Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 222

 

А.С-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, А.Ган-Эрдэнэ, Л.Ганганбарс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалтай, А.С-д холбогдох 1904000360023 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, А.Ган-Эрдэнэ, Л.Ганганбарс нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжилтэй, урьд нь

Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан З овогт А-ийн С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.С-н цагдан хоригдсон 76 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн” байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С-ын өмгөөлөгч Л.Ганганбарс, Ц.Мөнхтуяа, А.Ган-Эрдэнэ, Ц.Батзаяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь шүүгдэгчийн ямар ямар үйлдлүүдийн улмаас хохирогчийн амь насыг нь аврах боломжгүй тархины гэмтэл учирсан болохыг нотолж тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч хохирогчийн биеийн аль аль хэсэг рүү, хэдэн удаа, юугаар цохисны улмаас цохигдсон газрууд буюу биеийн тэр тэр хэсэгт ийм гэмтэл учирсан талаар эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй.

Шүүх хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг буруу тодорхойлон, А.С-ын үйлдлийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хүнийг санаатай алах гэмт хэрэг бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж, уг хор уршгийг хүсэж үйлддэг бөгөөд А.Сын үйлдэлд энэхүү нөхцөл байдал тогтоогддоггүй.

Түүнчлэн үхэлд хүргэсэн гэмтлийг А.С учруулсан болох нь бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр нотлогдож тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоож чадаагүй гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хохирогч Д.Э-н биед учирсан “гавлын баруун чамархай ясны ар дээд хэсгээс доош суурь ясны баруун чихний чулуулаг яс болон суурийн хонхор луу салаалсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар, баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд шарх гэмтэл”-үүдийг бүгдийг нь А.С учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь шинжээчийн дүгнэлтүүдэд талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь цохих, цохигдох, мөргөгдөх, унах аль ч үед үүсэх боломжтой талаар дүгнэсэн. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч А.С-ын хохирогч Д.Э-ыг цохисон гэсэн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг буруутгахад ашигласан атлаа “шон мөргөсөн, дэрсэн дунд унасан, савж унасан” зэрэг мэдүүлгүүдэд дүгнэлт өгсөнгүй. Гэтэл энэ талаар насанд хүрээгүй гэрч ч мөн мэдүүлдэг. А.С-ын мэдүүлэгт дурдагдаад байгаа “шон мөргөсөн, дэрсэн дунд унасан, савж унасан”-аас хохирогч Д.Э-ы биед ямар ч гэмтэл учраагүй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогчийн биед учирсан амь насыг нь аврах боломжгүй тархины гэмтлийг А.С учруулсан нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байгаа болно.

Мөн шүүхээс “Хувийн таарамжгүй харилцааны улмаас” гэж дүгнэсэн атлаа яг ямар хувийн таарамжгүй харилцааны талаар гэдэгт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, яг ямар хувийн таарамжгүй харилцаа үүссэн, хэзээ үүссэн, ямар хугацаанд үргэлжилж байгаа, энэ нь санаатайгаар зодож “амь насанд халдах” хэмжээний таарамжгүй харилцаа мөн эсэхэд шүүх огтхон ч дүгнэлт өгсөнгүй. Үеэл ахыгаа авахаар 2 удаа дуудагдан ирж, согтуу байгаа ахыгаа авч явах гэж байгаа дүүгийн үйлдэлд шүүх огтхон ч дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн эрүүгийн хариуцлагын талаар хэсэгт А.С нь “... хохирогчийг ажил төрөлтэй байлгаж амьдрах боломжийг нь хангаж байсан зэрэг хувийн байдал тогтоогдлоо” гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн" гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа дээр дурдсанаар хувийн таарамжгүй харьцаатай байсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй, зөрчилдөөнтэй дүгнэлт гэж үзэхээр байгаа болно.

А.С, хохирогч Д.Э нарын хооронд огтхон ч хувийн таарамжгүй харьцаа байгаагүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, мөн зүйлийн 8.3 дахь хэсэгт яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, 8.4 дэх хэсэгт өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан бол мөн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч А.С-ын мэдүүлгийг яллах үндэслэл болгосон бөгөөд гэрч нар болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх уг хэргийн мөрдөгч А.М-с авсан гэрчийн мэдүүлгээр түүний үйлдсэн хэрэг давхар нотлогдсон гэж дүгнэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан бөгөөд мөрдөгч А.М нь уг хэргийг гэрч биш буюу мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан юм. Хэрвээ ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрч бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар уг хэрэгт мөрдөгчөөр оролцож болохгүй тохиолдол үүснэ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг анхаарч үзээгүй бөгөөд мөрдөгчийн мэдүүлгийг үнэлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хэрвээ энэ нөхцөл байдлыг залруулахгүй бол буруу практик тогтоно. Гэрч Б.О-ын эгч дүүгийнхээ талаар “хүний ярьсан зүйлийг ойлгохдоо муу, группт байдаг” гэсэн мэдүүлэг өгсөн. Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлтэд “Б.О нь оюун ухааны хүндэвтэр эмгэгтэй, болсон үйл явдлыг сэтгэхүйн хүрээнд тусган авч, өөрийн харсан хэмжээнд мэдүүлэг өгөх чадвартай, хариуцлага 22 хүлээх чадваргүй” гэж заасан байхад гэрчийн мэдүүлэг авч, үнэлсэн нь хууль зөрчсөн. Гэрч мэдүүлэг өгөх, үнэн зөвийг хариуцах, хариуцлага хүлээх чадваргүй болох нь тогтоогдвол гэрчийн мэдүүлгийг үнэлж болохгүй нөхцөл байдал үүснэ. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Миний үйлчлүүлэгч А.С нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчимд хохирогч Д.Э-ыг архи уулгахгүй авч явна гэж татаж чангааж байх явцад хохирогч эсэргүүцэж гараа угз татан дэрсэнд тээглэж удаа дараа унасан, хашааны хаалганы шон мөргөсөн байдаг. Энэхүү үйл явдлын дараа хохирогчийг машиндаа оруулан авч явж гэртээ цуг харьсан. Энэ үеэс хохирогч баруун чихнээс цус гоожсон ба гэрт орох үед болон эмнэлэгт хүргэж очин эмчилгээ хийлгэсэн боловч маргааш өдөр нь нас барсан.

Шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ны 010 дугаар дүгнэлтэд амь хохирогчийн үхэлд хүрсэн шалтгаан нь тархины эдийн битүү гэмтлийн улмаас нас барсан гэх бөгөөд энэхүү гэмтэл нь цохих, цохигдох, унах аль ч үед үүсэх боломжтой гэсэн /1 дүгээр хавтаст хэргийн 172-174/,

Шинжээч эмч Ө.Ш-н “энэ гэмтэл нь хатуу биет зүйлийн буюу ирмэг үзүүртэйгээс бусад зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, юм мөргөх, газарт хүчтэй савж унах буюу хүний биеийн хүчнээс давсан хүчин зүйлээс үүсгэгдэх боломжтой”, мөн дээрх гэмтэл нь гараар цохиход үүсэх боломж багатай тухайн үеийн нөхцөл байдал, хүчний үйлчлэлээс үүсэхийг үгүйсгэхгүй, огт боломжгүй гэсэн үг биш гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 хуудас/,

“Шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 36-39 хуудас/,

Шинжээч эмч Б.А-н өгсөн “... Талийгаачийн баруун чамархайнаас суурь яс руу чиглэсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, чамархайн хуйх болон чамархай булчингийн цус хуралт нь баруун чамархай хэсэгт 1 удаа цохиход үүсэх боломжтой бусад гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйл гэдэгт хатуу мохоо биет гар, хөл хамаарна. Өөрөөр хэлбэл, цохигдох, өшиглөх, үйлдэл хамаарна. Тухайн гэмтэл дээр цохих, өшиглөх үед үүснэ. Уг гэмтэл нь гараа татаж хойшоо унах үед үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 43-45 хуудас/,

Шинжээч эмч Т.А-ийн өгсөн "... Талийгаачийн биед учирсан гэмтэл цохих, цохигдох, унах аль ч үед үүсэх боломжтой. Хохирогчийн биед зүүн хөмсөг хамар, баруун бугалганд зулгаралт үүсэх боломжтой. Мөн шүргэлдэх, үрэгдэх үед үүсэх боломжтой. Тухайн талийгаачийн гэмтэл нь баруун талын чулуулаг ясны дээд талын хугарал үүссэн бөгөөд гэмтсэн даруйдаа шууд цус гарна. Таталцах түлхэлцэх үед хойшоо савж унах үед хуйхны хавдар дээр тархины овгор хэсгээрээ хавтгай гадаргуутай зүйл дээр унахад унасан хүчнээсээ хамаараад үүсэх боломжтой. Гараар цохиход ясны хугарал үүсэх боломжгүй, өшиглөх үед үүснэ. Гартаа хатуу биет бариад цохих үед үүснэ. Чулуу, тоосго, мод барьж цохиход үүсэх боломжтой. Хавсарч цохисон үйлчлэлээс үүсэх боломжтой ...” гэсэн мэдүүлэг /шүүх хурлын тэмдэглэл/,

Эдгээр дүгнэлтүүд нь А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед удаа дараа мэдүүлсэн “талийгаач нь өөрөөс нь согтуугаар зугтаж олон удаа хашаа давж гүйж явахдаа унаж юм мөргөсөн байж болох галтай, гадагш гарах үед хаалганы шон мөргөсөн, дэрсэнд тээглэж тас хийтэл савж унасан. Босгох гэтэл босохгүй ёооё гээд бие нь хүнд юм шиг санагдсан. Тэгээд гэрийн гадаа ирээд хартал хацар болон куртикний баруун мөр цус болсон байсан ... гэж мэдүүлсэн нь савж унах үед учирсан байх боломжтойг шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газрын зураг /өвс, дэрс, буттай/ /1 дүгээр хавтаст хэргийн 79 хуудас/. Насанд хүрээгүй гэрчийн зааж байгаа зураг /1 дүгээр хавтаст хэргийн 85 хуудас/ гэрчүүдийн мэдүүлгүүдээр уг гэмтлийг авсан байж болно гэдгийг нотолсон байна. А.С нь амь хохирогчийг шууд санаатайгаар цохисон буюу түүний толгойн тус газраар нь юманд цохиулах үйлдлийг хийсэн гэх шууд нотлох баримт авагдаагүй байдаг.

Мөн цагдаагийн мөрдөгч нь хамтран ажилладаг, А.С-аас анхны тайлбар авсан А.М, Ж.П нарыг гэрчээр асууж, нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Мөн гэрч Б.О оюуны чадавхгүй болохыг нотолсон баримт хангалтай байхад түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдээс холбогдогчийн гэм бурууг тогтоосон үндэслэлүүд болох гэрчүүдийн мэдүүлгүүд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, ашиг сонирхолтой байхад гэм буруугийн нотолгоо болгон үнэлсэн, нотлох баримтуудыг зөвхөн яллах талыг баримтлан үнэлж, цагаатгах нотолгоог үнэлээгүй явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтуудыг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

А.С нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны шөнө өөрийн нагац ах Д.Э-ы хамтран амьдрагч Б.Отгонбаяр удаа дараа “намайг зодоод байна ирж аваач” гэж дуудсанаар очиж ах Д.Э-ыг гэртээ аваачих гэж хөөцөлдсөөр байгаад гэртээ аваачих үед түүний чихнээс цус гарч байсан тул эмнэлэгт хүргэн очиж улмаар нагац ах Д.Э нас барсан. Айлын хашаан дотор явна явахгүй гэж маргалдаж байх үед амь хохирогчийн нүүрэн тус газар 2 удаа, аймхай орчимд нэг удаа зөөлөвтөр цохисон гэдгээ анхны мэдүүлгээс эхлэн үнэн зөвөөр мэдүүлсэн.

Гэтэл энэхүү цохисон гэдгийг үндэслэн амь насыг бүрэлгэсэн гэж үзэн яллагдагчаар татан цагдан хорьж, түүнийг энэ хэргийг үйлдсэн гэж холбогдуулан шалгаж эхэлсэн. Цагдаа прокурор нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь шалган тогтоох үүрэгтэй бөгөөд шүүхээр гэм буруутайг тогтоох хүртэл хэнийг ч гэм буруутай гэж үзэх ёсгүй байтал зөвхөн түүнийг буруутай гэдгийг нотлохоор баримт цуглуулан ажиллаж эхэлсэн байдаг. Тухайн хэрэгт шууд нотлох баримт байхгүй, хүнийг алсан гэж буруутгах хангалттай нотолгоо цугларахгүй болоод ирэхээр хэргийг шалгаж байсан мөрдөгч нарыг гэрчээр оролцуулан холбогдогчийн хэлсэн ярьсан зүйлийг мушгин гуйвуулсан мэдүүлгүүд авч түүнийгээ нотолгоо болгон ашиглаж хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн. Анхнаасаа энэ хэрэгт холбогдогч А.С-ыг буруутай хэмээн үзэж бичиг үсэг мэдэхгүй, оюуны хомсдолтой гэрч Б.О-с А.С-ын ярьж хэлээгүй, болоогүй зүйлийг болсон мэтээр мэдүүлэг авсан цагдаагийн алба хаагчид тэрхүү байдлыг улам бататган нотолж мэдүүлэг өгөх нь маш тодорхой зүйл. Эдгээр нөхцөл байдлууд нь тус хэрэгт мөрдөгчөөр ажилласан А.М, Ж.П нараас холбогдогчийг худлаа ярьсан болгож мэдүүлэг авсан. Тухайн хэрэгт хэргийг оролцогч нараас аль ч талаас хүсэлт гомдол гаргаагүй байхад прокурор өөрийн санаачлагаар дахин шинжээч томилон амь хохирогчийн үхлийн шалтгааныг холбогдогчийн үйлдэлд хамаатуулах оролдлого хийн шинжээчээс өөрсдийнх нь дүгнэлтийн агуулгын эсрэг мэдүүлэг авахуулсан /тус хэрэгт нийт 9 шинжээч оролцсон байхад ганцхан шинжээч л өөр агуулгатай тайлбар гаргасан байдаг/ зэргээс тодорхой харагдана.

Дээр дурдсан нөхцөл байдлууд буюу мөрдөгчдийг мэдүүлэг үнэн гэхэд эргэлзэхэд хүргэж буй баримт: Тус хэрэгт мөрдөгчөөр ажилласан, мөн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн А.М нь тус хэргийн гэрч Л.А гэгчээс мэдүүлэг авахдаа огт бичиг үсэг мэдэхгүй хүнийг мөн бичиг үсэг мэдэхгүй хүн байлцуулж байцаалт аваад яриагүй зүйлийг ярьсан болгож, холбогдогчийг буруутган зохиосон байцаалт авсан байдаг /хавтаст хэргийн 122, 124 хуудас/. Ингэж хэрэгт гэрчийн мэдүүлгийг зохион бичиж холбогдогчийг буруутгах хувийн сонирхолтой байгаа хүн өөрөө гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгнө гэхэд эргэлзээтэй биш үү? Түүний мэдүүлсэн үйл явдал /амь хохирогчийг машинд суулгах үед зугтаах гэхээр нь чихний орчимд цохисон гэх/ гэрч Г.Д-н мэдүүлгээр няцаагддаг /хавтаст хэргийн 128 хуудас/. Гэтэл энэхүү няцаагдсан эргэлзээтэй мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн. Хууль зөрчсөн мөрдөгчид арга хэмжээ тооцож байх ёстой прокурор харин ч эсрэгээрээ цагдаа нараа гэрч болгон оролцуулаад явж байгаа нь мөн л энэ хэрэгт ямар хандлага гаргаж байсан нь тодорхой харагдана. Мөн тус хэрэгт Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж мөрдөгчид нь цуг зэрэгцэн ажилладаг нөгөө мөрдөгчид болох Ж.П, А.М нараа гэрчээр байцаагаад түүнийгээ нотолгоо гэж үнэлээд /прокурор мөн адил/ байгаа нь хуульд заасан шаардлага нөхцөл, ашиг сонирхол, хуйвалдаагүй, хүний эрхийг зөрчөөгүй гэх баталгаа байна гэхэд үнэхээр эргэлзээтэй. Энд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 1 дэх заалт агуулгын хувьд үйлчлэх ёстой гэж өмгөөлөгч хуульч хүний хувьд үзэж байгаа бөгөөд цагдаа, прокурорын байгууллага бодит байдлыг тогтоох үүргээ гүйцэтгэлгүй зөвхөн энэ хэргийг хүний амь насыг санаатай хохироосон хэрэг болгохын төлөө улайран ажилласан гэдэг тодорхой харагдаж байна.

Мөн хэргийн гэрч Б.О-ын хувьд сэтгэцийн өвчтэй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрийн үзсэн харсан үйл явдлыг өөрийн сэтгэхүйн хэмжээнд тусган авч өөрийн үзсэн харсны хэмжээнд мэдүүлэг өгөх чадвартай гэсэн сэтгэцийн эмчийн дүгнэлттэй. Мөн удаан хугацаагаар эмчийн хяналтад байгаа, хүний хэлсэн ярьсан зүйлийг ойлгохдоо муу гэж эмчлэгч эмч болон төрсөн эгч нь /хавтаст хэргийн 144, 158/ мэдүүлж, түүнийг оюуны чадавхийн талаар хангалтгүй гэдгийг нотлох баримт хангалттай байсаар атал тэр хүн өөрийн нүдээр үзэж хараагүй үйл явдал буюу амь хохирогчийн чих рүү нь А.С цохисон гэж ярьсан гэсэн мэдүүлэг аван түүнийгээ яллах нотолгоо болгон үнэлсэн. Нагац ахынх нь бие муудаад эмнэлэгт орхичихсон, яарч сандарч яваа, ярихдаа ээрч гацдаг холбогдогч А.С тухайн үед юу гэж ярьсныг тэр хүн /Б.О/ юу гэж ойлгосон, түүнийгээ юу гэж мэдүүлсэн нь маш эргэлзээтэй байхад энэ хүний мэдүүлгийг шууд нотолгоо болгон үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Шинжээч болон эмчлэгч эмч нь энэ хүний сэтгэцийг “харсан үзсэн зүйлийнхээ талаар өөрийн сэтгэхүйн хэмжээнд мэдүүлэх чадвартай” гэсэн байхад түүний өөрийнх нь хараагүй зүйлийг асуугаад угаасаа хүний ярьсныг ойлгох чадвар муутай, тоо мэдэхгүй, мөнгө тоолж мэдэхгүй, бичиг үсэг он сар өдрөө ч мэдэхгүй /хавтаст хэргийн 20 хуудас/ №14 сэтгэцийн дүгнэлт/ хүний /гэрчийн/ мэдүүлгийг үнэлэн эргэлзээгүй нотолгоо гэж үзэж болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч прокурор нь ... нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох... үүрэгтэй гэснийг болон 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.4 дэх заалтад заасныг зөрчсөн гэж үзэж байна. Энэ заалтад хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож мэдэх чадвар яригдах ёстой болохоос өөрийн харсан зүйлээ мэдүүлэх чадварын талаар яригдахгүй, сэтгэцийн өвчтэй өөрийн хараагүй зүйлийнхээ талаар ярих чадваргүй хүний талаар зохицуулсан зохицуулалт биш гэдгийг анхаарах ёстой гэж үзэж байна. Мөн гэрч Б.О нь мэдүүлэг өгөхдөө амь хохирогчийг утсаар ярихдаа Сармандах аав ээжтэйгээ 3-лаа элбэж зодоод байна гэх мэтээр огт болоогүй зүйлийг болсон мэтээр ярьсан зэргээс /хавтаст хэргийн 119 хуудас, энэ нь гэрч Ц.Э-ийн мэдүүлгээр няцаагддаг/ түүний мэдүүлэг зөвхөн холбогдогч А.С-ын биш бусад хүний мэдүүлэгтэй ч зөрөлдөж, худал мэдүүлдэг гэдэг нь харагдана. Мөн хэрэгт гэрч Г.А, О.О нарын мэдүүлгийг үндэслэл болгон холбогдогчийг амь хохирогчийн өмнөөс хариулт өгч байсан, айлын үүдэнд унасан гэж хэлсэн зэргээр буруутгадаг. Гэтэл гэрч Г.А нь амь хохирогч эмнэлэгт орж ирээд асуултад хариулахдаа өөрөө унасан гэдгээ өөрөө хэлсэн гэж мэдүүлсэн. Энэ бол шууд цагаатгах нотолгоо. Хажуунаас нь А.С гэрээс гарахдаа тээглэж унасан гэж амь хохирогч өөрт нь эмнэлэг хүрэх замдаа явж байхдаа хэлсэн үгийг нь эмч сувилагчид дамжуулж хэлсэн нь яагаад яллах нотлох баримт болж байгаа нь туйлын ойлгомжгүй байна /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалт/.

Анхан шатны шүүхийн тогтоолд дурдагдсан гэм буруугийн бусад нотолгоо буюу гэрч Б.М, Г.А, Д.О гэх мэт хүмүүсийн мэдүүлэг бол болсон үйл баримтыг огт мэдэхгүй, хэргийг хэн үйлдсэн гэдэг талаас нь биш зөвхөн үйлдэл болохоос өмнөх буюу дараачийн үйл баримтыг мэдүүлсэн мэдүүлгүүд байхад яагаад мөн л А.С хүнийг алсан гэх хэргийн нотолгоо болов? Гагцхүү насанд хүрээгүй гэрч М.Б нь холбогдогч нь амь хохирогчийг хашаан дотор нэг удаа л мөрөн тус газар нь цохисон гэх. Холбогдогч өөрөө бүр хашаан дотор 3 удаа гар хүрснээ хэлээд байгаа. Гэтэл хашаан дотор түүнийг цохисон асуудал амь хохирогчийн үхэлд хүргэх шалтгаан нөхцөл болоогүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой байдаг. Яллах дүгнэлт болон шүүхээс хийсэн дүгнэлтэд хашаан дотор биш хашааны гадна гаргаад цохиж унагаасан гэж дүгнээд байгаа. Гэтэл үүнийг энэ хэрэгт мэдүүлэг өгсөн нэг ч хүн хараагүй, мэдүүлээгүй, харин ч шинжээч нарын мэдүүлгээр гараар цохиход үүсэх боломжгүй гэж үзсэн байдаг.

Холбогдогч мэдүүлэхдээ амь хохирогчийг хашааны гадна гараад ханцуйн дээрээс нь татаад явж байтал гараа угз татаад арагшаа савж унасан, өөрөө ч явж байсан зүг рүүгээ хүчиндээ унах шахсан гэдэг. Амь хохирогч ингэж унахдаа тархиндаа гэмтэл авсан байх бүрэн боломжтой. Боломжтой гэдгийг анхны шинжээчийн дүгнэлт тайлбар, дараа дараагийн шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагддаг. /хавтаст хэргийн 172 хуудас Шинжээчийн дүгнэлт №10, хх 179 шинжээчийг байцаасан тэмдэглэл, хавтаст хэргийн 36 хуудас шинжээчийн дүгнэлт №875, хавтаст хэргийн 70 хуудас шинжээчийн дүгнэлт №1018, шинжээч Т.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг/. Бүр эхний болон хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтээр гараар цохиход үүсэх боломжгүй гэж хэлээд байхад шүүх үүнийг юугаар үгүйсгээд, ямар үндэслэлээр зөвхөн цохиж унагасан гэж дүгнээд байгаа юм бэ энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-д заасан “өмгөөлөгчийн саналын үндэслэлийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэснийг огт хангаагүй зөвхөн яллах талыг баримталсан хийсвэр дүгнэлт гэж үзэж байна.

Дээрх эргэлзээ бүхий нотолгоонуудыг анхан шатны шүүх гэм буруугийн үндэслэл болгосон бөгөөд өмгөөлөгчдийн дүгнэлтийг няцаасан, хүлээн авах боломжгүй гэж үзсэн үндэслэлүүд нь тодорхойгүй, туйлын ойлгомжгүй, шүүгдэгчийн гэм буруугүйг нотолж байгаа баримтыг гэм буруутайн нотолгоо болгон дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй байна гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдогч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн эсэх үйлдлийн хувьд ч, үйлдэл холбогдлыг нотолж байгаа нотлох баримтын хувьд ч, хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх хуулийн хэрэглээний хувьд ч эргэлзээ гарвал холбогдогчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж тов тодорхой заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Б.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... А.С-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль үндэслэлтэй байна. Мөн шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт тохирсон. Шүүх, мөрдөгч, прокурор хэрэгт цугларсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан зарчмын дагуу үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, А.Ган-Эрдэнэ, Л.Ганганбарс нарын гаргасан гомдлыг үндэслэн А.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүрээнд анхан, давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянав.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Сыг 2019 оны  02 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 15 дугаар гудамжны 6 тоот хашаанд хохирогч Д.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний биед “хэвлийн хөндийн дээд хэсэг /аймхай/, нүүрний зүүн нүдний доод хэсэг, духны хэсэгт, мөн хашааны гадна талд толгойн баруун талын чамархайн яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал, дагз, чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн түүнд уг зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Тодруулбал, Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг бөгөөд шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд шууд нөлөөлөх тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг, тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой бөгөөд яллах талын зарим нотлох баримт нь Үндсэн хуулиар олгогдсон хүний салшгүй эрх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчиж авагдсан байгаа, мөн хүнийг алах гэмт хэрэг үйлдэх нь шүүгдэгчийн санаа зорилгын хүрээнд багтаж байсан, эсхүл өөрийнх нь үйлдлийн улмаас бусдын амь нас хохирохыг мэдэх боломжгүй байсан эсэхэд шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдалд хандах хандлага, санаа зорилго, үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.

Хэрэгт авагдан, шүүхээр хэлэлцсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.О нь А.С-д “... ах чинь намайг гудамжинд чулуугаар шидээд айлгаад байна, ирж аваач гэж хэлсний дагуу А.С нь өөрийн үеэл ах Д.Э-ыг гэр рүүгээ авч явах санаа зорилготой очсон байх бөгөөд Д.Э  явахгүй гэж эсэргүүцэл үзүүлсний улмаас А.С, Д.Э нар нь харилцан зууралдаж барьцалдсан, таталцаж түлхэлцсэн, цохих, цохигдох зэрэг харилцан хүч үйлчилсэн, хэрэглэсэн,  улмаар тухайн үйл явдлын эцэст Д.Э-ы амь нас хохирсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон.

Мөн шүүгдэгч, хохирогч нарын хоорондын хүч хэрэглэсэн үйлдэл нь шүүгдэгчийн удаа дараагийн мэдүүлгээс илэрч байхаас гадна тус мэдүүлэг нь Д.Э-ы эрүүл мэндэд учирсан гэмтэл, шархнууд, тэдгээрийн үйлчлэлийн механизмын талаарх шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр үгүйсгэгдээгүй байх тул Д.Э-ы амь нас хохирсон явдлыг “тохиолдол” буюу хохирогч өөрийнхөө эрүүл мэндэд өөрөө хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг нотлохгүй бөгөөд шүүгдэгч, хохирогч нарын зууралдаж барьцалдсан, таталцаж түлхэлцсэн, цохих, цохигдох зэрэг харилцан хүч үйлчилсэн, хэрэглэсэн тухайн үйлдлүүд ба хор уршиг тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэрэгт хамаарах үйл баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.С-ын үйлдэл нь гэм буруугийн хэлбэр буюу гэмт хэргийн субъектив шинжийн хувьд “Д.Э-ыг санаатай алах” зорилго, сэдэлттэй байсан гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотлох баримтгүй байх тул шүүгдэгчийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдын амь насыг хохироосон гэмт буруутайд тооцох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, А.С нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч гэмтэл авахыг мэдэх ёстой, мэдэх бололцоотой байсан атлаа үүнийг тооцоолоогүй, мэдэлгүй үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжтэй байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд 4 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэрчийн мэдүүлэг авч болохгүй тухай заалтад мөрдөгчийн талаар заагаагүй  хэдий ч мөрдөгчөөс түүний тухайн хэрэгт явуулсан мөрдөн шалгах тодорхой ажиллагааг тодруулахаар мэдүүлэг авч болохыг үгүйсгэхгүй харин сэжигтэн, яллагдагч, гэрчээс тайлбар, мэдүүлэг авах үед мэдэгдсэн зүйлийнх талаар мэдүүлэг авч, тухайн эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдийг гэм буруутайд тооцох нотлох баримт болгон ашиглаж болохгүйг тэмдэглэж байна. Иймд мөрдөгч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтын дагуу нотлох баримтаар тооцоогүй болно.

Учир нь шүүх аливаа хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.  

Иймд шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Л.Ганганбарсын “... хэргийг хэрэгсэхгүй болгож А.С-ыг цагаатгаж өгнө үү”, өмгөөлөгч Ц.Батзаяагийн “... шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү”, өмгөөлөгч А.Ган-эрдэнийн “... шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь :

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж, 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч А.С-ын өмгөөлөгч Ц.Батзаяа, А.Ган-Эрдэнэ, Л.Ганганбарс нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН