| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 182/2020/00823/И |
| Дугаар | 210/ма2020/01426 |
| Огноо | 2020-06-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 210/ма2020/01426
| 2020 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 210/МА2020/01426 |
Р.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 00-ны өдрийн 182/ШШ2020/01073 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Г-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н-т холбогдох
Анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.
Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2290 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ХГ2019/00470 дугаар тогтоолоор Р.Г-ээс 20 255 591 төгрөгийг гаргуулж э- ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 8б байр 00 тоотод байрлах 40 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц нь охин Баярчимэг, хүү Мөнх-Эрдэнэ бид гуравт ногдох дундын өмчлөлийн хөрөнгө.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар болох охин, хүү хоёрт албан ёсоор танилцуулаагүй, мэдэгдээгүй битүүмжилж улмаар худалдан борлуулсан.
Мөн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэх, үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан эрх байгаа талаар мэдэгдээгүй атлаа албадан дуудлага худалдаануудыг явуулсан. Албадан дуудлага худалдаа явуулах тухай ч мэдэгдээгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчиж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын эрхийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны үнэ тогтоохдоо хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй төдийгүй өмчлөгч нарт мэдэгдээгүй хуулийг зөрчсөн. Энэ нь зах зээлийн бодит үнэлгээ, үнээс доогуур болсон байна. Анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийг худалдан авах санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудалага худалдааг цагаан сарын баярын өмнөх өдөр зохион байгуулсан. Гэтэл хоёр дахь дуудлага худалдаагаар бидний орон сууц зарагдсан нь үнэлгээ хэтэрхий доогуур байсныг гэрчилнэ. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Р.Г-ээс 25 255 591 төгрөгийг гаргуулж э- ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч үүргийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 8б байр 00 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Р.Г-т төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2019 оны 07 сарын 30-ны өдөр гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгийг 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 19271357/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 19271357/5 дугаар хураах тогтоолоор хураасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтооход 102 569 600 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2019 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Р.Г-ийн оршин суугаа хаягаар очиж хүү Г.Мөнх-Эрдэнэд гардуулж төлбөр төлөгчид дамжуулахаар мэдэгдлийг хүлээн авсан. Анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ 102 259 600 төгрөгийн 70 хувь буюу 71 798 720 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон оруулах тухай 2020 оны 1 сарын 7-ны өдрийн 1/6 дугаартай тогтоолыг 2020 оны 1 сарын 9-ний өдөр Р.Г-т гардуулсан. 2020 оны 1 сарын 24-ний өдрийн анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 51 284 800 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон оруулах тухай 2020 оны 2 сарын 4-ний өдрийн 2/4 дугаартай тогтоол, 4/4240 дугаартай мэдэгдлийн хамт Р.Г-т гардуулан өгсөн. 2020 оны 2 сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 53 284 800 төгрөгөөр барьцаа хөрөнгө худалдан борлогдсон тухай 2020 оны 3 сарын 3-ны өдрийн 4/6794 дугаар мэдэгдлээр Р.Г-т мэдэгдсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн орон сууцны өмчлөгч нь нэг хүн бөгөөд, албадан дуудлага худалдааны талаар түүнд байнга мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н-т холбогдох, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай Р.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үнэлгээ хийлгэх, үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан эрх байгаа талаар мэдэгдээгүйгээр өмчлөгч эрхийг ноцтойгоор зөрчсөн, анхны дуудлага худалдаанд оролцогч байгаагүй. 2 дугаар дуудлага худалдааг хуулийн дагуу зохион байгуулсан эсэх нь эргэлзээтэй, учир нь сар шинийн баярын өмнөх өдөр зохион байгуулсан, зах зээлийн үнээс хэт доогуур 51 284 800 төгрөгөөр үнэлэн худалдсан. Дуудлага худалдааг хуулийн дагуу явагдсан эсэх талаар бичлэгийг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Дуудлага худалдааг зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэгч, дуудлага худалдааны ялагчийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шаардлага хангаагүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаадлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Р.Г- Н-т холбогдуулан орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1/
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01840 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2290 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 001/ХГ2019/00470 дугаар тогтоолоор Р.Г-ээс 25 255 591 төгрөгийг гаргуулж э- ББСБ ХХК-д олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх ба төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Н-шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцааны хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд үнийн санал өгөөгүй гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж орон сууцыг үнэлүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх32/
Шинжээч орон сууцыг 102 569 600 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Р.Г-ийн оршин суугаа хаягаар очиж хүү Г.Мөнх-Эрдэнэд гардуулж төлбөр төлөгчид дамжуулахаар мэдэгдлийг хүлээн авсан байна. /хх81/
Анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ 102 259 600 төгрөгийн 70 хувь буюу 71 798 720 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон оруулах тухай 2020 оны 1 сарын 7-ны өдрийн 1/6 дугаартай тогтоолыг 2020 оны 1 сарын 9-ний өдөр Р.Г-т гардуулсан, 2020 оны 1 сарын 24-ний өдрийн анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 51 284 800 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон оруулах тухай 2020 оны 2 дугаар сарын сарын 4-ний өдрийн 2/4 дугаартай тогтоол, 4/4240 дугаартай мэдэгдлийн хамт Р.Г-т гардуулан өгсөн, 2020 оны 2 сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 53 284 800 төгрөгөөр барьцаа хөрөнгө худалдан борлогдсон тухай 2020 оны 3 сарын 3-ны өдрийн 4/6794 дугаар мэдэгдлээр Р.Г-т мэдэгдсэн байдлууд тогтоогдсон байна./хх107/
Барьцааны орон сууцны өмчлөгч Р.Г- болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх82/
Нэхэмжлэгч Р.Г-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар тухай бүрт нь мэдэгдсэн, нэхэмжлэгч тухайн үедээ орон сууцны үнэлгээний талаар гомдол гаргаж байгаагүй, хариуцагч орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 00-ны өдрийн 182/ШШ2020/01073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ш.ОЮУНХАНД