Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 59

 

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

                                                       Б.Манлайбаатар                            

Прокурор                                       Б.Сүрмандах

Шүүгдэгч                                        Д.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ө.Өлзиймаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 182 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-гийн Б-т холбогдох эрүүгийн 1818002810153 тоот, 166/2018/0154/Э индекстэй 1 хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т- овогт Д-гийн Б- /РД: **********/, урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мицибуши пажеро маркийн 3996 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Төмөр толгой” гэх газар оршин суух иргэн Н.А-ы гэрийн гадна байсан агуулахад нэвтэрч 2 шуудайтай 19 кг борц, эмээл 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 182 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Т- овогт Д-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 20.000 /хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.А-д олгож, 80.000 /наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Шүүгдэгч нь хохиролд 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар... шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“..Мөрдөн байцаалтын шатанд Д.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

-Би хулгайн гэмт хэрэгт үйлдсэн учраас энэ хэрэгт яллагдагчаар татагдаж ял сонсож байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ын өгсөн мэдүүлэгт:

- Би Шарын гол сум руу явах ажилтай байсан. Тэгээд буцах замдаа өөрийн хэнэггүй зангаасаа болоод айлын 2 шуудайтай борц, эмээл, суран бугуйл зэргийг хулгайлсан. Би үйлдэл дээрээ баригдсан ба хохирогчийн эд зүйлийг буцааж өгсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Н.А-д 1.870.000 төгрөгийн хохирол учирсэн боловч эд зүйлээ буцээн авсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээс 20.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Д.Б- хохирол төлөх завсарлага авч хохирогчид 100.000 төгрөгийн хохирол өгч барагдуулж, хохирогч Н.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлаас шүүгдэгч Д.Б- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1. 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1  жилийн хорих ялаар тогтоож хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхай  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Д.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол болон хохирогчийн мөрдөн байцаалтад дуудсан, шүүхэд дуудсан замын зардал болох 100.000 төгрөг зэргийг өгч барагдуулсан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тогтоож, хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...182 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасан гэмг хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах талаар тусгах шаардлагыг хангаагүй байх тул хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Б- нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба шүүх мөн машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруугайд тооцсон байна. Гэвч шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизмыг хураах эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зуйлийн 2 дахь заалтаас үзэхэд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ойлгох бөгөөд, мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах үндэслэлтэй байхад анхан шатны шүүх шүүгдэгч Д Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мицибуши пажеро маркийн 3996 ДАХ дугаарын авто машиныг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлд байгаагүй гэж үзвэл тухайн эд зүйлийн үнийг гаргуулах асуудлыг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэп бичив” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-дГэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж зааснаар Д.Б-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Д.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эхнэр минь 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гээд группт тогтоолгосон. Би Төмөрлөгийн үйлдвэрт экскаватор жолооддог байсан, 4 настай хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Б.Сүрмандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураах үндэслэл” гэж заасан. Улсын яллагчийн зүгээс эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д зааснаар “хорих ялыг хөнгөрүүлэх” үндэслэл байна гэж хэлж байгаа боловч хуульд “хорих ялыг хөнгөрүүлэх” гэж байгаа болохоос “заавал хөнгөрүүлнэ” гэж заагаагүй. Хэргийг заавал анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ыг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мицибуши пажеро маркийн 3996 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Төмөр толгой” гэх газар оршин суух иргэн Н.А-ы гэрийн гадна байсан агуулахад нэвтэрч 2 шуудайтай 19 кг борц, эмээл 1 ширхэг, суран бугуйл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчид болон дээд шатны  прокурорын эсэргүүцлийг үндэслэн  хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч Д.Б-ын хулгай хийхдээ ашигласан  мицибуши пажеро маркийн 3996 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байна.

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор мицибуши пажеро маркийн 3996 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгохоор тогтоосон бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээгүй, машиныг улсын орлого болгоогүй байхад дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ дээрх тээврийн хэрэгслийг ашигласан байна. Мицибуши пажеро маркийн 3996 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зэмшигчээр Басангийн Туяа гэх хүн бүртгэгдсэн тул тус тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох үндэслэлгүй байна.

Иймд дээрх тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгосны дараа  хуульд заасан журмын дагуу тухайн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах эсэх асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай. 

2. Шүүгдэгч Д.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                     ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                              Б.МАНЛАЙБААТАР