Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00253

 

Р.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00667 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 797 дугаар магадлалтай,

Р.Сын нэхэмжлэлтэй

Б.Мд холбогдох

7 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Мий гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содномдэжид, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.С нь Тоёото премиа маркийн УБЧ 60-26 улсын дугаартай автомашинаа худалдахаар 2016 оны 1-р сард Да хүрээ зах дээр очтол Б.М ах нь зараад өгье гэж амаар тохиролцсон тул түүнд автомашинаа үлдээгээд явсан Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр автомашиныг 7 300 000 төгрөгөөр худалдсан гэж хэлсэн боловч одоог хүртэл уг мөнгийг өгөөгүй. Иймд хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би Да хүрээ зах дээр зогсож хуучин автомашин зардаг бөгөөд миний ах болох Б.Ганболд нь орж ирсэн автомашин худалддаг. Р.С нь надтай садан төрлийн холбоотой бөгөөд 2016 оны 1 дүгээр сард Тоёото премиа маркийн УБЧ 60-26 улсын дугаартай автомашиныг заруулахаар надад авчирч өгсөн. Р.С нь надаар уг машиныг заруулаад дээр нь мөнгө нэмж гаднаас орж ирсэн автомашин авахаар Б.Ганболд ахтай тохиролцсон байсан. Би Р.Сын автомашиныг мөн оны 2 дугаар сард 7 300 000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь ах Б.Ганболдод өгснийг н.Энхтайван, н.Эрдэнэбулган нар гэрчилнэ. Р.С нь надаар автомашиныг заруулахдаа автомашины шилжүүлэх итгэмжлэлийг Б.Ганболдод хийж өгсөн. Удалгүй Б.Ганболд ах Р.Ст шинээр орж ирсэн тод цэнхэр өнгөтэй Пириус 20 маркийн автомашиныг авч өгсөн бөгөөд Р.С нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч унасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00667 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мэс 7 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Ст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мэс 131 750 төгрөггаргуулж нэхэмжлэгч Р.Ст олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 797 дугаар магадлалаарБаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Нэхэмжлэгч Р.Сын аав Рагчаа нь миний ээжийн ах юм. Рагчаа ах 2018 оны 11-р сарын 22-ны өдөр манайд ирээд “ах нь Ганболдоос болж гэртээ байж сууж чадахгүй байна. Ганболдыг иртэл машин зарсан асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байгаа тул ахдаа машин зарсан гээд бичээд өгчих. Машин заруулсан асуудал чамд ямар ч хамаагүй” гээд гуйгаад байсан учир би өрөвдөөд бичээд өгсөн. Мөн унааны мөнгөгүй гээд байсан тул 50 000 төгрөг өгсөн. Рагчаа ахын эмнэлгийн төлбөрийг төлж хоол цайг нь зөөгөөд явж байсан. Гэтэл миний бичиж өгсөн бичгийг үндэслэн намайг шүүхэд өгсөнд үнэхээр гомдолтой байна. Хариуцагч нь халуун хүйтэнд байнга гадаа зогсдогоос шалтгаалан шүүх хурал болдог өдөр 2 бөөр нь татаж босч явж чадахгүй болсон байдаг. Босч явж чадахгүй болсон учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ахаараа өгч явуулсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдуулан хариу тайлбар гаргасан талаар шүүгчийн туслах ахад нь хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хариу тайлбартай холбогдуулан тайлбар гаргах боломжит хугацаа олгоогүй, хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн байна. 2-т хариуцагч нь 2019.01.25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж аваад тэр өдрөө шүүхэд хариу тайлбараа бичиж өгсөн. Шүүхээс 2019.03.01-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2019.02.27-ны өдөр /2 өдрийн өмнө/ мэдэгдсэн. Энэ нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох боломжит хугацаа олгоогүй гэж үзэж байна. Хариу тайлбарт бичсэнчлэн Энхтайван, Эрдэнэбулган нар нь машины мөнгийг өөртөө авч ашиглаагүй болохыг гэрчилнэ. Жинхэнэ хариуцагч нь Б.Ганболд болох нь тодорхой байна. 2018 оны 12-р сарын 6-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэгчээс итгэмжлэл авсан байдаг ба шүүхэд 2018.12.03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Шүүхээс 2-р сарын 27-ны өдөр хариуцагчид хурлын тов мэдэгдэхдээ “За ойлголоо, хурлаас өмнө очиж тайлбартай танилцана” гэж шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтан дээр тэмдэглэл үйлдсэн байдаг. Гэтэл хариуцагчийн 3-р сарын 1-ний өдрөөр огноолсон тайлбар хэрэгт авагдсан байгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байгааг анхаарч үзнэ үү. Мөн нэхэмжлэгч нь Ганболдоос шинэ машин аваад 1 сар гаруй орчим унасан байдаг. Дээрх байдал нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт болон шүүх хуралдааны тэмдэглэл дээр /уг машиныг 3-4 хоног унаад Б.Ганболдод буцааж өгсөн/ гэх тайлбараар тогтоогдоно. Шүүх Иргэний хуулийн 399-р зүйл буюу Даалгаврын гэрээний дагуу шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 399-р зүйлд “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид ямар нэг хөлс төлөөгүй байгааг анхаарч үзнэ үү. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Р.С нь хариуцагч Б.Мэс 7 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, тайлбар гаргахдаа “...нэхэмжлэгчийн машиныг 7 300 000 төгрөгөөр худалдсан, мөнгийг ах Ганболдод өг гэсний дагуу өгсөн, нэхэмжлэгч нь тэр мөнгөөр Ганболдоос машин худалдан авч, ашиглаж байгаад буцаасан гэсэн, нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргасан байна.

Б.М нь Р.Сын өмчлөлийн Тоёото премиа маркийн 60-26 УБЧ улсын дугаартай автомашиныг худалдаж өгөхөөр тохиролцсон талуудын харилцааг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн бичмэл баримтаар хариуцагч Б.М машиныг худалдсан үнэ 7 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид  өгөх үүрэгтэй болох нь тогтоогдсон байна. Б.М нь 2016 оны 2 сарын 8-нд Р.Сын машин болох 60-26 УБЧ улсын дугаартай тое/прима машиныг 7 300 000 мянган төгрөгөөр зарсан, ...уг мөнгийг Б.Ганболдод өгсөн... гэх агуулга бүхий баримтыг нэхэмжлэгч Р.Ст өгсөн, Б.Ганболд нэхэмжлэлийг хариуцах ёстой гэсэн үндэслэл, нотолгоог хариуцагч шүүхэд гаргаагүй ба хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй болжээ. /хх3/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д  зааснаар Б.М нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

Даалгаврын гэрээний харилцаанд хөлс төлөх үүрэг хууль эсвэл гэрээгээр тохиролцох замаар үүсэх бөгөөд хөлс нь тус гэрээний зайлшгүй гол нөхцөл биш болохыг Иргэний хуулийн 399.1, 399.2-т заасан, “хөлс тохироогүй тул даалгаврын гэрээ байгуулагдаагүй” гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

Хариуцагч нотлох баримтын бүрдэл, үнэлгээ, маргааны үйл баримтын талаар гомдол гаргасан байх ба хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй тул хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00667 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 797 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА