Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 298

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгч Х.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Борнууд овогт Хишигнэмэхийн Баасансүрэнд холбогдох эрүүгийн 1818004390277 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Борнууд овогт Хишигнэмэхийн Баасансүрэн /РД: УЖ72090804/, 1972 оны 9 дүгээр сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байр, 87 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол 50 дугаар байр 103 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Х.Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах, 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Баасансүрэн нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 20 дугаар байрны 36 тоот 2 өрөө орон сууцыг түрээслэн амьдарч байхдаа жижиг өрөөг нь иргэн Д.Баяржаргалд дамжуулан түрээсэлж танилцан улмаар түүний эзэмшлийн “Panasonic” маркийн 32 инчийн лед зурагтыг “өөрийн ажилладаг христийн сүмдээ хүмүүст бичлэг үзүүлэхэд хэрэглэчхээд өгье” хэмээн хуурч аван “Хараа сутай” гэх барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан,

мөн “Дархан-Ус суваг” ХК-нд хэрэглэгчийн албаны байцаагчаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллах хугацаандаа айл өрхүүдээс хэрэглээний усны төлбөр болох 944.260 төгрөгийг кассын орлогын баримт, хувийн харилцах данс, баримтгүй бэлнээр авч, “Дархан Ус суваг” ХК-ийн дансанд тушаалгүй хувийн хэрэгцээндээ ашигласан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Баасансүрэнгийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн бурууг ойлгож байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Баяржаргалын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Х.Баасансүрэн нь “сүм дээр юм үзүүлчихээд өгье” гээд миний “Panasonic” маркийн 32 инчийн лед зурагтыг гуйгаад авсан. Би зурагтаа авъя гэхээр одоохон аваад ирье гэж хэлдэг байсан. Сүүлдээ айлд аваачаад үлдээчихсэн чинь айлын хүмүүс нь хөдөө явчихсан байна, ирэхээр нь аваад ирье гээд байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10, 17/,

Иргэний нэхэмжлэгч Р.Даваагийн өгсөн: 2018 оны 02 дугаар сарын эхээр Х.Баасансүрэн нь “Panasonic” маркийн 32 инчийн лед зурагтыг манай барьцаалан зээлдүүлэх газарт 130.000 төгрөгөөр барьцаалсан. Нэлээд удаж байгаад 130.000 төгрөгөө хүүтэй нь төлөөд зурагтаа буцааж авсан. Дахин 10-20 хоногийн дараа ирээд нөгөө зурагтаа 170.000 төгрөгөөр барьцаалсан боловч зурагтаа авахаар ирээгүй. Х.Баасансүрэн нь зурагтаа барьцаалахдаа өдөртөө ирээд авчихна гэдэг байсан учраас зээлийн гэрээ байгуулдаггүй байсан. Би 170.000 төгрөг дээрээ хүү бодоод нийт 200.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

“Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах “Хараа сутай” гэх барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг иргэн Р.Даваагаас “Panasonic” маркийн 32 инчийн лед зурагтыг хураан авав. Хураан авах ажиллагааг гэрэл зургаар бэхжүүлэв. Эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгөхөөр тогтов” гэх эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13, 15/,

“Panasonic” маркийн 32 инчийн лед зурагтыг хохирогч Д.Баяржаргалд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14/,

“Капитал зууч” ХХК-ний 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ““Panasonic” маркийн 32 инчийн лед  хуучин зурагт 500.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,

Хохирогч Ц.Нарантуяагийн өгсөн: Х.Баасансүрэн нь манай байгууллагад 2 сарын хугацаанд ажиллаж байхдаа айл өрхүүдийн хэрэглээний усны төлбөрийг байгууллагад тушаахгүйгээр өөртөө ашигласан байсан. Х.Баасансүрэнгийн оронд ажилд шинээр томилогдсон Баярхүү гэх байцаагч айл өрхүүдээр явж тулгалт хийхэд 974.260 төгрөгийг Х.Баасансүрэн нь өөртөө ашигласан байсан. Ингээд цагдаад гомдол гаргах үед Х.Баасансүрэн нь 30.000 төгрөгийг байгууллагад төлсөн байсан. Энэ 30.000 төгрөгийг хасаад 944.260 төгрөгийг Х.Баасансүрэнгээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 60/,

Гэрч Г.Батцэцэгийн өгсөн: ...Дархан сумын 6 дугаар багийн иргэн Мягмараас “танай ажилтан Баасансүрэн усны төлбөр 30.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр авсан. Тэгтэл манай усны төлбөрөөс хасагдаагүй байна” гэсэн өргөдөл 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллагад ирсэн. Өргөдлийн дагуу шалгахад Х.Баасансүрэн нь айл өрхийн усны төлбөрийг хувьдаа ашигласан асуудал анх гарч ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 61/,

Гэрч Г.Амаржаргалын өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр манай усны төлбөр 5000 төгрөгийг нэг эмэгтэй авсан боловч тэр мөнгө нь манай усны төлбөрөөс хасагдаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

Гэрч Д.Октябрийн өгсөн: Манайх 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 56.000 төгрөгийг “Дархан Ус суваг” ХК-ийн байцаагч гэх эмэгтэйд бэлнээр өгсөн нь манай усны төлбөрөөс хасагдаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 65/,

Гэрч Б.Зүбайдагийн өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Дархан Ус суваг” ХК-ний усны байцаагч гэх бордуу царайтай, намхан, махлагдуу, 40 гаруй насны эмэгтэйд 50.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр төлбөр нь манай усны төлбөрөөс хасагдаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 66/,

Гэрч У.Эрдэнэчимэгийн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Дархан Ус суваг” ХК-ний усны байцаагч Х.Баасансүрэнд бэлнээр 20.000 төгрөг төлсөн боловч усны төлбөрөөс хасагдаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 67/,

Гэрч Ц.Төрболдын өгсөн: 2018 оны 4 дүгээр сард “Дархан Ус суваг” ХК-ний усны байцаагч гэх нэг эмэгтэй “танай усны төлбөр 100.000 гаруй төгрөг гарсан байна” гэхээр нь би 50.000 төгрөгийг хүний данснаас тэр эмэгтэйн өгсөн данс руу шилжүүлсэн. Гэтэл тэр мөнгө усны төлбөрөөс хасагдаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 68/,

Гэрч Ц.Жавзаннамжилийн өгсөн: 2018 оны 4 дүгээр сард усны байцаагч Х.Баасансүрэн гэрт ирээд 40.000 төгрөг бэлнээр авсан боловч тэр мөнгө нь манай усны төлбөрөөс хасагдаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

Гэрч М.Мөнхзаяагийн өгсөн: “Дархан Ус суваг” ХК-ний усны байцаагч манай усны төлбөр болох 50.000 төгрөгийг манай ажил дээрээс ирж авсан. Тэгтэл усны төлбөрөөс 50.000 төгрөг хасагдаагүй байсан. Тэгэхээр  нь би тэр байцаагчийг утсыг аваад ярьтал “Харин тийм ээ. Би төлнө. Танай хаягийг бичүүлсэн байгаа” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

Гэрч Ө.Даваажавын өгсөн: 2018 оны 3 сард усны байцаагч гэрт ирээд манай нөхрөөс усны төлбөрт 170.000 төгрөгийг баримтгүй, бэлнээр авсан авсан. Тэгэхээр нь “Дархан Ус суваг” ХК дээр очиж уулзтал тэр байцаагч өөр олон айлаас мөнгө авсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 72/,

Гэрч Н.Баярмаагийн өгсөн: Х.Баасансүрэнд холбогдох актыг үйлдэхдээ эхний 6 айлын тооцоог 2954-2959 хүртэл кассын орлогын баримт бичигдсэн боловч орлого тушаагдаагүй байгаагаар нь тогтоож гаргасан. Бусад айлын хувьд иргэдээс гаргасан гомдлоор Х.Баасансүрэн нь хувийн дансаар болон бэлнээр баримтгүйгээр айл өрхүүдийн усны төлбөрийг авсан болохыг тогтоож актыг үйлдсэн. Х.Баасансүрэн нь нийт 944.260 төгрөгийг хувьдаа завшсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

Гэрч Д.Уранчимэгийн өгсөн: Х.Баасансүрэнд холбогдох актыг кассын орлогын баримт болон оршин суугчидтай тулгалт хийж үйлдсэн. Энэ актыг Х.Баасансүрэн нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэх мэдүүлэг /хх-ийн 74/,

Х.Баасансүрэнг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Хэрэглэгчийн албанд байцаагчаар түр томилсон, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай “Дархан Ус суваг” ХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 24/Б, Б/62 тоот тушаалууд /хх-ийн 40-41/,

“Дархан Ус суваг” ХК-ийн Хэрэглэгчийн албаны байцаагчийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 84-85/,

“Дархан ус суваг” ХК-д гаргасан гаргасан иргэн Г.Мягмар, Б.Уранбаяр, Ө.Энхсайхан, У.Эрдэнэчимэг, А.Ундармаа, А.Эрдэнэсолонго, Ө.Даваажав нарын өргөдөл /хх-ийн 46-54/,

“Дархан Ус суваг” ХК-наас 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Х.Баасансүрэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар айл өрхүүдээс усны төлбөрийг байгууллагаас олгосон кассын орлогын баримт, хувийн банкны харилцах данс, баримтгүй бэлнээр авч байгууллагад тушаагаагүй хувийн хэрэгцээнд ашигласан төлбөрийн тооцооны акт /хх-ийн 75-76/,

Х.Баасансүрэнгийн ХААН банк дахь 5119002077 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 111-122/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Х.Баасансүрэнгийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д.Баяржаргалын 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Panasonic” маркийн 32 инчийн лед зурагтыг “өөрийн ажилладаг христийн сүмдээ хүмүүст бичлэг үзүүлэхэд хэрэглэчхээд өгье” хэмээн хуурч аван “Хараа сутай” гэх барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэргийн, “Дархан-Ус суваг” ХК-нд хэрэглэгчийн албаны байцаагчаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллах хугацаандаа айл өрхүүдээс хэрэглээний усны төлбөр болох 944.260 төгрөгийг кассын орлогын баримт, хувийн харилцах данс, баримтгүй бэлнээр авч, “Дархан Ус суваг” ХК-ийн дансанд тушаалгүй хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Баяржаргалд 500.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Р.Даваад 200.000 төгрөгийн хохирол, “Дархан Ус суваг” ХК буюу хохирогч Ц.Нарантуяад 944.260 төгрөгийн хохирол тус тус учирснаас хохирогч Д.Баяржаргал нь өөрийн эзэмшлийн “Panasonic” маркийн 32 инчийн лед зурагтыг буцаан авсан тул санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан түүний “Миний бие мөрдөгч Б.Гэрэлцогтоос “Panasonic” маркийн 32 инчийн лед зурагтаа бүрэн бүтэн хүлээн авсан. Өөр гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 19/-ээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Х.Баасансүрэн нь иргэний нэхэмжлэгч Р.Даваад учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь Р.Даваагийн ХААН банк дахь 5046193311 дугаарын дансанд 220.000 төгрөгийг Х.Баасансүрэнгээс шилжүүлсэн гэх ХААН банкны орлогын мэдүүлгээр, “Дархан-Ус суваг” ХК буюу хохирогч Ц.Нарантуяад учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь “Дархан-Ус суваг” ХК-ний 15371, 15374, 15367, 15375, 15376, 15379, 17323, 17324, 17325, 15372, 15373, 15377, 14854, 14853, 14852, 14851, 15378, 15368, 15369, 15370, 15380 дугаартай кассын орлогын баримтаар тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид, иргэний нэхэмжлэгч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Баасансүрэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Х.Баасансүрэн нь 2001 оны 3 дугаар сарын 02-нд төрсөн охин Бат-Амгалангийн Анужингийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Дархан сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Х.Баасансүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Баасансүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борнууд овогт Хишигнэмэхийн Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар Х.Баасансүрэнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Х.Баасансүрэнд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Баасансүрэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР