Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 244

 

А.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, С.Төмөрбаатар, Ө.Батболд /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 884 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1244 дүгээр магадлалтай АА.О-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, Д.Тунгалаг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, А.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүх АА.О-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.О-аас 87 214 000 төгрөг гаргуулж хохирогч байгууллага “Ө-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг

хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, С.Төмөрбаатар нар хамтран гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. А.О- нь ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 3 үйлдэл бүхий залилах гэмт хэргийг үйлдсэн талаараа маргахгүй байгаа бөгөөд иргэн Б, Б нарт тус бүр учруулсан 40 000 000 төгрөг буюу нийт 80 000 000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад хохирогч “Ө-” ХХК-д учруулсан 87 214 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй түүнд торгуулийн ял оногдуулах хүсэлтийг амаар болон бичгээр гаргаж өгсөн зэрэг байдлыг харгалзан үзэлгүй ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлсэн шийдвэр болсонд гомдолтой байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ...шийтгэх тогтоол,  магадлалд өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү” гэжээ.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар А.О-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялаас чөлөөлж өгнө үү. Хэдийгээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй гэж зааж Үндсэн хуулийн цэцэд маргаантай байгаа ч шүүгдэгчид ашигтайгаар хэрэглэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд хэлсэн саналдаа “...А.О- нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул заавал хорих ялыг эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн асуудалд маргаж байсан. Харин давж заалдах шатны шүүх хурал болоход хохирлыг төлж дууссан байдаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, С.Төмөрбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн А.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

АО- нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод “Ө-” ХХК-тай “Мах бэлтгэн нийлүүлэх, худалдан авах гэрээ”-г байгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тус компаниас 100 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 12 786 000 төгрөгийн мах нийлүүлж, үлдэгдэл 87 214 000 төгрөгийг,

Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дорнод аймгийн Дашбалбар суманд байгаа их хэмжээний үржлийн малаас хонь, ямаа, тэмээ, үхэр нийлүүлнэ” хэмээн хуурч иргэн Ц.Б-аас 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 25 000 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 000 000 төгрөг,  нийт 40 000 000 төгрөгийг авч, 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 9 191 000 төгрөгийн мах махан бүтээгдэхүүн нийлүүлж, үлдэгдэл 30 809 000 төгрөгийг,

“Дорнод аймгийн хэмжээнд гадаад улс руу гаргах чиглэлээр үржлийн үхэр сүрэг худалдан авахад зориулж санхүүжилт авч хамтран ажиллаж, санхүүжилтийн мөнгөөр 100 эм бяруу худалдан авна” хэмээн хуурч, иргэн Ц.Б-аас 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 6 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 34 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөгийг авч 2015 оны 07 дугаар сарын 22-оос 30-ны өдөр хүртэл 10 000 000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг тус тус буцаан өгөлгүй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан, нийт 148 023 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг бусдад учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэхүү үйл баримтыг хоёр шатны шүүх бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулах буюу “Залилах” гэмт хэрэг гэж дүгнэн, А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, А.О-ын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүхээс А.О-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хянан үзвэл тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх үед бусдад учруулсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн хэсгээ бүрэн төлж, хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэрээсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж хөнгөрүүлэн, ялын хэмжээг 12 сая төгрөгөөр тогтоох боломжтой гэж үзэв.

Иймд А.О-ын шийтгэх тогтоол гарахаас өмнө болон хойно цагдан хоригдсон нийт 298 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 төгрөгөөр тооцож, 12 000 000 төгрөгөөр торгох ялаас 4 470 000 төгрөгийг хасч, үлдэх торгох ялыг эдлүүлэхээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, А.О-ын өмгөөлөгч Д.Тунгалаг, С.Төмөрбаатар нарын хамтран гаргасан ял хөнгөрүүлэх тухай гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 884 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1244 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ын цагдан хоригдсон 298 хоногийн 1 хоног тутмыг торгох ялын 15 нэгж буюу 15 000 төгрөгөөр тооцож, нийт 4 470 000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч биелэгдвэл зохих торгох ялын хэмжээг 7 530 000 төгрөгөөр тогтоосугай.”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, А.О-ыг нэн даруй сулласугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, С.Төмөрбаатар нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хангасугай.

           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ 

                                                                                                                    Ч.ХОСБАЯР