Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00763

 

ДУС ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1218 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар магадлалтай, 

ДУС ХК-ийн нэхэмжлэлтэй

ДТ ХХК, Б.М нарт холбогдох, 

19.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ДТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.М-ийн өмгөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч ДУС ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ДТ ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ДУС ХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр ДТ ХХК нь 19.200.000 төгрөгийн үнэ бүхий гадна гэрэлтүүлгийн ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дотор гүйцэтгэхээр болж, гэрээ байгуулсан боловч одоог хүртэл гэрээнд заасан ажил хийгдээгүй байдаг. ДТ ХХК нь ДУС ХК-аас гэрээний дагуу 19.200.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. ДУС ХК-ийн тухайн үеийн захирал Б.М нь байгууллагын мөнгийг үр ашиггүй шамшигдуулсан тул байгууллагыг хохиролгүй болгох ёстой. Иймд хариуцагч Б.М, ДТ ХХК-аас 19.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ДТ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Гэрээний дагуу төв цэвэрлэх байгууламжийн гадна гэрэлтүүлгийг нийлүүлэхээр тохиролцсон. Манай компанийн зүгээс гэрээний хугацаанд гэрэлтүүлгийг худалдан авч угсрахад бэлэн болгож гэрээний үүргээ биелүүлэх гэсэн боловч захиалагч тал болох ДУС ХК гэрээний үүргийг биелүүлэх боломж нөхцөлийг хангахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Учир нь ДУС ХК-ийн удирдлага 2016 оны сонгуулийн дараагаар солигдож шинэ удирдлагууд буюу тэр тусмаа ерөнхий инженер н.Удвал гэх хүн шинээр томилогдон ирж улс төржиж хуучин удирдлагаа ажлаас нь халж байсан гэсэн өс хонзонгийн сэдлээр хийж байсан ажлуудыг санаатайгаар зогсоох гацаах, үйлдэл гаргаж гэрээ хэлцлийг үгүйсгэж эхэлсэн, энэ байдлаас болж манай байгууллага гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Гэрээгээр гэрлийн зөвхөн толгойг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байхад ДУС ХК-ийн удирдлагаас өөр газарт тухайн гэрлийн шон буюу гэрлийг хамтад нь босгож кабель татаж шинээр угсарч хийхийг шаардаж сүүлдээ өмнөх удирдлагаа Авилгатай тэмцэх газар болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт тус тус гомдол гаргасны улмаас шалгагдаж 2 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд манайх гэрээний үүргээ биелүүлэх боломж нөхцөлөөр хангахыг хүссэн бичгийг амаар болон бичгээр удаа дараа тавьж байсан. Иймээс Дархан -Ус суваг ХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжоор хангаагүй учраас манай компани өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2016 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд ДУС ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хууль тогтоомжийг баримтлан ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан асуудлаар 19.200.000 төгрөгийг хариуцан төлөх хууль зүйн болон бусад ямар ч үндэслэл байхгүй. ДТ ХХК болон нэхэмжлэгч ДУС ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээгээр энэхүү маргаан шийдвэрлэгдэх ёстой. Миний хувьд 19.200.000 төгрөгийг хууль бусаар өөртөө авч ашигласан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлагыг гэрээтэй холбоотой асуудлаар тодорхойлсон байгаа бөгөөд миний хувьд тус гэрээний харилцааны оролцогч биш тул нэхэмжлэлийн шаардлага надад хамаарахгүй. Иймд Б.М надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1218 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ДТ ХХК-аас 19.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ДУС ХК-д олгож, хариуцагч Б.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДТ ХХК-аас 253.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1218 дугаар шийдвэрийн 1 дэх заалт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ДТ ХХК-аас 19.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ДУС ХК-д олгож, хариуцагч Б.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэснийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ДТ ХХК-аас 19.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ДУС ХК-д олгож, хариуцагч Б.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр  үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ДТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний нэг тал болох ДУС ХК нь хариуцагч ДТ ХХК-д гэрээний үнэ болох 19.200.000 төгрөгийг шилжүүлсэн боловч энэ нь гэрээний үүргийг зохих ёсоор бүрэн гүйцэтгэхэд хангалтгүй байсан. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс гэрлийг худалдан авч ирсний дараа суурилуулах гэсэн боловч гэрэл суурилуулах газрыг санаатайгаар өөрчилж, түүгээр зогсохгүй танай компаниар энэ ажлыг хийлгэхгүй хэмээн зогсоосон. Мөн тухайн үед хуучин дарга Б.Мийг цагдаагийн байгууллага болон АТГ-т өгч шалгуулах болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор Б.Мийн оролцож гарын үсэг зурсан манай гэрээний ажлыг зогсоож мөн давхар шалгуулж байсан. Иймээс захиалагч тал гэрээний үүргийг биелүүлэх боломжийг гүйцэтгэгч тал болох манай компанид олгоогүйгээс гэрээний үүрэг зохих ёсоор бүрэн биелэгдээгүй. Үүнээс болж манай компанид 1.500.000 төгрөгийн хохирол учирсан тул энэ зардлыг нэхэмжлэлийн шаардлагаас хасч өгөхийг хүсч байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх боломж олгоогүй, үүргээ зөрчсөн байхад үүнийг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан нь үндэслэлгүй гэж үзэж байх тул манай компанид учирсан хохирлыг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ДУС ХК нь ДТ ХХК болон Б.М нарт холбогдуулан 19.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар  нэхэмжлэлээр шаардсан 19.200.000 төгрөгийг ДТ ХХК-с гаргуулж нэхэмжлэгчид олгож, Б.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Хариуцагчийн гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч ДУС ХК болон хариуцагч Б.М нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хэргийн баримтад үндэслэгджээ.

ДУС ХК, ДТ ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “худалдах-худалдан авах” гэрээгээр хариуцагч ДТ ХХК нэхэмжлэгч ДУС ХК-ийн захиалгын дагуу гадна гэрэлтүүлгийн ажлыг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд 19.200.000 төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэхээр талууд тохиролцжээ.

Гэрээг “худалдах-худалдан авах” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний зүйл, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч ажлын хөлсөнд 19.200.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгснийг зохигч маргаагүй ба харин хариуцагч гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн нь тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, мөнгөө  буцаан шаардах эрхтэй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл болжээ.

Хариуцагч гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчсний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ шаардсаныг  анхан шатны шүүх анхаараагүй, нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг бүрэн хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд ажлыг гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалсан гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй байна.

Иймд  “...гэрээнээс учирсан хохирол 1.500.000 төгрөгийг хасч тооцуулах”-ыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул хариуцагч ДТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ДТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч ДТ ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ