Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 93

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгч Ш.Зогсоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Мөл овогт Шагжсүрэнгийн Зогсоод холбогдох эрүүгийн 201615000294 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг, 18 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мөл овогт Шагжсүрэнгийн Зогсоо /РД:ЙК85013011/

Шүүгдэгч Ш.Зогсоо нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны шөнийн 02 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 18-18 тоотод иргэн М.Энхболдыг эхнэр Ж.Лхамтай хардаж, хувийн таарамжгүй харилцааны улмаас толгой, нуруун тус газарт нь заазуураар зүсэж М.Энхболдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Ш.Зогсоо шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч М.Энхболдын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Арвайхээр сумын 6-р багт байдаг Зогсоогийн гэрт нь очсон. Гэрт нь Зогсоогийн эхнэр Лхам, 2 хүүхдийн хамт байсан. Би Лхамтай гэрт нь унтаж байсан чинь шөнийн 02 цагийн үед гэрийн хаалга нүдсэн. Лхам бид 2 босоод хувцасаа өмссөн. Лхам хаалга тайлсан. Гаднаас Зогсоо орж ирсэн би шууд зөрөөд гэрээс гараад зугтаасан. Гадаа Ганбаатар намайг бариад авсан. Дараа нь Зогсоо намайг барьж аваад надтай зодоон хийсэн. Зогсоо намайг юмаар цохиж аваад байсан. Зогсоо намайг барьж аваад газар унагаагаад миний дээр гараад цохиж аваад байсан.Зогсоо босоод гэрлүүгээ орсон би босоод найз Баяржавхлангийн гэрлүү явсан. Баяржавхлан гэртээ ганцаараа байсан. Миний толгойноос цус гараад байсан. Баяржавхлан толгой чинь зүсэгдсэн байна гээд түргэн дуудсан. Би Зогсоотой зодоон хийж байхдаа заазуураар цохиж байгааг мэдээгүй. Ш.Зогсоог гартаа юм барьсныг хараагүй. Би эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би Лхам, Зогсоо хоёрыг 2005 оноос хойш таньдаг болсон. Гэрээр нь орж гараад найзын харьцаатай байсан. Би Лхамтай 2015 оны 09 дүгээр сараас хойш эр эмийн харьцаатай болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

Гэрч Ж.Ганбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шөнийн 02 цагийн орчим хүргэн ах Зогсоогийн хамт Өвдгийн худгаас портер маркийн машинаар Зүүнбаян-Улаан сумын хойд хангай руу өвсөнд явах замдаа аймаг орж түлш авах гэж аймаг орсон. Тэгээд 6-р багт байдаг хүргэн ах Зогсоогийн гэрт 02 цагийн үед ирээд Зогсоо ах гэрийнхээ хаалгыг нүдэхэд хүн онгойлгохгүй нэлээн удаж 15 минут орчим болоод гэрийн хаалга онгойлгосон. Зогсоо ax гэр лүүгээ ортол М.Энхболд хажуугаар нь гараад ирсэн. Энхболд гэрийн үүдэнд надтай таарахаар нь Зогсоо ах бариад ав гэхээр нь би Энхболдыг бариад авсан. Зогсоо ах Энхболдыг барьж аваад ноцолдож байгаад газар унаад ноцолдоод л байсан. Лхам миний төрсөн эгч байгаа юм. Би Лхам эгчид нөхөр чинь хөдөө яваад ирж байхад та гэртээ өөр хүнтэй байж байдаг гэж загнахад Лхам эгч уйлаад хойд хаалгаар гараад явсан. Харин Цэвэлмаа эгч бид нарын дуунаар хойд гэрээс гараад ирсэн байсан. Би Энхболд, Зогсоо ах 2-ыг салгах гэсэн чинь Цэвэлмаа. эгч ухаан алдаад уначихсан. Би Цэвэлмаа эгчийг гэрт оруулчихаад буцаад гараад ирсэн чинь Энхболд, Зогсоо ахаас салаад гараад зугтаасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,

Гэрч Ж.Цэвэлмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02 цагийн үед гэртээ унтаж байхад хашаан дотор хүмүүс маргалдаад байгаа чимээ сонсогдохоор нь гэрээсээ ганцаараа гартал хашаан дотор Ганбаатар, Зогсоо, Энхболд нар байсан. Энхболд манай хүргэн Зогсоо нар бие биенийгээ заамдаад барилцаад зогсож байсан. Харин Ганбаатарын зүүн гарнаас цус гарч байсан. Зогсоо намайг Энхболд боочихлоо, намайг ирээд аваадах гэхээр нь би айгаад дүү Ганбаатарыг зодолдож байсан Энхболд Зогсоо нар луу очоод хэрэггүй гээд явуулахгүй гээд Ганбаатарыг хорьж зогсож байснаа миний толгой эргээд ухаан алдаад уначихсан. Гэртээ ухаан орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Гэрч П.Мангалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 06 цагийн үед манай хүүгийн найз Баяржавхлангийн эхнэр нь гэх эмэгтэй утсаар Энхболд хүнд хутгалуулсан байдалтай манайд ирлээ гэхээр нь би эмнэлэгт мэдэгдээрэй гэж хэлээд очиход Энхболдын толгой, нуруу, хүзүү хэсгээр нь цус болчихсон байсан. Удалгүй 103-ын эмч ирээд Энхболдыг үзээд аваад явсан. Би цагдаад мэдэгдсэн. Энхболд хэд хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд оёо тавиулсан. Одоо биеийн байдал сайн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

Гэрч Ж.хамын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн орой 22 цагийн үед Энхболд ганцаараа манайд ирсэн. Энхболд бид хоёр 2015 оны 03 дугаар сарын сүүлээс эхэлж дотно харилцаатай болсон. 23-ны шөнийн 02 цагийн орчим манай нөхөр Энхболд, миний төрсөн дүү Ганбаатар 2 Зүүнбаян-Улаан сумаас гэртээ ирсэн. Энэ үед Энхболд манайд унтаж байсан юм. Зогсоо гэрийн хаалга нүдэхээр нь миний санаа зовоод 5-6 минут хаалга онгойлгохгүй удсан. Би гэрийн хаалга онгойлгосон. Зогсоо гэрт орж ирсэн. Энхболд хувцсаа өмссөн байсан. Зөрөөд гэрээс гарсан. Гадаа Ганбаатар Энхболдыг бариад авахаар нь Зогсоо араас нь гараад Энхболдтой маргалдаад барилцаад авсан. Би гэрт байж байгаад араас нь гарсан. Энхболд Зогсоо нар барилцаад байхаар нь салгах гэж дундуур нь орсон. Би салгаж дийлээгүй. Манай дүү Ганбаатар надад нөхөр чинь хөдөөнөөс ирж байхад та өөр эр хүнтэй гэртээ байж байдаг гээд миний толгой руу нэг удаа гараараа цохьсон. Би Зогсоо, Энхболд хоёрыг салгах гээд дундуур нь орсон чинь Зогсоо намайг түлхээд газар унагаасан. Би Зогсоо, Энхболд хоёр дээр очих гэсэн чинь Ганбаатар намайг зодох гээд байх шиг байхаар нь айгаад хашаанаас гараад гудамжаар явж байгаад өглөө болгосон. Би Цэвэлмаа эгчтэй утсаар ярьсан чинь Энхболдыг эмнэлэг дээр байгаа гэхээр нь өглөө эмнэлэг орж Энхболдтой уулзсан. Энхболд намайг чи энд байж бай. Хамт байхгүй бол би нөхөр Зогсоо болон дүү Ганбаатар нарыг хамт нийлж зодсон гэж цагдаад хэлнэ. Гомдолтой гэж хэлнэ гэж намайг сүрдүүлээд байхаар нь би Энхболдтой эмнэлэг дээр 4 хоног хамт байсан. Энхболд өдөр болгон гар утаснаасаа над руу залгаад чи надаас харилцаагаа таслах юм бол би танай гэрийг шатаана. Манай нөхөр Зогсоог ална, малыг чинь бүгдийг нь хулгайлна гэж дарамтлаад, шөнө болгон хашааны хаалга нүдээд байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-23 хуудас/,

Шүүгдэгч Ш.Зогсоогийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шөнийн 02 цагийн үед хөдөөнөөс Портер машинтай эхнэрийн дүү Ганбаатарын хамт аймагт байдаг 6-р багийн 18-18 тоотод гэртээ ирсэн. Би гэрийнхээ хаалгыг 15 орчим минут нүдсэн боловч онгойлгохгүй байж байгаад манай эхнэр Лхам хаалга онгойлгосон. Гэрээс М.Энхболд гараад зугтаасан. Харин Ганбаатар Энхболдыг бариад авсан. Энхболд манай эхнэр Лхамтай дотно харьцаатай болоод 1 жил гаран болж байна. Би хөдөө мал руу явсан хойгуур Энхболд манай эхнэр Лхам дээр байнга ирдэг. Тэгээд миний дургүй хүрээд би Энхболдыг барьж аваад бид 2 дээр доороо ороод ноцолдсон. Бид 2 ноцолдож байтал би Энхболдын доор нь орсон. Гарт нэг юм баригдсан. Би тэрийг аваад Энхболдыг 3-4 удаа цохьсон. Миний газраас авч цохьсон юм заазуур байсан. Хэн нь гадаа гаргаж хаясныг мэдэхгүй. Би Энхболдтой ноцолдож байгаад Энхболдыг алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны №304 тоот: “...М.Энхболдын биед толгой, зүүн чихний ар, хүзүү, ар нуруу, зүүн мөрний хэсгийн зүсэгдсэн шарх, нуруу, зүүн мөр, хүзүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хурц иртэй, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35 хуудас/,

Шүүгдэгч Ш.Зогсоогийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 76/, хүү З.Оюунболорын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 77/, охин З.Төгөлдөрчимэгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 78/,

Хохирогч М.Энхболдын шүүхэд ирүүлсэн: “...Ш.Зогсоогоос хохиролд 723000 төгрөгийг авч хохирлоо бүрэн барагдуулж авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ш.Зогсоо бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул Ш.Зогсоод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлт

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/,

Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 22/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №10/28 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш.Зогсоо нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны шөнийн 02 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 18-18 тоотод иргэн М.Энхболдыг эхнэр Ж.Лхамтай хардаж, хувийн таарамжгүй харилцааны улмаас толгой, нуруун тус газарт нь заазуураар зүсэж, М.Энхболдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч М.Энхболдын Ш.Зогсоод заазуураар цохиулсны улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ж.Ганбаатар, гэрч Ж.Цэвэлмаа, гэрч П.Мангал, гэрч Ж.Лхам нарын хохирогч М.Энхболд нь шүүгдэгч Ш.Зогсоод заазуураар цохиулсны улмаас биедээ гэмтэл авсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Энхболдын бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны №304 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ш.Зогсоогийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтэнд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

            Шүүгдэгч Мөл овогт Шагжсүрэнгийн Зогсоод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Ш.Зогсоо нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 723000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Зогсоо нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч, шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26.5 см урт, бариул хэсэг нь 9.5 см, ажлын хэсэг нь 17 см урттай хар иштэй, цагаан өнгийн төмөр заазуур 1 ширхэг, хар саарал өнгийн дээл 1 ширхэг, цэнхэр өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ш.Зогсоогийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “JEEGER” маркийн гар утсыг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:           

 1. Мөл овогт Шагжсүрэнгийн Зогсоог бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Мөл овогт Шагжсүрэнгийн Зогсоод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Ш.Зогсоо нь хохирогчид хохиролд 723000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26.5 см урт, бариул хэсэг нь 9.5 см, ажлын хэсэг нь 17 см урттай хар иштэй, цагаан өнгийн төмөр заазуур 1 ширхэг, хар саарал өнгийн дээл 1 ширхэг, цэнхэр өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Ш.Зогсоогийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “JEEGER” маркийн гар утсыг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Зогсоод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Зогсоод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ