| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2018/02946/И |
| Дугаар | 210/МА2019/00859 |
| Огноо | 2019-05-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2019/00859
| 2019 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 210/МА2019/00859 |
Р ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00385 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч М-д холбогдох
Гэрээний үүргийн зөрчилд 33 750 000 төгрөг гаргуулах, гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.Амармэнд
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Жаргал
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бат-Очир
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р ХХК нь М-тай 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Р ХХК нь өөрийн оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан, цахим тасалбар захилга, борлуулалтын цогц системийг "М-нд худалдах, хавсралтад заасан нэмэлт ажлуудыг гүйцэтгэх, "М нь тохиролцсон 45 000 000 төгрөгийн төлбөр төлөх нөхцөлийг тохиролцсон.
Гэрээний 7.3-т заасны дагуу М нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 22 500 000 төгрөгийг Р ХХК-нд төлөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй. Энэ хугацаанд Р ХХК нь тохиролцсон ажлыг гүйцэтгэж байсан боловч М-иас 2018 оны 04 дүгээр сарын 23, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд албан бичгээр гэрээг цуцлах тухайгаа илэрхийлдэг.
Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж системийн эх кодыг тус компанид ил болгон шилжүүлж, "М-иас шалтгаалахаас бусад ажлуудаа гүйцэтгэсэн тэдгээр үүргийн шинж чанар нь биет байдлаар эргүүлж өгөх, дуусгаагүй үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглах, боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчлөх боломжтой тул бид гэрээг харилцан тохиролцож цуцлах саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд дээрх үндэслэлээр 22 500 000 төгрөгийг гэрээний 8.3-т заасны дагуу үүрэг үүссэн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 211 өдрийн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцсон нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 11 250 000 төгрөгийн алдангийн хамт нийт 33 750 000 төгрөгийг М-аас гаргуулж өгнө үү.
Мөн гэрээ цуцлах тухай хүсэлтийг Р ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, нэмэлт ажлууд үлдсэн байтал гэрээ цуцлах санал явуулсан нь үндэслэлгүй. Иймд худалдан авагчийн гэрээ цуцлах саналыг хүчингүй болгуулж, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М нь Р ХХК-ийн ''е-tiскеt системийн хөгжүүлэлт хийгдээгүй хувилбарыг туршилтаар ашиглан цаашид хийгдэх нэмэлт хөгжүүлэлтийг тодорхойлох зорилгоор системд суулгуулсан. Уг системийг өөрт тохирох хэлбэрээр системийн хөгжүүлэлт хийлгэж, өөрийн нөхцөл шаардлагад бүрэн нийцсэн нөхцөлд үйл ажиллагаандаа ашиглахаар харилцан тохиролцсон. Р ХХК нь системийн хөгжүүлэлтийг бүрэн хийж гүйцэтгээгүй, манай байгууллага нь уг системийг эцсийн байдлаар хүлээж авч ашиглаагүй. Уг системийн оюуны өмчийн эрхийг М-нд шилжүүлээгүй бөгөөд Р ХХК-нд хэвээр хадгалагдаж байгаа болно.
Гэрээний 3.2, 1.2-т зааснаар эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийн дагуу талуудын хооронд бүтээгдэхүүн хүлээлцсэн акт үйлдэгдээгүй байх бөгөөд бүтээгдэхүүн хүлээлцээгүй болох нь нэхэмжлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн АГ-1/08 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс тодорхой харагдана. Иймд гэрээний 11.2-т зааснаар гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ҮА-18/101 тоот албан бичгээр мэдэгдсэнийг Р ХХК нь хүлээн авч уг мэдэгдлийн дагуу гэрээ цуцлах саналыг хүлээн авснаа 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн АГ-1/08 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр илэрхийлсэн тул 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэн баталгаажуулснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон.
Иймээс Р ХХК-д төлөх төлбөр тооцоо байхгүй, гэрээг цааш дахин үргэлжүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу хариуцагч М-аас 26 330 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-нд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 7 420 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ТА-18/01 тоот гэрээний худалдах худалдан авах гэрээний үүрэгт холбогдох хэсгийг үргэлжлүүлэн биелүүлэхийг хариуцагчид даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Р ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-359 800 төгрөгийг гаргуулан Р ХХК-нд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Талуудын хооронд байгуулагдсан ТА-18/01 тоот "Худалдах, худалдан авах гэрээ" нь худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний аль алины шинжийг агуулсан холимог гэрээ биш бөгөөд манай байгууллагаас өөрийн үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцсэн программ хангамжийг худалдан авахаар саналаа хүргүүлсэний үндсэн дээр Р ХХК нь өөрийн "e-ticket цахим тасалбар захиалга борлуулалтын системийг манай хэргэцээ шаардлагад нийцсэн хэлбэрт оруулан эцсийн хувилбарыг худалдан борлуулах хэлцэл байсан. Манай хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний хүлээлгэж өгөхийн тулд туршилтын хэлбэрээр ажлуулан хөгжүүлэлт хийх шаардлагын үүднээс системд суулгаж, зарим нэг хөгжүүлэлт хийх байсан. Энэ нь Р ХХК-ийн "eticket цахим тасалбар захиалга борлуулалтын системийг өөрчлөн захиалагчийн захиалсан бүтээгдэхүүн болгох худалдагчийн өөрийх нь хийх ёстой ажиллагаа юм. Гэтэл шүүх уг гэрээг худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний аль алины шинжийг агуулсан холимог гэрээ гэж дүгнэн ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, худалдах худалдан авах гэрээг үргэлжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь худалдан авагчийн эрх ашиг сонирхолд халдсан, захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцээгүй, бүтээгдэхүүн худалдан авахыг тулгасан үйлдэл болсон.
"e-ticket систем"-ийн хөгжүүлэлт хийгдээгүй хувилбарыг туршилтаар суулгаж цаашид хийгдэх нэмэлт хөгжүүлэлтийг тодорхойлох зорилгоор системд суулгуулсан. Уг системийг өөрт тохирох хэлбэрээр системийн хөгжүүлэлт хийлгэж, өөрийн нөхцөл шаардлагад бүрэн нийцсэн нөхцөлд худалдан авахаар харилцан тохиролцсон. Р ХХК-н системийн хөгжүүлэлтийг бүрэн хийж гүйцэтгээгүй, манай байгууллага нь уг системийг эцсийн байдлаар хүлээж авч ашиглаагүй. Уг системийн оюуны өмчийн эрхийг М-д шилжүүлээгүй бөгөөд Р ХХК-д хэвээр хадгалагдаж байгаа болно.
Талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ҮА-18/101 тоот албан бичгээр мэдэгдсэнийг Р ХХК нь хүлээн авч уг мэдэгдлийн дагуу гэрээ цуцлах саналыг хүлээн авснаа илэрхийлэн ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн АГ01/08 тоот "Хариу хүргүүлэх тухай албан" бичгийг нотлох баримтын шаардлага хангуулсан хэлбэрээр нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргахад уг албан бичигт буруу тамга, тэмдэг дарсан байсан учраас зөв болгох үүднээс буцаан авсан, үүнийхээ дараа уг албан бичгийг устгасан одоо манай байгууллагад байхгүй гэх тайлбар өгөн хүсэлтийг ханган шийдвэрлүүлээгүй. Нэхэмжлэгч нь уг албан бичгийг манай байгууллагад байхгүй гэж бодон манай байгууллагыг хууран мэхлэж, төөрөгдөлд оруулан уг албан бичгийн дагуу хийгдсэн актыг Ажил хүлээлцсэн мэтээр тайлбарлаж байгаа нь цаашид хамтран ажиллах боломжгүй болохыг харуулж байна. Уг албан бичигт манай байгууллагаас гаргасан саналыг хүлээн авсан ингэхдээ талуудын хооронд солилцсон, хүлээлцсэн, мэдээ баримтуудыг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор баталгаажуулсан тохиолдолд гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн. Иймээс дээрх шаардлагын дагуу талуудын хооронд солилцсон, хүлээлцсэн, мэдээ баримтуудыг баталгаажуулан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТА-18/01 Ажил хүлээлцэх акт үйлдэн баталгаажуулснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг дуусгавар болсон.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч М-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 750 000 төгрөг гаргуулах, гэрээг үргэлжлүүлэх хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан гэрээгээр Р ХХК нь өөрийн оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан, цахим тасалбар захиалга, борлуулалтын цогц систем e-ticket-ийг гэрээний хавсралт 1-д заасан нэмэлт ажлуудын хамт гүйцэтгэн М-д хүлээлгэн өгөх, М нь 45 000 000 төгрөгийн төлбөр төлөхөөс урьдчилгаа 50 хувь буюу 22 500 000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсны дараа 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, үлдэх төлбөрийг бүтээгдэхүүнийг 100 хувь гүйцэтгэсний дараа төлөх үүргийг тус тус хүлээсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд холимог гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, e-ticket цахим тасалбар борлуулалтын цахим системийн бэлэн байгаа бүтээгдэхүүнийг өмчлөлд шилжүүлэх хэсгийг худалдах, худалдан авах гэрээний, уг системд нэмэлт хөгжүүлэлт хийх хэсгийг ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан гэж тайлбарласныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна. Иймд талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 243, 343 дугаар зүйлийн холбогдох хэсгээр тодорхойлж шийдвэрлэх боломжтой.
Хариуцагч М нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ҮА-18/101 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдэхдээ гэрээний 11.2 болон 11.5 дахь хэсэгт заасныг дурдсан ба уг заалтуудад гэрээ цуцлах талаар дурдсанаас өөр эрх зүйн үр дагавар буюу гэрээний эсрэг талын үүргийн зөрчлийн талаар дурдаагүй байна. /1хх 14 дэх тал/ Иймд уг албан бичгээр ирүүлсэн хүсэлт зоригийн илэрхийллийг анхан шатны шүүх гэрээ цуцлах санал гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Гэрээ цуцлах саналыг Р ХХК хүлээн авахгүй гэдгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн АБ 10/01 тоот албан бичгээр илэрхийлсэн тул талуудын хүсэлтээр гэрээ цуцлагдсан гэж дүгнэхгүй юм. /1 хх 20 дахь тал/
Талууд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажил хүлээлцэх акт үйлдэж, уг актаар нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч М-ийн сервер дээр системийг шилжүүлэн зохион байгуулж, эх кодыг хуулж тохируулсан ба нэмэлт өөрчлөлт, сайжруулалтаар үйлдлийн систем хөрвүүлж, үйлдлийн систем болон датабаазыг сольсонтой холбоотой модуль, эх кодуудыг шинэчилсэн ажлыг хийж гүйцэтгэсэн тул гэрээний дагуу урьдчилгаа 50 хувийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Гэрээний 7.3, 8.3-т зааснаар худалдан авагч тал болох М нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлийг талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний үндсэн төлбөр болон алданги шаардах эрхтэй.
Гэрээний үүргийг биелэлтийг талуудын тайлбартай харьцуулан дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг, алдангид 3 830 000 төгрөгийн хамт 26 330 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүх хариуцагчид гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь гэрээний үүргийг гүйцэтгэхийг үргэлжлүүлэн даалгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний үлдэх үүрэгт ямар үүрэг хамаарахыг тайлбарлаагүй тохиолдолд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь талуудын зарчимд нийцнэ. Гэрээний тодорхой үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00385 дугаар шийдвэрийн
1 дэх заалтын 243.1, гэсний ард 343 дугаар зүйлийн 343.1 гэж нэмж оруулж, талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ТА-18/01 тоот гэрээний худалдах худалдан авах гэрээний үүрэгт холбогдох хэсгийг үргэлжлүүлэн биелүүлэхийг хариуцагчид даалгасугай гэснийг хариуцагч М-д холбогдох 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний үүрэгт холбогдох хэсгийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Э.ЗОЛЗАЯА