Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2020/01427

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01427

 

Г.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01691 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Э-ы нэхэмжлэлтэй хариуцагч Д.О-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 162 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э-, нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэтуяагаар дамжуулж, Д.О-тай танилцаж 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 200 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээг нотариатаар батлуулсан. Мөнгө зээлдэхдээ гэрээ байгуулж, Д.О-ын Хаан банкны дансаар шилжүүлж, Д.О-ын Lexus 570 маркийн автомашин барьцаалсан, зээлийн 42 800 000 төгрөгийг төлбөрт төлж, Кровер ББСБ ХХК-д 42 438 200 төгрөгийг шилжүүлсэн. Уг 2 төлбөрийг нэмээд үлдэх 113 910 000 төгрөгийг Д.О-ын 5063014855 дугаартай дансанд мөн өдөр шилжүүлсэн. Зээлийн барьцаанд Д.О-ын Lexus 570 маркийн автомашин, Баянзүрх дүүргийн 18 хороо, 13 хороолол, 39а байр, 26 тоот, 2 өрөө орон сууц, 33-74 УБН улсын дугаартай Land 200 маркийн машиныг тус бүр 70 000 0000 төгрөг, 60 000 000 төгрөгөөр үнэлж, барьцаалсан.

Д.О-ын хүсэлтээр зээлийн хугацааг 3 сараар сунгасан. Би эхнэрийнхээ нэрээр 120 000 000 төгрөг зээлж, Д.О-т өгсөн. Уг төлбөрийг би төлж байсан. 2018 оны 8 сараас 11 сар хүртэл хугацаанд зээл, хүү төлөөгүй. 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Д.О- дансаар 70 000 000 төгрөг, мөн оны 11 сард нэмж 12 500 000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед би байр худалдаж авмаар байна гэхэд Д.О- Бэхцэцэгийн байрыг хямд байна, худалдаж ав гэсэн. Байрыг худалдаж авсан учраас барьцааны гэрээ байгуулаагүй, 5 хувийн хүү төлөхөөр тохироогүй. Бэхцэцэг Д.О-т байраа зарахгүй, мөнгө зээлсэн гэсэн. Намайг залилсан гэж би цагдаад өгсөн. Бэхцэцэг, Чимгээ нар цагдаад 5 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэж тайлбар өгсөн. Д.О- цагдаад шалгагдахдаа мөнгө зээлсэн гээд мэдүүлчихээд 80 000 000 төгрөгийн хүү болгож харагдуулахаар 3 хувааж, 12 000 000 төгрөг өгсөн.

2018 оны 12 сараас Д.О- олдохгүй, Lexus 570 маркийн машинаа авч зугтааж, байрыг н.Уранчимэг гэх хүнээс залилсан болж таараад 2019 оны 5 сард шүүхэд хандсан. 2019 оны 6 сард Эрдэнэтуяа, Д.О- бид 3 уулзахдаа би гэрээ авч яваагүй учраас Эрдэнэтуяагийн тэмдэглэлийн дэвтэр дээр Д.О- 6 сарын 20-ны өдөр надад 150 000 000 төгрөг өгнө, энэ мөнгө сүүлд авсан мөнгө болон өмнөх саруудын хүү, 10 000 000 төгрөгийг Эрдэнэтуяа эгчид өгнө нийт 160 000 000 төгрөг өгнө гээд гарын үсэг зурж, баталгаа өгсөн.

2018 оны 9 сарын 3-нд дансаар Д.О-т 17 000 000 төгрөг шилжүүлж, мөн өдрөө 17 000 000 төгрөгийг буцааж авсан. Д.О-ын барьцаалсан хөрөнгүүд бүгд эрхийн доголдолтой болж, би барьцаагүй болох аюулд хүрсэн. Би Д.О-ын эхнэрээс тусдаа приус 20 маркийн автомашиныг 7 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөр төлсөн. Д.О- машин хэрэг болоод түр унуулаач гэхээр нь өгсөн. Машин авчихаад өгөхгүй алга болчихсон тул би цагдаад машин алдсанаар шалгуулсан. Гэтэл Д.О- миний нэр дээрээ шилжүүлсэн машиныг надад мэдэгдэхгүйгээр бусдад зарсан байсан. Чимгээ байраа зарахгүй гээд 16 000 000 төгрөг өгсөн. Уг мөнгийг 70 000 000 төгрөгөөс хасч тооцоогүй, би Д.О-аас 70 000 000 төгрөг авбал, Чимгээд 16 000 000 төгрөг буцааж өгнө. Иймд Д.О-аас зээл 200 000 000 төгрөгийн 8 сарын хүү 80 000 000, сүүлд зээлсэн 82 500 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа 10 хувийн хүү 10 000 000 төгрөгийг оруулан тооцож, бодит байдал дээр 190 000 000 төгрөг шилжүүлсэн.

Нэхэмжлэгч хариуцагчид 200 000 000 төгрөг олгоогүй, уг мөнгө ингэж бүрдсэн гэсэн баримтыг өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч зээл олгохдоо барьцааны зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлдэг. Д.О-ын өмчлөлийн 2 өрөө орон сууц, Land cruiser 200 маркийн автомашин, Lexus 570 маркийн зах зээлийн ханш нь 90 000 000 төгрөгийн үнэтэй машиныг худалдан худалдан авах гэрээ байгуулж, өөрийн нэр дээр болгож 190 000 000 төгрөгийн зээл олгосон. Нэхэмжлэгч дээрх хөрөнгүүдийг өөрийн өмч гэж үзээд үндсэн төлбөр шаардахгүйгээр хүү шаарддаг. Бодит байдал дээр Д.О- нь Г.Э-д дээрх хөрөнгүүдийг худалдаагүй. Г.Э- Lexus 570 маркийн машиныг бусдад 80 000 000 төгрөгөөр зарсан нь Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар нотлогдоно. Талууд шүүхэд маргаан үүсэхээс өмнө 200 000 000 төгрөгт дээрх 3 хөрөнгийг ав, хүүний асуудал ярихгүй гэж амаар тохиролцсон. Д.О- нь Г.Э-д 200 000 000 төгрөгийн 5 хувийн 3 сарын хүүний төлбөрт гэрээний хугацаанд буюу 2018 оны 9 сарын 3-ны өдөр 17 000 000 төгрөг төлсөн. Талуудын хооронд 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан учраас 30 000 000 төгрөг шаардах эрхтэй.\

Д.О- нь Г.Э-д хандаж зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг амаар болон бичгээр гаргаагүй тул 5 сарын хүү 50 000 000 төгрөг шаардах эрхгүй. Мөн зээлийн хүүд Г.Э-д нийт 29 000 000 төгрөг шилжүүлсэн учраас 30 000 000 төгрөгийн хүүний асуудал яригдахгүй.

Г.Э- нь Д.О-ын эхнэрээс приус 20 маркийн машиныг 10 000 000 төгрөгт тооцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэр дээрээ шилжүүлж авсан. Цагдаад худалдах, худалдан авах гэрээ байгуулж, машин зарж, мөнгө авчихаад машин өгөхгүй залилуулсан гэж гомдол гаргасан. Мөн Д.О-т машины үнэд дансаар 3 000 000, бэлнээр 7 000 000, нийт 10 000 000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл 82 500 000 төгрөгт машины 10 000 000 төгрөг оруулж, давхардуулж нэхэмжилсэн. Г.Э-аас Д.О-ын дансанд 82 500 000 төгрөг ороогүй, 66 500 000 төгрөг авсан.

Г.Э- Д.О-т 17 000 000 төгрөг шилжүүлж, буцааж авчихаад авсан мөнгөө зээлийн төлбөрөөс хасахгүйгээр давхардуулж нэхэмжилдэг. Г.Э- Д.О-ын төлсөн 17 000 000 төгрөгийн хүү гэж тооцдоггүй мөртлөө үндсэн зээлээс хасдаггүй.

Нэхэмжлэгч хариуцагчид 200 000 000 төгрөг зээлж, 80 000 000 төгрөгийн хүү шаарддаг, сүүлд 80 000 000 төгрөг шилжүүлж, 12 000 000 төгрөгийн хүү шаарддаг. Манайх 200 000 000 төгрөг барьцаагаар хаагдсан, уг мөнгөний хүү 30 000 00 төгрөгийн тухайд 2 хувааж 17 000 000, 12 000 000 төгрөгөөр нийт 29 000 000 төгрөг төлсөн. 2 дахь шаардлагын тухайд приус 20 маркийн машиныг 10 000 000 төгрөгт тооцож, 17 000 000 төгрөгийг хүүнд төлсөн. Д.О- сүүлийн 70 000 000 төгрөгийг Г.Э-аас Бэхцэцэгийн байр барьцаалж авсан. Г.Э- цагдаад Д.О-т 70 000 000 төгрөг зээлсэн, Чимгээ надад 16 000 000 төгрөг өгч байраа буцааж авсан. Үлдэх 54 000 000 төгрөг авчихвал хохиролгүй гэж мэдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Чимгээг гэрчээр асуулгахад өгсөн 16 000 000 төгрөг зээлээс хасагдах ёстой.

Иймд сүүлийн шаардлага болох 82 500 000 төгрөгөөс 49 500 000 төгрөгийг зөвшөөрч байна. Чимгээгийн байрыг 70 000 000 төгрөгт барьцаалж, мөнгө авсан. Чимгээ уг мөнгөнөөс 16 000 000 төгрөг авсан учраас Г.Э-д буцааж 16 000 000 төгрөг өгч, байраа чөлөөлүүлсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.О-аас зээлийн гэрээний үүрэгт 67 500 000 төгрөг гаргуулан, Г.Э-д олгож, шаардлагаас үлдэх 95 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 1 128 400 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 495 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийпдвэрийг зөвшөөрөхгүй байна. 105 500 000 төгрөг нэхэмжилснээс шүүх 67 500 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгосон хэсгийг хангаж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Д.О-т холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл 200 000 000 төгрөгийн 8 сарын хүүд 80 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э-ы нэхэмжлэлтэй, Д.О-т холбогдох 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 82 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус хэрэгт нэгтгэжээ. /хх1, 2хх214/

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээгээр хугацааг 3 сар гэж тохиролцсон ч гэрээний хугацаа сунгасан тул хүү гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний хугацаа сунгаагүй тул хүү шаардах эрхгүй, дансны хуулгаар 65 500 000 төгрөг шилжүүлсэн байх тул Чимгээд төлсөн 16 000 000 төгрөгийг хасч, 49 500 000 төгрөгийг төлнө гэж маргажээ. /хх11, хх59, 2хх204/

Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /2хх4/

Зээлдэгч Д.О- нь зээлийн төлбөрт тооцож автомашин, орон сууц шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор заасан ба зохигч гэрээгээр сарын хүүг 5 хувь гэж тохиролцсон тул хариуцагч нь хүү төлөх үүрэгтэй байна.

Талууд бичгийн гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулсан, дахин сунгасан гэх баримтгүй, хариуцагчийн хэтэрсэн хугацаанд хүү төлөхөө илэрхийлж байсан баримтыг зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 3 сарын хүүг шаардах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 42 дугаар зүйлийн 42.3.1-д нийцжээ.

Хариуцагчийн хүү төлөх үүргийн биелэлтийн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцжээ.

Дээрх гэрээгээр хариуцагч нь 200 000 000 төгрөгийн сарын хүүгийн төлбөрт 10 000 000 төгрөг төлөх үүрэгтэй ба 3 сарын хүү 30 000 000 төгрөгөөс 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэх 18 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Г.Э- нь 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн аман гэрээгээр Д.О-т 70 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарласан боловч 65 500 000 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны дансны хуулга баримтаар нотлогджээ. /2хх3/

Дээрх 65 500 000 төгрөгөөс Б.Чимгээ 16 000 000 төгрөгийг төлснийг хасч, үлдэх 49 500 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Дээрх үндэслэлүүдээр Д.О-аас 2 удаагийн зээлийн гэрээний үүрэгт 67 500 000 төгрөгийг /49 500 000 +18 000 000/ гаргуулан Г.Э-д олгож, шаардлагаас үлдэх 95 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01691 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД