Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1691

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01691                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: От холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 162,500,000 /нэг зуун жаран хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би барилгын ажил хамтарч эрхэлдэг Эрдэнэтуяа гэх хүнээр дамжуулж, Д.Отай танилцаж, түүнд 2018.08.03-ны өдөр 200,0 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээг нотариатаар батлуулсан. Мөнгө зээлдэхдээ гэрээ байгуулж, Д.Оын Хаан банкны дансаар шилжүүлж, Д.Оын Lexus 570 маркийн машин ББСБ-д барьцаалсан зээлийн 42,800,000 төгрөгийг төлбөрт төлж, “Кровер” ББСБ-д 42,438,200 төгрөгийг шилжүүлсэн. 2 ББСБ-ын төлбөрийг нэмээд үлдэх 113,910,000 төгрөгийг Д.Оын 5063014855 дугаартай дансанд мөн өдөр шилжүүлсэн. Зээлийн барьцаанд Д.Оын Lexus 570 маркийн машин, Баянзүрх дүүргийн 18 хороо, 13 хороолол, 39а байр, 26 тоот, 2 өрөө орон сууц, 33-74 УБН улсын дугаартай Land 200 маркийн машиныг тус бүр 70,0 сая төгрөг, 60,0 сая төгрөгөөр үнэлж, барьцаалсан. Д.Оын хүсэлтээр зээлийн хугацааг 3 сараар сунгасан. Би эхнэрийнхээ нэрээр ББСБ-аас 120,0 сая төгрөг зээлж, Д.От өгсөн. Уг ББСБ-ын төлбөрийг би төлж байсан. 2018 оны 8 сараас 11 сар хүртэл хугацаанд бид байнга холбоотой утсаар ярьж, уулзаж байсан. Энэ хугацаанд зээлийн хүү, үндсэн төлбөр огт төлөөгүй. 2018.09.04-ний өдөр Д.О надаас гааль дээр арматуртай ирээд байна, мөнгөний хэрэг гарлаа гэж дахин дансаар 70,000,000 төгрөг, мөн оны 11 сард нэмж 12,500,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед би байр худалдаж авмаар байна гэхэд Д.О Бэхцэцэгийн байрыг хямд байна, худалдаж ав гэсэн. Байрыг худалдаж авсан учраас барьцааны гэрээ байгуулаагүй, 5 хувийн хүү төлөхөөр тохироогүй. Бэхцэцэг Д.От байраа зарахгүй, мөнгө зээлсэн гэсэн. Намайг залилсан гэж би цагдаад өгсөн. Бэхцэцэг, Чимгээ нар цагдаад 5 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэж тайлбар өгсөн. Д.О цагдаад шалгагдахдаа мөнгө зээлсэн гээд мэдүүлчихээд 80,000,000 төгрөгийн хүү болгож харагдуулахаар 3 хувааж, 12,0 сая төгрөг өгсөн. 2018 оны 12 сараас Д.О олдохгүй, зугтсан. 2019 оны 5 сард Д.О арматур оруулж ирж, зарчихаад надад зээлсэн мөнгөө өгөхгүй байсан. Д.О барьцаалсан Lexus 570 маркийн машинаа авч зугтаж, байрыг н.Уранчимэг гэх хүнээс залилсан болж таараад би аргаа бараад 2019 оны 5 сард шүүхэд хандсан. 2019 оны 6 сард Эрдэнэтуяа, Д.О бид 3 уулзахдаа би гэрээ авч яваагүй учраас Эрдэнэтуяагийн тэмдэглэлийн дэвтэр дээр Д.О 6 сарын 20-ны өдөр надад 150,0 сая төгрөг өгнө, энэ мөнгө сүүлд авсан мөнгө болон өмнөх саруудын хүү, 10,0 сая төгрөгийг Эрдэнэтуяа эгчид өгнө нийт 160,0 сая төгрөг өгнө гээд гарын үсэг зурж, баталгаа өгсөн. 2018.09.03-нд би дансаар Д.От 17,0 сая төгрөг шилжүүлж, мөн өдрөө 17,0 сая төгрөгийг буцааж авсан. Д.Оын барьцаалсан хөрөнгүүд бүгд эрхийн доголдолтой болж, би барьцаагүй болох аюулд хүрсэн. Иймд Д.Оаас зээлсэн 200,0 сая төгрөгийн 8 сарын хүү 80,0 сая төгрөг, сүүлд зээлсэн 82,500,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Би Д.Оын эхнэрээс тусдаа приус 20 маркийн машиныг 7,0 сая төгрөгөөр худалдан авч, төлбөр төлсөн. Д.О машин хэрэг болоод түр унуулаач гэхээр нь өгсөн. Машин авчихаад өгөхгүй алга болчихсон тул би цагдаад машин алдсанаар шалгуулсан. Гэтэл Д.О миний нэр дээрээ шилжүүлсэн машиныг надад мэдэгдэхгүйгээр бусдад зарсан байсан. Чимгээ байраа зарахгүй гээд 16,0 сая төгрөг өгсөн. Уг мөнгийг 70,0 сая төгрөгөөс хасч тооцоогүй, би Д.Оаас 70,0 сая төгрөг авбал, Чимгээд 16,0 сая төгрөг буцааж өгнө гэв. 

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О нь нэхэмжлэгчээс 200,0 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч анх 200,0 саятөгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа 10 хувийн хүү 10,0 сая төгрөгийг оруулан тооцож, бодит байдал дээр 190,0 сая төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч хариуцагчид 200,0 сая төгрөг олгоогүй, уг мөнгө ингэж бүрдсэн гэсэн баримтыг өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч зээл олгохдоо барьцааны зүйлийг өөрийн нэр шилжүүлдэг. Д.Оын өмчлөлийн 2 өрөө орон сууц, Land cruiser 200  маркийн автомашин, Lexus 570 маркийн зах зээлийн ханш нь 90,0 сая төгрөгийн үнэтэй машиныг худалдан худалдан авах гэрээ байгуулж, өөрийн нэр дээр болгож 190,0 сая төгрөгийн зээл олгосон. Нэхэмжлэгч дээрх хөрөнгүүдийг өөрийн өмч гэж үзээд үндсэн төлбөр шаардахгүйгээр хүү шаарддаг. Бодит байдал дээр Д.О нь Г.Эд дээрх хөрөнгүүдийг худалдаагүй. Г.Э Lexus 570 маркийн машиныг бусдад 80,0 сая төгрөгөөр зарсан нь Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар нотлогдоно. Талууд шүүхэд маргаан үүсэхээс өмнө 200,0 сая төгрөгт дээрх 3 хөрөнгийг ав, хүүний асуудал ярихгүй гэж амаар тохиролцсон. Д.О нь Г.Эд 200,0 сая төгрөгийн 5 хувийн 3 сарын хүүний төлбөрт гэрээний хугацаанд буюу 2018.09.03-ны өдөр 17,0 сая төгрөг төлсөн. Талуудын хооронд 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан учраас 30,0 сая төгрөг шаардах эрхтэй. Д.О нь Г.Эд хандаж зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг амаар болон бичгээр гаргаагүй тул 5 сарын хүү 50,0 сая төгрөг шаардах эрхгүй. Д.О нь зээлийн хүүнд Г.Эд нийт 29,0 сая төгрөг шилжүүлсэн учраас 30,0 сая төгрөгийн хүүний асуудал яригдахгүй. Г.Э нь Д.Оын эхнэрээс приус 20 маркийн машиныг 10,0 сая төгрөгт тооцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэр дээрээ шилжүүлж авсан. Цагдаад худалдах, худалдан авах гэрээ байгуулж, машин зарж, мөнгө авчихаад машин өгөхгүй залилуулсан гэж гомдол гаргасан. Мөн Д.От машины үнэд дансаар 3,0 сая төгрөг, бэлнээр 7,0 сая төгрөг нийт 10,0 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл одоо 82,500,000 төгрөгт машины 10,0 сая төгрөг оруулж, давхардуулж нэхэмжилсэн. Г.Эаас Д.Оын дансанд 82,500,000 төгрөг ороогүй, 66,500,000 төгрөг авсан. Г.Э Д.От 17,0 сая төгрөг шилжүүлж, буцааж авчихаад авсан мөнгөө зээлийн төлбөрөөс хасахгүйгээр давхардуулж нэхэмжилдэг. Г.Э Д.Оын төлсөн 17,0 сая төгрөгийн хүү гэж тооцдоггүй мөртлөө үндсэн зээлээс хасдаггүй. Нэхэмжлэгч хариуцагчид 200,0 сая төгрөг зээлж, 80 ,0 сая төгрөгийн хүү шаарддаг, сүүлд 80,0 сая төгрөг шилжүүлж, 12,0 сая төгрөгийн хүү шаарддаг. Манайх 200,0 сая төгрөг барьцаагаар хаагдсан, уг мөнгөний хүү 30,0 сая төгрөгийн тухайд 2 хувааж 17,0 сая төгрөг, 12,0 сая төгрөгөөр нийт 29,0 сая төгрөг төлсөн. 2 дахь шаардлагын тухайд приус 20 маркийн машиныг 10,0 сая төгрөгт тооцож, 17,0 сая төгрөгийг хүүнд төлсөн. Д.О сүүлийн 70,0 сая төгрөгийг Г.Эаас Бэхцэцэгийн байр барьцаалж авсан. Г.Э цагдаад Д.От 70,0 сая төгрөг зээлсэн, Чимгээ надад 16,0 сая төгрөг өгч байраа буцааж авсан. Үлдэх 54,0 сая төгрөг авчихвал хохиролгүй гэж мэдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Чимгээг гэрчээр асуулгахад өгсөн 16,0 сая төгрөг зээлээс хасагдах ёстой. Иймд сүүлийн шаардлага болох 82,500,000 төгрөгөөс 49,500,000 төгрөгийг зөвшөөрч байна. Чимгээгийн байрыг 70,0 сая төгрөгт барьцаалж, мөнгө авсан. Чимгээ уг мөнгөнөөс 16,0 сая төгрөг авсан учраас Г.Эд буцааж 16,0 сая төгрөг өгч, байраа чөлөөлүүлсэн. Г.Э цагдаад Бэхцэцэг, Чимгээ, Д.О нар нийлж залилсан гэж гомдол гаргасныг иргэний маргаан гэж үзээд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, прокурорын тогтоол гарсан. Г.Э нь бусдын хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэр дээрээ шилжүүлж авчихаад залилуулчих, хохирсон, луйвардуулсан гэж ярьдаг гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Э нь Д.От холбогдуулан 2018.08.03-ны өдрийн 200,000,000 төгрөгийн зээлийн 8 сарын хүүний төлбөрт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд хянагдаж буй Г.Эы нэхэмжлэлтэй, Д.От холбогдох 2018.09.04-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 82,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус хэрэгт нэгтгэжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээгээр 3 сар гэж тохиролцсон ч сунгасан тул хүүг гаргргуулна, дахин зээл өгсөн ч буцаан төлөөгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь гэрээг сунгаагүй тул хүү шаардах эрхгүй, дансны хуулгаар 65,500,000 төгрөг шилжүүлсэн байх тул Чимгээд төлсөн 16,000,000 төгрөгийг хасч, 49,500,000 төгрөгийг төлнө гэж маргалаа.

 

Г.Э нь Д.От 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 200,000,000 төгрөгийг зээлж, гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгч нь зээлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч Д.О нь зээлийн үндсэн төлбөрт тооцож автомашин, орон сууц шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор заасан ба зохигч гэрээгээр сарын хүүг 5 хувь гэж тохиролцсон тул хариуцагч нь хүү төлөх үүрэгтэй байна. 

 

Талууд дээрх зээлийн гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулсан, хариуцагч нь хэтэрсэн хугацааны хүү төлөх болохоо илэрхийлж байсан баримтыг зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхээргүй ба 2019 оны 5 сар хүртэлх хугацааны хүүг төлөхөөр хариуцагч зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй байх тул зээлийн гэрээний 3 сарын хүүг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь 2019.03.22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019.03.26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019.03.28-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг Г.Эд шилжүүлсэн байх тул 2018.08.03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүү төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь 200,000,000 төгрөгийн сарын хүүний төлбөрт 10,000,000 төгрөг төлөх үүрэгтэй ба 3 сарын хүү 30,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул үлдэх 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 80,000,000 төгрөгийг хүүний төлбөрт гаргуулах шаардлагаас үлдэх 68,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Г.Э нь 2018.09.04-ний өдөр Д.Отай амаар тохиролцон 70,000,000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарлах ч Д.От 65,500,000 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны дансны хуулга баримтаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь дээрх зээлээс 16,000,000 төгрөгийг Б.Чимгээд өгч, түүний нэг өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр Г.Эд шилжүүлэхээр тохиролцсон, үүнээс хойш Б.Чимгээ нь Г.Эд 16,000,000 төгрөгийг буцаан өгч, байраа авсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Иймд 2018.09.04-ний өдрийн хэлцлийн дагуу шилжүүлсэн 65,500,000 төгрөгөөс Б.Чимгээгийн төлсөн 16,000,000 төгрөгийг хасч, үлдэх 49,500,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь 70,000,000 төгрөг зээлсэн, шаардлагын үлдэх 12,500,000 төгрөгийг бусад байдлаар өгсөн гэж тайлбарласан атлаа нотлох баримт шинжлэн судлах явцад банкаар шилжүүлсэн 65,500,000 төгрөг дээр 2018.09.03-ны өдөр хариуцагчид 17,000,000 төгрөгийн юанийг шилжүүлсэн гэж зөрүүтэй тайлбарлав.

 

Гэвч тухайн өдөр хариуцагч нь нэхэмжлэгч рүү 17,000,000 төгрөгийг юанийн шилжүүлэг агуулгатайгаар буцаан шилжүүлсэн, нэхэмжлэгч нь юань болгож хариуцагчид өгсөн болон 12,500,000 төгрөгийг зээлсэн нь нотлогдохгүй байх тул зээлсэн гэж үзэхээргүй байна.

 

Түүнчлэн хариуцагчаас дээрх 17,000,000 төгрөгийг хүүний төлбөрт төлсөн талаархи тайлбар үндэслэлгүй байна.

 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Д.Оаас 2 удаагийн зээлийн гэрээний үүрэгт 67,500,000 төгрөг гаргуулан, Г.Эд олгож, шаардлагаас үлдэх 95,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 1,128,400 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 495,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан Оаас зээлийн гэрээний үүрэгт 67,500,000 /жаран долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан, Эд олгож, шаардлагаас үлдэх 95,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 1,128,400 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 495,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ