Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 159

 

"С” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын

улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453114 тоот шийтгэлийн хуудсаар С ХХК-д 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0012 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 141 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, өмгөөлөгч М.Б, хариуцагч Б.Ц нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0012 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.3.4, 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч С ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цд холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453114 тоот шийтгэлийн хуудсаар С ХХК-д 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 141 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 141 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1,123.2.2-т тус тус заасны дагуу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” гэж үзэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4. Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1453114 дүгээр шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийг “эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй “Korivka”, “Crabs” буюу рачки чихрийг импортлон хилээр нэвтрүүлсэн, худалдан борлуулсан” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тул “С” ХХК-аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0012 дугаар шийдвэрээр “1453114 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “...шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16, 22 дугаар дүгнэлтүүдээр “Коровка” болон “KORIVKA”, “Раковые шейки” болон “CRABS” чихрүүд нь төсөөтэй, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахаар байгааг тус тус тогтоосон тул “барааны тэмдгийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг худалдсан нь Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн” гэж үзэн хариуцагч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ... торгох шийтгэлийг ногдуулсныг буруутгах үндэслэлгүй, ... шийдвэрийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн.

5. “CRABS”, “KORIVKA” чихрүүд нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн Мадридын системд 2013 оны 10 дугаар сарын 08, 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд бүртгүүлж, албан ёсоор бүртгэгдсэн байдаг бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “...хариуцагч Оюуны өмчийн газрын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж “С” ХХК-д шийтгэл оногдуулсан” гэж тайлбар гарган мэтгэлцсэн. Тодруулбал, хариуцагч шийтгэл оногдуулахдаа Оюуны өмчийн газрын Барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаагийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16, 22 дугаар дүгнэлтүүдийг үндэслэсэн гэж тайлбарладаг бөгөөд Л.Гэрэлмаа нь Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн IR1216610 дугаар бүхий KORIVKA дүрс бүхий барааны тэмдгүүдийн бүртгэх тухай шинжээчийн “... Коривка үгийн хувьд дуудлага болон харагдах байдлын хувьд төсөөтэй харин дүрс болон барааны тэмдгийн ихэнхийг бүрдүүлж байгаа үнээний дүрс, дэвсгэр дүрсийн хувьд ялгагдах шинж чанаргүй” гэсэн эсрэг шийдвэрийг өмнө нь гаргаж, улмаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1 болон 2 дугаар дүгнэлт гарахад Л.Гэрэлмаа нь комиссын хуралдаанд хариуцагчаар оролцож, тайлбар хийсэн байдаг.

6. Гэтэл дараа нь дээрх асуудлаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин шинжээчээр орж өмнөхөөсөө эсрэг дүгнэлт гаргасан. Иймд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасны дагуу зохигч буюу хариуцагчаар оролцсон, мөн 16.1.3-д “шинжээч нь албан тушаалын болон бусад талаар хэргийн оролцогчийн эрхшээлд байгаа бол”, “16.1.4-д “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэсэн үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах ёстой байсан. Гэвч Л.Гэрэлмаа хуульд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзаагүй нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

7. Мөн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаар дүгнэлтэд Коривка чихэр” гэсэн нэг ч үг байхгүй. Жигнэмэгт ашиглаж байгаа “Коривка болон Весёлая коровка” тэмдгүүдтэй харьцуулан үзсэн бөгөөд дүгнэлтийн 3 дахь заалтад "... үнээний дүрслэл, үнээг зуйван дүрс дотор байрлуулсан, үгийн хувьд латин I үсгийг ашигласан ялгаатай байгаа боловч цэцэг амандаа зуусан, алаг үхрийн дүрс ашигласан, Коровка үгтэй төсөөтэй дуудагдах үг мөн үгийн утга ижил, ерөнхий харагдах байдал төсөөтэй байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна” гэсэн дүгнэлтийг хийсэн. Коровка, коривка чихрийг харьцуулж үзвэл хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах зүйл байхгүй. Мөн CRABS болон Раковые шейки чихрүүдийн хувьд мөн адил байгаа. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7-д “Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, 8-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална” гэж тус тус заасан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлаагүй байна. Тодруулбал, хэрэгт Эрүүгийн хууль сануулж, гарын үсэг зуруулсан баримт байхгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан агуулга дутуу байх тул шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэхгүй. Үүнээс үзэхэд хариуцагч шийтгэл оногдуулахдаа шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлээ болгосон нь буруу, шинжээчийн дүгнэлт нь туйлын хөтөлбөргүй үнэн биш тул дан ганц шинжээчийн дүгнэлтэд шүүх хөтлөгдөж аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэх ёсгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу л явагдах ёстой.

8. Түүнчлэн “Патент марк” оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчоо Оюуны өмчийн газарт гаргасан гомдолдоо “... “Красный Октябрь” үйлдвэрийн барааны тэмдэг болох “раковые шейки” чихэртэй Украйн улсын “Рошен” үйлдвэрийн “crabs” буюу “рачки” чихэр нь барааны тэмдгийн зөрчилтэй буюу хавчны зураг төсөөтэй гэж маргадаг. Эдгээр чихрүүдийн сав баглаа боодол, өнгө, үзэмж, хэлбэр дүрсийн хувьд эрс ялгаатай бөгөөд “Раковые шейки” чихэр нь дүрслэлийн хувьд хавчны хойд талын хэсгийг дүрсэлдэг хэлбэрийн хувьд дөрвөлжин хэлбэртэй дотроо бор өнгөтэй бол “crabs” чихрийн хувьд хавчны биеийг бүхэлд нь дүрсэлдэг, бөөрөнхий хэлбэртэйн дээр чихэрний хоёр талын үзүүрийг мушгисан загвартай дотор тал нь ягаан өнгөтэй байхад энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй зөвхөн “Коровка” барааны тэмдэгтэй холбоотой дүгнэлтүүдийг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хэргийн бодит нөхцөл байдал болон нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.3.4, 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг анхан болон давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэж, “С” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

9. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтээр манай компаниас ирүүлсэн “Korivka, roshen” барааны тэмдгийг хүчингүй болгосон гэдэг. Энэ талаар манай компани болон “Рошен” компанийнхан ч мэдээгүй бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар “Холбогдогчоос авсан мэдүүлэг”-т ч энэ тухай хэлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх энийг тодруулж, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үүнийг анхаараагүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 141 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, “С” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

10. Гомдол гаргагч “С” ХХК нь “тус компанийн Украйн улсаас импортоор оруулж ирдэг ...”Рошен” компанийн “Korivka” чихэр нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн Мадридын системд 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, “Crabs” чихэр нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус тус албан ёсоор бүртгэгдсэн байна. ...чихрийн үйлдвэрлэгч болох “Красный Октябрь” болон Украин улсын “Рошен”, “Житомирские ласощи” компаниудын хооронд барааны тэмдэг эзэмшигчийн аливаа зөрчил, маргаангүй болно. Тодруулбал үйлдвэрлэгч компаниудын хооронд барааны тэмдгийн зөрчилгүй байхад албан ёсоор Монгол улсад импортлон оруулж ирдэг компанийг барааны тэмдгийн зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй” гэж марган, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн  2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн маргаанд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

12. Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч нь маргаан бүхий 1453114 дугаартай шийтгэлийн хуудсаар, “С” ХХК-ийг барааны тэмдгийн зөрчилтэй “Коровка”, “Раковые шейки” чихрийг худалдсан зөрчил гаргасан гэж дүгнэн, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.  

13. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 12.2-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ” гэж заасан бөгөөд 12.3-т барааны тэмдэг эзэмшигчийн, тухайн барааны тэмдгийн хувьд эдлэх онцгой эрхийг, тухайлбал 12.3.5-д бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй болохыг, 13 дугаар зүйлийн 13.1-д барааны тэмдгийг ашигласанд тооцох үндэслэлүүдийг, тухайлбал, 13.1.1-д барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн, 13.1.2-т барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн, 13.1.3-т барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн зэрэг тохиолдлуудад барааны тэмдгийг ашигласанд тооцохыг тус тус хуульчилсан байна. 

14. Мөн, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-дБарааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ..., хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

15. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Оросын Холбооны Улсын “Красный октябрь” компани нь “Коровка” барааны тэмдгийг Олон улсын бараа, үйлчилгээний нийцлийн 30, 31, 33 дугаар ангилалд, 2004 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн анхдагч огноотойгоор олон улсын барааны тэмдгийн 844698 дугаарт, мөн “Раковые шейки” барааны тэмдгийг Олон улсын бараа, үйлчилгээний нийцлийн 30 дугаар ангилалд, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн анхдагч огноотойгоор олон улсын барааны тэмдгийн 1102599 дугаарт тус тус бүртгүүлжээ. 

16. Харин, “С” ХХК-ийн импортлодог Украйн улсын ”Рошен” компанийн “Korivka” чихэр нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн анхдагч огноотойгоор олон улсын барааны тэмдгийн 121610 дугаарт, “Crabs” чихэр нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн анхдагч огноотойгоор олон улсын барааны тэмдгийн 1191921 дугаарт тус тус бүртгэгдсэн байх боловч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1 дүгээр дүгнэлтээр 121610 дугаарт бүртгэлтэй “Korivka” дүрс бүхий барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгосон байна. 

17. Мөн, Оросын Холбооны Улсын “Красный октябрь” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Патентмарк” оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчооноос Оюуны өмчийн газарт барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцуулах тухай гомдол гаргасны дагуу хяналтын улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор шинжээч томилсон. Үүний дагуу барааны тэмдгийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан байх бөгөөд тус шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтийн 2 дахь хэсэгт ““Рошен” үйлдвэрийн чихэрэн бүтээгдэхүүнд ашиглаж байгаа “KORIVKA ROSHEN” тэмдэг нь латин үсгээр энгийн фонтоор бичсэн бөгөөд олон улсын барааны тэмдгийн 844698, 1212965 дугаарт бүртгэлтэй, ...Оюуны өмчийн дэргэдэх маргаан шийдвэрлэх комисс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр ...“Красный Октябрь”-ийн “КОРОВКА” барааны тэмдэгтэй төсөөтэй байна гэж үзэн, улсын бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргаж 1216610 дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгосон байна”, 22 дугаартай дүгнэлтэд “...”Рошен” үйлдвэрийн чихэрэн бүтээгдэхүүнд ашиглаж байгаа “CRABS” тэмдэг нь ...өнгөний зохицол, улаан өнгийн хавч ашигласан, мөн байрлуулсан байдал, тэмдгийн ерөнхий харагдах байдал, ижил утгатай үг байгаа зэрэг нь бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй учир хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна” гэж тус тус дүгнэжээ.  

18. Эдгээр нотлох баримтуудаар гомдол гаргагч “С” ХХК нь “Красный октябрь” компанийн эзэмшлийн, олон улсын барааны тэмдгээр баталгаажсан “Коровка”, “Раковые шейки” барааны тэмдгийг ашигласан зөрчил гаргасан нь тогтоогдсон. Иймд Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчаас, “С” ХХК-ийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3-т заасныг зөрчиж, “Красный октябрь” компанийн эзэмшлийн “Коровка”, “Раковые шейки” барааны тэмдгийг ашигласан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн, энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

19. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1 болон 2 дугаар дүгнэлт гарахад Л.Гэрэлмаа нь комиссын хуралдаанд хариуцагчаар оролцож, тайлбар хийсэн байдаг. Гэтэл ...зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин шинжээчээр орж өмнөхөөсөө эсрэг дүгнэлт гаргасан. ...Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах ёстой байсан” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь зөрчлийн хэргийн материалаас үзэхэд гомдол гаргагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийн талаар эрх бүхий этгээдэд гомдол гаргаж байгаагүй атлаа хяналтын шатны шүүхэд гомдлын үндэслэл болгосныг хүлээн авах боломжгүй юм.

20. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 141 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.ТУНГАЛАГ

                               ШҮҮГЧ                                                                  Б.МӨНХТУЯА