Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2019/00859

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр          Дугаар 101/ШШ2019/00859          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужир булан 5 дугаар хэсэг, 86-2678 тоот хаягт оршин суух, Бэйсийнхэн овогт Сүхбаатарын А /РД:УШ62120609/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужир булан, 3 дугаар хэсэг, 40-1451 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ганбаатарын Г /РД:ЖЭ80122861/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6.444.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.А,

Хариуцагч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар овогтой А миний бие Ганбаатар овогтой Гтай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний хугацаанд 1.650.000 төгрөг төлөхөөс 1.070.000 төгрөгийг төлсөн ба 580.000 төгрөг үлдсэн.

Энэ зээлээ төлж байх хугацаандаа дахин 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 2.500.000 төгрөгийн зээл авч нотариатаар гэрчлүүлсэн. Энэ зээлээ авсан цагаас хойш зээлээ төлөлгүй өнөөг хүрсэн юм.

Энэ хугацаанд олдохгүй байсан тул эрэн сурвалжлуулж олсон ч мөнгөө өгөөгүй байна.

Г.Г нь 2018.06.06-ны өдрөөс 2018.06.27-ны өдрийн хугацаанд 1.070.000 төгрөгийг дансаар төлсөн бөгөөд бэлнээр тооцоо хийж байгаагүй. Миний хувьд өдрийн зээл өгдөг хүн биш, Г.Г манай дүүгийн найз учраас л итгэлцлээр мөнгө зээлдүүлсэн, өмнө нь ч гэсэн ингэж итгэлцлээр авч, өгч байсан.

2018.06.20-ны өдөр 2.500.000 төгрөг авснаас хойш 2018.06.26-ны өдөр 200.000 төгрөг, 2018.06.27-ны өдөр 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөг өгснийг өмнөх зээлээс хассан. Ингээд 2018.06.27-ны өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй.

2018.06.20-ны өдөр гэрээ байгуулаад 2.500.000 төгрөг аваагүй гэдгийг зөвшөөрөхгүй, хэрэв өмнөх зээлийн үлдэгдлээс хасуулсан юм бол тэр талаараа бичих боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд 2018.06.05-ны өдрийн 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээнд үндсэн зээлийн үлдэгдэл 430.000 төгрөг, хүү 150.000 төгрөг, алданги 464.000 төгрөг,

2018.06.20-ны өдрийн 2.500.000 төгрөгийн зээлийн гэрээнд үндсэн зээл 2.500.000 төгрөг, хүү 500.000 төгрөг, алданги 2.400.000 төгрөг,

Нийт дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2.930.000 төгрөг, хүү 650.000 төгрөг, 2018.06.20-ны өдрөөс хойш 2019.02.01-ний өдөр хүртэлх 160 хоногийн алданги 2.864.000 төгрөг, нийт 6.444.000 төгрөгийг хариуцагч Г.Ггаас гаргуулж өгнө үү гэв.    

 

Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Г миний бие С.А эгчээс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 1.500.000 төгрөгийг өдөр тутмын 55.000 төгрөгөөр төлж байхаар авсан билээ. Зарын дагуу эдний дүүгийн утсаар ярьж холбогдсон. Тэгээд зээлийн гэрээгээ нотариатаар  батлуулж авсан болно.

Тэгээд 2018.06.05-ны өдрийн 1.500.000 төгрөгийн зээлээс өдөр тутам төлж яваад нийт 787.000 төгрөг дансаар өгсөн. Тэгээд энэ зээлийн үлдэгдэл 863.000 төгрөгийг суутгуулаад 2.500.000 төгрөг зээлэхээр болж эхний авсан 1.500.000 төгрөгөөс үлдсэн 863.000 төгрөгийг 2.500.000 төгрөгөөсөө суутгуулаад 1.637.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нотариатаар батлуулж авсан болно. Уг зээлээ авснаас хойш 300.000 төгрөгийн төлөлт дансаар хийсэн болно. Ингээд нийт 2.450.000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн.

2018.06.20-ны өдөр 2.500.000 төгрөгийн зээл авахдаа өмнөх 1.500.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 863.000 төгрөгийг суутгуулсан. С.А нь өмнө авсан 1.500.000 төгрөгийн зээлээ төлж дуусгаагүй бол дахин нэмж 2.500.000 төгрөгийн зээлийг өгөхгүй байсан.

Өнгөрсөн хугацаанд ах маань уушгины гол титэм судасны хорт хавдартай болж, байсан мөнгөө ахдаа зарцуулж асарч байгаад нутаг руугаа авч яваад тэндээ асарч байгаад өнгөрсөн билээ.

Ах минь өвдөөд 2018.08.10-ны өдрөөс хойш лангуун дээрээ зогсож чадаагүй бөгөөд ахынхаа ажил явдлыг өнгөрөөгөөд саяхан хотод орж ирсэн болно. Одоогоор хийсэн ажилгүй байгаа, өөрт тохиолдсон байдлаа С.Ад хэлж байсан.

 С.А эгчийн мөнгийг удаасан нь миний буруу гэхдээ үндсэн зээл 2.700.000 төгрөг, үүн дээр түүнийг хохироосон тул нэмээд хүү 500.000 төгрөг, нийт  3.200.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Г.Гд холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр болон 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.930.000 төгрөг, хүү 650.000 төгрөг, алданги 2.864.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Г нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 787.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 863.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2.500.000 төгрөгөөс суутгуулан 1.637.000 төгрөг бэлнээр хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2.700.000 төгрөг, хүү 500.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй  гэж маргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр С.А нь 1.500.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл буюу 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх,

Г.Г нь зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх, 

зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон,

 

Мөн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр С.А нь 2.500.000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл буюу 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх,

Г.Г нь зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх,  зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ тус тус байгуулагджээ.

 

/х.х-ийн 5-6 дугаар тал/

 

Дээрх зээлийн гэрээний зээлдүүлэгч талд С.А, зээлдэгч талд Г.Г нар гарын үсэг зурсан, гэрээний талаар зохигч маргаагүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээний зүйл болох 1.500.000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөгийг зээлдүүлэгч С.А нь зээлдэгч Г.Гд бэлнээр хүлээлгэн өгсөн талаар баримт үйлдэгдсэн байх ба Г.Г нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөгийг бэлнээр хүлээн аваагүй гэж маргаж байна.

 

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд “2.500.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгөв С.А”, “хүлээн авсан Г.Г” гэж бичигдсэн байх ба хариуцагч Г.Г нь уг баримтад зурагдсан гарын үсэг мөн эсэхтэй маргаагүй боловч гэрээний зүйл 2.500.000 төгрөгийг бэлнээр хүлээн аваагүй гэх байдлаа баримтаар няцаасангүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дугаар зүйлийн 282.4-т: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд талуудын  хооронд 2018 оны 06 дугаар сарын 05-ны болон 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч С.А нь гэрээ байгуулагдсан өдөрт нь гэрээний зүйл болох 1.500.000 төгрөг, 2.500.000 төгрөгийг тус тус зээлдэгч Г.Ггийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”,

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр хийгдсэн, үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол анз төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч С.А нь алдангид 2.864.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч Г.Г нь гэрээний зүйл 2.500.000 төгрөгийг бүрэн хүлээж аваагүй, 1.637.000 төгрөгийг хүлээн авсан  гэх татгалзлынхаа үндэслэлийг тус тус нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т: “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэжээ.

 

Хариуцагч Г.Г нь 2018.06.05-ны өдөр 1 сарын хугацаатай, 1.500.000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдэн авах гэрээний үүрэгт 2018.06.06-ны өдөр 55.000 төгрөг, 2018.06.07-ны өдөр 42.000 төгрөг, 2018.06.09-ний өдөр 55.000 төгрөг,  2018.06.10-ны өдөр 60.000 төгрөг, 2018.06.11-ний өдөр 60.000 төгрөг, 2018.06.12-ны өдөр 55.000 төгрөг, 2018.06.13-ны өдөр 60.000 төгрөг, 2018.06.15-ны өдөр 60.000 төгрөг, 2018.06.16-ны өдөр 120.000 төгрөг, 2018.06.19-ний өдөр 120.000 төгрөг, 2018.06.19-ний өдөр 83.000 төгрөг, нийт 770.000 төгрөг төлсөн болох нь,

 -2018.06.20-ны өдөр 2 сарын хугацаатай, 2.500.000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдэн авах гэрээний үүрэгт 2018.06.26-ны өдөр 200.000 төгрөг, 2018.06.27-ны өдөр 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөг төлсөн нь түүний ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

/х.х-ийн 25-26 дугаар тал/  

 

Дээрх баримтаас үзэхэд Г.Ггийн 2018.06.05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 770.000 төгрөгийг, 2018.06.20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 300.000 төгрөгийг тус тус үндсэн зээлээс хасч тооцон 2018.06.15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 430.000 төгрөг, хүү 150.000 төгрөг, алданги 290.000 төгрөг,

2018.06.20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2.200.000 төгрөг, хүү 500.000 төгрөг, алданги 1.350.000 төгрөг,

нийт дээрх 2 гэрээний үүрэгт нийт 4.920.000 төгрөгийг зээлдүүлэгч С.Ад буцаан өгөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иймд хариуцагч Г.Ггаас 2018.06.15-ны өдрийн болон 2018.06.20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 4.920.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.524.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.Ггаас 4.920.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.524.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид 93.670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОНГЭРЭЛ