Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00955

 

Мон мир ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01228 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1536 дугаар магадлалтай,

Мон мир ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаар мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.12-ны өдрийн 2320 дугаартай шийдвэрээр Мон мир ХХК-аас 335,585,684.78 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээ байгуулахад талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Гэтэл барьцааны гэрээг албан ёсоор байгуулан, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн I хороо, XII хороолол, Денвер гудамж, 85 дугаар байрны 2007 тоот, 95.4 м.кв талбай бүхий 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг 182,261,700 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол, 20 дугаар байрны 22 тоот, 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 60,768,000 төгрөгөөр тус тус үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар болсонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, анх гэрээ байгуулахад талуудын харилцан тохиролцсон үнэлгээгээр бус, зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй, төлбөр төлөгчийн түргэн зарагдаж болохуйц үнийн саналаас доогуур тогтоон үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлэн үнэлгээ гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч нь 2020.02.05-ны өдрийн 3/1518 дугаартай мэдэгдэл гардуулж өгсөн бөгөөд тухайн мэдэгдэлд хэрхэн яаж, хаанаас, ямар үндэслэлээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон тухай огт байхгүй учир шүүхээс үнэлгээг хүчингүй болгуулж, зах зээлийн бодит үнэ, үнэлгээ, ханшийг тогтоолгомоор байна. Хариуцагчаас шүүхэд гаргасан бичгийн нотлох баримтуудтай танилцахад 2020.01.23-ны өдрийн 1/36 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын 2 дахь заалтаар хэн гэж шинжээчид эрх, үүрэг танилцуулж, хэдний өдрийн дотор дүгнэлтийг гаргуулахаар даалгасан нь тодорхойгүй баримт, мөн 2020.04.30-ны өдөр 185 дугаар тойргийн нотариатаар хуулбарлуулан батлуулж, тус тусад нь гаргаж өгсөн байна. Сэлэнгэ эстимэйт ХХК нь 1/36 дугаартай тогтоолын дагуу гаргасан хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан шинжилгээ хийх хугацаа тодорхойгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан хууль тогтоомжид нийцсэн байх зарчимд нийцүүлэлгүй, хууль зөрчсөн дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Манай байгууллагаас 2020.01.20-ны өдрийн 20/01 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т зааснаар хариуцагчид хандахад 2020.02.05-ны өдрийн 3/1593 дугаартай албан бичгээр тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Отгонбаяр шийдвэрлэсэн боловч мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар дээд шатанд гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл гаргаж, гомдлын агуулгатай албан ёсоор бичгээр гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн гэдэг нь тодорхойгүй, хариу өгөөгүй, төлбөр барагдуулах бусад ажиллагаагаа хуульд зааснаар дуудан ирүүлж, танилцуулж байсанд гомдолтой байна. Гэтэл тус албанаас 2020.02.03-ны өдрийн 3/1515, 3/15117, 3/1519 дугаартай мэдэгдлүүдийг гардуулан өгч, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулан авсан. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, 2020.02.05-ны өдрөөс хойш явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буюу хууль зөрчсөн 2020.02.21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаартай мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.12-ны өдрийн 2320 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.16-ны өдрийн магадлалаар Мон мир ХХК-аас 335,585,648 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032914 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, I хороо, XII хороолол, Денверийн гудамж, 85 дугаар байр, 207 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007038 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, V хороо, VI хороолол, 20 дугаар байр, 22 тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураан авсан байна. Төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналыг төлбөр авагч үл зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Сэлэнгэ эстимэйт ХХК-аар үнэлгээ тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон Ү-2204032914 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, I хороо, XII хороолол, Денверийн гудамж, 85 дугаар байр, 207 тоот орон сууцны үнийг 182,261,700 төгрөг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007038 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, V хороо, VI хороолол, 20 дугаар байр, 22 тоот орон сууцны үнийг 60,768,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Мон мир ХХК-ийн захирал Б.Билгүүнд 2020.02.03-ны өдрийн 3/1518 тоот албан бичгээр танилцуулж, Б.Билгүүний хүсэлтийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ш.Дулмаа, Б.Уранчимэг нарт 2020.02.03-ны өдрийн 3/1517, 31519 албан бичгээр тус тус гардуулан өгч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээч Г.Отгонбаяр томилогдож түүнд эрх, үүргийг тайлбарлан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулж гарын үсэг зуруулсан. Төлбөр төлөгч Мон мир ХХК-ийн 2020.01.20-ны өдрийн 20/01 дугаартай албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцуулахаар хандсан гомдлын хариуг 2020.02.05-ны өдөр хуулийн хугацаанд нь гаргаж, Мон мир ХХК-ийн захирал Б.Билгүүнд шийдвэр гүйцэтгэгч нэг хувийг өгсөн гэвч гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй нь нотлох баримтаас харагдаж байгаа хэдий ч төлбөр төлөгч Мон мир ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билгүүн гомдлын хариу өгсөн өдөр буюу 2020.02.05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл гаргаагүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураагдсан төлбөр төлөгч Мон мир ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ш.Дулмаагийн өмчлөлийн нэг өрөө орон сууц, Б.Билгүүн, Б.Уранчимэг нарын өмчлөлийн 4 өрөө орон сууцыг тус тус Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт 2020.02.21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999,3/200 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн 3/11 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг хүчингүй болгуулахаар хандсан нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.02-ны өдрийн 181/Ш32020/03083 дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж 2020.03.03-ны өдөр бүртгэлд оруулсныг хүлээн авсан байх тул анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Шинжээчийн гаргасан аль үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гээд байгаа нь ойлгомжгүй байна. Үнэлгээний тайланг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа юм уу, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гээд байгаа юм уу энэ нь тодорхойгүй байна. Үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээ нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01228 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., 122 дугаар зүйлийн 122.5. дахь хэсэгт зааснаар Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02320 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дугаартай магадлалын дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаартай мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1536 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Манай байгууллагаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 181/ШШ2020/01228 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 1536 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхэд Үнэлгээ хүчингүй болгуулах, 2020.02.21- ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаартай мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгуулах тухай үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Манай зүгээс Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн тавигдах шаардлага, зарчимд нийцэхгүй байгаа тухай, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлийг тодорхойлон маргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээг эс зөвшөөрч гомдлоо анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээ нь бодит эсэх, зах зээлийн ханшид нийцсэн эсэх, хуулийн зарчим, тавигдах шаардлагад нийцсэн эсэхийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй, Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалд ч мөн адил харгалзан үзэлгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс Мон мир ХХК-аас БХЗХТБАА дарга, хурандаа Т.Зулзүсэмд хандаж гомдлын агуулгатай хүсэлтийг 2020.01.20-ны өдрийн 20/01 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т зааснаар хариуцагчид хандахад 2020.02.05-ны өдрийн 3/1593 дугаартай хүсэлтийн хариу-г тасгийн дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Отгонбаяр нь шийдвэрлэсэн байхад шийдвэрлэсэн хариуг өгөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар дээд шатанд гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл гаргаж, албан ёсоор бичгээр гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн гэдэг нь тодорхойгүй, хариу өгөөгүй үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтыг хариуцагчаас гаргаж, эрхийг нь зөрчиж, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдсонгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн үүнээс гадна Хавтаст хэрэгт 2 тусдаа авагдсан шийдвэр гүйцэтгэлийн төлбөр барагдуулах ажиллагааны хөрөнгийн үнэлгээ явуулах үндэслэл болсон 2020.01.23-ны өдрийн 1/36 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол нь 2 дах заалтад нэр бичигдсэн, бичигдээгүй 2 өөр, мөн дүгнэлт гаргах тогтоосон хугацаа байхгүй байгаа нь БХЗХТБАА дарга, хурандаа Т.Зулзүсэм, Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дэлгэрсүрэн нарын хооронд байгуулсан 2020.01.15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 4.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т, 11 дүгээр зүйлд заасан хугацаа байхгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах үүрэг үүсэх хууль болон гэрээний зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд 5 хоног дотор гаргах үүрэгтэй байсан гэх боловч 2020.01.31-ний өдрийн тайлан хүлээлцсэн тэмдэглэл үйлдсэн нотлох баримтуудаар хууль зөрчсөн байдаг. Иймд 2020.05.11-ний өдрийн 181/IIIШ2020/01228 дугаартай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020.07.08-ны өдрийн 1536 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хуульчилсанд нийцэхгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Мон мир ХХК нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулж, 2020.02.21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаар мэдэгдлүүд болон мөн өдрийн 3/11 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.12-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.16-ны өдрийн магадлалаар Мон Мир ХХК-аас 335,585,864.78 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэсэн ба хариуцагч нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгүүдийг хуульд заасан журмын дагуу битүүмжилсэн байна.

Нэхэмжлэгч нь дээрх ажиллагаанд гаргасан гомдлыг хариуцагч байгууллага 2020.02.05-ны өдрийн 3/1593 дугаар албан бичгээр шийдвэрлэхдээ төлбөр төлөгчид мэдэгдээгүй, дээд шатанд гомдол гаргах эрхийг хязгаарласан байхад ... гомдол гаргах эрхийг нь зөрчсөн, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна гэж шүүх буруу дүгнэсэн гэсэн гомдлыг хангахгүй.

Учир нь Мон Мир ХХК-ийн захирал Б.Билгүүн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2020.01.20-ны өдөр гомдол гаргасан, хариуцагч нь эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийсэн нь хууль зөрчөөгүй гэсэн хариуг 2020.02.05-ны өдрийн 3/1593 дугаартай албан бичгээр өгсөн байх тул хоёр шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. /хх-77,191,192/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах барьцаа хөрөнгүүдийн санал болгох доод үнийг тохиролцоогүй байх тул хариуцагч нь шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д нийцсэн, шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь иргэн Б.Билгүүн, Б.Уранчимэг нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, I хороо, XII хороолол, Денверийн гудамж, 85 байр, 207 тоот, 95.4 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 182,261,700 төгрөг, иргэн Ш.Дулмаагийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, V хороо, VI хороолол, 20 байр, 22 тоот, 18 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 60,768,000 төгрөгөөр тус тус үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлжээ.

Шинжээч томилох тогтоол гаргахдаа хариуцагч байгууллага шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг заагаагүй нь шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг буруу гаргасан гэх үндэслэл болохгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь анхны албадан дуудлага худалдааг 2020.03.04-ний өдөр явуулахаар 3/11 дугаар тогтоол гарган, мөн оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/1997, 3/1998, 3/1999, 3/2000 дугаартай мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч Ш.Дулмаа нарт хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01228 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1536 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД