Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 105

 

.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч

О төв зам ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00643 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Бгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О төв зам ХХК-д холбогдох,

Ажиллаж байсан хугацааны цалин 4 421 600 төгрөг, сул зогсолтын олговор 6 190 065 төгрөг, нийт 10 611 665 төгрөг гаргуулах, О төв зам ХХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаар цалингаас суутгах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие О төв ХХК-нд 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл авто ачигчийн жолоочоор ажилласан. Манай компани Оюу толгой ХХК-тай байгуулсан гэрээний дагуу авто зам барих ажил гүйцэтгэж байсан ба би уг ажилд 2016 оны 12 дугаар сар хүртэл ажилласан. Компаниас миний 2016 оны 10, 11 дүгээр сарын цалин өгөөгүй бөгөөд цалин олгох талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна. Мөн 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх сул зогсолтын олговрыг олгохгүй байна. Иймд О төв зам ХХК-иас миний 2016 оны 10 дугаар сар, 2016 оны 11 дүгээр сарын цалин, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртлэх сул зогсолтын цалинг гаргуулж өгнө үү. Уг асуудлаар Орхон аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасан боловч шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар хариу өгсөн тул шүүхэд хандаж байна. Би компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг хувийг компани надад өгөөгүй. Одоо хөдөлмөрийн гэрээний нэг хувийг авах хүсэлт гаргахад өгөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлээ тодруулахдаа:

Д.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хууль бусаар цалинг олгохгүй байгаа асуудал болон суутгал хийсэн асуудлаар /тус компанид хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй/ Орхон аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандахад санхүүгийн баримт байхгүй учраас шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар албан тоот ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг албан тоотыг хэрэгт эх хуваарь нь хавсаргасан байгаа. Хариуцагч тал шүүхэд цалингаас суутгал хийх тухай О төв зам ХХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаар тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн тул уг тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Тушаалын хавсралтад Д.Бгаас 2 397 824 төгрөгийг суутгахаар заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заажээ. Мөн хуулийн 63.1.1-д ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан; 63.2-д ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй гэж заажээ. Мөн Д.Бгийн жолоодож байсан техник нь 1 цагт хэдэн литр түлш зарцуулдаг байсан гэдгийг тогтоогоогүй, шатахууны норм тогтоосон зураг авалт хийгээгүй, байгууллагад ямар хохирол учруулсан, хохирлын хэмжээг хэрхэн тооцож гаргасан эсэх талаарх баримт байхгүй, энэ талаар ажилтанд мэдээгүй байна. Гэтэл ажил олгогч О төв зам ХХК-нд хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, хохирол учруулсан гэдгийг бодитой тогтоохгүйгээр үндэслэлгүйгээр тушаал гаргаж, ажилтны сарын үндсэн цалингаас их суутгал хийж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд О төв зам ХХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаар цалингаас суутгах тухай тушаалыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж, тодруулж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь ажиллаж байсан хугацааны цалин, сул зогсолтын олговорт яг хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна, үүнийг тодруулах шаардлагатай гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулж байна. Хэрэгт авагдсан баримтаар тооцож Д.Бгийн ажилгүй байсан хугацаа 2017 оны 09 дүгээр сарын цалин 1 560 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын цалин 1 588 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын цалин 1 273 600 төгрөг, нийт 4 421 600 төгрөгийг О төв зам ХХК-иас нэхэмжилж байна. Мөн сул зогсолтын олговор 6 190 065 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Сул зогсолтын олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар Д.Бгийн 2017 оны 9, 10, 11 дүгээр сарын цалингийн дунджаар тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар түүний 1 сарын дундаж цалин хөлсний 60 хувиар тооцсон болно. Д.Бгийн сүүлийн 3 сарын цалин 4 421 600 : 3 = 1 473 866 төгрөг, үүний 60% нь 884 295 х 7 = 6 190 065 төгрөг. Иймд хариуцагч О төв зам ХХК-иас ажиллаж байсан хугацааны цалин 4 421 600 төгрөг, сул зогсолтын олговор 6 190 065 төгрөг, нийт 10 611 665 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О төв зам ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Б нь 2015 оны 8 сарын 17-ын өдрийн 101 тоот тушаалаар О төв зам ХХК-д авто ачигчийн оператороор ажилд орж, 2017 оны 6 сарын 27-ын өдрийн 103 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн билээ. О төв зам ХХК нь түүний ажилласан хугацааны цалин хөлсийг тухай бүр олгож байсан бөгөөд харин 2016 оны 09, 10, 11 дүгээр сарын цалин нь тухайн үед ажиллаж байсан гэрээт ажлын захиалагч талтай ажлын гүйцэтгэл болон санхүүжилтийн маргаантай байдлаас шалтгаалан цаг тухай бүрт олгогдоогүй байна. Уг санхүүжилт саатсан хугацааны буюу 2016 оны 09, 10, 11 дүгээр сарын гарт олгох цалин нь 3 871 153 төгрөг бөгөөд үүнээс 1 750 000 төгрөгийг 2016 оны 11 сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд Д.Бд бэлнээр олгосон байна. Дээрх тооцоогоор 2 121 153 төгрөгийн цалинг нөхөж олгох ёстой мэт харагдавч тэрээр 2016 онд гүйцэтгэсэн ажил, түүнд зарцуулах шатахууны нормоос 2 397 824 төгрөгийн шатахуун илүү зарцуулсан буюу өөрөөр хэлбэл дутагдуулсан тул Хөдөлмөрийн гэрээний 7.2.10, 11 дэх заалтын дагуу бодогдсон цалингаас нь хохирлыг суутган тооцсон ба Д.Б нь одоогийн байдлаар О төв зам ХХК-д 276 671 төгрөгийн үлдэгдэл өртэй байна. О төв зам ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 05-нд бүх ажилчдын хурал зохион байгуулж, уг хурлаар 2017 оны 5 дугаар сарыг дуустал цалингийн олговоргүй сул зогсолт хийх болсон талаар зөвшилцөлд хүрсэн билээ. Манай компанийн гүйцэтгэж байсан гэрээт ажил захиалагч талаас шалтгаалан цаашид үргэлжлэхгүй болсон учир олговоргүй сул зогсолтын хугацаа дууссаны дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон нийт ажилчдыг ажлаас чөлөөлсөн билээ. Харин Д.Бн хувьд манай компани тодорхой хэмжээний ажлаар хангаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно. Д.Б нь нэхэмжлэлдээ цалингаа яаж тооцож хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд тэрээр хийснээр 5 дугаар зэргээр цалинжиж байсан. Дээр дурдсан цалингийн тооцоо нь энэ дагуу бодогдсон бөгөөд сард 1 200 000 төгрөгийн цалин олгоно гэсэн гэрээ байхгүй. Иймд үндэслэлгүй тул Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. "О төв зам" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны 406 тушаал нь хууль тогтоомжид харшилсан зүйл байхгүй болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.Дээр дурдсан тушаалаар Д.Бд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгээгүй харин бүрэн хариуцлага хүлээлгэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 63, 133 дугаар зүйл хамаарахгүй. Гүйцэтгэх захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан харилцааны хүрээнд тушаал шийдвэр гаргах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1-д заасан эрхийн хүрээнд баталсан компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь заалт, 84 дүгээр зүйлийн 84.4.2, 84.4.3 дахь заалтаар олгогдсон эрх хэмжээний хүрээний хүрээнд тушаал гаргасан. Захирлын 406 тоот тушаалаар нийтдээ шатахууныг нормоос илүү зарцуулсан 37 жолооч, механизмын оператораас тийнхүү илүү зарцуулсан хэмжээ, үнэнд тохирох суутгал хийсэн ба Д.Б эрх, ашиг сонирхлынхоо төлөө маргах эрхтэй ч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар бусад ажиллагсдаас илүү давуу эрх эдлэх боломжгүй. Д.Бгийн илүү зарцуулсан шатахууныг нөхөн төлүүлсэн нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2 дахь заалт, 135 дугаар зүйлийн 135.4 дэх заалтанд бүрнээ нийцэж байгаа болно.

Сул зогсолтын хувьд ажилчдад олговоргүйгээр сул зогсолт зарлаж НДШ-ийг компани хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн болно. Энэ тухай мөн өмнө нь тайлбарласан. Харин хөдөлмөрийн дотоод журамдаа компани ажилтнаас үл шалтгаалсан сул зогсолтын олговрыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тооцон олгоно гэж зохицуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар 2016 оны 12-р сар, 2017 оны 1-5 дугаар сарын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход 1 392 000 төгрөг гарах ба үүнээс шатахууны тооцооны үлдэгдэл 276 671 төгрөгийг хасч 1 115 329 төгрөгийг Д.Бд олгох үндэслэл бий. "О төв зам ХХК-ийн захиргаанд ажиллагсдын төлөөлөгчтэй хийсэн, бүртгэгдсэн хамтын гэрээ байхгүй. Энэ талаар ҮЭ байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн зүйлгүй. БХБ-ын сайдын 263 дугаар тушаалаар баталсан цалингийн жишиг манай улсын зам, барилгын салбарт нэг мөр мөрдөгддөг. Энэ жишгээр мөрдөхөөр Хөдөлмөрийн гэрээнд заасан ба хүнд механизмчдын цалин энэ жишгээр харьцангуйгаар ажлын бүтээлтэй уялдахгүй байсан учир 2016.06.01-нээс механизмчдын үндсэн цалинг 1 200 000 төгрөгөөр, нэмэгдэл цалинг 400 000 төгрөгөөр тооцохоор дотроо зохицуулж ажилчдад Хөдөлмөрийн гэрээнд зааснаас илүү ашигтай нөхцөл бүрдүүлснээр Д.Бгийн цалин бодогджээ. "О төв зам" ХХК-д өөр Д.Бд хамаарах цалингийн норм, норматив, жишиг байхгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00643 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан О төв зам ХХК-с 2016 оны 9, 10, 11 дүгээр сарын цалин 4 421 600 төгрөг, сул зогсолтын олговор 6 190 065 төгрөг, нийт 10 611 665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлээс О төв зам ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч О төв зам ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 184 737 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг зөв үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс үндэслэлтэй, зөв шийдвэр гаргаж чадаагүй байна. Үүнд:

1. Олгогдоогуй цалин хөлсний талаар.

Нэхэмжлэгч Д.Б 2018.04.02-нд шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйчийг төлөөлүүлэн оролцуулсан байна. Тодорхой хугацааны цалин хөлс, олговор гаргуулах буюу эд хрөнгийн шинжтэй нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнэ тодорхойлоогүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь ИХШХТ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 63 дугаар зүйлийн 63.1.1 шаардлага хангаагүй нэхэмжлэлд хэрэг үүсгэж мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтыг зөрчсөн. Д.Б нь шүүхэд нэхэмжлэлийг өөрөө гаргахдаа 2016 оны 10,11 дүгээр сарын цалин хөлсөө аваагүй гэж нэхэмжлэлийн энэ хэсгийнхээ агуулгыг тодорхойлсон. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөллөгч нь 2018.05.31-нд 2017 оны 9,10,11 дүгээр сарын цалин хөлс 4 421 600 төгрөг аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг хариуцагчид гардуулсан ба хариуцагч энэ шаардлагад 2018.06.22-нд 69 тоот бичгээр тайлбар өгсөн. Гэтэл шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч 2016 оны цалин шүү, алдаж бичсэн байна гэж ИХШХТ хуулийн 107-д заасан мэтгэлцээний хүрээнд тайлбарласан. Энэ нь ИХШХШТ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "...нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх..." гэдэг ойлголтод хамаарах ба нэхэмжлэлийг өөрчилж байгаа бол хариуцагчийн эрхийг эдлүүлэх ёстой. Нөгөө талаар нэхэмжлэгч үүнийг нэхэмжлэлээ дэмжсэн тайлбараар биш ИХШХТ хуулийн 105 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргах, хариуцагч өөрчилсөн нэхэмжлэлд тусдаа хариу өгөх нотлох баримт гаргах шаардлагаагүй гэвэл шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шаардлагатай гэж үзнэ гэвэл хуулийн дээрх 105 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж хуралдааныг үргэлжлүүлэх эсхүл хойшлуулах шүүгчийн захирамж ёстой. Ийм ажиллагаа хийгдээгүй нь ИХШХШТ хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлох бүрэн боломжтой. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ Нийгмийн даатгалын тайлангаа хавсарган ирүүлсэн бөгөөд түүн дээр бодогдсон цалин бүрэн бичигдсэн байгаа ба түүнээс Хувь хүний орлогын татварын хуульд заасан хувь, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тайланд бичигдсэн хувь хэмжээний шимтгэлийн суутгалаа хасаад авах ёстой цалингаа тодорхойлох бүрэн боломжтой байсан. Нөгөө талаар Иргэний хэргийн оролцогчид хэргийг агуулгыг өөрсдөө тодорхойлох, тэр дундаа нэхэмжлэгч нь Иргэний хэргийг үүсгэгч гэдэг утгаараа нэхэмжлэлийн агуулгыг өөрөө тодорхойлох диспозитив зарчимтай тул Д.Баярмангай 2016 оны 10,11 дүгээр сар буюу хоёр сарын цалин нэхэмжилнэ гэж байгаа, хариуцагч 2016 оны 9,10,11 сарын гарт олгох цалин 3 871 153 төгрөгөөс 1 750 000 төгрөгийг олгосон гэх, энэ хэмжээ нь Д.Бгийн Нийгмийн даатгалын тайлан, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн цалингийн жагсаалтаар батлагдаж байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөр нотлох баримтаар батлагдахгүй 2017 оны 9,10,11 сарын цалин гэсэн хэмжээг хангаж байгаа нь үндэслэлгүйн дээр ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 заасан зарчмыг зөрчиж байгаа хэрэг. Д. Д.Бд цалин хөлсийг олгох шийдвэр гаргах байлаа гэхэд түүний 2016 оны 10, 11 дүгээр сарын цалингаас хуульд зааснаар суутгадан улсын төсөвт орсон ХХОАТ 234 544 /135 920+107 624/ төгрөг, даатгуулагч өөрөө төлөх Нийгмийн даатгалын тухай хуулиар төлсөн НДШ 286 160 /158 800+127 360/төгрөгийг хасахгүйгээр бодогдсон бохир цалинг гаргуулсан нь үндэслэлгүй. Ингэнэ гэвэл Д.Б дээрх хуулиудыг зөрчиж татвар болон заавал даатгуулах даатгалыг төлөхгүй байх үндэслэлийг шүүх зааж дүгнэх учиртай.

Байгууллагад учирсан хохирол буюу шатахууны төлбөрийн талаар.

Д.Бгийн ажилласан хугацааны шатахууны илүү зарцуулалт буюу өр үүсгэсэн замын хуудсыг нотлох баримтаар шүүхэд бүрэн өгсөн нь хэрэгт байгаа. Энэхүү замын хуудас нь хуучин тогтолцооны үеэс уламжлагдан ирсэн автотээврийн хэрэгсэл, бусад газар шорооны ажилд хэрэглэдэг хүнд механизмын гүйцэтгэсэн ажил, ажилласан цаг, ажлын төрөл, мотор/цаг, олгосон ба зарцуулсан шатахууны хэмжээг бүртгэж өдөр бүр ажиллуулагчийн эрх, үүрэг бүхий ажилтан болон жолооч, механизмчид танилцаж зөвшөөрөн гарын үсгээ зурж баталгаажуулдаг, цалин хөлс бодох, шатахууны тооцоо хийхдехникийн элэгдэл хорогдол тооцох үндсэн баримт бичиг юм. Иймд эдгээр баримтыг нотлох баримт гэж тооцохгүй байх үндэслэлгүй бөгөөд няцааж байгаа бол тэрхүү үндэслэлийг шүүхийн шийдвэрт тодорхой хууль зүйн үндэстэй дүгнэж заах ёстой. Б.Д.Б нь ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.1 дэх заалтад ажил олгогчид хохирол учруулбал эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр тохиролцсон бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх заалтад нийцэж байгаа. Хуулийн энэ заалт нь мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1,132.2 дахь заалт, 135.1.2 /Хууль тогтоомжид заасан гэдэг нь 135.4-т хамаарах ба заавал энэ хуулиас өөрхуулийг шаардахгүй/ заалтад нийцсэн байгаа тул үлдэгдэл цалин 2 121 153 төгрөгийг шатахууны өр 2 397 824 төгрөгийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын хохиролд тооцсон нь хуульд нийцсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1.1 дэх заалт нь зөвхөн ажилтны хүлээх хязгаарлагдмал хариуцлагад хамаарах бөгөөд 63.1.2 дахь хууль тогтоомжид заасан гэдэг нь мөн хуулийн 132.1,132.2,135.1.2,135.4 дэх заалттайгаа уялдан хэрэглэгдэх болно. Д.Б нь цалин хөлс нь олгогдоогүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэсэн нь буруу гэж үзэж байгаа бол цалин авах хугацаа өнгөрснөөсөө хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх ёстой. Ийнхүү гаргаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байснаа нотолсон тохиолдолд, нэхэмжлэгч хүсэлт гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-д заасан ажиллагааг явуулсны үндсэн дээр шүүх хугацааг сэргээх эсэхийг шийдвэрлэж байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах учиртай. Орхон аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар зөвлөл нь Нийгмийн түншлэлийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлд заасан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хүрээнд бий болсон зөвлөх нөлөөлийн этгээд бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 126 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн маргаан таслах субъект биш болно. Иймд шүүх энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

Сул зогсолтын олговрын талаар.

Шүүх энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүй шийдвэр гаргасан. Д.Бгийн үндсэн цалин хөлсний талаар ажил олгогч шүүхэд хангалттай тайлбарлаж, баримт үндэслэлийг гаргасан. Тухайлбал түүний үндсэн цалинг Хөдөлмөрийн гэрээнд хийснээрх 5-р зэрэг" гэж заасан байгаа. Монгол Улсын ЗТБХБ-ын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 25-ны 263 дугаар тогтоолоор Барилгын салбарт мөрдөх ажилчдын тарифт цалингийн жишгийг баталсныг манай улсын барилгын байгууллагууд одоо хүртэл нийтлэг мөрдөж байгаа, эрхийн акт нь хүчинтэй байна. Энд зааснаар хийснээрх 5-р зэргээр Хөдөлмөрийн гэрээнд заасан ба харин ажлын явцад энэ тарифаар бодогдох цалин үр дүнтэй уялдахгүй байна гэж үзэж ажилчинд ашигтай байдлаар өөрчлөн Д.Бгийн үндсэн цалинг сард 1 200 000 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалинг 400 000 төгрөг гэж тогтоосон байгаа. Үүнийг ч мэдэж байсан учраас Д.Б нэхэмжлэлдээ цалин 1 200 000 гэж бичсэн байдаг. Барилгын салбарын ажил нь улирлын чанартай байдаг онцлогтой тул хүйтний улиралд ажилчид сул зогсоод дараа оны 4 дүгээр сараас ажил эхэлдэг. Энэ хугацаанд сул зогсолтын асуудал гардаг ба "О төв зам" ХХК-ийн хувьд ажилчдын хурал хийж олговоргүй сул зогсолт хийх, энэ хугацаанд ажиллагсдын НДШ-ийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон компани хариуцахаар тохиролцсон гэдэг. Гэвч энэ талаар ажилчин бүртэй хэлцэл байгуулаагүй учир олговоргүй сул зогсолт байх нь хуульд нийцнэ гэж маргах боломжгүй. Энэ тохиолдолд харин олговрыг ямар хэмжээгээр олгох нь Хөдөлмөрийн тухай хууль, компанийн Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдана. Компани хөдөлмөрийн дотоод журмын 8.5.1-ийн "в"-д "...Ажилтнаас үл шалтгаалсан сул зогсолтын олговрыг Хөдөлмөрийн хуульд зааснаар тооцон олгоно" гэж журамласан байх бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт энэ асуудлыг нэг мөр зохицуулжээ. Хуулийн 56.1-д " ...Хамтын гэрээнд заасан хэмжээний сул зогсолтын олговор олгоно", 56.2-т "Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх..." гэж заагаад доод хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байж болохгүй гэж зохицуулжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 8-18 дугаар зүйлд Хамтын гэрээний харилцааг зохицуулсан байх ба ажилтны төлөөлөгчид, ажил олгогч аль нь ч санаачлаагүйгээс тус компани ажиллагсдын хооронд Хамтын гэрээ байгуулагдаагүй байна. Ажил олгогчийн зүгээс энэ талаар Монгол улсад мөрдөж байгаа Эвлэлдэн нэгдэх эрхийг хуульчилсан Үндсэн хууль, ҮЭ-ийн эрхийн тухай хууль, Монгол улс 1969 онд нэгдэн орсон Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын "Чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхийн тухай 1948 оны 87, "Зохион байгуулах эрх ба хамтын хэлэлцээрийн тухай" 98-р конвенци, 1995 онд нэгдэн орсон "Ажилчдын төлөөлөгчдийн тухай" 1975 оны 135-р конвенцийг зөрчсөн явдал байхгүй болно. Ийм учраас Хамтын гэрээгээр мөрдөх зохицуулалтыг баримталж 6 190 065 төгрөгийн олговор гаргуулсан нь үндэслэлгүй. Харин хуулийн дээрх заалтын нарийвчилсан зохицуулалт нь хамтын гэрээ байхгүй бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй гэдэг хязгаарлалт болох ба үүгээр тооцоход Д.Б 2016 оны 12-р сард 192 000 төгрөг, 2017 оны 1-6 сард /240 000 х 6/ 1 440 000 төгрөг, бүгд 1 632 000 төгрөг шаардах боломжтой юм. Гэтэл хууль үндсэн цалингаас гэж заагаад байхад нэхэмжлэгч хариуцагч аль аль нь үндсэн цалин 1 200 000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрөөд байхад үндсэн ба нэмэгдэл цалингаас олговор тооцож нэхэмжилсэн, гаргуулсан нь ч наад захын хууль хэрэглээний алдаа, хайхрамжгүй явдал болохыгтэмдэглэж байна. Д.Б нэхэмжлэл гаргахдаа үндсэн цалингийнхаа хэмжээг дурдсан мөртлөө шаардсан олговрын хэмжээгээ заагаагүй нь энэ гомдлын 1 дэх хэсгийн А,Б -д заасан үндэслэлд давхар хамаарна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс О төв зам" ХХК-д Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгааг бүхэлд нь шалгаж тогтоох агуулгатай олон хүсэлт гаргаж, шүүх түүнийг хангаж байсан. "О төв зам" ХХК зөвхөн ажилтан Д.Б болон түүний хөдөлмөрийн үйл ажилллагаатай холбоотой баримтуудыг гаргаж өгсөн гэдгийг тэмдэглэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хянан үзэж хэрэг хянан шийдввэрлэх ажиллагааны зөрчил нь ноцтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэвэл 643 тоот шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, процессийн зөрчлийг ноцтой биш гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэн нэхэмжлэлээс олговор гаргуулах хэсгийг буюу 1 632 000 төгрөгийг хангаж, цалин хөлс гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Б нь Очиртөв зам ХХК-иас 2016 оны 10, 11 дүгээр сарын цалин, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарын 27 хүртэлх хугацааны сул зогсолтын олговор нийт 10.611.665 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэмэгдүүлэн цалинд 4.421.600 төгрөг, сул зогсолтын олговорт 6.190.065 төгрөг, нийт 10.611.665 төгрөг гаргуулах, О төв зам ХХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О төв зам ХХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаар тушаалд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн компаний захирлын 101 дугаар тушаалаар О төв зам ХХК-д авто ачигчийн оператороор ажилд орсон, Компаний захирлын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаар тушаалаар уг ажлаас чөлөөлөгдсөн, 2016 оны 09,10,11 дүгээр саруудын цалин олгогдоогүй, сул зогсолт болсон зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй мөн хуулийн 135 дугаар зүйлд Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна гэж заасан бөгөөд байгууллага бүрэн хариуцлага хүлээж болох ажил албан тушаалын жагсаалт гаргаж өгөөгүй, хариуцагч О төв зам ХХК нь Д.Бгийн цалингаас суутгал хийхдээ дутагдуулсан гэх шатахууны үнийг 100 хувь суутгаж авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.2, 63.4-т заасныг тус тус зөрчсөн, нэхэмжлэгч Д.Бг 2.397.824 төгрөгийн шатахуун дутагдуулсан гэж үзсэн боловч түүний шүүхэд гаргаж өгсөн механизмын замын хуудас гэх баримтаар тухайн механизм нь 1 цагт хэдэн литр түлш зарцуулдаг нь тодорхойгүй, хохирлын хэмжээг хэрхэн тооцсон болох нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй гэсэн үндэслэлүүдээр хариуцагч О төв зам ХХК-иас 2016 оны 9,10,11 дүгээр сарын цалин 4.421.600 төгрөг, сул зогсолтын олговрыг түүнийг 1.200.000 төгрөгийн цалинтай гэж үзэж нэг сарын цалингийн 60 хувиар тооцон 6.190.065 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтанд нийцсэн байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.Бг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа шатахуун дутагдуулсан гэж түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж цалингаас нь суутгал хийж авсан байгаа боловч ямар хэмжээний шатахуун дутагдуулсан, түүний машин хэд хичнээн литр түлш зарцуулдаг болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. О төв зам ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаар тушаалаар тээврийн хэрэгслийн түлшний нормыг хэтрүүлэн зарцуулсан ажилчдын цалингаас суутгал хийхээр шийдвэрлэсэн байх тул уг тушаалыг танилцуулсан баримт байхгүй, нэхэмжлэгч Д.Б цалингаас суутгал хийснийг мэдээгүй гэсэн тайлбар гаргасан, хөдөлмөрийн хуульд заасан зохицуулалтыг зөрчиж эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж цалингаас суутгасан нь буруу байна.

Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэлээр үнэлж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны 142/ШШ2018/00643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.737 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ