Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0391

 

2018 оны 07 сарын 05 өдөр   

  Дугаар 221/МА2018/0391

Улаанбаатар хот

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                          захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0295 дугаар шийдвэртэй, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0295 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасныг баримтлан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.  

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн зүгээс 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай сунгуулсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон хэдий ч уг эрхээ сунгуулах хүсэлтийг Баяндун сумын Засаг даргад уламжилж уг асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа билээ. Энэхүү маргаан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

          Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ашигт малтмалын газраас санал авахаар 2 удаа Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх ба 2 удаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас татгалзсан хариуг хүргүүлсэн байдаг юм. Харин 2 дахь удаагийн саналд дэмжсэн мэт харагдаж байх боловч хэргийн материалд авагдсан хурлын тэмдэглэл дээр саналыг дэмжихгүй гэдгийг дэмжье хэмээн саналын томьёоллоор санал хураахад дэмжихгүй саналыг дэмжиж байна хэмээн өгсөн байх нь тодорхой харагдаж байна. Энэхүү баримтыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

          Мөн энэхүү хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс шүүгчийн захирамжид гомдол гаргаснаар захирамжид гарсан гомдлын шүүх хурлын дараагаар хурлын тов жич мэдэгдэхээр болсон бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болсон шүүх хурлын товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г надад мэдэгдээгүй хурлыг явуулснаар нэхэмжлэгчийг хэргийн материал танилцуулалгүй талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулж хэт нэг талыг баримталж гаргасан шийдвэр боллоо гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Гуравдагч этгээд “С м” ХХК нь Дорнод аймгийн Баяндун сумын Сүүлт толгой нэртэй 3624.80 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 6/7166 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.

Дорнод аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/4492 дугаар албан бичгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 7 дугаартай дэмжээгүй саналыг хариуцагчид хүргүүлсэн бөгөөд гуравдагч этгээдээс дахин санал авах тухай хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 02 дугаар сарын 6/1023 дугаар албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

Уг албан бичгийн хариуд Дорнод аймгийн Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 146 дугаар дэмжсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ирүүлсний дагуу хариуцагч 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 306  дугаар шийдвэрээр Дорнод аймгийн Баяндун сумын Сүүлт толгой нэртэй 3624.80 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “С м” ХХК-д олгосон байна.

Анхан шатны шүүх хариуцагч гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, аймгийн Засаг даргын дэмжсэн гэх саналтай маргаагүй төдийгүй шүүхийн шийдвэр гарах үед нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар захирамжаар тус сумын Түргэн багийн нутаг дэвсгэрт 400 га газрыг мод үржүүлэн тарих, нөхөн сэргээх, тарималжуулах зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмшсэн бөгөөд мөн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/67 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дээрх газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...эрхээ сунгуулах хүсэлтийг Баяндун сумын Засаг даргад уламжилж, уг асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа” гэж дурдсан ба нэхэмжлэгчийн газар эзэмших эрх 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж байгаа, уг хугацааг дахин сунгуулаагүй талаар Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/119 дүгээр албан бичгийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.8-д зааснаар “Н” ХХК нь газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахтай холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэсгүй.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2 дахь удаагийн саналд дэмжсэн мэт харагдаж байх боловч хэргийн материалд авагдсан хурлын тэмдэглэл дээр саналыг дэмжихгүй гэдгийг дэмжье хэмээн саналын томьёоллоор санал хураахад дэмжихгүй саналыг дэмжиж байна хэмээн өгсөн байх нь тодорхой харагдаж байна” хэмээн давж заалдах гомдолдоо дурдсан бөгөөд “Н” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж маргасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга аймаг, нийслэлийн Засаг даргын дэмжсэн саналын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах, үнэлж, дүгнэх эрхгүй төдийгүй тусгай зөвшөөрөл олгох үед үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах...” гэж заасны дагуу хариуцагч хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлд  заасан захиргааны актын илт хууль бус үндэслэлийн тохиолдолд хамаарахгүй байна.

Анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдсэн баримт /Хх-2-164/, Мобикомын 99935474 дугаартай хэрэглэгчийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт зэргээс үзвэл нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж үзэхээргүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэргийн материалтай танилцсан, түүнчлэн хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байхад уг эрхээ өөрөө эдлээгүй, шүүх энэхүү эрхээ эдлэх боломжийг хязгаарласан гэх байдал тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр шүүхийг буруутгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэл болохгүй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт хэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг орхигдуулж бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0295 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хэсэгт заасныг баримтлан” гэсний ард ““Н” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан” гэдгийг нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

         ШҮҮГЧ                                                 Ц.САЙХАНТУЯА