогт Дашдаваагийн Бямбажав /РД: ОО92080138/, 1992 оны 8 дугаар сарын 01-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Зурагтын 4-33 тоотод оршин суух, урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Бямбажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Бямбажав нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мицибуши пажеро маркийн 3996 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Төмөр толгой” гэх газар оршин суух иргэн Н.Амгуланы гэрийн гадна байсан агуулахад нэвтэрч 2 шуудайтай 19 кг борц, эмээл 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Бямбажавын өгсөн: Би Шарын гол сум руу явах ажилтай байсан. Тэгээд буцах замдаа өөрийн хэнэггүй зангаас болоод айлын 2 шуудайтай борц, эмээл, суран бугуйл зэргийг хулгайлсан. Би үйлдэл дээрээ баригдсан ба хохирогчийн эд зүйлийг буцааж өгсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Амгуланы өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнө машинтай хүмүүс хулгай хийж явна гэж дуулсан. Тухайн үед би хулгайд эд зүйлээ алдсан гэдгээ мэдээгүй. Тэгсэн амбаараас эмээл, борцоо алдсан байсан. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хонгор сумын хэсгийн төлөөлөгчөөс эд зүйлээ авсан. Нааш, цааш явсан зардлын мөнгө нэхэмжилж байна. Гэхдээ надад баримт байхгүй. Шүүгдэгч нь өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би хүний мууг үзмээргүй байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Үнэлгээний хөлс 20.000 төгрөг, шатахууны 80.000 төгрөг нийт 100.000 төгрөгийг Д.Бямбажаваас нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Г.Тогтохын өгсөн: Би 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гадаа машин ирж байгаа чимээ гарахаар нь хаанаас ирж байгааг нь харахаар гэрээсээ гарсан. Тэгтэл нэг хүн манай илүү гэр лүү ойртоод ирэхээр нь “юун хүн бэ” гэж асуухад “өө энэ уурхайгаас явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямар ажлаар явж байгаа юм бэ? Уулзаж ярилцъя” гэхэд тэр хүн машин руугаа яваад машинаа асаагаад зугтсан. Би араас нь машинаа асаагаад хөөгөөд 6 цагийн үед барьж авсан. Тэгээд “юу хүн бэ?” гэхэд дуугараагүй. Машиных нь хаалгыг онгойлгоход 2 шуудайтай борц байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч Г.Ганболдын өгсөн: ...Тогтох тэр залууг машинаас нь буулгаад яагаад зугтаасныг нь асуутал тэр залуу дуугарахгүй байсан. Тэгээд машиных нь хойд хаалгыг онгойлгоход 2 шуудайтай борц байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч Б.Туяагийн өгсөн: Би 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот явахдаа хүү Д.Бямбажавт Пажеро маркийн 3996 ДАХ улсын дугаартай машинаа үлдээсэн. Тэгээд хотоос ирэхэд манай хүү миний машиныг унаад хулгай хийж яваад цагдаад баригдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч Д.Баярмагнайн “2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Н.Амгуланы монгол гэрийн зүүн талд байсан амбаараас алдагдсан 2 шуудай борц, эмээл 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг зэрэг эд зүйлийг Н.Амгуланд хүлээлгэн өглөө” гэх тэмдэглэл /хх-ийн 12/,

“Капитал зууч” ХХК-ний 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “эмээл 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, борц 19 кг зэрэг эд зүйл нь нийт 1.870.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9-11/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Бямбажавын Пажеро маркийн 3996 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Төмөр толгой гэх газар байрлах Н.Амгуланы амбаараас 2 шуудай борц, эмээл 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Амгуланд 1.870.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь эд зүйлээ буцаан авсан болох нь Цагдаагийн газрын эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12/-ээр нотлогдож байгаа боловч хохирогч нь шүүгдэгчээс хохирлын үнэлгээ хийлгэсний 20.000 төгрөг, уг хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор Дарханд хэд хэдэн удаа ирсэн шатахууны зардалд 80.000 төгрөг, нийт 100.000 төгрөг нэхэмжилж байна.

Хохирогчийн нэхэмжлэлээс хохирлын үнэлгээ хийлгэсэн 20.000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан ба шатахууны баримт хэрэгт авагдаагүй, хохирогч нь баримт гаргаж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 20.000 төгрөг гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлээс 80.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Бямбажав нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгчээс 20.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Д.Бямбажав нь хохирол төлөх зорилгоор завсарлага авч хохирогчид 100.000 төгрөгийн хохирол төлж барагдуулж, хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Н.Амгуланы шүүхэд гаргасан тодорхойлолт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Бямбажав нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Бямбажав нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Дашдаваагийн Бямбажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 20.000 /хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Амгуланд олгож, 80.000 /наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Бямбажавыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Бямбажавт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь хохиролд 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бямбажавт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР