Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00731

 

   ЧДНДХийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/00933 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1518 дугаар магадлалтай,

ЧДНДХийн нэхэмжлэлтэй

“Э П Э д” ХХК-д холбогдох

Нийгмийн даатгалын өр 63,195,852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат, А.Сэлэнгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь “Э П Э д” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын өр 63,195,852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/00933 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч Э П Э д ХХК-иас 59,080,152.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлээс 4,115,700 төгрөгийн шардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Э П Э д ХХК-иас 453,350 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1518 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/00933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453 351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Анхан шатны шүүхээс хариуцагчийн Үндсэн хуулиар олгогдсон Хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийгээгүй байна. Тус хэргийг шийдвэрлэхэд 2020.03.19-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч хууль эрх зүйн мэдлэггүй тул хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангалгүй орхин шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хариуцагчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно. Хоёр. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Лхагвасүрэн нь 2020.03.19-ний өдөр компанийн удирдлагын өгсөн шийдвэрийн дагуу итгэмжлэл авч тус өдрийн шүүх хуралд оролцсон бөгөөд миний зүгээс хэргийн материалтай танилцах хугацаа олгох хүсэлт гаргасан боловч шүүхээс хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа олгоогүй бөгөөд шүүх хурлын 1 цагаар хойшлуулж шийдвэрлэсэн ба миний зүгээс энэ хугацаанд уг онуудад манай компанид ажиллаж байсан нягтлангуудтай холбогдож бүрэн мэдээлэл авч чадаагүй бөгөөд хэргийн материалтай танилцах хугацааг бүрэн олгоогүйн улмаас уг асуудлын талаар мэдээлэл бүрэн аваагүй мөн ямар ч мэдээлэлгүй шүүх хуралдаанд оролцсон тул шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ эдэлж чадаагүй болно. Гэвч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхээс буруу дүгнэлт хийсэн байна. Иймд магадлал, шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг ахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, хариуцагч “Э П Э д” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 46,130,568 төгрөг, алданги 23,065,284 төгрөг, нийт 69,195,853.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ багасган 63,195,852.35 төгрөг болгожээ.

Хариуцагч 39,386,768 төгрөгийг төлөхийг маргаагүй, харин геологи хайгуул, өрөмдлөгийн ажил улирлын чанартай, санхүүжилт багассан, үйл ажиллагаа хүнд байгаа тул  алданги төлөх боломжгүй гэж маргасан байна.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 59,080,152 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

8. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 7, 17 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1.2-т заасан зохицуулалт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон, хариуцагч “Э П Э д” ХХК нь ажил олгогчийн хувьд нийгмийн даатгалын санд төлбөл зохих ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард төлөх хуульд заасан үүргээ зөрчсөн тул алданги төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байна.

9. Иймд алдангиас чөлөөлөх үндэслэлгүй ба шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх тул хариуцагч талын гомдлыг хангах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д заасан шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэх зохицуулалт нь хэрэг хянан хэлэлцэхээс өмнө хийгдэх ажиллагаанд хамааралтай. Харин 105.2-т зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулдаг байна.

Шүүх энэ нэхэмжлэлд 2020.01.08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, мөн өдрөө хариуцагчийн төлөөлөгч Х.Ядамжавт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, 2020.03.16-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хойшлуулсан /хх-49, 52-53/ байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.03.19-ний өдрийн шүүх хуралдаан дээр “өмгөөлөгч авах” хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотлоогүй тул хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй юм. Иймд хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/00933 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1518 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 453,351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Б.МӨНХТУЯА

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД