Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2018/00102

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

албанд холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00603 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******нд холбогдох,

Итгэлт Эстимэйт ХХК-иийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ундраа, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Металл индустриал ХХК-н захирал Д.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1595 дугаар шийдвэрээр Металл индустриал ХХК-с 165.510.817 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 03/403 тоот мэдэгдлийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан болно. Уг мэдэгдэлд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлах улсын бүртгэлийн Ү-2101004359 дугаарт бүртгэлтэй 216 м.кв үйлдвэрийн зориулалттай барилга, 130101252 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 1630 м.кв газар эзэмших эрх, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолОл, Б-09 тоот улсын бүртгэлийн Ү-2101012604 дугаарт бүртгэлтэй 210 м.кв (бодит-468,8 м.кв) хувийн сууц, 35 м.кв граж, Г-21010085508 дугаарт бүртгэлтэй 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг нийт 1.328.722.600 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Дээрхи үнэлгээ нь зах зээлийн үнээс доогуур үнэлэгдсэн, хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн албанаас Итгэлт Эстимэйт ХХК-р хийлгүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрт албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан төлбөр төлөгч Металл индустриал ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах улсын бүртгэлийн Ү-2101004359 дугаарт бүртгэлтэй 210 м2 үйлдвэрлэлийн зориулалттай барилга, мөн хаягт байрлах нэгж талбарын 130101252 дугаарт бүртгэлтэй 1630 м2 эзэмших эрхтэй газар, Д.Нансалмаа, Х.Дэлгэрмөрөн нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101012604 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол 116-09 тоотод байрлах 210 м2 3 давхар хувийн сууц, 35 м2 граж, хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2101008508 дугаарт бүртгэлтэй 600 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэх, хураах, талууд болон өмчлөгч нараас үнийн санал авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд болон өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу хураасан эд хөрөнгийг үнэлүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/01 дугаар тоггоолоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч хувийн сууцыг газрын хамт 996077,2 мянган төгрөгөөр, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт 332645,4 мянган төгрөг, нийт 1328722,6 мянган төгрөгөөр үнэлгээ тогтоож дүгнэлт ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талууд болон өмчлөгч нарт танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно. Иймд Металл индустриал ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00603 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжпэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Металл индустриал ХХК-н захирал Д.Нансалмаа давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлснээс гадна хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн харгалзан үзсэнгүй. Бид зөвхөн хувийн сууцаа 2 тэрбум төгрөг зарцуулж барьсан. Уг орон сууц тийнхүү барьснаас хойш чанар байдлаа огт алдаагүй. Мөн үнэлгээ хийхдээ уг сууцны байршил, зах зээлийн үнэ ханш зэргийг бүрэн дүүрэн харгалзан үзээгүй байна. Энэ байдал бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын эрхийн үнэлгээн дээр ч ажиглагдаж байна. Бид одоо зөвхөн үл хөдлөх хөрөнгүүдээ л гэхэд 2,2 тэрбум төгрөгөөр үнэлж байна. Гэтэл хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын эрхийн хамт 1,3 тэрбум төгрөгөөр үнэлүүлсэн нь бодит байдалд яавч нийцээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан манай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Итгэлт Эстимейт ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* зөвшөөрөхгүй маргажээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1595 дугаар шийдвэрээр ******* ХХК-иас 165.510.817 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэхдээ хариуцагчийн Орхон аймаг, Баян-өндөр сум, Говил багт байрлах V-2101004359 дугаарын улсын бүртгэлтэй 216 м2 талбайтай үйлдвэрвэрлэлийн зориулалттай барилга, 130101252 нэгж талбарын дугаарын бүртгэлтэй 1630 м2 талбай бүхий газрын эзэмших эрх, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол, Б-09 тоот V-2101012604 дугаарын бүртгэлтэй 210 м2 талбайтай хувийн сууц, 35м2 талбайтай машины граш, Г-21010085508 дугаарын бүртгэлтэй 600 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад талууд эд хөрөнгийн үнэлгээн дээр санал нийлээгүй учраас ******* хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр хөрөнгийн үнэлгээний Итгэлт Эстимейт ХХК-г шинжээчээр томилжээ.

Итгэлт Эстимейт ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаар ******* ХХК-ийн хөрөнгүүдийг 1.328.722.600 төгрөгөөр үнэлсэн ба хариуцагч үнэлгээг зөвшөөрөхгүй шүүхэд гомдол гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх, эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, хөрөнгийн үнийн саналыг талуудаас авах шинжээч томилох, үнэлгээг танилцуулах зэрэг ажиллагааг явуулжээ.

Хөрөнгийн үнэлгээний Итгэлт Эстимейт ХХК нь Металл индустриал ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо үнэлгээ хийлгэж буй обьектуудыг газар дээр нь очиж хөрөнгийн шинж чанар, байдалтай нь танилцаж үзлэг судалгаа хийснээр эд хөрөнгийн ашиглалтын байдал, өнөөгийн болон ирээдүйн төлвийг харгалзан олон улсын үнэлгээчдийн нийгэмлэгээс нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт болон Монгол улсын хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хүрээнд Итгэлт Эстимейт ХХК-ийн боловсруулан мөрдөж буй аргачлалыг баримталж Олон улсын үнэлгээний стандартын аргын орлогын хандлага, зардлын хандлага, жиших хандлагын аргуудаар тооцож хөрөнгийн үнэлгээний хуулийн дагуу хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хуульд заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны 142/ШШ2018/00603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ