Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01518

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01518

 

 

 

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/00933 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариуцагч Э.П.Д ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын өр 63 195 852 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.П.Д ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 46 130 568.35 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийг төлүүлэхээр Э.П.Д ХХК-д Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4-т заасныг тус тус зөрчиж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 46 130 568.35 төгрөг, алданги 23 065 284 төгрөг нийт 69 195 853.35 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.П.Д ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтрүүлсэн алданги 23 065 284 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 46 130 568.35 гэсэн алдаатай мэдээллийг шүүхэд өгсөн байна. Талуудын тооцоо нийлснээр 45 386 768.35 гэсэн тооцооны үлдэгдлийн баталгаа байгаа юм. Э.П.Д ХХК нь 2019 оны 8 дугаар сард 2 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард 1 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 3 000 000 төгрөг тус тус Нийгмийн даатгалын санд тушаасан болно. Одоогоор 2020 оны 1 дүгээр cap 09-ны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 39 386 768.35 төгрөг байна. Манай байгууллага нь гэрэээгээр өрөмдлөгийн ажил хийх үйл ажиллагааны чиглэлтэй байгууллагдсан бөгөөд гол бэрхшээл нь геологи хайгуул, өрөмдлөгийн ажил улирлын чанартай байдаг. Мөн гадаад дотоодын компаниудын геологи хайгуул хийх хөрөнгө оруулалт багассантай шууд хамааралтай болоод байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 39 386 768.35 төгрөгийг ондоо багтааж төлөх боломж олгож өгнө үү гэжээ.

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч Э.П.Д ХХК-иас 59 080 152.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлээс 4 115 700 төгрөгийн шардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Э.П.Д ХХК-иас 453 350 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Лхагвасүрэн давж заалдах гомдолдоо: 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч нь хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангалгүй орхин шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хариуцагчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно. Мөн хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгч Я.Лхагвасүрэн нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр итгэмжлэл авч тус өдрийн шүүх хуралд оролцсон бөгөөд хэргийн материалтай танилцах хугацаа олгох хүсэлт гаргасан боловч шүүхээс хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа олгоогүй бөгөөд шүүх хурлыг 1 цагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд уг онуудад манай компанид ажиллаж байсан нягтлан бодогч нартай холбогдож бүрэн мэдээлэл авч чадаагүй бөгөөд хэргийн материалтай танилцах хугацааг бүрэн олгоогүй тул шүүх хуралдаанд мэггэлцэх эрхээ эдэлж чадаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Э.П.Д ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд 46 130 568.35 төгрөг, алдангид 23 065 284 төгрөг, нийт 69 195 853.35 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагчаас шимтгэл, алдангид нийт 63 195 852.35 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Э.П.Д ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.7 дахь хэсэгт заасан шимтгэл төлөгч, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу оногдох шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ зөрчсөн үйл баримтад маргаангүй. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 39 386 768.36 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ. Хариуцагч Э.П.Д ХХК нь ажиллаж буй даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард нь багтаан төлөх үүргээ зөрчсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байх тул алданги төлөх үүрэг дээрх хуульд заасны дагуу үүсчээ. /хх25-26/

Хариуцагч тал алдангиас татгалзаж буй үндэслэлээ ...геологи хайгуул, өрөмдлөгийн ажил улирлын чанартай, санхүүжилт багассан... гэх боловч энэ шимтгэл, алданги төлөх үүрэг дуусгавар болох, үүргийг түдгэлзүүлэн зогсоох үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 59 080 152.5 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч тал хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд шүүх 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, мөн өдрөө хариуцагчийн төлөөлөгч Х.Ядамжавт нэхэмжлэлийн хувь гардуулан, зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийн танилцуулан, баримтад гарын үсэг зуруулсан, улмаар 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хойшлуулсан байна. /хх-49, 52-53/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг учир шүүх 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн нь хэргийн материалтай танилцан баримтад гарын үсэг зурсан байх тул боломжит хугацаа олгоогүй гэх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/00933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453 351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД