Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01537

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01537

 

 

Х.Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01793 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-ийн хариуцагч Н ордон ХХК, Д.Э , НФ ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, 646 357 970.092 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н ордон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л хариуцагч Н.С.О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н ордон ХХК нь тус банктай 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/СС170317003-1 тоот зээлийн гэрээ, ЗБ/СС170317003-1-1, 3 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг, мөн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/СС170317003-1-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, БГ/СС 180103017-1 тоот баталгааны гэрээнүүдийг тус тус байгуулан 550 332 669.09 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Н ордон ХХК нь ЗГ/СС170317003-1, ЗГ/СС170317003-1-1 тоот зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Д.Э ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206007987 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 72/2 тоот хаягт байрлах 373.38 м.кв талбай бүхий хувийн сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нь үндсэн зээл болох 550 332 669.09 төгрөгөөс 8 145 463.98 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 226 753 577.66 төгрөгөөс 117 156 050.04 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээнүүдийн хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйл, мөн зээлийн гэрээний 10.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2019/16911 дугаар захирамжаар эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсанаас хойш нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 115 322 191 төгрөгийг төлсөн бөгөөд зээлдэгчийн төлсөн үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хасч тооцвол 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 646 357 970.92 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 646 357 970.92 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд Д.Э ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206007987 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 72/2 тоот, 373.38 м.кв талбай бүхий орон сууцыг албадан дуудлага худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлөөлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н ордон ХХК, НФ ХХК, Д.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н ордон ХХК нь Төв аймагт сармис тариалах төслийн зориулалтаар нийт 542 197 300 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-аас авсан болно. 2017 оны 7 дугаар сараас ган гачиг тохиолдсон давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлийн төлбөрөө төлж чадаагүй. Түүнчлэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хийгдсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад ковид-19 вирусын улмаас гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалт саатсанаас эвлэрэл хэрэгжих боломжгүй болсон. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад зээлийн төлбөрийг 550 000 000 төгрөгөөр тохирсон нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-ийн зээлийн хорооны шийдвэр гарсан, энэ шийдвэр хүчинтэй байгаа учир зээлийн төлбөрийн тооцооллыг шүүхэд маргахгүй байгаа. Гэхдээ шүүхэд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргаснаар гэрээний харилцаа дуусгавар болдог учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү нэмж тооцоод байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхэд зээлийн гэрээг цуцлуулах шаардлага гаргасан нь анхнаасаа үндэслэлгүй, зээлийн гэрээг талууд өөрөө цуцална. Мөн баталгааны гэрээний дагуу НФ ХХК-аас юу шаардаад байгаа нь тодорхойгүй байгаа. Иймд нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-аас Н ордон ХХК, Д.Э , НФ ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ордон ХХК-аас 646 357 970.92 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч НФ ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ордон ХХК шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Э ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007987 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 72/2 тоот хаягт байрлах 373.38 м.кв талбай бүхий хувийн сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 527 959.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ордон ХХК-аас 3 389 740 төгрөг, хариуцагч Д.Э аас 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-д олгон, хариуцагч Н ордон ХХК, Д.Э нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н ордон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч болон хариуцагч Ньюсити ордон ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/СС170317003-1 тоот зээлийн гэрээ болон 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ/СС170317003-1-1 тоот зээлийн нэмэлт гэрээ нь 3 жилийн хугацаатай байгуулагдсан байдаг ба нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 225, зээлийн гэрээний 10.2-д заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана. Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/СС170317003-1 тоот зээлийн гэрээ, 2018 оны 01 сарын 03-ны өдрийн ЗГ/СС170317003- 1-1 тоот зээлийн нэмэлт гэрээ нь тус тус цуцлагдаж, гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болсон байдаг. Ийнхүү нэхэмжлэгч болон хариуцагч Ньюсити ордон ХХК нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь зээлдэгчээс гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагыг гаргах эрхтэй ба харин үүнээс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардах эрхгүй буюу гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацаан дахь үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудал яригдахгүй юм.

Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч Ньюсити ордон ХХК-иас үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 651 802 232.73 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, зээлийн гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд улмаар эдгээр үндэслэлгүй шаардлагыг шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргааныг эвийн журмаар шийдвэрлэхээр эцэслэн тохиролцож, хариуцагч Ньюсити ордон ХХК-иас зээлийн төлбөрт нийт 550 000 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрөөс чөлөөлөхөөр Х.Х.Б ны ТУЗ-өөс шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ манай компанийн зүгээс энэ төлбөрийг Монгол улс дахь хуулийн этгээдэд эзэмшиж буй хувьцааг БНХАУ-ын хуулийн этгээдэд худалдан борлуулж, түүнээс олох орлогоор төлөхөөр ярилцсан ба хувьцааны урьдчилгаа төлбөрт төлөгдсөн 100 000 000 төгрөгийг тэр даруй хариуцагчаас зээлийн төлбөрт төлсөн.

Энэхүү хувьцаа шилжүүлэх ажиллагааны хэрэгжилт, шинэ коронавируст халдвараас шалтгаалж түр хугацаанд хойшилсон тул хариуцагч Ньюсити ордон ХХК-иас банктай тохиролцсон 550 000 000 төгрөгийн зээлийн төлбөр төлөлт хойшилж байна.

Хариуцагч Ньюсити ордон ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банктай харилцан тохиролцсон 550 000 000 төгрөгийн зээлийн төлбөрөөс нийт 115 322 191 төгрөгийг төлсөн ба талуудын хооронд хийгдсэн дээрх эвлэрлийн тохиролцоо хүчин төгөлдөр хэвээр байгаа тул үлдэх 434 677 809 төгрөгийг хариуцагч Ньюсити ордон ХХК-иас дээр дурдсан хувьцаа шилжүүлэх ажиллагааны төлбөр төлөгдсөн даруй бүрэн төлж барагдуулж, эвлэрлийн журмаар маргааныг эцэслэж, дуусгавар болгох хүсэлтэй хэвээр байгаа болно.

Дээр тодорхой дурдсан үндэслэлээс дүгнэвэл шүүхийн шийдвэрийн хариуцагч Ньюсити ордон ХХК-иас нийт 646 357 970.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 211 680 161.92 төгрөг гаргуулах хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан зээлийн гэрээнүүдийг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж ярьж тайлбарлаж байгаа боловч үүнийг бичгийн хэлбэрээр баталгаажуулсан хүсэлт, тайлбар, баримт хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталсан шийдвэр, захирамжийг шүүхээс гаргаагүй. Үүнийг хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэж үзэж болохуйц нөхцөл байдал гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Ньюсити ордон ХХК-иас нийт 646 357 970.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 211 680 161.92 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Х.Б ХХК нь хариуцагч Н ордон ХХК, НФ ХХК, Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 651 802 232.73 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн дүнг нэмэгдүүлсэн байх ба зээлийн гэрээний хугацаа дууссан, мөн хариуцагч талын зээлийн үүрэгт 115 322 191 төгрөг төлсний улмаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн үүрэгт 646 357 971 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжин оролцсон байна.

Хариуцагч тал шүүхэд хандснаар зээлийн гэрээ цуцлагдах тул нэмэгдүүлсэн шаардаж буйг зөвшөөрөхгүй, талууд 550 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэхээр тохиролцсон, уг дүнгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн дүнг хасч, 434 000 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг зөвшөөрнө гэх үндэслэл заан маргажээ.

Талууд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/СС170317003-1 дугаартай зээлийн гэрээний дагуу Х.Х.Б ХХК нь 500 000 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай Н ордон ХХК-д зээлдүүлсэн, зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримтыг тэдгээрийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-19-24/ Мөн энэ гэрээний талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, шаардах эрхийн үндэслэлийн талаарх дүгнэлт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн заалтаар зээлийн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгчид ногдуулжээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй байна. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсныг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд зохигчдын эвлэрүүлэн зуучлалын журмаар маргааныг шийдвэрлэх ажиллагаа үр дүнд хүрээгүй дуусгавар болсон байх ба хариуцагч Н ордон ХХК-ийн эвлэрэн хэлэлцэх тухай саналыг нэхэмжлэгч Х.Х.Б ХХК хүлээн авч, талууд эвлэрч буй үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үнэлээд хариуцагч Н ордон ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 646 357 970.92 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

Мөн Х.Х.Б ХХК, Натурфууд ХХК нарын хооронд үүссэн харилцааг хэрэгт авагдсан баримтыг хүрээнд зөв дүгнэж, хариуцагч Натурфууд ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Х.Б ХХК, хариуцагч Н ордон ХХК, Д.Э нар нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Д.Э ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дугаар хороо, Зайсангийн гудамж, 72/2 тоот байрлах 373.38 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай барилгыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 25-28/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба энэ талаар талууд маргаангүй.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч Д.Э ын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцэж байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01793 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 1 216 351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД