Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00395

 

  “ **** **** **** ХХК-ийн

                                             нэхэмжлэлтэйиргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01793 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1537 дугаар магадлалтай, 

 **** **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 **** **** ХХК, ****,  **** **** ХХК-д холбогдох 

Зээлийн гэрээг цуцалж, 646,357,970.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч  **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмонгийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр, хариуцагч ****, хариуцагч  **** **** ХХК, “ **** **** ХХК-иудийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** **** **** ХХК нь  **** **** ХХК,  **** **** ХХК, **** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 646,357,970.92 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01793 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 234 дүгээр зүйлийн 234.1-д заасныг баримтлан хариуцагч  **** **** ХХК-аас 646,357,970.92 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч  **** **** ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 заасныг баримтлан хариуцагч  **** **** ХХК шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч ****ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007987 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 72/2 тоот хаягт байрлах 373.38 м.кв талбай бүхий хувийн сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,527,959.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  **** **** ХХК-аас 3,389,740 төгрөг, хариуцагч ****аас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д олгон, хариуцагч  **** **** ХХК, **** нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1537 дугаар магадлалаарБаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01793 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 1,216,351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч  **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч, “ **** ****” ХХК нарын хооронд 2017.03.17-ны өдөр байгуулагдсан ЗГ/СС170317003-1 тоот зээлийн гэрээ болон 2018.01.03-ны өдрийн ЗГ/СС170317003-1-1 тоот зээлийн нэмэлт гэрээ нь 3 жилийн хугацаатай байгуулагдсан ба нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 225 дугаар зүйл, зээлийн гэрээний 10.2-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж, 2019.05.16-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буюу 2019.05.16-ны өдөрталуудын хооронд 2017.03.17-ны өдөр байгуулагдсан 3Г/СС170317003-1 тоот зээлийн гэрээ, 2018.01.03-ны өдөр байгуулагдсан ЗГ/СС170317003-1-1 тоот зээлийн нэмэлт гэрээ нь тус тус цуцлагдаж, гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болсон байдаг. Ийнхүү нэхэмжлэгч болон хариуцагч “ **** ****” ХХК нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа 2019.05.16-ны өдрөөрдуусгавар болсон тул нэхэмжлэгч нь зээлдэгчээс гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй ба харин үүнээс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардах эрхгүй буюу гэрээ цуцлагдсанаас хойших хугацаан дахь үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудал яригдахгүй юм. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч “ **** ****” ХХК-аас үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 651,802,232.73 төгрөгийг гаргуулахаар 2019.05.16-ны өдөршүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, зээлийн гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд улмаар эдгээр үндэслэлгүй шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны зээлийн гэрээний харилцаан дахь үүргийн гүйцэтгэлийн талаарх шаардлагыг хуулийн дагуу авч хэлэлцэж, шийдвэрлэх ёстой байсан. Нэхэмжлэгчийн 2019.05.16-ны өдрөөс хойш 2019.08.07-ны өдөр, 2019.09.20-ны өдөр, 2020.04.30-ны өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү буюу 3 удаагийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ...”гэж заасантай нийцэхгүй байна.

4.1. Нэхэмжлэгч нь 2019.05.16-ны өдөр “ **** ****” ХХК, **** нарт холбогдуулан шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019.08.07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, 2019.09.20-ны өдөр “ **** ****” ХХК-ийг хариуцагчаар татан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, 2020.04.30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн тул дээрх хугацаанд хариуцагч нарыг үүргээ зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхэд хариуцагч нарын хэн аль нь гэм буруугүй, хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй гэдгийг тодорхойлж өгсөн зохицуулалт ба харин хуулийн уг заалт нь шаардах эрхийн үндэслэл болохгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүх “...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, төлөх үүргийг зээлдэгчид ногдуулжээ...” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “...Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө...” гэж заасан ба үгийн шууд утгыг анхаарч уг заалтыг тайлбарлавал зээлийн гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй буюу үүргийн харилцаа дуусгавар болоогүй тохиолдолд хэрэглэгдэхээр байна. Үүнээс дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд цуцлагдаж, гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болсон явдлыг харгалзалгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргааныг эвийн журмаар шийдвэрлэхээр эцэслэн тохиролцож, хариуцагч “ **** ****” ХХК-аас зээлийн төлбөрт нийт 550,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрөөс чөлөөлөхөөр **** **** ****ны ТУЗ-өөс шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ манай компанийн зүгээс энэ төлбөрийг Монгол Улс дахь хуулийн этгээдэд эзэмшиж буй хувьцааг БНХАУ-ын хуулийн этгээдэд худалдан борлуулж түүнээс олох орлогоор төлөхөөр ярилцсан ба хувьцааны урьдчилгаа төлбөрт төлөгдсөн 100,000,000 төгрөгийг тэр даруй хариуцагчаас зээлийн төлбөрт төлсөн. Энэхүү хувьцаа шилжүүлэх ажиллагааны хэрэгжилт шинэ коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж түр хугацаанд хойшилсон тул “ **** ****” ХХК-аас ****тай тохиролцсон 550,000,000 төгрөгийн зээлийн төлбөр төлөлт хойшилж байна. “ **** ****” ХХК нь 2020.04.30-ны өдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ****тай харилцан тохиролцсон 550,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс нийт 115,322,191 төгрөгийг төлсөн ба талуудын хооронд хийгдсэн дээрх эвлэрлийн тохиролцоо хүчин төгөлдөр хэвээр байгаа тул үлдэх 434,677,809 төгрөгийг “ **** ****” ХХК-аас дээр дурдсан хувьцаа шилжүүлэх ажиллагааны төлбөр төлөгдсөн даруй бүрэн төлж барагдуулж, эвлэрлийн журмаар маргааныг эцэслэж, дуусгавар болгох хүсэлтэй хэвээр байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч “ **** ****” ХХК-аас нийт 646,357,970.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 211,680,161.92 (646,357,970.92-434,677,809) төгрөг гаргуулах хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан зээлийн гэрээнүүдийг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж ярьж, тайлбарлаж байгаа боловч үүнийг бичгийн хэлбэрээр баталгаажуулсан хүсэлт, тайлбар, баримт хэрэгт авагдаагүй, мөн ийнхүү нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталсан шийдвэр, захирамжийг шүүхээс гаргаагүй. Үүнийг шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж болохуйц нөхцөл байдал гэдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн “ **** ****” ХХК-аас нийт 646,357,970.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 211,680,161.92 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч  **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмонгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

6. Анхан шатны шүүх хариуцагч  **** **** ХХК-аас 646,357,970.92 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч  **** **** ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

Шүүх хариуцагч  **** **** ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

7. Нэхэмжлэгч  **** **** **** ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “ **** **** ХХК,  **** **** ХХК, **** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 651,802,232.73 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөдхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн дүнг 2019.08.07-ны өдөр 29,041,379.60 төгрөгөөр, 2019.09.20-ны өдөр 13,830,061.51 төгрөгөөр, 2020.04.30-ны өдөр 56,478,440.21 төгрөгөөр тус тус ихэсгэж, хариуцагч нарын зээлийн үүрэгт 115,322,191 төгрөг төлсний улмаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн үүрэгт 646,357,970.92 төгрөг гаргуулах,үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах...” гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагчнар “...нэхэмжлэгч шүүхэд хандсанаар зээлийн гэрээ цуцлагдах тул нэмэгдүүлэн шаардаж буйг зөвшөөрөхгүй, талууд 550,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэхээр тохиролцсон, уг дүнгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн дүнг хасч, 434,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг зөвшөөрнө...” гэж мэтгэлцжээ. 

9. Зохигчийн хооронд зээл төлөх хэмжээ, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болсон эсэх, нэхэмжлэгч гэрээ цуцлагдсанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй нь маргааны зүйл болжээ. 

10. Хоёр шатны шүүх “ **** **** **** ХХКИргэний хуулийн 225 дугаар зүйл, зээлийн гэрээний 10.2-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалсан нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй тул нэхэмжлэгчшүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. 

11. “ **** **** ХХК нь 2017.03.17-ны өдөр ЗГ/СС170317003-1 дугаартай зээлийн гэрээ, ЗБ/СС170317003-1-1, 3 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг, 2018.01.03-ны өдөр ЗГ/СС170317003-1-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, БГ/СС 180103017-1 дугаартай баталгааны гэрээнүүдийг  **** **** **** ХХК-тайбайгуулж, эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар 550,332,669.09 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, эргэн төлөх хуваарийг баталсан нь тогтоогджээ. 

Зээлийн болон барьцаа, баталгааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 234 дүгээр зүйлийн 234.1-д тус тус заасантай нийцсэн, энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ. 

12. Банкнаас зээл олгох гэрээгээр ****, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

12.1. Зээлийн гэрээний 3.1-д зээлдүүлэгч зээлдэгчийн **** **** **** дахь 459018702 тоот дансанд бэлэн бусаар олгохоор заажээ.  

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, мөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 7.2.1-д тус тусзаасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. 

12.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д “зээлдэгч зээл, түүний хүүг гэрээний 4.1-д заасан хугацааны дотор хэсэгчлэн төлөх хуваарийг ****тай гэрээний хавсралт 1-д заасны дагуу тохиролцсон болно. Гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөөгүй тохиолдолд зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцогдоно”, 6.2.2-т “Гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүү, шимтгэлийг ...төлөх ” гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцон байгуулжээ. 

Нөгөөтэйгүүр гэрээний 2.1.3, 2.1.4, 3.4, 5.8, 6.2.3, 8.2, 8.3-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ. 

12.3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “зээлийн гэрээнд зээлдэгч, ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж хуульчилсан байна. 

Зээлийн гэрээний 2.1.9-д “2.1.9.а. зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг бүрэн төлөлгүй хуанлийн 90 хоног хугацаа хэтрүүлсэн2.1.9.б. зээлдэгч зээлийн үндсэн өр, хүүний төлбөрийг гэрээний 4.1-д заасан хугацаанаас хэтрүүлсэн2.1.9.в. зээлдэгч зээл, хүүний төлбөр эргэн төлөх хуваарийг 3 болон түүнээс дээш удаа зөрчсөн”-ийг ноцтой зөрчил гэж ойлгохыг талууд тохиролцсон байх бөгөөд мөн гэрээний 10 дугаар зүйлд гэрээг дуусгавар болох, цуцлах үндэслэлүүдийг нэрлэн заажээ. 

13. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан заасан.  

13.1. “ **** **** ХХК нь зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2018.06.20-ны өдрөөс хойш зөрчиж **** **** **** ХХК-аас зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг хариуцагчид олгон хугацаа өгсөн хэдий ч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчсөн тогтоогдсон байна. 

14. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд  гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн гэж үзэх эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг л шүүхээс шийднэ.  

14.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан зохицуулалт хамаарна. 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ”, түүнчлэн зээлийн гэрээний 10.2.2-т “зээлдэгч гэрээний 2.1.9-д заасан ноцтой зөрчлийг гаргасан” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалж, гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй.  

15. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч “ **** **** ХХК нь нэхэмжлэгч  **** **** **** ХХК-ийн гэрээг цуцалж шүүхэд хандсан үндэслэлд маргаагүй, цаашид зээлийн гэрээний үүрэг зохих ёсоорбиелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж хоёр шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

16. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.1.3-т “Банк гэрээний 10.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар” гэрээ дуусгавар болохоор заажээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний 10.1.3-т заасан гэрээ дуусгавар болох нөхцөл, “ **** **** **** ХХК хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, “ **** **** ХХК-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг 651,802,232.73төгрөг гэж тодорхойлсон байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2019.08.07-ны өдөр 29,041,379.60 төгрөгөөр, 2019.09.20-ны өдөр 13,830,061.51 төгрөгөөр, 2020.04.30-ны өдөр 56,478,440.21 төгрөгөөр тус тус ихэсгэснийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

17. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд болон зээлийн гэрээний 10.1.3-т зааснаар хариуцагчийн үүргийг “ **** **** **** ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан 651,802,232.73төгрөгөөр тодорхойлж,  **** **** ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад төлсөн 115,322,191 төгрөгийг хасаж, хариуцагчаас 536,480,041.73 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь  Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зохицуулалт, тэдгээрийн ойлголт, шаардлага, агуулгад нийцнэ. 

18.Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

19. Иймд шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, хариуцагч  **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмонгийн хяналтын журмаар гаргасан гомдлын “...зээлийн гэрээний харилцаа 2019.05.16-ны өдрөөрдуусгавар болсон тул нэхэмжлэгч нь зээлдэгчээс гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй ба харин үүнээс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардах эрхгүй буюу гэрээ цуцлагдсанаас хойших хугацаан дахь үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудал яригдахгүй...” гэх хэсгийг хангав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1537 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт,Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01793 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 234 дүгээр зүйлийн 234.1-д заасныг баримтлан хариуцагч  **** **** ХХК-аас 536,480,041.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 109,877,929.19 төгрөгийг болон хариуцагч  **** **** ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,527,959.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  **** **** ХХК-аас 2,840,350 төгрөг, хариуцагч ****аас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч  **** **** **** ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаасхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,216,351төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ 

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ