Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2019/00846

 

 

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2019/00846

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/00668 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д ХХК, Ноос ирээдүй ХХК, Ц.Сүхбаатар нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э-т холбогдох,

 

Газар эзэмших эрхийг Д ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, гэрээний үүрэгт 41 921 239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-ийн 14 дэх хэсэг буюу газар шилжүүлэх тохиролцоог хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг,

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Билгүүн,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Батсэлэнгэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ноос ирээдүй ХХК, Д ХХК-ийн төлөөлөгч Ц.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 тоот хаягт байрлах 1 835 м.кв талбай бүхий газарт гол үйл ажиллагаагаа явуулдаг.

Ноос ирээдүй ХХК-ийн захирал Ц.Сүхбаатар 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Д ХХК-ийн захирал Э-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д ХХК-ийг 100 хувь худалдан авсан. Компанийн нийт үнэлгээ 1 200 000 000 төгрөг байсныг харилцан тохиролцож гэрээний 2.1-д зааснаар 800 000 000 төгрөг болгосон.

Уг газрыг барьцаалж Э- нь Д ХХК-ийн нэр дээр Голомт банкны зээл авсан байсныг Ц.Сүхбаатар нь Голомт банкнаас 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 250 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 650 000 000 төгрөгийн зээл авч Д ХХК-ийн Голомт банкин дахь өрийг дарсан.

Гэтэл хариуцагч нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хавсралтад заагдсан жагсаалтын 14-т бичигдсэн 1 835 м.кв газрыг компанийн нэр дээр шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. Голомт банк нь уг барьцаалбарыг чөлөөлж өгөхгүй манай компанийн эрх ашгийг хөндөж байна.

Мөн Ц.Сүхбаатар нь Д ХХК-ийн захирал Э-тэй 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, Д ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдан авсан. Гэрээний 3.1.1-д татварын байгууллагад төлөх өр төлбөр 12 557 846 төгрөг, 3.1.2-д Нийгмийн даатгалын байгууллагад төлөх шимтгэлийн өр төлбөр 22 525 967.26 төгрөг, 3.1.3-д Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д төлөх 3 171 126 төгрөг, 3.1.4-д газрын төлбөр 3 666 300 төгрөгийг тус тус худалдагч тал төлөх үүрэгтэй гэж заасан тул нийт 41 921 239 төгрөгийг Э- төлөх үүрэгтэй.

Иймд газар эзэмших эрхийг Д ХХК-д шилжүүлэхийг Э-т даалгаж, гэрээний үүрэгт 41 921 239 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, энэ хэлцэлийн үндсэн дээр дараагийн хэлцэлүүд хийгдсэн, гэрээ хүчин төгөлдөр гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Лакс ХХК-д гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Засгийн газраас Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх Лакс ХХК-д 4 000 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарснаас хойш Ноос ирээдүй ХХК-ийн захирал Ц.Сүхбаатар нь хамтран ажиллахаар болсон. Бид зээлийн мөнгийг авч хамтран ажиллах талаар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр санамж гэрээ байгуулж, улмаар мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Мөн ноос, ноолуур самнах, хялгас ялгах үйл ажиллагаа эрхэлдэг Д ХХК-ийг би Ц.Сүхбаатарт 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр худалдахаар гэрээ байгуулсан. Уг гэрээ хэрэгжилтийн явцад асуудлууд тулгарсан тул 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулсан.

Д ХХК-ийг худалдсаны дараа хөнгөлттэй зээлийн хөрөнгийг эргэлтийн хөрөнгөд оруулан түүхий эдийг боловсруулан экспортод гарган тус компанийг ажиллуулж компаниас олох ашиг болон Голомт банктай хийсэн гурван талт гэрээний дагуу олгогдох 2 тэрбум төгрөгийн ашиглалтаас гарах ашиг орлогыг 50:50 хувиар хүртэх талаар харилцан тохиролцсон.

Ц.Сүхбаатар нь компанийг шилжүүлэн авсны дарагаар Лакс ХХК-ийн нэр дээр олгогдсон хөнгөлтэй зээлийг шилжүүлэн аваад зээлийн зарцуулалт, ашиг орлогоо гэрээний дагуу тайлагнаагүй, хамтран ажиллаагүй бөгөөд гэрээний хавсралтад байхгүй Лакс ХХК-ийн тоног төхөөрөмжийг үйлдвэрээс дур мэдэн авч, 149 000 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан тул цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа юм. Нэхэмжлэгч Ц.Сүхбаатар нь миний 149 000 000 төгрөгийн хөрөнгийг буцаан өгвөл нэхэмжилж байгаа 49 921 239 төлбөрийг төлж болно. 

Нөгөөтэйгүүр худалдах, худалдан авах гэрээгээр компанийн эд хөрөнгө худалдахтай холбоотой харилцааг зохицуулсан болохоос хувийн эзэмшлийн газар худалдах харилцааг зохицуулаагүй. Ц.Сүхбаатар нь намайг хууран мэхлэх замаар миний хувийн эзэмшлийн газрыг гэрээний хавсралтад оруулсныг түүний нэхэмжлэлийг гардан авснаар мэдсэн. Тэгээд ч Д ХХК-ийн эзэмшилд 1820 м.кв газар байгаагүй.

Иймд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хавсралтын 14-т заасан тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, Э-ээс 41 921 239 төгрөгийг гаргуулан Ц.Сүхбаатарт олгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18632308829402 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201014191 дугаарт бүртгэгдсэн, 1 835 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг Д ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Э-т даалгаж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүрэг үүсээгүй тул хариуцагч Э-т холбогдох, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18632308829402 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201014191 дугаарт бүртгэгдсэн, 1 835 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах, 41 921 239 төгрөг гаргуулах тухай Ноос ирээдүй ХХК, Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18632308829402 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201014191 дугаарт бүртгэгдсэн, 1 835 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээний хавсралтын 14-т бичигдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай Ц.Сүхбаатар, Ноос ирээдүй ХХК, Д ХХК-иудад холбогдох Э-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Сүхбаатараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437.760 төгрөгийг, хариуцагч Э-ээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ноос ирээдүй ХХК, Д ХХК-иудаас тус бүр 437 760 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Э-ээс 437 760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Сүхбаатарт олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх компанийг төлөөлж байгуулсан этгээдүүдийн хэлцэлийг хувь хүмүүс хоорондын гэрээ хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

Гэрээний хавсралт гэх баримтын "Д" ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө гэх хэсгийн 14-т байх "үйлдвэрийн зориулалттай газар, 1820 м" гэснийг ямар үндэслэлээр шууд иргэн Э- миний өөрийн хувийн эзэмшлийн 1835 м.кв газар хэмээн үзсэн нь тодорхойгүй байна. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүрэг, 20-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 0 тоот миний эзэмших эрхтэй газрын талаар гэрээний нэг ч зохицуулалтад тусгаагүйг мөн анхаараагүй.

Шүүхээс талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээнүүдийг үндэслэсэн хир нь өмнө байгуулагдсан хүчин төгөлдөр бус, хуулийн шаардлага хангаагүй 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийи шаардлагын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн тавьсан шаардлага хууль зүйн үндэслэлтэй эсэх, түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, шийдвэрлэх байтал хэн дуртай этгээдэд нь шилжүүлж, хамааруулж шийдвэрлэх хууль зүйн боломж, үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 3.5-д зааснаар шаардах эрх, хохирол, зардал гарсан талаарх нөхцөл байдлыг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэгч хариуцагчаас өр төлбөр буюу доголдлыг арилгахыг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч гэх этгээдүүд нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Э- надаас юуг ямар үндэслэлээр шаардсан нь, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эдгээр гурван нэхэмжлэгч нь тус бүр ямар үндэслэлээр өөрсдийгөө нэхэмжлэгч гэж үзэж маргаж байгааг тодруулаагүй. Мөн шүүхээс миний болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Д ХХК, Ноос ирээдүй ХХК, Ц.Сүхбаатар нар нь хариуцагч Э-т холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу газар эзэмших эрхийг Д ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний үүрэгт 41 921 239 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-ийн 14-т бичигдсэн газар шилжүүлэх тохиролцоог хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э-т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д ХХК, Ноос ирээдүй ХХК, Ц.Сүхбаатар нарын дээрх шаардлага нь нэг шаардлагыг хамтран гаргасан эсхүл иргэн, хуулийн этгээдийн хувиар тус тусдаа шаардлага гаргаж байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах бөгөөд нэхэмжлэгч Д ХХК, Ноос ирээдүй ХХК, Ц.Сүхбаатар нар нь хамтран нэхэмжлэл гаргасан нь хэний, ямар эрх, ашиг зөрчигдсөн, хэнээс хэнд ямар шаардлага гаргасныг анхан шатны шүүх тодруулж, талуудын мэтгэлцэх боломжоор хангах ажиллагаа хийх шаардлагатай. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

 

Түүнчлэн хариуцагч Э-ийн газар эзэмших эрх нь банкны барьцаанд бүртгэлтэй, бусдад шилжүүлэх эрх түр хязгаарлагдсан байгаа талаар улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан байгаа боловч түүнд олгосон газар эзэмших эрх бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй, газрын албатай байгуулсан гэрээг үндэслэн түүний эзэмшлийг тодорхойлох боломжгүй бөгөөд эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр олгох эрхийн асуудлыг талуудын тогтоох маргааны зүйлд хамаарахгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ. Шаардах эрхийн үндэслэл болж буй газар эзэмших эрх хүчинтэй эсэх нь тодорхойгүй тохиолдолд шаардах эрх хэрэгжих боломжтой эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/00668 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА