Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01536

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01536

 

 

 

М.М -ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01228 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.М ХХК-ийн хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаар мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2320 дугаартай шийдвэрээр М.М ХХК-аас 335 585 684.78 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээ байгуулахад талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Гэтэл барьцааны гэрээг албан ёсоор байгуулан, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денвер гудамж, 85 дугаар байрны 2007 тоот, 95.4 м.кв талбай бүхий 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг 182 261 700 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 22 тоот, 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 60 768 000 төгрөгөөр тус тус үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар болсонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анх гэрээ байгуулахад талуудын харилцан тохиролцсон үнэлгээгээр бус, зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй, төлбөр төлөгчийн түргэн зарагдаж болохуйц үнийн саналаас доогуур тогтоон үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлэн үнэлгээ гаргасан.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3/1518 дугаартай мэдэгдэл гардуулж өгсөн бөгөөд тухайн мэдэгдэлд хэрхэн яаж, хаанаас, ямар үндэслэлээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон тухай огт байхгүй учир шүүхээс үнэлгээг хүчингүй болгуулж, зах зээлийн бодит үнэ, үнэлгээ, ханшийг тогтоолгомоор байна. Хариуцагчаас шүүхэд гаргасан бичгийн нотлох баримтуудтай танилцахад 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/36 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын 2 дахь заалтаар хэн гэж шинжээчид эрх, үүрэг танилцуулж, хэдний өдрийн дотор дүгнэлтийг гаргуулахаар даалгасан нь тодорхойгүй баримт, мөн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 185 дугаар тойргийн нотариатаар хуулбарлуулан батлуулж, тус тусад нь гаргаж өгсөн байна.

Сэлэнгэ эстимэйт ХХК нь 1/36 дугаартай тогтоолын дагуу гаргасан хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан шинжилгээ хийх хугацаа тодорхойгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан хууль тогтоомжид нийцсэн байх зарчимд нийцүүлэлгүй, хууль зөрчсөн дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Манай байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т зааснаар хариуцагчид хандахад 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3/1593 дугаартай албан бичгээр тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Отгонбаяр шийдвэрлэсэн боловч мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар дээд шатанд гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл гаргаж, гомдлын агуулгатай албан ёсоор бичгээр гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн гэдэг нь тодорхойгүй, хариу өгөөгүй, төлбөр барагдуулах бусад ажиллагаагаа хуульд зааснаар дуудан ирүүлж, танилцуулж байсанд гомдолтой байна.

Гэтэл тус албанаас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/1515, 3/15117, 3/1519 дугаартай мэдэгдлүүдийг гардуулан өгч, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулан авсан.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буюу хууль зөрчсөн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаартай мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ын шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбааатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр зарын 12-ны өдрийн 2320 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн магадлалаар М.М ХХК-аас 335 585 648 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032914 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Деневрийн гудамж, 85 дугаар байр, 207 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007038 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байр, 22 тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураан авсан байна. Төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналыг төлбөр авагч үл зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Сэлэнгэ эстимэйт ХХК-аар үнэлгээ тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон Ү-2204032914 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Деневрийн гудамж, 85 дугаар байр, 207 тоот орон сууцны үнийг 182 261 700 төгрөг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007038 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байр, 22 тоот орон сууцны үнийг 60 768 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч М.М ХХК-ийн захирал Б.Б д 2020 оны 02 дугаар сарын 03- ны өдрийн 3/1518 тоот албан бичгээр танилцуулж, Б.Б ий хүсэлтийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцааалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ш.Дулмаа, Б.Уранчимэг нарт 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/1517, 31519 албан бичгээр тус тус гардуулан өгч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлгээр баталгаажуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор Сэлэнгэ эстимейт ххкомпаний шинжээч Г.Отгонбаяр томилогдож түүнд эрх үүргийг тайлбарлан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулж гарын үсэг зуруулсан.

Төлбөр төлөгч М.М ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01 дугаартай албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцуулахаар хандсан гомдлын хариуг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуулийн хугацаанд нь гаргаж, М.М ХХК-ийн захирал Б.Б д шийдвэр гүйцэтгэгч нэг хувийг өгсөн гэвч гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй нь нотлох баримтаас харагдаж байгаа хэдий ч төлбөр төлөгч М.М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б гомдлын хариу өгсөн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл гаргаагүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураагдсан төлбөр төлөгч М.М ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ш.Дулмаагийн өмчлөлийн нэг өрөө орон сууц, Б.Б , Б.Уранчимэг нарын өмчлөлийн 4 өрөө орон сууцыг тус тус Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 3/1997, 3/1998, 3/1999,3/200 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн 3/11 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг хүчингүй болгуулахаар хандсан нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/Ш32020/03083 дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бүртгэлд оруулсныг хүлээн авсан байх тул анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шинжээчийн гаргасан аль үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гээд байгаа нь ойлгомжгүй байна. Үнэлгээний тайланг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа юм уу, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гээд байгаа юм уу энэ нь тодорхойгүй байна. Үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээ нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., 122 дугаар зүйлийн 122.5. дахь хэсэгт зааснаар Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02320 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дугаартай магадлалын дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаартай мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаартай мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээг эс зөвшөөрч гомдлоо анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээ нь бодит эсэх, зах зээлийн ханшид нийцсэн эсэх, хуулийн зарчим, тавигдах шаардлагад нийцсэн эсэхийг харгалзан үзэлгүй хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт тулгуурлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт 2 тусдаа авагдсан шийдвэр гүйцэтгэлийн төлбөр барагдуулах ажиллагааны хөрөнгийн үнэлгээ явуулах үндэслэл болсон 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/36 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-ын 2 дахь заалтад нэр бичигдсэн, бичигдээгүй 2 өөр, мөн дүгнэлт гаргах тогтоосон хугацаа байхгүй байгаа нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 4.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т, 11 дүгээр зүйлд заасан хугацаа байхгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах үүрэг үүсэх хууль болон гэрээний зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд 5 хоног дотор гаргах үүрэгтэй байсан гэх боловч 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тайлан хүлээлцсэн тэмдэглэл үйлдсэн нотлох баримтууд байдаг. Үүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төлбөр төлөгч нь хариуцагч байгууллагын дарга, хурандаа Т.Зулзүсэмд хандаж гомдлын агуулгатай хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/01 дугаартай албан бичгээр өгөхөд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3/1593 дугаартай хүсэлтийн хариу-г тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Отгонбаяр нь шийдвэрлэсэн байхад түүнийг хэрхэн шийдвэрлэсэн хариуг өгөөгүй, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар дээд шатанд гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл гаргаж, албан ёсоор бичгээр гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн гэдэг нь тодорхойгүй, хариу өгөөгүй, төлбөр барагдуулах бусад ажиллагаагаа хуульд зааснаар дуудан ирүүлж, баримтуудад гарын үсэг зуруулж баталгаажуулж байсан зэргийг шүүхээс тодорхой үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй тул хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.М ХХК нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаар мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/02320 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дугаар магадлалыг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн мөн оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4137 дугаар захирамж, 302 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, иргэн Б.Б , Б.Уранчимэг нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Деневерийн гудамж, 85 байр, 207 тоот, 95.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, иргэн Ш.Дулмаагийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5 хороо, 6 дугаар хороолол, 20 байр, 22 тоот, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн байна. /хх47,51/ Дээрх ажиллагаанд нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хариуцагч байгууллага 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3/1593 дугаар албан бичгээр шийдвэрлэхдээ төлбөр төлөгчид мэдэгдээгүй, дээд шатанд гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж маргажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн 3/1593 дугаар албан бичигт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан журмын дагуу гомдол гаргах эрхийг нь зөрчсөн, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг тохиролцоогүй, үүний улмаас Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн үйл баримтад талууд маргаангүй, харин шинжээч томилсон тогтоол болон уг тогтоолын дагуу хийгдсэн шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ. /хх-64-66/

Хэргийн баримтаас үзэхэд шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь иргэн Б.Б , Б.Уранчимэг нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Деневерийн гудамж, 85 байр, 207 тоот, 95.4 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 182 261 700 төгрөг, иргэн Ш.Дулмаагийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 5 хороо, 6 дугаар хороолол, 20 байр, 22 тоот, 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 60 768 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх91, 100/ Тэрээр шинжилгээ хийхдээ үнэлж буй хөрөнгөтэй жишиж болох буюу ижил дүүрэгт байрлах тус бүр 2 үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч харьцуулан зах зээлийн хандлагын аргыг сонгон үнэлгээ тогтоон, дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад тус тус нийцжээ.

Нэхэмжлэгч нь шинжээч томилсон тогтоолд шинжээчийн нэр бичигдээгүй, дүгнэлт гаргах хугацааг тогтоогоогүй гэх үндэслэлээр гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч байгууллага шинжээч томилох тогтоол гаргахдаа шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг заагаагүй байх боловч энэ нь шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг буруу гаргасан гэх үндэслэл болохгүй.

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр явуулахаар 3/11 дугаар тогтоол гарган, мөн оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаартай мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч Ш.Дулмаа нарт хүлээлгэн өгсөн үйл баримт хэргийн 79-81, 84 дүгээр талд авагдсан мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчөөгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД