Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 93

 

    

 

 

П.Даваадоржид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                         Прокурор   Д.Ганцэцэг

                                         Хохирогч   Б.Өсөхбаяр

                                         Хохирогчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн

                                         Ялтан     П.Даваадорж

                            Ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэн                                                                                       Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолд ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Даваадоржид холбогдох эрүүгийн 201615000145 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, ээж дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр баг “Өлзийт хошуу” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Гүн нарийн овгийн Пүрэвсүрэнгийн Даваадорж /Регистрийн дугаар  ЙД87120119/

П.Даваадорж нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үл ялих зүйлээр шалтаглан Н.Ариунбатыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө олон нийтийг илтэд үл хүндэтгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үл ялих зүйлээр шалтаглан Б.Өсөхжаргалын нүүрэн хэсэгт заазуураар 3 удаа зүсч, бие махбодид нь хөнгөн  зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Пүрэвсүрэнгийн Даваадоржид Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, П.Даваадоржийг догшин авирлаж танхайрсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар П.Даваадоржид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтаан түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар  тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  П.Даваадоржид оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, П.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Ариунбатад 700000 төгрөг, хохирогч Б.Өсөхжаргалд 3091000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар П.Даваадоржийн эзэмшлийн 1200000 төгрөгийн үнэ бүхий 20 тооны ямааг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, П.Даваадоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн  түүнийг цагдан хорьж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн  дотор гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг заан, давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Даваадоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Ялтан П.Даваадоржийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор П.Даваадоржид Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “П.Даваадорж нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин догшин авирлан үл ялих зүйлээр шалтаглан Н.Ариунбатыг зодож бие махбодид нь  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Б.Өсөхжаргалын нүүрэн хэсэгт заазуураар 3 удаа зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, танхайрах гэмт хэрэг үйлдсэн” гэжээ.

Энэ дүгнэлт болсон үйл явдлыг бодитойгоор үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Хохирогч Н.Ариунбат нь шүүгдэгч П.Даваадоржийн мотоциклийг согтуугаар жолоодон, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж яваад цагдаад журамлагдан мотоциклийг нь хураалгаж, П.Даваадоржид эдийн засаг, сэтгэл санааны хохирол учруулсан байхад түүний энэ үйлдлийг үл ялих зүйл гэж шүүх дүгнэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Хүний үнэ цэнэтэй эд хөрөнгийг зөвшөөрөлгүй согтуугаар эдэлж хэрэглэж, хууль дүрэм зөрчсөн үйлдэлд нь П.Даваадорж уурлаж бухимдсаныг бодитойгоор үнэлсэнгүй. Хэрэг учрал болдог тэр цаг хугацаанд Б.Өсөхжаргал, А.Өлзийжаргал, Г.Баттулга, Б.Батжаргал нар нь архидан согтуурч, өөр хоорондоо хэрүүл  маргаан хийж, Б.Өсөхжаргал нь хутга гарган хүмүүсийг айлган сүрдүүлж байсан бөгөөд М.Чинзоригийн шахалт шаардлагаар П.Даваадорж нь эдгээр хүмүүс дээр ирсэн байна. Үүнийг хэрэг учрал болсон газарт байсан Бадам, Болор-Эрдэнэ нар сайн мэдэж байхад гэрчээр асуугаагүй.

Зөвхөн П.Даваадоржийг буруутгах зорилгоор нэг талыг барьсан нотлох  баримт цуглуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна. П.Даваадорж нь хохирогч гэх Б.Өсөхжаргалын үйлдлийг таслан зогсоох гэж М.Чинзоригийн захиалгаар ирж хэрэгт холбогдсон байхад шалтаг шалтгаангүйгээр танхайрсан гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Даваадоржид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү ... гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганцэцэг гаргасан дүгнэлтдээ:

П.Даваадоржид холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үнэслэлтэй гарсан. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна... гэв.

ХЯНАВАЛ:

П.Даваадоржид холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр П.Даваадорж нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан үл ялих зүйлээр шалтаглан Н.Ариунбатад хүч хэрэглэн түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

мөн багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө П.Даваадорж нь согтуурсан үедээ олон нийтийг илтэд үл хүндэтгэн заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн, үл ялих зүйлээр шалтаглан Б.Өсөхжаргалын нүүрэн хэсэгт заазуураар 3 удаа зүсч, бие махбодид нь хөнгөн  зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн бөгөөд П.Даваадорж нь танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн байхад анхан шатны шүүх П.Даваадоржийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан дурдсан тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн ял оногдуулж  эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөх эрх зүйн боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон П.Даваадоржид холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн  гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4,  322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон П.Даваадоржид холбогдох эрүүгийн 201615000145 тоот хэргийг шүүх хуралдааны  шатнаас дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол П.Даваадоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт  зааснаар тус магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

         

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                  Т.ДАВААСҮРЭН 

                                                                                        М.МӨНХДАВАА