Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00797

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2019/00797

 

 

С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00667 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М-д холбогдох,

 

7 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сономдэжид

Хариуцагч: М-

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Ариунзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С- нь Тоёото премиа маркийн УБЧ 60-26 улсын дугаартай автомашинаа худалдахаар 2016 оны 1-р сард Да хүрээ зах дээр очтол М- ах нь зараад өгье гэж амаар тохиролцсон тул түүнд автомашинаа үлдээгээд явсан Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр автомашиныг 7 300 000 төгрөгөөр худалдсан гэж хэлсэн боловч одоог хүртэл уг мөнгийг өгөөгүй. Иймд хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би Да хүрээ зах дээр зогсож хуучин автомашин зардаг бөгөөд миний ах болох Б.Ганболд нь орж ирсэн автомашин худалддаг. С- нь надтай садан төрлийн холбоотой бөгөөд 2016 оны 1 дүгээр сард Тоёото премиа маркийн УБЧ 60-26 улсын дугаартай автомашиныг заруулахаар надад авчирч өгсөн. С- нь надаар уг машиныг заруулаад дээр нь мөнгө нэмж гаднаас орж ирсэн автомашин авахаар Б.Ганболд ахтай тохиролцсон байсан.

Би С-ын автомашиныг мөн оны 2 дугаар сард 7 300 000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь ах Б.Ганболдод өгснийг н.Энхтайван, н.Эрдэнэбулган нар гэрчилнэ. С- нь надаар автомашиныг заруулахдаа автомашины шилжүүлэх итгэмжлэлийг Б.Ганболдод хийж өгсөн. Удалгүй Б.Ганболд ах С-т шинээр орж ирсэн тод цэнхэр өнгөтэй Пириус 20 маркийн автомашиныг авч өгсөн бөгөөд С- нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч унасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М-эс 7 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М-эс 131 750 төгрөггаргуулж нэхэмжлэгч С-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх хуралдаан болох өдөр миний 2 бөөр татаж босч явж чадахгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ахаараа өгч явуулсан. Нэхэмжлэгч миний гаргасан тайлбартай холбогдуулан хариу тайлбар гаргасан талаар шүүгчийн туслах манай ахад хэлсэн байдаг. Шүүх намайг нэхэмжлэгчийн хариу тайлбартай холбогдуулан тайлбар гаргах боломжит хугацаа олгоогүй, хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна.

Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Тэр өдрөө шүүхэд хариу тайлбараа бичиж өгсөн. Шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу 2 өдрийн өмнө мэдэгдсэн. Дээрх байдал нь шүүх намайг хуралдаанд өөрийн биеэр оролцож мэтгэлцэх боломжоор хангаагүй. Хууль эрх зүйн мэдлэг муу надад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах болон нэхэмжлэлийн татгалзлаа нотлох боломжит хугацаа олгоогүй гэж үзэж байна.

Хариу тайлбарт бичсэнчлэн н.Энхтайван, н.Эрдэнэбулган нар намайг тус машины мөнгийг өөртөө авч ашиглаагүй болохыг гэрчилнэ. Машин зарах итгэмжлэлийг нэхэмжлэгч нь Б.Ганболдод өгсөн болохыг миний бие тайлбартаа тодорхой дурьдсан. Гэвч шүүх дээрх байдлыг анхаарч үзээгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал нэхэмжлэгч нь Б.Ганболдоос авсан автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан талаар тайлбар гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтаас жинхэнэ хариуцагч нь Б.Ганболд болох нь тодорхой байна. Би өөртөө авч ашиглаагүй мөнгийг нэхэмжлэгчид төлөх болсонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С- нь хариуцагч М-д холбогдуулан 7 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч М-д 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, улмаар нэхэмжлэгч болон хариуцагч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулж /хх 10, 12 дахь тал/, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хэлэлцүүлэх захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагт товолж, товыг хариуцагчид 2 хоногийн өмнө буюу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Түүнээс гадна зохигч нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй байна.

 

Хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар эдлэх эрхийг анхан шатны шүүх хязгаарласан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Тэрээр хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй болно. Түүнчлэн тэрээр хүндэтгэн үзэх шалтгаан болох өвчний улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй болсон талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын тайлбарыг хэргийн бусад баримттай харьцуулан дүгнэж, хариуцагч М- нь нэхэмжлэгч С-ын өмчлөлийн Тоёото премиа маркийн 60-26 УБЧ улсын дугаартай автомашиныг худалдаж өгөхөөр тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

М- нь автомашиныг 7 300 000 төгрөгөөр худалдаж, үнийг Б.Ганболдод шилжүүлсэн, С- нь Б.Ганболдоос Тоёото пириус 20 маркийн автомашиныг авсан боловч буцаан өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Хариуцагч М- нь нэхэмжлэгч С-ын автомашиныг худалдаж, үнийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчаас 7 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА