Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/00804

 

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/00804

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00859 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 444 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А-,

Хариуцагч: Г-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г-д 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 1 500 000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд 1 070 000 төгрөгийн төлөлтийг хийж, 580 000 төгрөг үлдсэн. Тэрээр 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 2 500 000 төгрөгийн зээл авсан ба уг зээлээс төлөлт хийгээгүй.

Г- нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд 1 070 000 төгрөгийг дансаар төлсөн бөгөөд бэлнээр тооцоо хийж байгаагүй. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 200 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 100 000 төгрөг, нийт 300 000 төгрөг өгснийг өмнөх зээлээс хассан.

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1 500 000 төгрөгийн зээлийн гэрээнд үндсэн зээлийн үлдэгдэл 430 000 төгрөг, хүү 150 000 төгрөг, алданги 464 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2 500 000 төгрөгийн зээлийн гэрээнд үндсэн зээл 2 500 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, алданги 2 400 000 төгрөг, нийт 6 444 000 төгрөгийг хариуцагч Г-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, 1 500 000 төгрөгийг өдөр бүр 55 000 төгрөгөөр төлж байхаар авсан бөгөөд нийт 787 000 төгрөг дансаар өгсөн.

Өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгаагүй тохиолдолд дахин зээл олгохгүй гэсэн шаардлагыг тавьсан учраас 2 500 000 төгрөгийн зээлийн гэрээнээс өмнөх зээлийн үлдэгдэл 863 000 төгрөгийг суутгуулан 1 637 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авсан. Уг зээлээ авснаас хойш 300 000 төгрөгийн төлөлт дансаар хийж, нийт 2 450 000 төгрөг үлдсэн..

Зээлсэн мөнгөө удаасан нь миний буруу, үндсэн зээл 2 700 000 төгрөг, зээлийн хүүд 500 000 төгрөг, нийт 3 200 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г-гаас 4 920 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 524 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г-гаас улсын тэмдэгтийн хураамжид 93 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийг гэрээг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэж андуурсан. 2018 оны 06 сарын 05 өдөр байгуулсан зээлийг гэрээний үүрэгт 770 000 төгрөг төлөгдөж үндсэн зээл 730 000 төгрөг байхад 430 000 төгрөг гэж андууран, үндсэн ззэлийн үнийн дүнг буруу тооцож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй байна.

Шүүх 450 000 төгрөгийг дутуу тооцож, зээлийн гэрээний үүрэгт 4 920 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг 5 370 000 төгрөг болгон өөрчилөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А- хариуцагч Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 444 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3 200 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлийг тохиролцон зээлийн гэрээ байгуулжээ. Уг зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг Г- хүлээн авсан талаар тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Гэрээг бичгээр байгуулж талууд зээлийн хүү, алдангийн талаар тохиролцсон тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2 500 000 төгрөгийн зээл гэрээг байгуулахдаа өмнөх 1 500 000 төгрөгийн зээлийг гэрээний үүрэг болох 863 000 төгрөгийг төлж, 1 637 000 төгрөгийг хүлээн авсан ба үүнээс хойш 300 000 төгрөг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Иймд хариуцагч Г- нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 500 000 төгрөг, зээлийн хүүд 150 000 төгрөг нийт 1 650 000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 500 000 төгрөг, зээлийн хүү 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Анхан шатны шүүх Хаан банк ХХК-ийн Г-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 770 000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд төлсөн 300 000 төгрөгийг зээл тус бүрээс хасч тооцсон нь зөв болжээ.

 

Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагчийн төлөх үүрэг нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 880 000 /1.650.000 -770.000/ төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 2 700 000 /3.000.000-300.000/ төгрөг байсан ба үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн эхний зээлийн гэрээний алдангид 440 000 төгрөг, 2 дахь зээлийн гэрээний алдангид 1 350 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Анхан шатны шүүх зээлийн тооцооллыг буруу хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1 320 000 /880.000+440.000/ төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 4.050.000 /2.700.000+1.350.000/ төгрөг, нийт 5 370 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00859 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын 4 920 000 төгрөг гэснийг 5 370 000 төгрөг гэж, 1 524 000 төгрөгт гэснийг 1 074 000 төгрөгт гэж

2 дахь заалтын 93 670 төгрөг гэснийг 100 870 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА