Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 70

 

Х.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

                                                       Ц.Амаржаргал                                

Прокурор                                       Г.Яндаг

Шүүгдэгч                                        Х.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                П.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 298 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-ийн Б-д холбогдох эрүүгийн 1818004390277 тоот, 166/2018/0271/Э индекстэй 1 хавтастай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Б- овогт Х-ийн Б- /РД: **********/, урьд ял шийтгэлгүй.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Х.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 20 дугаар байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг түрээслэн амьдарч байхдаа жижиг өрөөг нь иргэн Д.Б-д дамжуулан түрээсэлж танилцан, улмаар түүний эзэмшлийн “Раnasonic” маркийн 32 инчийн Лед зурагтыг өөрийн ажилладаг христийн сүмдээ “хүмүүст бичлэг үзүүлэхэд хэрэглэчихээд өгье” хэмээн хуурч аван “Хараа сутай” гэх барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан,

мөн “Дархан-Ус суваг” ХК-нд хэрэглэгчийн албаны байцаагчаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа айл өрхүүдээс хэрэглээний усны төлбөр болох 944.260 төгрөгийг кассын орлогын баримт, хувийн харилцах данс, баримтгүй бэлнээр авч, “Дархан Ус суваг” ХК-ийн дансанд тушаалгүй хувийн хэрэгцээндээ ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 298 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Х-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан албан тушаалын байдпаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Х.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Х.Б-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор... тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Гагцхүү “Дархан ус суваг” ХК-д хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргээр зүйлчлэхдээ түүний үйлдлийг “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Х.Б-г ажилд томилсон “Дархан Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд авах тухай” 24/Б дугаартай тушаалд Х-ийн Б-г түр томилон ажиллуулсугай, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Б/62 дугаартай тушаалд Х.Б- нь туршилтын 2 сарын хугацаанд ажилдаа тэнцээгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж тус тус заасан байна. / ХХ-40, 41/

Дархан-Ус сувгийн Хэрэглэгчийн албаны дарга Г.Батцэцэгийн тайлбарт Х.Б- нь ...туршилтын 2 сарын хугацаанд ажлын ур чадвар муу, айл өрхийн усны төлбөрийг хувьдаа ашигласан зэрэг үндэслэлээр ажлаас халагдсан гэжээ. /ХХ-42/

Дархан-Ус сувгийн Хэрэглэгчийн албаны дарга Г.Батцэцэг гэрчээр мэдүүлэхдээ “туршилтын 2 сарын хугацаанд ажиллахдаа...” гэжээ. / XX- 61/

Хэрэгт авагдсан “Ажлын байр, албан тушаалын тодорхойлолт”-ыг Х.Б-д танилцуулсан тухай баримт болон хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй байхад түүнийг байцаагчийн албан тушаалд ажиллаж байсан нь нотлогдож байна гэж үзэх үндэслэл байхгүй байна. / ХХ-84-85/

Дээрх нотлох баримтуудаар Х.Б- нь “Дархан-Ус суваг” ХК-д 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд байцаагчийн орон тоон дээр туршилтаар, түр ажиллаж байсан ба түүнийг жинхэлсэн тушаал гараагүй байхад гэмт хэрэгт холбогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 23'.1-д “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.” гэж зааснаас үзэхэд Х.Б-г байцаагчийн ажилд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтаар ажиллуулж байснаас биш байцаагчийн албан тушаалд шууд томилоогүй байсан байна.

Иймд ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-гийн “Дархан-Ус суваг” ХК-д хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.

Х.Б- нь өрх толгойлсон ганц бие эх, түүний охин энэ жил 12 дугаар ангид сурдаг, амьдралын хамгийн эгзэгтэй чухал үе дээрээ байгаа болон анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан, хохирлын хэмжээ их биш зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна... Шүүгдэгч Х.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Х.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“Би хууль мэдэхгүйн улмаас ийм байдалд хүрлээ. Би охинтойгоо хамт байдаг, миний буруу, би дахин ийм үйлдэл хийхгүй, би 1 сар 16 хоног хоригдох хугацаандаа охиныгоо бодохоор хоол орохгүй хэцүү байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор Г.Яндаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Шүүгдэгч Х.Б-г албан тушаалын байдлаа ашиглаж мөнгө завшсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Х.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 20 дугаар байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг түрээслэн амьдарч байхдаа жижиг өрөөг нь иргэн Д.Б-д дамжуулан түрээсэлж танилцан, улмаар түүний эзэмшлийн “Раnasonic” маркийн 32 инчийн Лед зурагтыг өөрийн ажилладаг христийн сүмдээ “хүмүүст бичлэг үзүүлэхэд хэрэглэчихээд өгье” хэмээн хуурч аван “Хараа сутай” гэх барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан,

-мөн “Дархан-Ус суваг” ХК-нд хэрэглэгчийн албаны байцаагчаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа айл өрхүүдээс хэрэглээний усны төлбөр болох 944.260 төгрөгийг кассын орлогын баримт, хувийн харилцах данс, баримтгүй бэлнээр авч, “Дархан Ус суваг” ХК-ийн дансанд тушаалгүй хувийн хэрэгцээндээ ашигласан үйл баримт тогтоогдсон байна.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас Х.Б-гийн дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан албан тушаалын байдпаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Б-д урд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорихоор зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.Б- нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Х.Б-г “Дархан-Ус суваг” ХК-ий Хэрэглэгчийн албанд байцаагчаар түр томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Б-, Ц.Нарантуяа, иргэний нэхэмжлэгч Р.Даваа, гэрч Г.Батцэцэг, Г.Амаржаргал, Д.Октябрь, Б.Зүбайда, У.Эрдэнэчимэг, Ц.Төрболд, М.Мөнхзаяа нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, “Капитал зууч”  ХХК-ий хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Дархан-Ус суваг” ХК-нд иргэдийн гаргасан өргөдлүүд, “Дархан-Ус суваг” ХК-иас 2018.06.19-ний өдөр гаргасан Х.Б-гийн 2018.04.19-ний өдрийн байдлаар айл өрхүүдээс усны төлбөрийг байгууллагаас олгосон кассын орлогын баримт, банкны хувийн харилцах дансаар болон баримтгүй бэлнээр авч байгууллагад тушаагаагүй хувийн хэрэгцээнд ашигласан төлбөрийн тооцооны акт, Х.Б-гийн ХААН банкин дахь 5119002077 тоот дансны дэлгэрэнгүй хуулга  зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон байна.

Хэн нэгэн этгээд айл өрхүүдэд төлбөрийн баримт бичих, төлбөр хурааж авах эрхгүй, зөвхөн байцаагч л ийм эрхтэй тул Х.Б- нь Хэрэглэгчийн албанд байцаагчаар түр томилогдон ажиллаж байсан ч түүнийг албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын ....Х.Б- нь түр томилогдон ажиллаж байсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-гийн үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, оногдуулсан ял шийтгэл нь үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Х.Б- нь 2001 оны 03 сарын 02-нд төрсөн охин Бат-Амгалангийн Анужингийн хамт ам бүл хоёулаа амьдардаг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байхад анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ охиныг асран хамгаалуулах асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул энэ талаарх заалтыг шийтгэх тогтоолд нэмж оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 41  гэсэн заалт нэмсүгэй.

“41. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар 2001 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Х.Б-гийн охин Б.Анужинд асран хамгаалалт тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгасугай” гэж нэмэлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                        ШҮҮГЧИД                                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ