Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2019/00010

 

З.Мы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/0075... дугаар  шийдвэртэй, Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух Ш овогт З-ын Мы нэхэмжлэлтэй, Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори ... дугаар  сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч З.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч сургуулийн захирал Ө.Г, хариуцагчийн өмгөөлөгч Х.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие улсад 28 жил ажиллаж байгаа бөгөөд тус сургуульд сургалтын менежерээр ажилладаг. Миний бие тус ... дугаар  сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Миний бие цусны даралт тогтворгүй байнга ихсэж, мөн псариоз оноштойгоор энэ оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 25-ны өдөр дуустал эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба үүнийг гэрээр үргэлжлүүлэх шалтгаанаар холбогдох хууль журмын зохих заалтуудын хүрээнд 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 сарын цалингүй чөлөө авах өргөдлөө өгсөн ч зөвшөөрөөгүй. Ажилтан чөлөө авах эрхтэй ч түүнийг олгохгүй байх хууль журмын заалт байхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалын 38 дугаар зүйлийн 38.1.2-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан зөрчлийг давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан гэх заалтыг баримталсан ба миний зүгээс ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байсан гэх нотолгоо, үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн байна. Хуулиас давсан дүрэм, журам гэж байдаггүй болохоор сургууль дотоод журмын 7,1... дугаар  зүйлийн холбогдох заалтууд мөн хүчин төгөлдөр бус байна. Чөлөө олгоогүй гэх атлаа надад 2018 оны 2 дугаар улирлын 4,5,6 дугаар сарууд/ урамшууллын зөвхөн 1 сарыг, амралтын хугацааны 30 хоногийн 24 хоногийг тооцоолж, энэ оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс амралтын тушаал гаргасан нь үндэслэлгүй бөгөөд түүгээрээ надад дам утгаараа нэг сарын чөлөө олгосонд тооцох бүрэн үндэслэлтэй. Ажилтныг ажлаас халах тухайгаа хуулийн дагуу 1 сарын өмнө мэдэгдэх ёстой атлаа би тийм албан бичиг хүлээж аваагүй. Ажиллаагүй хугацааны цалин, бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг жичдээ нэхэмжлэх болно. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: З.М нь аттестат, гэрчилгээ бичих, шалгалт авах, засах, Улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтын үе, анги дэвших шалгалт, багш нарын ажлыг үнэлэх, тайлан авах, дүгнэх, багш нарын бичиг баримт, журнал , хувийн хэрэг хөтлөлтийг хянах, гарын үсэг зурах, архивлах, суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүнг хянах, бичилтийг хянах, гарын үсэг зурах зэрэг ажилтай байсан тул ажил олгогчийн эрхийн дагуу чөлөө олгоогүй. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр яагаад ажилд ирэхгүй байгаа учрыг мэдээд ир гээд Х.С, Х.А, К.А нарыг явуулсан. Мөн биеэр ирж уулзаж учир байдлаа тайлбарлахыг анхааруулсан. 2018 оны 5 дугаар сарын 29-ний хурлаар чөлөө олгоогүйг мэдэгдэж өргөдлийн хариуг хүргүүлсэн. Анхнаасаа өргөдлийг өөрөө авч ирээгүй, чөлөө олгоогүй тухай баримтыг хүргэж өгөхөд хаалгаа тайлж өгөхгүй, албан бичгээр шуудангаар хүргүүлэхэд шууданд ирж гарын үсэг зурчхаад аваагүй зэрэг нь бүгдийг санаатай хийсэн гэдгийг харуулж байна. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 312 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар шалгалт хийсэн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар дүгнэлт, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр 02-ны өдрийн №04-09-046/51 дүгээр зөвлөмжөөр 16 хоног, 52 цагийн ажил тасалсан гэж гарсан. 5, 6 дугаар сард ажиллаагүй учраас урамшуулал олгоогүй, 30 хоног амрах ёстой. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл лист авчирсан. 1 сарын чөлөө хүссэн ч чөлөө олгоогүй ажил тасалсанд тооцсон тул ажилласан сард оногдох 24 хоног тооцсоныг З.М буруугаар мушгиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан тохиолдолд мэдэгдэх хуудас өгөх шаардлагагүй. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн 131.1.3, 40.1.4, дотоод журмын 7.4.3, 13.20.2, хөдөлмөрийн гэрээний 2.3.2.4, 2.4.1.1.4 заалтуудыг үндэслэн гаргасан. Ийм зөрчилтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эгүүлэн тогтоолгох үндэслэлгүй. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/0075... дугаар  шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Мы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын Лаборатори ... дугаар  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №66 дугаар тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч З.Мы нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр ханган шийдвэрлэх ёстой байтал анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч менежер З.Мыг 3-аас дээш хоногоор ажил тасалсан гэж ажлаас халах сахилын шийтгэл ногдуулсан нь эргэлзээтэй, нотлох баримтад тулгуурлаагүй нь дараах хууль зүйн болон бусад нөхцөл байдлаар тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч З.М нь 2018 оны 5 дугаар сарын 15-аас 2018 оны 5 дугаар 27-ыг дуустал эмнэлгийн чөлөөтэй байсан нь иргэний хэрэгт авагдсан 0610942 дугаартай эмнэлгийн хуудас, 2018 оны 5 дугаар сард цалин хөлс олгосон жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Ажил олгогч ажилтан З.Мы чөлөө хүссэн өргөдлийг хүлээн авсан атлаа тус сургуулийн хойшлуулшгүй, зайлшгүй шаардлага гэдгийг чухам ямар асуудал гэдгийг нотолж чадаагүй, хэрвээ ажил олгогч чөлөө олгох боломжгүй гэж үзвэл өргөдөл гаргагч З.Мд бичгээр мэдэгдсэн нь эргэлзээтэй байна. Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.2-д хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд ажилтанд захирлын тушаалаар 2-10 хоног цалингүй чөлөө олгохоор зохицуулсан. З.М нь биеэ эмчлүүлэх хүндэтгэх шалтгаан гарсныг мэдэгдсээр байтал ажил олгогч чөлөө олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д заасныг зөрчиж байна.

3. Ажилтан З.М нь 2018 оны 6 дугаар сард хүндэтгэх үзэх шалтгааны улмаас ажилд ирээгүй нь Улсын Клиникийн төв эмнэлгийн Поликлиникийн үзлэгийн карт, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, 2018 оны 6 дугаар сарын цалин олгосон жагсаалт, ажил олгогчид 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Чөлөө хүсэх тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. З.М нь 2018 оны 6 дугаар сарын зарим ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх учир шалтгааны улмаас ажилд ирээгүй байхад ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1, 35.1.3 дахь заалтыг зөрчиж байна.

4. Ажил олгогчийн З.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гарсан ба тэр өдөр З.М нь эмнэлгийн магадалгаагаар чөлөөтэй байсан. Ажил олгогч нь З.Мд 2017-2018 оны хичээлийн жилийн дууссантай холбогдуулан түүнд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс ээлжийн амралт олгосон нь ажил олгогчийн ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралтаар батлагдаж байна. Ажил олгогчийн тушаалаар З.М нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан байхад түүнийг ээлжийн амралттай байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-ыг зөрчиж байна. Ажил олгогчийн тус байгууллагын ажилтан нарт ээлжийн амралт олгосон гэх тушаалд 100 гаруй ажилтны нэрс бичигдсэн ба үүнээс ганц З.Мы ажилд эргэн орох өдрийг бичээгүй байгаа нь ажил олгогч З.Мыг ажлаас гаргах санаа зорилго агуулж байсан гэж үзэж байна.

5. Ажил олгогчоос З.Мы асуудлыг удаа дараагийн хурлаар хэлэлцүүлсэн гэх боловч зарим хурлын тэмдэглэл нь он, сар, өдөр нь зөрүүтэй уг хуралдаанд ажилтныг биечлэн оролцуулаагүй байна. Ажил олгогч нь З.Мыг 3-аас дээш хоногоор ажил тасалсан гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч З.М нь чухам 2018 оны 6 дугаар сарын хэдний өдрөөс хэдий хүртэл ажил тасалсныг нарийвчлан тогтоож чадаагүй, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан буюу ажилтан З.Мы ажил тасалсан байдлыг сар, өдөр, минутаар тодорхой тогтоож чадаагүй гэж үзэж байна.

6. Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн зуны амралтыг Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А\043 тоот тушаалаар 6-12 дугаар ангийн зуны амралтад 6 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэхээр зохицуулсан байна. Гэтэл ажил олгогч энэ хугацаанд З.Мыг ажил тасалсан гэж байгаа нь эргэлзээтэй асуудал гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч З.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Би хуульд зааснаар цалингүй чөлөө авах эрхтэй, хөдөлмөрийн хуульд заасны дагуу чөлөө авсан. Ажил олгогч хууль бусаар ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж, хариуцагч Өлгий сумын ... дугаар  сургуулийн захирал нэхэмжлэгч 3-аас дээш хоногоор шалтгаангүй ажил тасалж, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй гэж тус тус маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад нэхэмжлэгч З.М нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2018 оны 5 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан боловч даралт тогтворжихгүй, мөн эхнэр 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, миний бие өөрөө гэрээр эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай байх тул 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай цалингүй чөлөө авах тухай хүсэлт гаргасныг ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сургуулийн Захирлын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцэн сургуулийн анги дэвших, сургууль төгсөх, улсын шалгалт явагдаж байгаа ид ажлын үед шалгалтын сэдэв боловсруулах, засах, сурагчийн хувийн хэрэг, журналын бичилтийг хийлгэх, хянах, суурь бүрэн дунд боловсролын үнэмлэхийн бичилт хийх зэрэг хойшлуулшгүй чухал ажлуудыг дуусгаж, үр дүнгээ тооцуулаад чөлөө олгох тухай шийдвэр гарган нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч нэхэмжлэгч чөлөө авсан гэж үзэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажилдаа очоогүй тухай үйл баримт тогтоогджээ.

 

Тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.12.2-т ажилтны чөлөө авахаар гаргасан хүсэлтийг сургуулийн Захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэн ажлын 2-10 хоногийн цалинтай чөлөөг захирлын тушаалаар олгоно гэж заасны дагуу ажил олгогч нэхэмжлэгчийн чөлөө хүссэн өргөдлийг хурлаар хэлэлцэн, чөлөө олгох боломжгүй талаар шийдвэр гаргасан нь үндэслэлтэй бөгөөд өргөдлийн хариуг захирлын албан бичгээр З.Мд удаа дараа мэдэгдэх гэсэн боловч хүлээж аваагүй, эцэст нь шуудангаар хүргүүлэхэд нэхэмжлэгч тус шуудангийн бичиг сургуулиас ирсэн гэдгийг мэдсэн атлаа шуудангийн магадалгаанд Ажил ихтэй учраас хүлээж авах боломжгүй, өвчтэй, чөлөөтэй байгаа гэж тэмдэглэл хийж, тухайн бичгийг шуудангаас гардаж авахаас татгалзсан байх тул ажилтанд ажил олгогч чөлөө олгоогүй гэдгийг мэдээгүй гэж үзэх үндэсгүй байна.

 

Ажилтны хүсэлтийн дагуу түүнд ажил олгогчоос чөлөө олгоогүй гэдгийг нэхэмжлэгч мэдсэн бөгөөд ажилтан цалингүй чөлөө авах эрхтэй, учир нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргасан боловч нэхэмжлэгч З.Мыг байгууллагын дотоод журмын дагуу ажил олгогчоос чөлөө авсан гэж үзэх үндэслэлгүй. Ажилтан хууль тогтоомж болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажил олгогчоос чөлөө авах эрхтэй боловч З.Мы чөлөө хүсэх өргөдлийн үндэслэлийг судлан үзвэл, түүнд чөлөө олгоогүй ажил олгогчийн үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд нийцсэн байна.

 

З.М нь чөлөө хүссэн өргөдөлдөө ямар шалтгааны улмаас чөлөө хүссэн талаарх баримтаа хавсаргаагүй боловч хавтаст хэрэгт өгсөн нотлох баримтаар 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 6 дугаар сарын 04-ний өдөр, 6 дугаар сарын 20-ны өдрүүдэд биеийн байдлаа эмчид үзүүлж, уух эмийн жор бичүүлж авсныг ажил тасалсан /2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл/ хугацаанд эмчийн магадалгаагаар чөлөөтэй байсан гэж үзэх үндэслэлгүй. Эдгээр эмчийн үзлэгийн тэмдэглэлүүдэд өвчтөн хэдий хугацаанд эмчилгээ хийлгэх, ажлаас чөлөөлөгдөх талаар тусгагдаагүй бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн эмч К.Е-ийн үйлдсэн гэх тэмдэглэлд эмийн жор бичиж гэрээр эмчилгээ хийлгэх шаардлагатай гэснийг ямар хугацаагаар эмчилгээ хийлгэх нь тодорхой бус буюу эмчийн магадалгаагаар, эсхүл эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдахаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Түүнчлэн З.Мы ажил олгогчид гаргасан хүсэлтэд түүний гэр бүлийн гишүүн эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон талаар дурдсан боловч энэ байдалтай нь холбоотой үйл баримт болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас ажлаас чөлөө авах болсон үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Ажилтан, ажил олгогч нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.3.2.4-т Хөдөлмөрийн дотоод журмын 7.4 дүгээр зүйлд заасны дагуу дараах тохиолдлыг хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. гэж, 2.4.1.1.4-т Ажлын байраа ажлын 3 ба түүнээс дээш хоногоор шалтгаангүй орхиж явсан гэж заасан байх тул ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн З.Мд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг зөрчөөгүй, ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйлдэл хууль ёсны, үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иймээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/0075 3 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар З.Мы давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ

 

С.ӨМИРБЕК